Номын танилцуулга
Өмнөх үг
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяалтаас гадуур байж үл болно" хэмээн хуульчилсан. Энэ дагуу Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэхээр тогтоосноос даруй 20 жил өнгөрчээ.
Энэ түүхт ойн жилд бид Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн эхэн үед шүүхийн стратеги бодлого төлөвлөлтийг боловсруулан, захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулах их ажлыг бүрнээ гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах зорилгын төлөө тууштай зүтгэж явсан бидний эцэг, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч агсан Чимидлхамын Ганбатын үйлс, бүтээлийг дурсахын зэрэгцээ Бүгд Найрамдах Солонгос Улсын шүүхэд захиргааны хэрэг, маргааныг хэрхэн, ямар журмаар хянан шийдвэрлэдэг болох, түүний онцлог юу болох зэрэг асуудлыг хөндсөн нэг сэдэвт судалгааны бүтээлийг нийтийн хүртээл болгож байгаадаа баяртай байна.