А.Бямбажаргал: Төрийг хуулийн хүрээнд ажиллуулах баталгаа болсон дагнасан шүүхийг нураах гээд байна

5 years ago

МУИС-ийн  Хууль  Зүйн  Сургуулийн  Нийтийн  эрх  зүйн  тэнхимийн  дэд профессор А.Бямбажаргалтай ярилцлаа.

-Юуны  түрүүнд  Захиргааны  ерөнхий  хууль  гэж  юу  болох,  түүний  ач холбогдлыг хэрхэн тодорхойлж буйгаа товч илэрхийлэхгүй юү?

-Захиргааны ерөнхий хуулийг 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч санаачилснаар баталж, 2016 оны Долдугаар сарын 1-нээс мөрдсөн. Монгол бол Нидерланд, Японы дараа ийм хуультай болсон гурав дахь улс. Иргэний эрхийг зөрчиж болох төрийн буюу захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр нь гагцхүү  хуульд  захирагдах  нь  хуулийн  гол  зорилго  юм.  Энэ  бол  захиргаа  дур зоргоор, аливаа сэтгэл хөдлөл, улс төрийн гэнэтийн шийдвэр гаргахыг хязгаарлаж байгаа  хууль. Нэг  үгээр  хэлбэл,  хуулиар  эрх  олгогдоогүй  асуудлаар  захиргаа шийдвэр гаргахгүй, иргэний эрхийг зөрчихгүй байх баталгааг энэ хууль бий болгож байгаа юм. Харин захиргааны хэргийн шүүх түүнийг нь хянах зорилготой, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг цорын ганц шүүх болдог. Тиймээс ч энэ шүүх ардчилсан тогтолцоотой орнуудын иргэдийн амин чухал хэрэгцээг хангадаг.

-Засгийн газраас санаачилсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор  хэлэлцэн  дэмжсэн  ч  нэгдсэн  хуралдаанаас  АН-ын  бүлэг  тав хоногийн завсарлага авч, чуулган ч завсарласан. Хуульчдын олонх нь уг төслийг  дэмжихгүйгээ  илэрхийлж,  батлахгүй  байхыг  УИХ-ын  гишүүдэд уриалсан. Энэ өөрчлөлтийг хэрхэвч баталж болохгүй гэх хамгийн том үндэслэл нь юу юм бэ?

-Засгийн газар энэ төслийг УИХ-д яаравчлан өргөн бариад, хэлэлцүүлж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан хоёр зүйлээс гадна Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай гэсэн хоёр төслийг хамтад нь өргөн барьсан. Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д “Уг хууль улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарахгүй” гэсэн заалт бий. Харин өргөн барьсан төсөлд  үүнийг  хүчингүй  болголгүйгээр  Засгийн  газрын  шийдвэр,  түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гээд бүгдийг нь, харьцангуй өргөн хүрээнд хамруулан тусгасан. Үүнээс ч илүү ноцтой зүйл нь уг хуулийг баталсны дараа дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төсөл юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан захиргааны хэргийн шүүхээс Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн хэргийг холбогдох хууль, тогтоомжид заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгохоор тусгасан. Энэ нь агуулгын хувьд Үндсэн хууль зөрчиж, хууль зүйн техник талаасаа одоогийн ижил дугаар бүхий зүйлийг хүчингүй болголгүйгээр  (нэг  хууль  дахь  ижил  заалтад  хоёр  заалт давхардуулсан),  яаран  боловсруулсан  гэж  хардахад  хүргэж  байгаа  юм.  Хэрэв эдгээр хуулийг баталбал Үндсэн хуулийн 1.2 буюу төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болно. Учир нь уг зарчим ёсоор төрийн байгууллагын үйл ажиллагааг гагцхүү хуульд заасан эрх хэмжээ, цар хүрээний дагуу хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, захиргаа үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулдаг. Мөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас хамгаалдаг. Үндсэн хуульд зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоодог, гагцхүү  ардчилсан, эрх зүйт төрийн тулгуур болсон захиргааны  хэргээр  төрөлжсөн  буюу  дагнасан  шүүхийн өнгөрсөн 16 жилийн ололтоос ухрахад  хүрнэ. Энгийнээр  хэлбэл,  төрийн  үйл  ажиллагааг хуулийн хүрээнд явуулах баталгаа болсон дагнасан шүүхийн хаалгыг нь хаагаад зогсохгүй, нураагаад, газарт булж буй хэрэг болох гээд байна. Энэ өөрчлөлтийг баталбал захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх маргаангүй болно гэсэн үг. Хэдийгээр уг төслийг Засгийн газар өргөн барьсан ч хууль тогтоогчид  л батлах, эсэхийг шийдвэрлэнэ шүү дээ. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн бол нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх ёстой учир хууль тогтоогчдод Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилсан, эрх зүйт төрийн суурь зарчмаас ухрах хууль батлахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Хамт  өргөн  мэдүүлсэн  төслүүдэд  “Эрдэнэт  үйлдвэр”-ийн  49  хувьтай холбоотой асуудлыг зохицуулах талаар нарийвчлан тусгасан гэдэг нь үнэн байх нь ээ?

-Сая  хэлсэнчлэн  Захиргааны  ерөнхий  хуульд  өөрчлөлт  оруулах  тухай  хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төслийг энд онцолмоор байна. Захиргааны ерөнхий  хуульд  өөрчлөлт оруулбал өдгөө захиргааны  хэргийн  шүүхээс  хянан шийдвэрлэж буй бүх маргааныг үүний дагуу хэрэгсэхгүй болно гэж дээр хэлсэн шүү дээ. Гэтэл энэ цаг мөчид таны дурдаад буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох маргаан буюу УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаарх Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээс хянаж буй маргааныг хэрэгсэхгүй болгох юм. Үүнээс үзвэл бүх маргааныг хэрэгсэхгүй болгох заалт нь тусгайлан дээрх маргаанд зориулагдсан байх боломжтой. Хууль санаачлагчийн тайлбарууд ч үүнийг нотолж байгаа шүү дээ.

-“Сонгуулийн ерөнхий хороо болон Засгийн газрыг захиргааны хэргийн шүүх хянахгүй” гэх агуулгатай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц 2005 онд гаргасан гэж яриад  байгаа.  Өөрөөр  хэлбэл,  Цэцийн  2005  оны  02  дугаартай  энэхүү дүгнэлтийг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байх шиг.

-Цэцийн 13 жилийн өмнө эл дүгнэлтийг гаргаж байсан цаг үе одоогийн нөхцөл байдалтай нэг зүйлээрээ давхцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн болон өнөөгийн Засгийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн сайд нь Ц.Нямдорж гуай юм. Тухайн үеийн МАХН-ын гэх хуульчид буюу өдгөө Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж буй Б.Энхбаяр, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарын Цэцэд гаргасан мэдээллийг хянан хэлэлцсэний үндсэн дээр эл дүгнэлтийг гаргасан байдаг. Гэтэл өнгөрсөн хавар УИХ-ын Хууль зүйн  байнгын  хорооны  хуралдааны  үеэр  Засгийн  газрын  Хэрэг  эрхлэх  газрын референт н.Дондогмаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг болгосноор Хэрэг эрхлэх  газар  Цэцэд  иргэнээр  мэдээлэл  гаргуулсан,  Цэцийн  дарга  Улсын  дээд шүүхэд бичиг явуулсан талаар мэдэгдсэн. Энэ нь өнөөдөр ч, 13 жилийн өмнө ч Цэц улс төрийн зорилгоор дүгнэлт гаргасан юм биш биз гэж хардахад хүргэж байгаа юм. Уг төслийг санаачлагчидтай би нэг зүйлээр санал нэгдэж байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйлт, заалтын талаар гаргасан Цэцийн 2005 оны 02 дугаар дүгнэлт хүчинтэй хэвээр гэдэгтэй санал нэг байна. Гэвч нэг зүйлийг мартаж болохгүй. Одоо хэлэлцэж байгаа төсөлд тусгасан шиг Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг Цэц хянаж болох тухай нэг ч үг, өгүүлбэр тэр дүгнэлтэд байхгүй. Би нэг зүйлийг дахин хэлье. Уг хуулийг баталбал иргэний эрх дордохоос бус, дээрдэх ямар ч хууль зүйн болон  практик  боломж  байхгүй.  Өнөөг  хүртэл  Цэцийн  хянан  шийдвэрлэсэн маргааны 98 хувь нь дан ганц хуулийн аль нэг зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Цэц 26 жил ажиллахдаа гүйцэтгэх эрх мэдлийн буюу Засгийн газрын шийдвэрийн талаар төдийлөн маргаан үүсгэж, хянан шийдвэрлээгүй.

-Үндсэн хуулийн шүүх гүйцэтгэх засаглалын шийдвэрийг хэрхэн хэлэлцдэг талаарх дэлхийн жишиг, хандлага нь ямархуу байдаг юм бол?

-Үндсэн хуульт ёсны үүднээс харвал Үндсэн хуулийн бие даасан шүүхтэй орнуудад өнөөдөр  бидний  талцаж,  маргалдаад  буй  эл  асуудлын  талаар  нэгэнт  тогтсон хандлага бий. Тэр нь Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн байгууллага болохынх нь хувьд Үндсэн хуулийн шүүх, харин захиргааны байгууллага болохын тухайд  захиргааны  хэргийн  шүүх  хянан  шийдвэрлэж  ирсэн  явдал.  Тиймээс  ч өнөөдрийн асуудлын гол зангилааг бий болгосон нэг институц нь яах аргагүй Цэц гэж хэлэх гээд байна л даа. Хэрэв Цэц 2005 оны дүгнэлтдээ асуудлыг дан ганц улс төрийн зорилгоор бус, удаан  хугацаанд  хэрэгжих  боломжтой  байдлаар  буюу Засгийн газрыг гагцхүү Үндсэн хуулийн  байгууллага болох талаас нь гаргасан шийдвэрүүд нь Үндсэн хуультай зөрчилдөж буй, эсэхийг хянана хэмээн үндэслэлээ ойлгомжтой бичсэн бол бид өнөөдөр ийнхүү Үндсэн хуульт байгууллаа нураах хуулийн төсөл хэлэлцээд суухгүй байсан.

-Уг  хуулийн  төслийг  санаачлагч,  Хууль  зүй,  дотоод  хэргийн  сайд Ц.Нямдоржийн  хэлж  буйгаас  харахад  гүйцэтгэх  болон  шүүх  засаглалын хооронд гал ассан мэт ойлгогдоод байна л даа. Та юу гэж бодож байна вэ?

-Бид  1992  оны  Үндсэн  хуулиар  нэгэн  зарчмыг  эргэлт  буцалтгүйгээр баталгаажуулсан. Тэр нь төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл болгон түүхэндээ анх удаа тогтоосон явдал. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох эрх мэдэл буюу УИХ үйл ажиллагаагаа Үндсэн хуульд захируулах, гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар баталсан хуулийг нь үйл ажиллагаандаа баримтална гэсэн үг. Харин шүүх эрх мэдэл бол Үндсэн хуулийн суурь зарчим, аливаа маргааныг хуулийн дагуу, тогтолцооны хувьд бие даасан, хараат бусаар гаргах ёстой. Таны хэлж байгаачлан гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн дунд асуудал үүссэн гэхээс илүү  Засгийн  газар  хуулиар  эрх,  хэмжээ  олгоогүй,  эсвэл  хуулиар  заасан  эрх хэмжээгээ хэтрүүлэн, иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн бол түүнийг нь шүүх хянан шийдвэрлэх нь зүй ёсных гэж хэлмээр байна. Харин сайд нь жирийн нэг шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаад байна гэж гомдоллох нь эсрэгээрээ шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн суурь зарчмаа үл тоох, боловсноор хэлбэл, юу ч мэдэхгүй байгаагаас үүдэлтэй болов уу. Зүй нь захиргаа буюу гүйцэтгэх эрх мэдэл үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн зарчмын дагуу хуульд нийцүүлэн явуулахад энэ мэт байдал үүсэхгүй байх боломжтой.

-Тодорхой эрх ашгийн үүднээс хуулийн төслийг нь захиалгатайгаар, жадлан эсэргүүцэж байна гэж санаачлагчид нь хардаж буйгаа нуухгүй байгаа. Тэгээд ч сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудалд шийдлийг нь олох гэж энэ хуулийн төслийг санаачилсан гэх мэтээр ярьсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Би уг асуудалд цэвэр судлаачийн байр сууринаас хандахыг зорьж байна. Учир нь би таны хэлээд байгаа өмчийн харилцаа, хувьчлалын маргааныг тантай л адил ажиглаж, хөндлөнгийн байр сууринаас хандаж байгаа. Харамсалтай нь, Үндсэн хуулийн суурь зарчим болсон хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг хөсөр хаяж, хууль батлах замаар иргэний эрхийг хязгаарлаж байгаа нь судлаачийн хувьд байр сууриа илэрхийлэхэд хүргэлээ.Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн хүрээнд захиргааны хэргийн шүүхийн  хянан  шийдвэрлэх  маргаанаас  Засгийн  газрын  шийдвэр,  түүнийг хэрэгжүүлсэн  бусад  захиргааны  байгууллагын  шийдвэр,  үйл  ажиллагаатай холбоотойг нь хасаж буй нь ямар шалтгаантай вэ гэдэг асуулт зайлшгүй гарч байна. Үүнийг Засгийн газар болон УИХ хүчингүй болгох, Цэц хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн  зохицуулалт  хэмээн  үндэслэл  болгон  тайлбарлаж  буйг  асуудлыг  хэт явцууруулан, өөрт ашигтай байдлаар ярьж байна гэж үзэж болно. Гэтэл өнөөгийн захиргааны хэргийн шүүх Засгийн газрын бүхий л шийдвэрийг хянах эрх зүйн үндэслэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ нь тус хуулийн 3.1.7 буюу “Улс төрийн үйл  ажиллагааг  захиргааны  хэргийн  шүүх  хянан  шийдвэрлэхгүй”  гэх  заалт юм. Тэгвэл хууль санаачлагчдын хэлж, төслийнхөө үзэл баримтлалд тусгасан шиг Цэц цаашид Засгийн газрын шийдвэрийг хянах боломжтой хэмээн үзэж буй нь агуулгын хувьд ихээхэн зөрчилтэй. Учир нь Үндсэн хуульд зааснаар Цэц Үндсэн хууль  зөрчсөн  эсэх  асуудлаар л аливаа  иргэний  өргөдөл,  мэдээлэл,  албан тушаалтан, байгууллагын хүсэлтээр маргаан үүсгэн, хянан шийдвэрлэдэг. Засгийн газар Үндсэн хууль бус, ердийн хууль зөрчсөн аливаа үйл ажиллагааны хувьд Цэц хяналт хэрэгжүүлэхгүй гэсэн үг. Гэтэл манай улсын хувьд Засгийн газар нь иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц олон үйл ажиллагаанд оролцох боломж ихтэй байдаг. Жишээ нь, Засгийн газар архи, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, эсэхээс авахуулаад барилгын норм, норматив тогтоосон олон төрлийн шийдвэр гаргадаг. Тэгвэл ердийн хуулийг зөрчиж болох энэ мэт нь Засгийн газрын гаргах шийдвэрийн дийлэнхийг эзэлж байдаг. 2005 оны Цэцийн шийдвэрээс үүдэн энэ мэт олон тохиолдолд Цэц маргаан үүсгэхгүй, захиргааны хэргийн шүүх хянахгүй буюу яах нь тодорхойгүй болж ирсэн. Аргаа бараад аль ч шүүх хянахгүй маргааныг иргэний хэргийн шүүх хянах болсон. Ингээд харвал энэ бүх шийдвэр магадгүй өнөө, маргаашийн улс төрийн нөхцөл байдлаас хамааран мэргэшсэн шүүхийн хяналтаас гарчих вий гэх болгоомжлол төрж байгаа юм.

 

Ярилцсан: Б.Номин /ӨНӨӨДӨР СОНИН/

Эх сурвалж: Өнөөдөр сонины 2018.07.19-ний өдрийн дугаарт хэвлэгдсэн