Австрали улсын холбооны шүүхийн шийдвэрийн хураангуй-Олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэгтэй холбоотой парламент, засгийн газрын бодлого тодорхойлох асуудал нь шүүхийн хяналтын хүрээ, хязгаарт хамааралгүй.

2025-02-06 Шүүхийн академи

Санамж: Энэхүү хураангуй нь хуульч, судлаач, эрх зүйн чиглэлээр суралцагчдад болон олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь гадаад улсын шүүхийн шийдвэр1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: (No 2) [2022] FCAFC 65
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр
Шийдвэрийн төлөв байдал: Викториа Мужийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй   болгож,   нэхэмжлэгч   нарын   төлөөлөн  нэхэмжлэл   гаргах  эрхийг хүчингүй болгосон.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Австрали Улсын Викториа мужийн анхан шатны шүүхэд 18 насанд хүрээгүй Австрали Улсын 8 иргэн (хүүхдүүд)-ээс өөрсдийн болон тус улсын нийт хүүхэд, жирийн иргэдийн өмнөөс тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг (нийтийн  эрх  ашгийг)  хамгаалах  зорилгоор  төлөөлөгчийн  хамт  Байгаль  орчны сайдын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нараас “Викэри ХХК”-ийн нүүрс олборлох  төслийг  өргөтгөх,  уг  төслийн  хугацааг  сунгахаас  татгалзах,  нөхөн төлбөр гаргуулахыг хариуцагч Байгаль орчны сайдаас шаарджээ. Энэхүү нэхэмжлэлийн гол агуулга нь нүүрсний уурхайн төслийн зөвшөөрлийг хариуцагч баталсан тохиолдолд олборлосон нүүрсийг шатааж, улмаар агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгарахад хувь нэмэр оруулах, хүрээлэн буй орчинд буюу уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул хариуцагчаас байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүрэг хариуцлага (duty of care)-ыг шаардсан.

Харин хариуцагч Байгаль орчны сайдаас Австрали улсын хүүхэд, иргэдийг байгаль орчны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг Байгаль орчин болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалах тухай хууль (цаашид “EPBC” гэх)-ийн 130, 133 дугаар зүйлээр тус яамны сайдад олгоогүй бөгөөд хүүхдүүд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Анхан шатны шүүхийн шийдвэр2:

Анхан шатны шүүхээс “EPBC хуулийн 130, 133 дугаар зүйлд зааснаар хариуцагч болох сайд нь ““Викэри ХХК”-ийн нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх төслийн зөвшөөрлийг олгох, эсхүл зөвшөөрлийг олгохоос татгалзах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дэлхийн агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт бий болгох, төслийн үйл явц эхлэх үед Австралийн 18-аас доош насны хүүхдүүдийн эрүүл мэндэд учирч болзошгүй хохирол, хор уршиг, амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх, үүнд зохих ёсоор анхаарал тавих үүрэгтэй” гэж үзэн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн. Үүнээс гадна анхан шатны шүүхээс хариуцагч сайд нь шүүхийн зардлыг бүрэн төлөх үүрэгтэй гэж үзжээ.

Мөн хэрэв “Викэри ХХК”-ийн нүүрс олборлохыг өргөтгөх төсөл батлагдвал, төсөл хэрэгжих 25 жилийн хугацаанд 33 сая тонн нүүрс олборлох бөгөөд үүнээс шалтгаалж 100 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарч энэ нь дэлхийн цаг уурын дулааралд нөлөөлөх ихээхэн хүчин зүйл болно. Уг хүчин зүйлийн улмаас Австралийн нэг сая орчим хүүхэд уур амьсгалын өөрчлөлт, хэт халалтын стресс, ойн  түймрийн  утаа  зэрэг  гамшигт  үзэгдлээс  үүдэн  олон  төрлийн  өвчин  тусах, эмнэлэгт яаралтай хүргэгдэх, шингэний дутагдалд орж, үхэлд хүрч болзошгүй. Гадаргын температур одоогийнхоос 3°С-аар нэмэгдэхэд Австралийн олон байршилд иргэд оршин суухад маш хэцүү болно. Гадаргын температур одоогийнхоос 4°С-аар нэмэгдвэл цаг агаарын эрс тэс үзэгдэл бий болох бөгөөд Австралийн эх газрын ихэнх хэсэг нь хүн амьдрах боломжгүй болж, олон газар тариалангийн бүсүүд үндсэндээ устаж, үгүй болох, усны хомсдолд орж, олон хот, суурин газрын амьдрал туйлын хүндрэлтэй болно. Австрали Улсын иргэд эдийн засгийн болон эд хөрөнгийн томоохон хохирол амсах болно гэдэг нь хэрэгт авагдсан олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн загварчлал болон уур амьсгалын шинжлэх ухааны нэр хүндтэй мэргэжилтэн, профессор Уильям Стеффений  хийсэн  сүүлийн  үеийн  судалгаа,  шинжилгээнээс  харагдаж  байна гэжээ.

Уг шийдэлд Roads and Traffic Authority of New South Wales v Dederer (2007) 234 CLR 330 at [44], Barwick CJ in Mount Isa Mines Ltd v Pusey (1970) 125 CLR 383 at 390, Jolley v Sutton London Borough Council [2000] 1 WLR 1082 at 1091 зэрэг 11 кэйсийг хууль хэрэглээнд тайлбарлан хэрэглэсэн.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болох хохирлыг сайдын гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Сайд болон нэхэмжлэгч хүүхдүүдийн хооронд ямар нэгэн "онцгой харилцаа", тухайлбал, цаг хугацааны болон газарзүйн хувьд хамааралтай нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хүүхдүүдийн аюулгүй байдалд зохих ёсоор анхаарал тавих үүргийг хариуцагчид хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчид хуулиар оногдуулсан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хүний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг эсэргүүцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг Холбооны шүүхээс хүссэн байна.

Холбооны шүүхийн шийдвэр3: Холбооны шүүхээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн :

Нэгдүгээрт, нэхэмжлэлд дурдсан хариуцагчаас шаардсан үүрэг хариуцлага (duty of care ) нь мөн чанар буюу агуулгын хувьд, мөн шинж чанараараа шүүхийн хяналтын цар хүрээнд хамааралгүй. Уг дүгнэлтийг EPBC хуулийн зорилго, хамрах хүрээ, Австралийн Үндсэн хууль, уур амьсгалын өөрчлөлтийн   эсрэг   Парисын   хэлэлцээр,   Киотогийн   протокол,   НҮБ-ын   Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц зэрэг баримт бичгүүд болон бусад хууль тогтоомжууд, шүүхийн кэйсүүдийг үндэслэн гаргасан  байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэх хохирол, хор уршиг түүнтэй холбоотой үүрэг хариуцлагын талаарх асуудал нь тухайн улс үндэсний олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, үүрэг амлалтын хүрээнд гаргах шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн олон талт асуудлуудыг хамарсан төрийн бодлого гаргах,   тодорхойлох   замаар   шийдэгдэх   асуудал   тул   үүнийг   шүүх   хянан шийдвэрлэхгүй, шүүхийн хяналтад хамааралгүй гэжээ.

Тодруулбал,   Парисын   хэлэлцээр,   Киотогийн   протокол,   НҮБ-ын   Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц зэрэг хууль, олон улсын баримт бичигт дурдсан  улс  орон  бүрийн  хэрэгжүүлэх  үүрэг  хариуцлага,  энэ  талаар  үндэсний бодлогын хүрээнд зохистой хариу арга хэмжээ авах асуудал нь Парламент болон Засгийн газрын үндсэн бодлого боловсруулах, түүний бүтцийг тодорхойлох эрх, үүрэг буюу Парламент, Засгийн газрын шийдвэрлэх эрх хэмжээ, хүрээ хязгаарт хамааралтай улс төрийн бодлогын асуудал тул энэ асуудлыг шүүх засаглалын хяналтад авч үзэх нь тохиромжгүй гэж Холбооны шүүх үзжээ.

Хоёрдугаарт, EPBC-ийн хуулийн хамрах хүрээ, зорилгоос дүгнэхэд нэхэмжлэлээр хариуцагчаас шаардаж буй үүрэг, хариуцлагын талаар уг хуульд тодорхой заагаагүй, энэ талаар үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдгийг хуулиар сайдад үүрэг болгоогүй гэж үзсэн.

Гуравдугаарт, Хариуцагч сайд нь Австралийн Үндсэн хуулийн 75(v)-д заасан хууль дээдлэх зарчимд захирагдах хууль ёсны шаардлагаас гадна Англо- Саксоны эрх зүйн /common law/ тогтолцооны зарчмын дагуу үүрэг хариуцлага хүлээнэ. Шүүх тодорхой бодит зөрчил гаргасан, нэхэмжлэл гаргах үед хохирол учирсан нөхцөл байдалд л хариуцагчид үүрэг ногдуулна гэжээ.

Үндсэн хуулийн 75 (iii)-д заасны дагуу Засгийн газар болон түүний албан тушаалтнуудаас бусдад гэм хор учруулсан нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүх хянах, мөн гүйцэтгэх засаглалын шийдвэр ийн хууль ёсны байдлыг хянах нь шүүхийн гүйцэтгэх үүрэг гэсэн.

Гэм хорын болон Зөрчлийн тухай хууль нь жирийн хүн, хуулийн этгээдэд үйлчилдэг шиг сайд нар болон Засгийн газарт мөн нэгэн адил үйлчилдэг.

Түүнчлэн   “хүний   аюулгүй   байдлыг   хамгаалах   үүрэг,   хариуцлага”-ыг хүлээлгэхдээ уг үүргээ биелүүлээгүйн улмаас зөрчил гарсан, уг зөрчлийн улмаас аливаа хохирол учирсан тохиолдолд л үүрэг, хариуцлагын асуудал хөндөгдөнө. Иймээс хуулиар хүлээлгэсэн үүрэг хариуцлага, зөрчил, уг зөрчлийн үр дагавраас бий   болсон   хохирол   зэрэг   үүрэг   хариуцлага   хүлээлгэх,   ногдуулах   үндсэн элементүүд хамтдаа байхгүй тохиолдолд хариуцагчид нэхэмжлэлээр шаардсан үүрэг хүлээлгэх үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн.

Энэхүү нэхэмжлэлд дурдсан хохирол нь урьд өмнө учирсан, одоо учирсан бодитой хохиролд хамаарахгүй, харин ирээдүйн эрсдэлд тулгуурлан хийсвэр, ерөнхийлөн дүгнэсэн, шууд бус хохирол бөгөөд уг хохирол хэдэн арван жилийн туршид тохиолдохгүй байж болох магадлалтай гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэл гаргагч нар нь нэхэмжлэл гаргах үедээ 18 насанд хүрээгүй, эрх зүйн бүрэн чадамжгүй байсан, бусад этгээдийг төлөөлөх эрхгүй байсан, нэхэмжлэл гаргах үед өөрийн эрхийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхгүй байсан, хүүхдүүдийг төлөөлөгч этгээдээс бусад нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдүүд байсан гэжээ.

Насанд хүрээгүй этгээдүүд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь шударга бус, учир нь эрх зүйн чадамжгүй этгээдийн зүгээс эрх зүйн чадамжтай этгээдийн эсрэг маргаан үүсгэх нь тухайн эрх зүйн чадамжгүй этгээдэд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бий болох үүрэг хариуцлага хүлээлгэх эрсдэлтэй үр дагаварт хүрч болзошгүй гэж шүүх дүгнэсэн.

Тэдний нэрийн өмнөөс эрх зүйн чадамжтай этгээдийг тэдний (шууд ба шууд бус хэлбэрээр) зөвшөөрлийг авсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжоор анхан шатны шүүх хангаагүй, мөн шүүх хуралдааны төлөөлөгчөөр дамжуулан эдгээр ажиллагааг бие даан эхлүүлэх боломжгүй байсан гэдгийг мөн дурдсан.

Шүүхийн зардалтай холбоотой хариуцагч сайдын хүсэлтийн дагуу анхан шатны   шүүхийн   шийдвэрийг хүчингүй   болгож,   харин   зардалтай   холбоотой нэмэлт шийдвэр дахин гаргаагүй байна.

Холбооны шүүхээс Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, байгаль орчны чиглэлийн болон Засгийн газрын үүрэг хариуцлагатай холбоотой 26 хууль, дүрэм, журам, мөн Adelaide Stevedoring Co Ltd v Forst [1940] HCA 45; 64 CLR 538, Agar v Hyde [2000] HCA 41; 201 CLR 552, Aiken v Municipality of Kingborough [1939]

HCA  20; 62  CLR  179  зэрэг  120  гаруй  шүүхийн  кэйсийг  хэрэглэж,  270  орчим хуудастай шийдвэр гаргасан байна.

 

Орчуулсан: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүгч А.Сарангэрэл

 

---o0o---

 

 

1  Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

2 Анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 154 хуудас шийдвэр гарсан бөгөөд дараах холбоосоор орж бүрэн эхээр нь танилцах боломжтой.

https://www.judgments.fedcourt.gov.au/judgments/Judgments/fca/single/2021/2021fca0560

3 Уг шийдвэр нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр гарсан бөгөөд нийт 272 хуудас шийдвэр гарсан.

https://www.fedcourt.gov.au/services/access-to-files-and-transcripts/online-files/minister-for-the-environment-v-sharma

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/975