Бүтээлийн нэр Шүүх шинжилгээний хөтөч
Зохиогч Тогоохүү Очирбат
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Гарын авлага, арга зүй, аргачлал
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Эрүүгийн эрх зүй
  • Криминалистик
  • Шүүхийн сэтгэц гэм судлал, шүүхийн шинжилгээ
Процессын эрх зүй
  • Захиргааны процессын эрх зүй
  • Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй
  • Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч Хэргийн газраас биет нотлох баримтуудыг илрүүлж, бэхжүүлэх, лабораторид илгээх ажиллагааны явцад хууль сахиулах байгууллагын ажилтнуудад багагүй бэрхшээл учирдаг. Энэ нь биет нотлох баримтыг хэрхэн илрүүлэх, бэхжүүлэх, хамгаалах, хадгалах, лабораторид хүргэх, харьцуулах шинжилгээний загвар, дээжийг хэрхэн бүрдүүлэх, хэргийн газраас олсон биет нотлох баримтаар ямар асуудлыг шийдвэрлэж болох тухай мэдлэг дутмаг, шүүх шинжилгээ зүйн салбарыг зөвхөн криминалистикийн уламжлалт шинжилгээнүүдээр төсөөлж байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл бид хийж чаддаг шинжилгээндээ зориулж биет нотлох баримт цуглуулж байна гэсэн үг.
Энэхүү гарын авлагаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн одоогийн тогтолцоо, лабораториудын хүчин чадал, зарим шинжилгээг хүлээн авах, дүгнэлт гаргах хугацаа, дүгнэлтийг шинжээч томилсон байгуулага, албан тушаалтанд илгээх, хүлээлгэн өгөх, шинжилгээтэй холбоотой лавлагаа, мэдээллийг хэрхэн авах, биет нотлох баримтуудын ач холбогдол, тэдгээрийг хамгаалах, шинжилгээнд хэрхэн хүргэх талаар товч ойлголт өгөхийг зорилоо.
Гарын авлагад зөвхөн биет нотлох баримтууд болох биологийн гаралтай нотлох баримт, бичил мөр, галт зэвсгийн мөр, эвдлэгч багажны мөр, бичиг баримт зэргийг хэрхэн хураан авах, битүүмжлэх шинжилгээнд хүргүүлэх зөвлөмжийг оруулсан бөгөөд шүүх эдийн засаг, шүүх химийн шинжилгээний ихэнх объектууд, шүүх эмнэлгийн шинжилгээгээр (цогцосны задлан шинжилгээ, хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ зэрэг) шийдвэрлэх асуудлууд, анхаарах зүйлийг оруулж чадаагүйдээ хүлцэл өчье. Мөн шүүх эмнэлэг, шүүх эд эс, шүүх хими, эмнэлэг-криминалистикийн шинжилгээнүүдийн онцлог, хоорондын харилцан хамаарлын талаар оруулаагүй шалтгаан нь зөвхөн зөвлөмж хэлбэрээр ойлгуулахад учир дутагдалтай гэж үзсэнийх юм.
Статистик мэдээнээс үзэхэд 2013 оны байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд (нийслэл, орон нутгийн албад ороогүй) 32 950 шинжилгээг хүлээн авч дүгнэлт гаргаснаас 9580 шинжилгээ нь криминалистикийн болон биологи, ДНХ-ийн шинжилгээ буюу энэхүү гарын авлагад зөвлөмж болгон оруулсан объекттой холбоотой шинжилгээ байна. Үлдэж буй 70 орчим хуь болох шүүх эмнэлэг, шүүх эдийн засаг, шүүх хими, шүүх бактериологийн 23370 шинжилгээний объектыг хэрхэн шинжлүүлэх, юунд анхаарах талаар энэ гарын авлагад оруулж чадаагүй шалтгааныг дээр дурьдсан билээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд автотехникийн шинжилгээний лаборатори шинээр байгуулж, дуу авианы шинжилгээг хөгжүүлэхэд байгууллагын зүгээс анхаарал хандуулж эхэлж байгаа нь сайшаалтай. Гэвч үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүчин зүйлс болсон шүүх-инженер зүй, шүүх-археологи, шүүх-антропологи, шүүх-дижитал судлал, хор судлал, шүүх-ургамал судлалын шинжилгээнүүдийг мэргэжлийн түвшинд, бие даасан, хараат бус байдлаар хийдэг, энэ чиглэлээр хуулийн өмнө үүрэг хүлээсэн лабораториудыг шинээр байгуулах шаардлага тулгарч байна. Хэдийгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Геологийн төв лаборатори, ШУА-ийн хүрээлэнгүүд, Авто техникийн оношлогооны зарим төв, зарим их сургуулийн эрдэмтэд дээр дурьдсан зарим шинжилгээг эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хийж байгаа боловч тэдгээр байгууллага, мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх эрх зүйн болон шүүх шинжилгээ зүйн үндэслэл муутай юм. Иймд дээр дурьдсан чиглэлээр шинжилгээ хийх мэргэжилтэн бэлтгэх, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шүүх шинжилгээний лаборатори байгуулах, шүүх шинжилгээний байгууллагын өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон байна.
Криминалистикийн техник зүйн салбарт хуримтлагдсан мэдлэг, түүний дэд салбаруудын ангиллын дагуу зохион байгуулагдсан криминалистикийн лабораториудад ямар асуудлыг шийдвэрлэдэг талаас нь бичсэн гарын авлагууд урьд өмнө нь хэвлэгдэж байсан билээ. Энэ удаа хэргийн газраас олдох боломжтой олонхи биет нотлох баримтуудын ач холбогдол, тэдгээрт шинжилгээ хийснээр шийдвэрлэх асуудал, биет нотлох баримтуудыг хэрхэн цуглуулах, хамгаалах, шинжилгээнд хүргэх талаар зөвлөгөө өгөхийг урьтал болгов. Гарын авлагыг АНУ-ын Вашингтон муж улсын Шүүх шинжилгээний байгууллагаас 2012 онд эрхлэн гаргасан гарын авлагаас бүтэц, агуулгын хувьд үлгэр авч бичсэн бөгөөд энэ нь хэргийн газраас биет нотлох баримт цуглуулж буй мэргэжилтэн, шинжээч томилох эрх бүхий ажилтнуудад илүү ойлгомжтой, ач холбогдолтой мэдээллийг агуулж байна гэж үзсэнтэй холбоотой юм.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн лабораториуд нь одоогоор энэхүү гарын авлагад оруулсан бүх төрлийн биет нотлох баримтуудад шинжилгээ хийж асуудлыг бүгдийг нь шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Гэвч гарын авлагад дурьдсан биет нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулан авч шинжилгээ хийлгэхээр хүсэлт тавих, өөрөөр хэлбэл хэрэгцээ, шаардлага бий болгох нь нэг талаар шүүх шинжилгээний лабораториуд хөгжих, судалгаа шинжилгээний бусад байгууллагууд энэ чиглэлд анхаарал хандуулах, тогтолцоо нь боловсронгуй болох, нөгөө талаар бусад хуулийн байгууллагуудын ажилтнуудын мэдлэг нэмэгдэж, гэмт хэргийг шинжлэх ухааны үндэстэй нотлон тогтоох хуулийн шаардлага хангагдах нэг нөхцөл болно гэдэгт итгэж байна.
Түлхүүр үг шинжлэн магадлах ухаан, шинжлэн магадлахуй, шүүх шинжилгээ, криминалистик, хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримт, биет нотлох баримт
Бүтээл бичигдсэн огноо 2013
Хуудасны тоо 50
Хэл Монгол
Үнэ 10000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2019-01-18
Товч мэдээлэл үзсэн 282
Бүрэн эхээр нь үзсэн 0
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)