Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2025-02-10 Шүүхийн академи

    1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болж, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт Ардчилсан Намаас 8, Монгол Ардын Намаас 8 нэр дэвшигч оролцжээ. Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг сонгогчдын олонхийн санал авсан гэж үзэн Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байна.
    2. Нэхэмжлэгч нар нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгааг зөвшөөрснөөс бусад хугацаанд явуулсаны улмаас сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж 05 дугаар тогтоолын Монгол Ардын Намын 8 нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан.
    3. Мөн Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын Намын дарга нь Улаанбаатар хотоос 45 оюутныг үнэгүй тээвэрлэсэн ба уг үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэж, хэргийг Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1-т заасан “... аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн’’ гэх зөрчил гаргасан болохыг тогтоож, түүнд хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.
    4. Автобусаар ирсэн оюутнуудын 8 оюутан нь Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн бөгөөд хэдийгээр дээрх зөрчлийн хэргээр уг захиргааны хэргийн нэр бүхий гуравдагч этгээд нартай холбоотойгоор зөрчлийг шалгаж тогтоогоогүй хэдий ч тэдэнтэй хамаарал бүхий Алдархаан сумын Монгол Ардын Намын даргын үйлдлийг шалган тогтоож, түүний хууль бус үйлдлээр сонгуулийн дүнд нөлөөлөхүйц тооны иргэд үнэ төлбөргүй үйлчилгээ авсны үндсэн дээр Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн үйл баримт нь маргаан бүхий Сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хангалттай үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн гэж маргасан.
    5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
    6. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-06 Шүүхийн академи

    Австрали Улсын Викториа мужийн анхан шатны шүүхэд 18 насанд хүрээгүй Австрали Улсын 8 иргэн (хүүхдүүд)-ээс өөрсдийн болон тус улсын нийт хүүхэд, жирийн иргэдийн өмнөөс тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг (нийтийн  эрх  ашгийг)  хамгаалах  зорилгоор  төлөөлөгчийн  хамт  Байгаль  орчны сайдын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нараас “Викэри ХХК”-ийн нүүрс олборлох  төслийг  өргөтгөх,  уг  төслийн  хугацааг  сунгахаас  татгалзах,  нөхөн төлбөр гаргуулахыг хариуцагч Байгаль орчны сайдаас шаарджээ. Энэхүү нэхэмжлэлийн гол агуулга нь нүүрсний уурхайн төслийн зөвшөөрлийг хариуцагч баталсан тохиолдолд олборлосон нүүрсийг шатааж, улмаар агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгарахад хувь нэмэр оруулах, хүрээлэн буй орчинд буюу уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул хариуцагчаас байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүрэг хариуцлага (duty of care)-ыг шаардсан.
    Харин хариуцагч Байгаль орчны сайдаас Австрали улсын хүүхэд, иргэдийг байгаль орчны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг Байгаль орчин болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалах тухай хууль (цаашид “EPBC” гэх)-ийн 130, 133 дугаар зүйлээр тус яамны сайдад олгоогүй бөгөөд хүүхдүүд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан

    дэлгэрэнгүй
  • 2025-02-03 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

    Нэхэмжлэгч хуулийн этгээд болох “М-И” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, ингэхдээ цар тахлаас үүдсэн нөхцөл байдлын улмаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүйгээр барилгын ажлыг гүйцэтгэж дуусгасан гэх агуулгаар тайлбарлаж, тус гэрчилгээг нөхөн олгохыг даалгуулахаар маргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалсан нэхэмжлэгч талын тайлбарлаж буй үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна. Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-28 Шүүхийн академи

    Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт нэр бүхий дөрвөн өмгөөлөгчид холбогдох ёс зүйн зөрчлийн маргааныг хэрэгсэхгүй болгож, 2 болон 3 дахь хэсэгт өмгөөлөгч О.Ц-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 2 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэжээ. О.Ц нь тус тогтоолыг эсэргүүцэж Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гаргасан.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-25 Шүүхийн академи

    1. Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажилладаг бөгөөд 2020 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас Ховд суманд нэр дэвшсэн байна. Нэр бүхий иргэд Я.Ө-д холбогдуулан гомдол гаргаснаар Сонгуулийн хороо уг гомдлыг хянаад Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг Я.Ө хангаагүй гэж үзэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон.
    2. Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахгүй, Сонгуулийн хороо миний нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй хэмээн дурдсан байна.
    3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарна хэмээн маргасан байна.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-20 Улсын дээд шүүх

    Иргэн П.Х нь “иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр иргэний үнэмлэх дахин авах хүсэлт гаргасан байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас “Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн” гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэж, 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Улмаар энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос “зөрчлийн хэрэг биш” гэсэн үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-17 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 онд “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г хариуцагч Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан. Тус гэрээ болон Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 онд баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар тогтоожээ.
    Нэхэмжлэгчийн зүгээс тус журамд заасан үйлчилгээний хөлс нь хэт өндөр учраас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, улмаар хариуцагч Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хурлаар тус үйлчилгээний хөлсийг бууруулсан. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь шинэ журмаар тогтоогдсон үйлчилгээний хөлсийг хасаж, илүү төлсөн үнийн дүнг Монголын хөрөнгийн биржээс нэхэмжлэн маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-13 Judilogy

    Нэхэмжлэгч “М” ХХК нь Хэнтий аймгийн Д сумын “Х улаан” гэх газарт орших 1006.02 га талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл (гэрчилгээ)-ийг 2024.02.04-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмшиж байгаа. Хариуцагч “З” ХХК нь тус хайгуулын талбайд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 1932 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно.
    Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хайгуулын талбайд зөвшөөрөлгүйгээр жонш баяжуулах үйлдвэр барьсан. Тус компанид үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавьж, эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан ч баяжуулах үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй талбайгаа эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна.
    Хариуцагчийн хариу эсэргүүцэл: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч нь сэндвичин барилга буюу баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тэгэхээр хууль, ёсны дагуу эзэмшиж, өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгө юм. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрхийг олж авч байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшил талбай нь бусдын эзэмшил болон өмчлөх эрхтэй давхцахгүй байх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-02 Шүүхийн академи

    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр илрүүлэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 “Шийтгэлийн хуудас”-аар холбогдогч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл “Гаалийн тухай хууль зөрчих” -ийн 14 дэх хэсэгт2 зааснаар 815,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
    Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос гаалийн улсын байцаагчийн дээрх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 дугаарын "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулахаар шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээд нь гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 3 торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад хуулийг буруу хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дурджээ.
    Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас “…шийтгэлийн хуудаснаас бусад зөрчлийн хэргийн материал дээр хуулийн зүйл, заалт, хэсгийг зөв бичсэн, харин шийтгэлийн хуудсаа бичихдээ буруу биччих вий гэж хэт анхаарч, загвар харж бичихдээ “11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэг” гэж бичихийг “11.21 дүгээр зүйлийн 14” гэж тоог андуурч бичсэн техникийн алдаа гаргасан, зөрчилд холбогдогч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлж барагдуулсан, иймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх агуулгаар маргасан.


    дэлгэрэнгүй
  • 2024-11-21 Judilogy

    Монгол Улсад банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Банкууд банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалд хамрагддаг бөгөөд тус даатгалын үйл ажиллагааг Хадгаламжийн даатгалын корпораци (“Корпораци” эсхүл “Хариуцагч”) хэрэгжүүлдэг. 
    Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3 дугаар зүйл болон Хадгаламж даатгалын Үндэсний хорооны 2019.12.13-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам (“Журам”)-д заасны дагуу Корпорацийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг болон Корпорациас хүссэн нэмэлт мэдээллийг банкууд тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлэх үүрэгтэй байдаг. 
    Корпораци нь мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг тодорхой болгох үүднээс Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар (“SCV” - уг загвар нь Журмын хавсралтаар батлагдаагүй бөгөөд Корпорацийн Үндэсний хороо 2018 онд баталсан байна)-аар банкуудаас хадгаламж эзэмшигчийн гэрийн хаяг, эцэг, эхийн нэр, ургийн овог, хүйс, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, иргэншил, бизнесийн нэр, зээлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй нэр зэрэг нийт 12 төрлийн багц, 144 хүснэгт бүхий харилцагч, хадгаламж эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээллийг шаарддаг байна. 
    Нэхэмжлэгч нь SCV загварын дагуу мэдээллийг 6 удаа ирүүлээгүй тул Корпорациас ийнхүү мэдээллээ ирүүлэхгүй бол хуульд заасан арга хэмжээ авахыг мэдэгдэж, мэдээ бэлтгэж ирүүлэхийг даалгасан байна. Тус даалгаврыг биелүүлээгүй тул Хариуцагч нь шийтгэлийн хуудсаар шаардлагатай мэдээ, мэдээллийг Корпорацид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
    Нэхэмжлэгчийн зүгээс SCV загвар нь захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус актыг Корпораци захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж маргасан бол Хариуцагч нь SCV загвар нь Журмын хүрээнд уялдуулан гаргасан зөвхөн мэдээлэл бэлтгэх загвар аргачлал бөгөөд ямар нэгэн харилцааг зохицуулсан, захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй бөгөөд хууль болон Журмаар Банк нь мэдээлэл ирүүлэх үүрэгтэй гэж маргав.

    дэлгэрэнгүй
  • 2024-11-11 Шүүхийн академи

    А.А нь 2020 оны 05 дугаар сард Ковид-19-ийн цар тахлын улмаас ажил олгогчийн заавраар гэрээсээ ажиллаж байсан. Ажлын цагаар түүний компьютерын тэжээлийн утас салж, утсыг авах гэж тонгойх зуур ширээн доор тоглож байсан хүүгийнхээ босохтой нь зэрэгцэн хүүгийн толгойг эрүүгээрээ мөргөж А.А шүдээ гэмтээсэн байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас А.А-ийн шүдний гэмтлийг “үйлдвэрийн осол” гэж тогтоон шүдний эмчилгээний зардлыг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
    Нийгмийн даатгалын асуудал хариуцсан олон нийтийн төлөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн Стокгольм хотын Захиргааны хэрийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс А.А-г Засгийн газрын зөвлөмж, ажил олгогчийн зааварчилгааны дагуу гэрээсээ ажиллаж байсан тул гэрийг ажлын байр гэж үзэж, ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэмтэл авсан тул ажил, осол хоёрын хооронд шалтгаант холбоо байсан гэж тайлбарласан. Иймд А.А нь шүдний эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж, гомдлыг хангахаас татгалзсан.
    Олон нийтийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хөдөлмөрийн ослын даатгалаас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэхэд ажил болон ослын хооронд шууд, бодитой шалтгаант холбоо байх шаардлагатай гэж үзэн Стокгольм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч шүүхээс давж заалдах гомдлыг мөн хангахаас татгалзаж, гэмтлийг ажил үүргээс шалтгаалсан үйлдвэрийн осол гэж дүгнэсэн байна.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-24 Шүүхийн академи

    Чөлөөт бүсээс хувийн хэрэглээний зориулалтаар бус худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулахаар  Гаалийн ерөнхий газрын даргын  2022 оны А/350, А/351 дүгээр тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн улсын хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалын дагуу хилээр байнга орж, гардаг эсэхээс үл хамааран зорчигч бүр хувийн хэрэглээний архи, тамхийг хилээр нэвтрүүлэхдээ татвар төлөх үр дагавар үүссэн нь захиргааны хэм хэмжээний акт гарсан зорилгодоо нийцээгүй гэж маргасан.

    Тодруулбал, нэр бүхий 12 компаниас дээрх нэмэлт, өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, алдагдалтай ажиллахад хүрсэн нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосон хэмээн маргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хянан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.

    дэлгэрэнгүй
  • 2024-10-17 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар ашиг олдог. Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс тус 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 оны хооронд 6,910,369,842.56 төгрөгийн албан татвар ногдуулсан ба нэхэмжлэгчээс холбогдох татварыг төлсөн. Гэвч УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль (2000 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад2 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн тоо заагаагүй байсныг зөвхөн тодорхой тооны орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.
    Үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2016-2020 оны хооронд ногдуулсан татварыг хууль бус гэж үзэж, мөн онд төлсөн татварын дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах, алдангийг буцаан олгуулах, 185 үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлөгдөх эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор маргасан.

    дэлгэрэнгүй
  • 2024-09-17 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

    Иргэн Ц нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт дэх хяналтын постоор 18 ширхэг тарваганы ороомог тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны дэд ахлагч С саатуулан илрүүлжээ. Улмаар 18 ширхэг тарваганы ороомгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тээвэрлэсэн Ц-ийн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ХХ дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар амьтныг тээвэрлэсэн гэж буруутган 300.000 төгрөгийн торгууль, 14.760.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.

    дэлгэрэнгүй
  • 2024-09-13 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8/28 дугаар Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол дүүргийн 1 дүгээр хороог хувааж, шинээр.... дүгээр хороог байгуулсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/367 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 2.2-т Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна гэж заасны дагуу Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан байна.

    Гэтэл энэхүү нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг “У” өрхийн эрүүл мэндийн төв ББН эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй, “У” өрхийн эрүүл мэндийн төв ББН болон Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй байхад тендер зарлан байгууллагын хэвийн ажиллагаанд саад учруулсан үйлдэл нь илт хууль бус...”хэмээн шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.

    дэлгэрэнгүй