Дэн Сяопин ба Шинэ Хятад

Эзра Фогел
Орчуулсан: Г.Батсүх

55,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2018
Хуудасны тоо:
1207
Ангилал:
Нийгэм, улс төр
ISBN дугаар:
978-99973-66-96-2
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
148x200
ДУУССАН !

Номын танилцуулга

Хорьдугаар зууны тавиад онд “өнөөдрийн СССР бол маргаашийн Хятадын загвар” гэдэг уриа БНХАУ даяар амны уншлага болж, түүнд нийтээрээ үнэмшиж байжээ. Тэгэхэд Орос, Хятад хоёр ах, дүүгийн барилдлагаатай байсан санж. Гэтэл улирч одсон хүйтэн дайнд энэ хоёр гүрэн цусгүй алалцаж, Уссурь мөрний Даманск арал дээр цустай мөргөлдөж, Хятад дийлдэж үлдсэн түүхтэй. 
 
Харин СССР задран унаснаас хойш түүний хойд дүр болох ОХУ бээр эдүгээ БНХАУ-аас зээл тусламж, санхүүжилт, хөрөнгө оруулалт царайчилж, “Хятадын онцлогтой социалист” зах зээлийн эдийн засгийн загвар, бүтээн байгуулалтын туршлагаас суралцах, хамтарч ажиллахын төлөө зүтгэсээр байгаа нь хачирхалтай. Түүх чингэж эргэжээ.

Хятад нь өдгөө эдийн засгийн хувьд АНУ-ын дараа жагсаж, чөлөөт валютын хамгийн их нөөц хуримтлуулж, түүний эдийн засгийн өсөлтийн агшилт, тэлэлтийн цар хүрээ нь улс орнуудын эдийн засаг болоод олон улсын худалдаанд илт нөлөөлөх болжээ. Хятадыг ийм үсрэнгүй хөгжилд хүргэх түлхүүрийг Дэн Сяопин хэмээх нэгэн суут эрхэм атгаж төрсөн гэх. Тэрхүү шавилхан биедээ ахадсан ухаантай, ер бусын тэвчээр хатуужилтай, сөхрөшгүй шинэчлэгч, мэргэн стратегич хүмүүн орчин цагийн Хятадын түүхэнд домог болж мөнхөрчээ. Зөвлөлт маягийн загварт хүлэгдэж зогсонги байдалд зүдэрч байсан коммунист эдийн засгийг Дэн орчин цагийн капиталист болгон шинэчилж хөгжил дэвшил, даяаршилын замд эргэлт буцалтгүй оруулж чаджээ.
 
1904 онд Сычуань мужид төрсөн Дэн 1920-д оны эхээр Парист цэл залуугаараа Коммунист намтай хувь заяагаа холбосон аж. Тэгэхэд Жоу Эньлай тэргүүтэй хятад оюутан залуус тэнд ажиллахын зэрэгцээ сурч байсан санж. Тэрбээр хувьсгалын үйл хэрэгт биечлэн зүтгэхийг зорьж 1927 онд эх орондоо эргэн иржээ. Дэн Хятадын толгой удирдагч болж эрх мэдэлд хүрсэн замналынхаа адармаатай 50 жилийн хараал зүхэл, хэлмэгдүүлэлт болоод цөллөгийг бие, сэтгэлийн хатуужилаар давсан нэгэн. Тэрбээр олон арван жил Маод үнэнчээр зүтгэж босголцсон хуучинсаг эдийн засгийн системээ зоримог нураажээ. Түүний “шинэчлэлт, нээлттэй бодлого” нь зөвхөн эдийн засгийн биш, улс төр, үзэл суртал, нийгмийн оюун санааны транформацид чиглэсэн байв. Дэн “Хулгана барьж л байвал муур хар, эсвэл цагаан байх нь чухал биш” гэж Маогийн үхэршмэл үзэл суртлыг шууд онилсноороо улс орныг хөгжүүлэх, гадаад ертөнцөд нээхэд тохирхуйц арга хэлбэр нэвтрүүлэх нь коммунист үзэл суртал мөрдөхөөс илүү гэдгийг чухалчилжээ. Тэр нь “муурын онол” гэж дэлхийд алдаршсан түүхтэй.

Дэн “соёлын хувьсгал”-д өртөж хэлмэгсэдийг цагаатгаж, Маог тахин шүтэх явцыг зугуухан бүдгэрүүлж, хуучинсаг хүчнийхний уяаг тааруулж, улс төрийн системийг шинэчилжээ. Тэгээд модернизаци, орчин цагийн технологи болоод менежмэнтийн арга ухааны эрэлд мордохдоо барууны ертөнцтэй худалдаа арилжаа эхлүүлж эх газрын Хятадыг дэлхийд нээсэн намтартай. Үр дүнд нь хаалттай, хоцрогдсон Хятад нь олон улсын хамтын нийгэмлэгт нэгдэж, улмаар технологи, капитал татан бүтээлчээр ашиглаж чаджээ.

Тэрбээр сүйрлийн ирмэг дээр байсан нийгмийг тогтворжуулах, дараа нь коммунизмын түүхэнд ч, Хятадын түүхэнд ч байгаагүй шинэ арга барилаар улс орноо өөд татах үйл явцыг гардсан нэгэн. Тэгэхэд Хятадын нийт эдийн засаг “сэхээ”-нд тэрчилж, нэг зуун сая гаруй тариачид өлсөж байсан аж. “Соёлын хувьсгал”-ын түймэрт боловсролын систем нь өвч хуйхлагдсан учраас 1982 он гэхэд Хятадын нийт ажиллах хүчний 34 хувь нь бага сургуулийн боловсролтой, 28 хувь нь бараг бичиг үсэггүй шахам, ажиллах хүчний дөнгөж 0.87 хувь нь коллежийн боловсролтой байсан санж.

Дэнгийн зүтгүүлсэн шинэчлэлт, нээлттэй бодлого, мөн дөрвөн модернизаци нь өнгөрсөн зууны сүүлчийн 25 жилд эрчимтэй хэрэгжиж, улмаар энэ зуунд Хятад үндэстний сэргэн мандалтын онгодыг дуудсан “Хятад мөрөөдөл”-ийн очийг бадраажээ. Тэгээд ч “...ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед дундаж чинээлэг нийгэм цогцлоох, Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ой тохиоход баян, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв зохиролтой орчин үеийн социалист улс болох зорилго тус тус хэрэгжиж, Хятадын их сэргэн мандалтын мөрөөдөл биелнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлсэн нь учиртай болов уу. Энэ нь 2021 ба 2049 он гэсэн үг.

Дэн 1992 онд тэтгэвэрт суух үед хятад үндэстэн 150 жилийн турш гүйцэлдүүлж эс чадсан мөрөөдөл нь бараг хэрэгжчихсэн байж. Дэн ба түүний нөхөд Хятадын ард түмнийг өлмүүн зэлмүүн байдлаас гаргах, улс орноо тэнхээжүүлэх шинэчлэлт хийсний үр дүн гарчээ. Өнөөдрийн Хятад нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө чинээтэй, хүч тэнхээтэй гүрэн болжээ. Чингэх стратеги, бодлого болоод хэрэгжилтийг нь Дэн зангидсан гавъяатай бөлгөө. Харин 1989 оны Тяньаньмэний оюутны жагсаалыг нухчин дарахыг зөвшөөрсөн нь түүний бүх насны гавъяа зүтгэлд хар толбо суулгасан гэдэг.

Тэрбээр 1997 онд 92 настайдаа тэнгэрт халихад өөрийнх нь гэрээслийн дагуу нүд, дотоод эрхтнүүдийг нь анагаахын судалгааны хүрээлэнд шилжүүлж, цогцосыг нь чандарлан ХКН-ын далбаанд манцуйлан залж далайд өргөжээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс албан ёсны эмгэнэл илэрхийлсэн байдаг нь түүний түүхэн өв, нэр хүндийг хүндэтгэн мөнхжүүлсэн ховорхон ёслол буйзаа.

Дэнг “овсгоотой, хашир, ухаалаг, нээлттэй, зоримог, хүнлэг, өөртөө итгэлтэй бөгөөд найзархаг эрхэм байсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картэр дурсан тэмдэглэжээ.

Харвардын их сургуулийн профессор, дэлхийд нэрд гарсан хятад судлаач Эзра Вогэл “Дэн Сяопин ба шинэ Хятад” хэмээх бүтээлдээ шинэчлэгдсэн Хятадын эцэг Дэнгийн намтар, шинэ Хятадын өсч өндийсөн үйл явцын тухай гоц сонирхолтой өгүүлжээ. Эл бүтээл нь дэлхийн олон хэл, түүний дотор нангиад хэлэнд ч бас хөрвүүлэгдсэн аж. 

“Дэлхий дахины түүхэнд Дэн Сяопинтэй дүйцхүйц үл балрах агуу том ул мөр үлдээсэн хүн хорьдугаар зуунд байхгүй буйзаа. Хятадын хамгийн мэргэн стратегичийн амьдрал, түүний амьдрал, үйл ажиллагаа, үлдээсэн өвд шингэсэн түмэн зөрчлийн учгийг тайлахад олон арван жилийн судалгааны ажил, хүч хөдөлмөрөө зориулав” гэж Эзра Вогэл тэмдэглэжээ. 

Өмнөд хөршийнхөө нийгэм, улс төр, эдийн засгийн шинэчлэлтийн замналыг сонирхож, түүнээс зарим сургамж олж авахад энэхүү бүтээл тус дэмтэй гэж үзнэ. Мөнхийн хөршөө танин мэдэж, зөв ойлгож, хүндэтгэн харилцах нь улам бүр өргөжин тэлсээр буй хоёр талын харилцааг ойрын болон хэтийн бодлоготой залах, үр ашигтай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов уу гэж бас муйхарлана.

Төсөөтэй номууд