Бүтээлийн нэр Ярилцлага: А.БЯМБАЖАРГАЛ: ТӨРИЙГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛУУЛАХ БАТАЛГАА БОЛСОН ДАГНАСАН ШҮҮХИЙГ НУРААХ ГЭЭД БАЙНА
Зохиогч ХЗСБүтээлийн Цахим сан
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Хуульч, судлаач, эрдэмтдийн ярилцлага
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Хууль тогтоох эрх мэдэл
  • Гүйцэтгэх эрх мэдэл
  • Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор А.Бямбажаргалтай ярилцлаа.

-Юуны түрүүнд Захиргааны ерөнхий хууль гэж юу болох, түүний ач холбогдлыг хэрхэн тодорхойлж буйгаа товч илэрхийлэхгүй юү?
-Захиргааны ерөнхий хуулийг 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч санаачилснаар баталж, 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн. Монгол бол Нидерланд, Японы дараа ийм хуультай болсон гурав дахь улс. Иргэний эрхийг зөрчиж болох төрийн буюу захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр нь гагцхүү хуульд захирагдах нь хуулийн гол зорилго юм. Энэ бол захиргаа дур зоргоор, аливаа сэтгэл хөдлөл, улс төрийн гэнэтийн шийдвэр гаргахыг хязгаарлаж байгаа хууль. Нэг үгээр хэлбэл, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар захиргаа шийдвэр гаргахгүй, иргэний эрхийг зөрчихгүй байх баталгааг энэ хууль бий болгож байгаа юм. Харин захиргааны хэргийн шүүх түүнийг нь хянах зорилготой, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг цорын ганц шүүх болдог. Тиймээс ч энэ шүүх ардчилсан тогтолцоотой орнуудын иргэдийн амин чухал хэрэгцээг хангадаг.

-Засгийн газраас санаачилсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн ч нэгдсэн хуралдаанаас АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, чуулган ч завсарласан. Хуульчдын олонх нь уг төслийг дэмжихгүйгээ илэрхийлж, батлахгүй байхыг УИХ-ын гишүүдэд уриалсан.
Энэ өөрчлөлтийг хэрхэвч баталж болохгүй гэх хамгийн том үндэслэл нь юу юм бэ?
-Засгийн газар энэ төслийг УИХ-д яаравчлан өргөн бариад, хэлэлцүүлж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан хоёр зүйлээс гадна Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай гэсэн хоёр төслийг хамтад нь өргөн барьсан. Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д “Уг хууль улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарахгүй” гэсэн заалт бий. Харин өргөн барьсан төсөлд үүнийг хүчингүй болголгүйгээр Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гээд бүгдийг нь, харьцангуй өргөн хүрээнд хамруулан тусгасан. Үүнээс ч илүү ноцтой зүйл нь уг хуулийг баталсны дараа дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төсөл юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан захиргааны хэргийн шүүхээс Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн хэргийг холбогдох хууль, тогтоомжид заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгохоор тусгасан. Энэ нь агуулгын хувьд Үндсэн хууль зөрчиж, хууль зүйн техник талаасаа одоогийн ижил дугаар бүхий зүйлийг хүчингүй болголгүйгээр (нэг хууль дахь ижил заалтад хоёр заалт давхардуулсан), яаран боловсруулсан гэж хардахад хүргэж байгаа юм. Хэрэв эдгээр хуулийг баталбал Үндсэн хуулийн 1.2 буюу төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болно. Учир нь уг зарчим ёсоор төрийн байгууллагын үйл ажиллагааг гагцхүү хуульд заасан эрх хэмжээ, цар хүрээний дагуу хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, захиргаа үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулдаг. Мөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас хамгаалдаг. Үндсэн хуульд зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоодог, гагцхүү ардчилсан, эрх зүйт төрийн тулгуур болсон захиргааны хэргээр төрөлжсөн буюу дагнасан шүүхийн өнгөрсөн 16 жилийн ололтоос ухрахад хүрнэ. Энгийнээр хэлбэл, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах баталгаа болсон дагнасан шүүхийн хаалгыг нь хаагаад зогсохгүй, нураагаад, газарт булж буй хэрэг болох гээд байна. Энэ өөрчлөлтийг баталбал захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх маргаангүй болно гэсэн үг. Хэдийгээр уг төслийг Засгийн газар өргөн барьсан ч хууль тогтоогчид л батлах, эсэхийг шийдвэрлэнэ шүү дээ. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн бол нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх ёстой учир хууль тогтоогчдод Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилсан, эрх зүйт төрийн суурь зарчмаас ухрах хууль батлахгүй гэдэгт итгэлтэй байна.
Түлхүүр үг дагнасан шүүх, үндсэн хуулийн үзэл баримтлал, засгийн газар, УИХ, захиргааны ерөнхий хууль
Бүтээл бичигдсэн огноо Өнөөдөр сонин 2018.07.19-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн
Хуудасны тоо 5
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2019-03-12
Товч мэдээлэл үзсэн 106
Бүрэн эхээр нь үзсэн 6
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)