Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд хуульд заагаагүй өөрчлөлт оруулах эрхгүй.

2025-04-24 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2025/0014

Шүүхийн шийдвэрийн огноо: 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 

Шийдвэрийн төрөл: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 дүгээр тушаалаар зудад нэрвэгдсэн зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй байдал, Ковид-19 цар тахлаас үүдэн улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагаврыг бууруулах, санхүүгийн тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан, 2017, 2018, 2021, 2022 онуудад хамаарах иргэдийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч нь ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд дээрх хэм хэмжээний актыг “Монголбанкинд өөрийн санаачилгаар зээлийн мэдээллийн санг өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй, тохируулга хийх эрхгүй, зээлийн мэдээлэл үнэн зөв тусгагдсан байх ёстой, ... өмнөх зээлээ яаж төлж байсныг мэдэж байж зээл олгох эсэхээ шийднэ” гэж маргажээ. Харин хариуцагчаас “Монголбанк хууль, гэрээний дагуу бүрдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээллийг боловсруулж, түүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргах эрхтэй ... иргэд, хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл бүхий шийдвэр болсон, Ковид-19 цар тахлын дараах Монгол улсын эдийн засгийн сэргэлтийг дэмжих үүднээс тушаал гаргасан” гэж тус тус маргадаг.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР 

1. Давж заалдах шатны шүүхээс: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ “...Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал нь хууль бус байх бөгөөд маргаан бүхий тушаалыг гаргах эрхгүй, мөн уг шийдвэрийн улмаас зээлийн мэдээллийн сангийн хэрэглэгч болох нэхэмжлэгчийн “зээлийн лавлагаа үнэн зөв байх, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээлэл агуулсан байхыг шаардах”, мэдээллийг хууль болон гэрээний үндсэн дээр солилцох хэрэглэгчийн эрх хөндөгдсөн гэх үндэслэлүүдээр Зээлийн мэдээллийн тухай хууль (2011)1-ийн 5 дугаар зүйлийн 5.1.42, 6 дугаар зүйлийн 6.1.133 , 7 дугаар зүйлийн 7.24 , 9 дүгээр зүйлийн 9.1.45 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 

2. Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл: 

(1) Маргаан бүхий тушаал нь “...мэдээлэл авах эрхэд хязгаарлалт тавих зорилгогүй, мэдээлэл авагчийн эрхийг хязгаарласан зохицуулалтыг ч мөн агуулаагүй, гагцхүү өөрт байгаа мэдээлэлдээ тохируулга хийсэн шийдвэр юм”;

(2) “Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.16 дэх хэсгийг үндэслэн Монголбанкнаас мэдээлэл нийлүүлэгч нартай зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээ байгуулдаг. Тус гэрээний 2.1.1-т “...зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах” хүрээнд шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүхээс дүгнээгүй.”; 

(3) “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 407,353 иргэн, аж ахуйн нэгжийн ойролцоогоор 4.2 их наяд төгрөгийн зээл энэхүү ажиллагаанд хамрагдах боломжтой байсан бөгөөд тушаалыг хүчингүй болгосноор тухайн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд бодит сөрөг нөлөө үзүүлэхээр байна” гэх үндэслэлүүдээр хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргасан.

3. Хяналтын шатны шүүхээс: “...Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.87-д заасны дагуу Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчийн зээлийн мэдээлэлд аливаа зээлдэгчийн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн тухай мэдээлэл заавал байх агуулгатай, уг мэдээллийг бүрэн дүүрэн бүртгэсэн тохиолдолд мэдээлэл үнэн зөв байх зарчим хангагдахаар байна. (8)8

4. Гэтэл хариуцагчаас тодорхой цаг хугацааг нэрлэн зааж, иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн гэрээний төлөлтийн түүхийг харагдахгүй байдлаар зээлийн лавлагаа гаргах тохируулга хийсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, ийнхүү хуулиар тогтоосон зээлийн мэдээллийн сангийн бүрдэлд хязгаарлалт хийх эрх хариуцагчид олгогдоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. (9)

5. Төв банк /Монголбанк/-ны тухай хууль (1996)9-ийн 4 дүгээр зүйлийн 4.210-т заасны дагуу хариуцагчаас “шийдвэр гаргах эрх олгогдсон” зохицуулалт гэж маргаж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, энэхүү маргаанд хэрэглэгдэх нарийвчилсан зохицуулалттай хууль нь Зээлийн мэдээллийн тухай хууль байх бөгөөд уг хууль болон хариуцагчийн нэрлэн заасан Төв банкны тухай хуулиар зээлийн мэдээлэлд хязгаарлалт хийх эрхийг Монголбанкны Ерөнхийлөгчид олгоогүй байна. (10)

6. Түүнчлэн хариуцагчийн гомдлын үндэслэл дэх Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг нь хариуцагчид маргаан бүхий тушаалыг гаргах эрх олгосон зохицуулалт биш байна. (12)

7. ... энэхүү тушаалыг хүчингүй болгосноор тухайн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд бодит сөрөг нөлөө үзүүлэхээр байна” гэх гомдлын тухайд: Зээлийн мэдээллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу, энэ тохиолдолд маргаан бүхий тушаал гарснаар нэхэмжлэгчийн үнэн зөв мэдээлэл авах эрх зөрчигдсөн буюу зээлийн түүхийг судлахгүйгээр, зээлдэгч хугацаа хэтэрсэн зээлтэй байсан эсэх, түүний шалтгаан нөхцөлийг мэдэх боломжгүйгээр зээл олгох үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. (13)

8. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 дүгээр тушаалыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. 

---o0o--

1. Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.   

2. Төрийн мэдээлэл эмхэтгэл: 2011 он, №45.

3. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт “мэдээлэл үнэн зөв, тэгш, тэнцвэртэй байх”.

4. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13 дахь заалт “Иргэний зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг хамруулна: зээл, төлбөрийн ангиллын талаарх мэдээлэл”.

5. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дох хэсэг “Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, төрийн байгууллага, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх, бүрдүүлэх, мэдээлэхийг хориглоно”.

6. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт “зээлийн мэдээллийн санд зөвхөн энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулах”.

7. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг “Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна”

8. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалт “Иргэний зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг хамруулна: гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүн”.

9. “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

10. Төрийн мэдээлэл эмхэтгэл: 1996 он, №11.

11. Төв банк /Монголбанк/-ны тухай хууль (1996)-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дох хэсэг “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ”.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1352
https://shorturl.at/Q9iFO