Бүтээлийн нэр Ярилцлага: О.МӨНХСАЙХАН: ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БУС ҮНДСЭН ХУУЛЬ Л БИЙ
Зохиогч ХЗСБүтээлийн Цахим сан
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Хуульч, судлаач, эрдэмтдийн ярилцлага
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Гүйцэтгэх эрх мэдэл
  • Шүүх эрх мэдэл
  • Үндсэн хуулийн хяналт
Бүтээлийн товч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.
- Сүүлийн үед ЗГ-ын шийдвэрийг Захиргааны шүүх хянах ёсгүй гэдэг асуудал хүчтэй яригдаад эхэллээ. Энэ ер нь хэзээнээс эхэлсэн асуудал вэ?
- Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинээр батлагдаж 2016 оны 7 сарын 1-ээс эхэлж үйлчилсэн. Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүх шийддэг болсон нь эдгээр хуулийн нэг шинэлэг тал. Хоёр жил хүрэхгүй энэ хугацаанд ЗГ-ыг хариуцагчаар татсан 20 гаруй хэрэг шийдвэрлэсэн нь вэбсайтад тавигджээ. Жишээлбэл, төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн, эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан, мөн уул уурхайн лицензтэй холбоотой зэрэг асуудлаарх Засгийн газрын шийдвэрийг хянан магадалсан байна. Үүнээс олны анхаарлыг хамгийн их татсан хоёр хэрэг байна. Эхнийх нь 2017 онд өвөл, хаврын цагт хурдан морины уралдааны хуваарийг товлосон Засгийн газрын тогтоол хүүхдийн эрх зөрчсөн, хууль бус байсныг захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн эсэх хэрэг байна. Энэ мэт хэргийг шийдвэрлэх явцад ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй” гэж хэлж байжээ.
- ЗГ-ын шийдвэр хууль зөрчсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй юм бол хаанаас тогтоох вэ?
- Энэ бол 13 жилийн өмнө гарч байсан маргаан л даа. Цэц Сонгуулийн ерөнхий хороо болон ЗГ захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй гэсэн 2-р дүгнэлтийг 2005 онд гаргасан. Энэ дүгнэлтээр Цэц Үндсэн хуулийг гуйвуулж тайлбарласан хэмээн олон хуульч, судлаачид тухайн үед шүүмжилж байв. Тухайлбал, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш “2005 онд Цэц ЗГ, СЕХ-ны аливаа шийдвэрийг Цэц хянах ёстой гэсэн “хөнгөн хийсвэр, омголон” дүгнэлт гаргаж, УИХ түүнийг хүлээн зөвшөөрсөн” гэж ярилцлага өгсөн байдаг.
-Тэгэхээр Цэцийн 2005 оны дүгнэлт захиргааны шүүх Засгийн газрыг ерөөсөө хянахгүй гэсэн агуулгатай гарсан юм уу?
-Шууд тэгж ойлгож болохгүй ээ. Цэцийн 2005 оны дээрх дүгнэлтийн талаар 2 янзын тайлбар бий. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь ЗГ-ын бүхий л үйл ажиллагааг хянах мэт ойлгогдож байсан учраас Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн гэх эхний тайлбар байна. Үүнийг энэ чиглэлийн ихэнх хуульчид, судлаачид дэмждэг. Тиймээс, 2015-2016 онд батлагдсан шинэ хуулиудаар захиргааны хэргийн шүүх ЗГ-ын үйл ажиллагааны алийг нь хянаж, алийг нь хянахгүй вэ гэдгийг ялгаж өгсөн учраас Үндсэн хуулийг зөрчөөгүй юм. Тухайлбал, захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагуудын захиргааны үйл ажиллагааг л хянана, харин улстөрийн шийдвэр гаргах ажиллагааг нь хянахгүй гэж хуульчилсан. 2002 оны хуульд ийм нарийвчилсан зохицуулалт байхгүй байлаа. Тухайн үед буюу 2005 оны 1 сарын 28-ны өдөр ЗГ-ын хуралдаанаар зарим сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт дурдагдсан сайд Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нар захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүх ЗГ-ын шийдвэрийг түдгэлзүүлсэн юм. Ерөнхий сайд танхимдаа хэнийг сайдаар ажиллуулах, эс ажиллуулахаа өөрөө мэдэх эрхтэй. Энэ бол улстөрийн шийдвэр. Харин, одоогийн хуулиудын дагуу 2005 оных шиг сайдыг чөлөөлөх талаарх ЗГ-ын шийдвэрийг улс төрийн үйл ажиллагаа гээд захиргааны хэргийн шүүх хянахгүй. Мөн, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн. Энэ нь эрүү, иргэний хэргийг эрүү, иргэний шүүх, үндсэн хуулийн маргааныг Цэц, эдгээрээс бусад нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны шүүх хянана гэсэн үг. Захиргааны хэргийн харьяаллын асуудлыг ялгаж, нарийвчлан зааснаар Үндсэн хуулийн зөрчил бүрэн арилсан.
Түлхүүр үг Үндсэн хуулийн цэц, цэцийн дүгнэлт, Захиргааны хэргийн шүүх, Улс төрийн шийдвэр, Засгийн газар
Бүтээл бичигдсэн огноо Өдрийн сонин 2018.05.03-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн
Хуудасны тоо 6
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2019-03-12
Товч мэдээлэл үзсэн 97
Бүрэн эхээр нь үзсэн 4
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)