Номын танилцуулга
Энэхүү судалгааны ажилд бид Америкийн Нэгдсэн Улс дахь Холбооны шүүхээс хэрэгжүүлж буй холбооны захиргааны үйл ажиллагаанд тавих шүүхийн хяналтын асуудлыг тодорхой сэдвийн хурээнд тоймлон авч үзлээ. Ингэхдээ, тус улсад холбооны захиргааны байгууллага, албан тушаалтны нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан шийдвэр, хэрэгжүүлсан үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн хэмээн үзэж буй этгээд тухайн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлоо юуны өмнө маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий төрөлжсөн трибунал /агентлаг/-д хандан шийдвэрлүүлдэг.
Эдгээр трибунал нь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын үндсэн дээр маргаан бүхий үйл баримт болон эрх зуйн асуудлыг шүүхтэй төстэй байдлаар буюу хуралдаанаар хэлэлцэх, гэрч дуудах, нотлох баримт цуглуулах зэргээр хараат бусаар, бие даан, төвийг сахисан байдлаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргадаг.
Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж буй этгээдийг Захиргааны эрх зуйн шүүгч /Administrative law judge/ хэмээн /нийтлаг байдлаар/ нэрлэн, хуульч мэргэжилтэй байх (J.D. зэрэгтэй), тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх, тусгай шалгалтанд тэнцэж, өрсөлдөөнт шалгаруулалтын үндсэн дээр томилдог хэдий ч төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын үүднээс гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад /агентлаг/ хамаардаг. Мөн тэдгээрийн гаргасан шийдвэрийг Холбооны шүүх хууль тогтоомжид заасан шалгуур болон эрх зүйн нийтлэг зарчимд тулгуурлан хянан магадлах замаар шуухийн хяналтыг хэрэгжүүлдэг тул уг процесс ажиллагааны талаар тухайлан авч үзээгүй. Харин тухайн асуудлыг тоймтой байдлаар хөндөн, Монгол хэл дээр нийтлэгдсэн Нэгдсэн Улсын Валпароисын их сургуулийн хуулийн профессор, Доктор Пол Бритцкен агсаны 2004 онд бичсэн "Америкийн Захиргааны хууль Монголчуудын өмнө хорин асуудал дэвшүүлсэн" өгүүллэгийг зохих зөвшөөрлийн үндсэн өөрсдийн судалгааны ажилд хавсарган нийтийн хүртээл болгож байгаадаа баяртай байна.