Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/0089
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Шийдвэрийн төрөл: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Татварын ерөнхий газраас сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч хуулийн этгээдийг “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон” зөрчил гаргасан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь хэсэгт зааснаар 15,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Нэхэмжлэгч “Манай компани маркетинг урамшууллын зорилгоор онооны урамшуулал эхлүүлсэн. Хэрэглэгч өөрийн цуглуулсан оноогоо ашиглах үед нэмэгдсэн өртгийн албан татварын баримт (НӨАТ) дээр нэмэгдэж гарах ба хэрэгжсэн үед нь татвар бодогдох ёстой. Хэрэглэгчийн оноо мөнгө хэлбэрээр үлдэж манай компани өглөг хэлбэрээр тайлагнаж байгаа нь хууль зөрчөөгүй” гэж; хариуцагчаас “2022 оны 10 дугаар сард тайлагнасан дүн, худалдан авагчийн төлсөн нийт үнийн дүн зөрүүтэйгээс борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Зөрчлийн тухай хуулийн
11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар хэсгийн 8.3 дахь заалтыг2 баримтлан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалт буюу “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэдгийг буруу ойлгон хэрэглэж, шийтгэлийн хуудас бичсэнийг шүүх мөн буруу үнэлж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэсэн заалтын зөвхөн хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэснийг тастан авч шийтгэлийн хуудас болон шүүхийн шийдвэрт хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа юм. Манай компанийн төлбөрийн баримтыг хариуцагч тал хуурамч гэж үзээгүй. Гэтэл хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заасан хуулийн заалтын зөвхөн 1 хэсгийг үндэслэн манай компанид торгууль оногдуулж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.
3. Хяналтын шатны шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.” гэж заасан.
4. Өөрөөр хэлбэл, бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хуулийн этгээд бодитоор хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг дээрх хуулиар хориглосон буюу үнийн дүнтэй ижил баримт олгохыг хуулиар шаардах бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар ... хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэхээр тогтоосон хэм хэмжээний зохицуулалттай (13)3
5. Энэ тохиолдолд, гомдол гаргагч компани бараа, ажил, үйлчилгээ хийгдсэн үнийн дүнгээс өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглосон хуулийн хэм хэмжээг зөрчиж, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй төлбөрийн баримт олгосон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдох тул “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон” зөрчил гаргасан гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар хариуцлага хүлээлгэсэн хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Монгол хэлний үг зүйн хувьд “буюу” гэх ойлголтыг Монгол хэлний товч тайлбар толь (Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, Улаанбаатар 1966 он, х.133) бичигт “эсвэл, юм уу ...” гэж тайлбарласнаас үзвэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийн “... хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэх заалтаар “хуурамч” эсхүл “хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй” төлбөрийн баримт гэж 2 тусдаа нөхцөлийг хууль тогтоогчоос зохицуулсан бөгөөд гомдол гаргагч компанийг “хуурамч төлбөрийн баримт олгосон” гэж үзээгүй, давж заалдах шатны шүүхээс тус хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. (15)
7. Иймд хариуцагчийн шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзэн магадлалыг хэвээр үлдээжээ.
---o0o---
1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
2 Зөрчлийн тухай хууль (2017)-ийн 8.3 “Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
3 Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !