Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.

2025-01-28 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/0054
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт нэр бүхий дөрвөн өмгөөлөгчид холбогдох ёс зүйн зөрчлийн маргааныг хэрэгсэхгүй болгож, 2 болон 3 дахь хэсэгт өмгөөлөгч О.Ц-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.12 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэжээ. О.Ц нь тус тогтоолыг эсэргүүцэж Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гаргасан.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР 

1. Давж заалдах шатны шүүхээс: “О.Ц Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хангалттай нотлолгүйгээр шууд дүгнээд “сануулах” арга хэмжээ авсныг зөвтгөх боломжгүй, уг хориглосон хэм хэмжээний чухам аль үйлдлийг зөрчилд тооцсон эсэхийг тодруулсны дараагаар түүнийг зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөх, нөгөөтээгүүр маргаж буй үйл баримтын талаар нэмж баримт цуглуулах шаардлагатай эсэх, бодитоор зөрчил гаргасан эсэхийг нягталсны үндсэн дээр гомдол гаргагчид хариуцлага тооцох ёстой, иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/33 дугаар тогтоол нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д3 заасантай нийцээгүй, хариуцагч нь маргаан бүхий албан бичгийг О.Ц сайтуудад ярилцлага өгөхдөө нотлох баримтаар хавсаргаж өгсөн эсэх зөрүүтэй нөхцөл байдлыг нэг мөр тодруулах шаардлагатай, гомдол гаргагч Б.Б нь өмгөөлөгч О.Ц-гийн үйлчлүүлэгч биш байхад ямар үндэслэлээр гомдлыг хянасан талаарх дүгнэлтийг хариуцагч маргаан бүхий тогтоолд дүгнэлт хийх нь зүйтэй” гэж дүгнэн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар мөн хороонд буцааж шийдвэрлэсэн.

2. Гомдол гаргагчаас: “тогтоолын Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан байхад тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гомдлын шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэрийг гаргаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой” гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргажээ.

3. Хяналтын шатны шүүхээс: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. (5)4

4. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны MT/33 дугаар тогтоолоор нэр бүхий өмгөөлөгч нарт холбогдох ёс зүйн маргааныг хэрэгсэхгүй болгосноос гадна уг тогтоолын Үндэслэх хэсэгт ... О.Ц-д холбогдуулан хоёр үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан гэж маргасны нэгийг нь “Мэргэжлийн хороонд хамааралгүй” гэж дүгнэсэн. Энэ талаар тус хэргийн оролцогчийн хэн нь ч маргаагүй, ... тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосноор тухайн маргааныг анхнаас нь дахин хэлэлцүүлэх нөхцөлийг бүрдүүлж, өмгөөлөгч О.Ц болон энэхүү хэргийн оролцогч болоогүй бусад этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулжээ. (6)

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.3-т зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа “шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаах” боломжтой ч энэ нь зөвхөн зайлшгүй тохиолдолд, тухайлбал, Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрээр өмгөөлөгчид холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч тухайн хэргийн оролцогчоос шүүхэд гомдол гаргасан тохиолдолд, эсхүл тус хороог маргаан хянан шалгахдаа процессын ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байгаа зэрэг нөхцөлд л хэрэгжих учиртай. Харин “нэмэлт нотлох баримт цуглуулах, үйл баримтын зөрүүг арилгах, зөрчил гарсан эсэхийг бүрэн дүгнэх” зэрэг үндэслэл нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй юм. (8)

6. Улсын дээд шүүхийн үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, гомдол гаргагч болон энэхүү хэргийн оролцогч болоогүй бусад этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

 

 

 

---o0o---

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

[2] Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм (2020)-ийн 12 дугаар зүйлийн 12.1 “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно.”

[3] Өмгөөллийн тухай хууль (2019) 31 дүгээр зүйлийн 31.7 “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.”

[4] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/854