Намын даргын үйлдсэн зөрчилд намын бусад гишүүд хамааралгүй бол сонгуулийн дүнг хүчингүй болгох үндэслэлгүй

2025-02-10 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр давж заалдах шатны магадлал болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 221/МА2022/0499
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Шүүхийн шийдвэр: Нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримт нотлох баримт, шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Маргааны төрөл: Сонгуулийн эрх зүйн маргаан

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болж, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт Ардчилсан Намаас 8, Монгол Ардын Намаас 8 нэр дэвшигч оролцжээ. Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг сонгогчдын олонхийн санал авсан гэж үзэн Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байна.

2. Нэхэмжлэгч нар нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгааг зөвшөөрснөөс бусад хугацаанд явуулсаны улмаас сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж 05 дугаар тогтоолын Монгол Ардын Намын 8 нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан.

3. Мөн Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын Намын дарга нь Улаанбаатар хотоос 45 оюутныг үнэгүй тээвэрлэсэн ба уг үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэж, хэргийг Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1-т заасан “... аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн’’ гэх зөрчил гаргасан болохыг тогтоож, түүнд хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна.

4. Автобусаар ирсэн оюутнуудын 8 оюутан нь Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн бөгөөд хэдийгээр дээрх зөрчлийн хэргээр уг захиргааны хэргийн нэр бүхий гуравдагч этгээд нартай холбоотойгоор зөрчлийг шалгаж тогтоогоогүй хэдий ч тэдэнтэй хамаарал бүхий Алдархаан сумын Монгол Ардын Намын даргын үйлдлийг шалган тогтоож, түүний хууль бус үйлдлээр сонгуулийн дүнд нөлөөлөхүйц тооны иргэд үнэ төлбөргүй үйлчилгээ авсны үндсэн дээр Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн үйл баримт нь маргаан бүхий Сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хангалттай үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн гэж маргасан.

5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.


ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ

7. Нэхэмжлэгч нарын зүгээс гуравдагч этгээд буюу Монгол Ардын Намаас нэр дэвшигч нарыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;”, 47.5.1-д “энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;”, 47.5.2-т “зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь зохицуулалт нь мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх буюу хуульд зааснаас өөр арга хэлбэрээр зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон бол тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрээ тухайн шатны сонгуулийн хороо хүчингүй болгох агуулгатай байна.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” гэж зааснаас үзэхэд Алдархаан сумын Монгол Ардын Намын даргын үйлдсэн зөрчил нь Монгол Ардын Намаас нэр дэвшсэн нэр бүхий хүмүүст хамааралгүй бөгөөд Улаанбаатар хотоос ирсэн 8 сонгогч Монгол Ардын Намын нэр дэвшигчдэд санал өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад Алдархаан сумын Монгол Ардын Намын дарга нь Монгол Ардын намын харьяалалттай гэх агуулгаар сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй.

ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

10. Маргааны энэ тохиолдолд Улаанбаатар хотоос ирсэн 8 сонгогч Монгол Ардын Намын нэр дэвшигчдэд санал өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад Алдархаан сумын Монгол Ардын Намын дарга нь Монгол Ардын Намын харьяалалттай гэх агуулгаар сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй. (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 499 дүгээр магадлалын 25 дугаар цогцолбор)

11. Олонхийн санал авсан нэр дэвшигчид нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, энэ талаар аливаа этгээдээс гомдол, санал гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гуравдагч этгээд нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Завхан аймгийн Алдархаан сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоол нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгч нарын сонгогдох эрхийг зөрчөөгүй байна. (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 499 дүгээр магадлалын 27 дугаар цогцолбор)

12. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д ““Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно”, 74 дүгээр зүйлийн 74.6-д “Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана” гэж тус тус зааснаас үзэхэд Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Энэ тохиолдолд хуульд зааснаар дахин сонгууль явуулах үндэслэл бүрдээгүй байх тул энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 499 дүгээр магадлалын 26 дугаар цогцолбор)

13. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

 

 

-оОо-

 

 

 

[1] Захиргааны эрх зүйн маргааны шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 499 дүгээр магадлалыг ашигласан болно.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/72