ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ БҮТЭЭЛИЙН ЦАХИМ САНГ
АШИГЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан болох www.legaldata.mn (цаашид “цахим сан” эсхүл “legaldata.mn” гэх)-д бүртгүүлж, хэрэглэгчийн нууц үг авсан этгээд (цаашид “хэрэглэгч” гэнэ) нь legaldata.mn-ээр үйлчлүүлэх, цахим санд бүтээлээ байршуулах болон бусад хэлбэрээр цахим санг ашиглахдаа дагаж мөрдөнө. 
1.2. Legaldata.mn урьдчилсан мэдэгдэл ба анхааруулгагүйгээр энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй бөгөөд хэрэглэгч цахим санг үргэлжлүүлэн ашигласнаараа тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Хоёр. Legaldata.mn-ийн үйл ажиллагаа

2.1. Legaldata.mn-ийг байнгын буюу 24/7 цагийн хугацаанд хэрэглэгчид ашиглах боломжтой байна.
2.2. Legaldata.mn нь хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдэд тустай нөхцөлөөр буюу хэрэглэгчийн хүсэлтэд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийх, хэрэглэгчтэй холбоо барих, цахим санг ашиглах нөхцөлийн хэрэгжилттэй холбогдуулан ашиглах эрхтэй.
2.3. Legaldata.mn нь хэрэглэгч тус бүр хэзээ, хэдэн удаа цахим санд нэвтэрч, ямар бүтээл уншсан, татан авсан, ямар бүтээл байршуулсан, мөн устгасан тухай мэдээллийг хянах эрхтэй. 
2.4. Legaldata.mn нь хэрэглэгчийн бүтээлийг цахим санд байршуулахаас бусад байдлаар нийтлэх, нийтэд түгээхгүй байх үүрэгтэй.
2.5. Legaldata.mn нь хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээллийг хугацаагүйгээр чандлан хадгална. Харин хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд түүнийг гарган өгч болно.

Гурав. Нэвтрэх эрхийн бүртгэл ба хамгаалалт

3.1. Хэрэглэгч үйлчилгээг ашиглахын тулд эхлээд legaldata.mn-д бүртгүүлэн нэвтрэх эрхийг авна.  
3.2. Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг бүрэн хариуцах ба нэвтрэх нэр, нууц үгээ бусдад шилжүүлэх, хэрэглүүлэхгүй байх үүрэгтэй. Хэрэв хэрэглэгчийн цахим хуудаст нэвтрэх эрхийг гуравдагч этгээд ашигласан байж болзошгүй гэж үзвэл legaldata.mn–д  нэн даруй мэдэгдэнэ.

Дөрөв. Зохиогчийн бүртгэл

4.1. Хэрэглэгч цахим санд бүтээлээ байршуулахын тулд эхлээд “Зохиогчоор бүртгүүлэх” гэсэн хэсэгт холбогдох мэдээллийг бөглөн зохиогчоор бүртгүүлэх шаардлагатай. Гэхдээ ийнхүү бүртгүүлсний дараа хэрэглэгч цахим санд дор хаяж нэг бүтээлийг байршуулснаар албан ёсоор зохиогчоор бүртгэгдэж, бүртгэл, тоон мэдээнд орох болно.
4.2. Хэрэглэгч зохиогчоор бүртгүүлэхэд шаардлагатай мэдээллээ үнэн зөв бөглөх, уг мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр шинэчилж байх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг өөрөө хариуцна.

Тав. Бүтээлийг ашиглах

5.1. Хэрэглэгч цахим сан дахь бусад хэрэглэгчийн бүтээлийг ашгийн бус зорилгоор гагцхүү судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хэрэгцээнд ашиглана. Хэрэглэгч цахим сангаас уншсан, татаж авсан бүтээлийг өөрчлөн нийтлэх, нийтэд түгээх, хувилан тараах, худалдан борлуулах, мөн энэхүү арга замаар өөрийн хувийн зорилгод ашиглахгүй байх үүрэгтэй.
5.2. Хэрэглэгч бүтээлийг судалгаа, эрдэм шинжилгээний зорилгоор ашиглахдаа ишлэл, зүүлт авах зэргээр эх сурвалжийг заан зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр, зүй ёсоор ашиглана.

Зургаа. Зохиогчийн эрх

6.1. Хэрэглэгч нь өөрийн бүтээлийг цахим санд байршуулснаар тухайн бүтээлийг нийтэд түгээхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
6.2. Бүтээлийг цахим санд байршуулсан ч бүтээл нь зохиогчийн оюуны өмч хэвээр байна.
6.3. Цахим санд байршуулж буй бүтээл нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн зөрчилгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдгийг хэрэглэгч бүрэн хариуцах legaldata.mn үүнд хяналт тавих үүрэг хүлээхгүй. Тухайн бүтээл нь зохиогчийн эрхийн зөрчилтэй эсхүл холбогдох хууль тогтоомж болон бусдын эрхийг зөрчсөн гэж legaldata.mn үзвэл хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр бүтээлийг цахим сангаас устгах эрхтэй. 
6.4. Legaldata.mn –ийн үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, эмблем, лого, тэмдэг, дизайн, шийдэл нь зохиогчийн эрхийн болон холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд хуулбарлан ашиглахыг хориглоно.
6.5. Хэрэглэгч цахим сан дахь бусад хэрэглэгчийн бүтээлийг татаж авснаар оюуны өмчийн болон зохиогчийн эрх шилжихгүй.

Долоо. Цахим санд бүтээл байршуулах

7.1. Хэрэглэгчийн цахим санд байршуулах бүтээл нь дараах төрлөөр бичигдсэн байна:
7.1.1. эрх зүйн шүүмж;
7.1.2. илтгэл, өгүүлэл, сэдэмж (эссэ);
7.1.3. бакалаврын төгсөлтийн ажил;
7.1.4. магистрийн зэрэг хамгаалсан бүтээл;
7.1.5. дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгаалсан бүтээл;
7.1.6. шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл;
7.1.7. нэг сэдэвт бүтээл;
7.1.8. бодлогын судалгаа, дүн шинжилгээ;
7.1.9. төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн тайлан, үнэлгээ;
7.1.10. номын танилцуулга;
7.1.11. гарын авлага, аргачлал, арга зүй.

7.2. Бүтээл нь аль ч орны хэлээр бичигдсэн байж болно.
7.3. Legaldata.mn хэрэглэгчийн цахим санд байршуулахаар илгээсэн бүтээлийг уншиж хянах эрхтэй ба бүтээл нь шууд болон шууд бус дайралт, доромжлол, бусдыг өдөөн хатгасан, айлган сүрдүүлсэн, зохисгүй үг, хэллэг хэрэглэсэн, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай байвал уг бүтээлийг цахим санд байршуулахаас татгалзах, байршуулсан хойно устгах эрхтэй.  
7.4. Legaldata.mn хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийн нэр, агуулга, бүтцийг өөрчлөхгүй. Харин бусад хэрэглэгчдэд ойлгомжтой, эмх цэгцтэй харагдуулах зорилгоор бүтээлийн харагдах байдлын хэлбэр, форматыг засч болно.
7.5. Хэрэглэгч бүтээлээ илгээхдээ “Шинэ бүтээлийн бүртгэл”-д оруулах мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт оруулах үүрэгтэй. Ийнхүү оруулаагүйгээс үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.
7.6. Хэрэглэгч цахим санд байршуулсан бүтээлээ устгах, уг бүтээлдээ нэмэлт, өөрчлөлт, засвар оруулж дахин цахим санд байршуулахаар илгээх эрхтэй.

Найм. Төлбөр тооцоо, буцаалт

8.1. Хэрэглэгч цахим санд төлбөртэйгөөр байршуулсан бүтээлийн борлуулалтын орлогын 50%-г legaldata.mn-ий үйл ажиллагааны зардалд суутган авах бөгөөд үлдсэн 50% нь хэрэглэгчийн орлого болно. Энэхүү орлогыг хууль тогтоомжид заасан хэмжээгээр татвар, шимтгэлийг суутган хэрэглэгч зохиогчоор бүртгүүлэхдээ мэдүүлсэн банкны дансаар шилжүүлнэ. Орлогын тооцоог улирал бүрийн сүүлийн 7 хоногт багтаан хийнэ.
8.2. Хэрэглэгч legaldata.mn-д үнэ төлбөргүйгээр байршуулсан бүтээлээс бусад бүтээлийг унших, татан авах бүрт зохих төлбөрийг төлнө. Хэрэглэгч бусад хэрэглэгчийн бүтээлийг татах, унших үнэ нь уг бүтээлийн зохиогчийн өөрийн тогтоосон үнээр тодорхойлогдоно.
8.3. Хэрэглэгч бүтээлийг татах, уншихын өмнө бүтээлийн зохиогч, товч агуулга, хуудасны тоо зэрэг мэдээлэлтэй урьдчилан танилцаж сонголтоо хийх бөгөөд хэрэглэгчийн төлсөн төлбөрийг буцаан олгохгүй болно. 

Ес. Эрх хязгаарлалт

9.1. Legaldata.mn нь тодорхой шалтгаантай эсхүл шалтгаангүйгээр таны нэвтрэх эрхийг хаах, эсхүл хязгаарлах, таны оруулсан бүтээл болон мэдээллийг устгах эрхтэй. 

Арав. Үйлчилгээг өөрчлөх, зогсоох

10.1. Legaldata.mn нь техник, технологи, програм хангамжийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, үйлчилгээний сайжруулалт зэрэг шалтгаанаар цахим хуудсын агуулга, хэлбэр, загвар, бүтэц, үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчлэн ямар нэгэн анхааруулга болон анхааруулгагүйгээр өөрчлөх, түр буюу бүр мөсөн зогсоох эрхтэй. 

Арван нэг. Хариуцлага

11.1. Хэрэглэгч цахим санд нэвтрэх эрх авах болон хэрэглэгчийн нэр, нууц үгийн нууцлал, өөрийн талаарх мэдээлэл, цахим санд байршуулсан бүтээл, мэдээлэл, үйлдлийн үр дагаварыг бүрэн хариуцна.
11.2. Хэрэглэгч энэхүү нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд legaldata.mn өөрийн санаачилгаар тухайн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хасч, хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
11.3. Хэрэглэгч нь гуравдагч этгээдэд болон legaldata.mn сүлжээнд учруулсан хохирлыг зохих хууль тогтоомжийн дагуу барагдуулах үүрэгтэй.
11.4. Хэрэглэгчийн цахим санд оруулсан бүтээл нь legaldata.mn-ийг ажиллуулж буй хүмүүсийн үзэл бодлыг илэрхийлэхгүй бөгөөд legaldata.mn нь хэрэглэгчийн бүтээл дэх үзэл бодол, байр суурийн төлөө ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.
11.5. Хэрэглэгч холбогдох хууль тогтоомж болон энэ нөхцөлд заасан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна. 

Арван хоёр. Хэрэглэгдэх хууль, маргаан шийдвэрлэх

12.1. Энэхүү нөхцөлөөр зохицуулагдаагүй бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна. 
12.2. Маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцлийн аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг legaldata.mn-ийн байрлаж байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ.

Арван гурав. Нөхцөл хүчин төгөлдөр болох

13.1. Хэрэглэгч нөхцөлийн доорх  “Би зөвшөөрч байна” гэсэн сонголтыг сонгосноор энэхүү нөхцөл хүчин төгөлдөр болно.


--- о О о ---