Мэдээ, мэдээлэл

Инфографик: Шүүгчийн томилгоо 2020 оны эхний 6 сарын байдлаар

2020-10-12

"Оюуны-Инноваци" ТББ нь шүүгчийн томилгооны талаар хөндлөнгийн ажиглалтыг тогтмол хийдэг билээ. Энэ хүрээнд 2020 оны эхний 6 сард хийгдсэн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хийсэн хөндлөнгийн ажиглалтыг хүргэж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ даргын 8 удаагийн тушаалаар Улсын дээд шүүхийн 2, Давж заалдах шатны шүүхийн 9, Анхан шатны шүүхийн 32, нийт 43 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсан байна.

Үүнээс:

Нийт зарлагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтын 74.4% буюу (32) нэр дэвшигчийг шүүгчээр томилсон бөгөөд 25.6% буюу (11) сул орон тоонд зарласан томилоогүй байна. Энэхүү томилоогүй шалтгааныг тус бүрээр авч үзвэл:

(1)Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд зарласан 2 нэр дэвшигчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байгаа бөгөөд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “...хяналтын шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгож Улсын Их Хуралд танилцуулснаар тус тус Ерөнхийлөгч томилно” гэсний дагуу Улсын Их Хуралд танилцуулагдах ажиллагаа хийгдээгүй байна.

(2)Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон боловч Монгол Улсын Ерөнхийлөгчид томилоогүй 1 тохиолдол; /Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоон дээр/

(3)Шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчид байгаа боловч ШЕЗ сонгож Ерөнхийлөгч өргөн мэдүүлээгүй 6,

(4)Шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч байгаагүй 2 тохиолдол байна.

1.Улсын дээд шүүх:

2020 оны 5 дугаар сард Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.20-ны өдрийн №41 зарлигаар чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.06.02-ны өдрийн зарлигаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсон. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилдог.

Эргэн сануулахад: Өмнө 2019 онын 4 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хоёр шүүгч нэр дэвшин өрсөлдсөнөөс Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Ганзориг олонхийн санал авч, түүнийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар нэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Ерөнхийлөгч томилохоос татгалзаж байсан.

2.Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх:

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласнаас 1 нэр дэвшигчийн зарлиг гарч, тусгай шалгалтад тэнцсэн 1 нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид томилуулахаар өргөн мэдүүлээгүй байна.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020.05.28-ны өдрийн №65 тушаалаар Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарласан.

3.Захиргааны хэргийн анхан шатны шүүх:

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь суурь болон тусгай шалтгалт өгдөг. Суурь шалгалтад авбал зохих 100 онооны 60 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тусгай шалгалт өгөх эрхтэй. Нэр дэвшигчийн суурь болон тусгай шалгалтын оноо тус бүр 60 ба түүнээс дээш байвал Мэргэшсэн хорооны шалгалтад тэнцсэн тооцдог. Шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн /хоёр жилийн хугацаанд хүчинтэй/ нэр дэвшигч адил шатны болон өөр дагнасан шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох тохиолдолд дагнасан салбар эрх зүйн чиглэлээр тусгай шалгалт өгнө.

*Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020.05.20-ны өдрийн №61 дугаар тогтоолоор (1) Х.Нямдэлгэр, (2)Л.Түвшинжаргал нарыг Нийслэл дэх, (3)А.Түвшинтулгыг Архангай аймаг дахь, (4)Ч.Оюунсүрэнг Говь-Алтай аймаг дахь, (5)Б.Мөнхзаяаг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох саналыг өргөн мэдүүлж, 2020.05.21-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 42 дугаар зарлигаар (1)Х.Нямдэлгэр, (2)А.Түвшинтулга, (3)Ч.Оюунсүрэн, (4)Б.Мөнхзаяа нарыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн нэр дэвшигч Л.Түвшинжаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилсон зарлиг болон томилохоос татгалзсан шийдвэр одоогоор гаргаагүй байна.

4.Иргэний хэргийн анхан шатны шүүх

*Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020.05.20-ны өдрийн №61 дугаар тогтоолоор (1)Г.Бямбажаргалыг Баянзүрх дүүргийн, (2)Г.Энхцэцэгийг Сүхбаатар дүүргийн, (3)О.Чулуунчимэгийг Хан-Уул дүүргийн, (4)Б.Гончигсумлааг Дорноговь аймаг дахь сум дундын, (5)Х.Отгонжаргалыг Ховд аймаг дахь сум дундын, (6)Х.Тасхыныг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох саналыг өргөн мэдүүлсэн.

*2020.05.21-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 42 дугаар зарлигаар (1)Г.Бямбажаргалыг, (2)Г.Энхцэцэгийг, (3)О.Чулуунчимэгийг, (4)Б.Гончигсумлааг, (5)Х.Отгонжаргалыг, (6)Х.Тасхыныг нарыг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн хүснэгт-1-т заасан 6 нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилсон байна.

Хүснэгт-1

Дээрх хүснэгтээс үзвэл томилогдсон 6 нэр дэвшигчдийн 2-оос бусад нь Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад 60-67 оноо авч 3-9 байрт эрэмбэлэгдсэн байна.

Харин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тооны шалгалтад тэнцсэн 14 нэр дэвшигч байгаа боловч Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид одоогоор өргөн мэдүүлээгүй байна.

5.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020.05.01-ний өдрийн 53 дугаар тушаалаар зарласан Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 6 нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Харин хамт сонгон шалгаруулалт зарласан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд нэр дэвшсэн 30 нэр дэвшигчээс Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэлгүй үлдээсэн байна.

Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн 6 нэр дэвшигчийн хувьд сонгон шалгаруулалтад эзэлсэн байрыг хүснэгтээр харуулбал:

Хүснэгт-2

Дээрх хүснэгт 2-оос үзвэл томилогдсон 6 нэр дэвшигчдийн 1-ээс бусад нь 60-65 оноо авч 17-35 байрт эрэмбэлэгдсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020.05.14-ний өдрийн 57 дугаар тушаалаар зарласан Давж заалдах болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтыг хийж, нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, томилуулсан байна.

Харин хамт сонгон шалгаруулалт зарласан Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд өрсөлдсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн хэдий ч Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл нийслэлийн 6 дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан 9 сул орон тооноос 6-д нь сонгон шалгаруулалт явуулж, томилуулсан байна. Зарлагдсан сул орон тооны 66.66% нь нөхөгдөж чадсан байна.

Дүгнэлт

Нэг.Нийт шүүгчээр томилогдсон 32 хүнээс Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтын үнэлгээний эрэмбийг барьж шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тохиолдол нэг л байна. Энэ нь Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтын үнэлгээгээр эхний байрт шалгарсан нэр дэвшигчийг яагаад өргөн мэдүүлэхгүй байна гэх хардлагыг олон нийтийн дунд бий болгож байна.   

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөлд тусгасан дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн томилгооны хүрээнд үүсээд буй дээрх асуудал шийдвэрлэгдэхээргүй байна.

Хоёр.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн нэр дэвшигч Л.Түвшинжаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилсон шийдвэр гаргаагүй ба уг нэр дэвшигчийг томилохоос татгалзсан талаар албан ёсны шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөлд тусгасан дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийн томилгооны хүрээнд үүсээд буй дээрх асуудал шийдвэрлэгдэж болохоор байна. Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн §37.3-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дахин санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхийлөгч дахин томилохоос татгалзсан тохиолдолд хэрхэх вэ гэсэн асуудал тодорхойгүй үлдэхээр байгааг анхаарах шаардлагатай. 

Гурав.Монголын Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх ажиллагаа ил тод бус байна. Тухайлбал, 2020 он гарснаас хойшхи шүүгчид нэр дэвшигчдийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт Монголын Хуульчдын холбоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим сайтуудад нийтлэгдээгүй.

Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 1.7-д “Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байх, ... зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

Боловсруулсан: “Оюуны-Инноваци” ТББ


Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn