Бүтээлийн нэр
Нөхөрлөлийн эрх зүйн зохицуулалт: Монгол Улс болон бусад орны харьцуулалт
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй
Бүтээлийн товч
Манай улс 1950-иад он хүртэл хувийн өмчтэй байсны ачаар хязгаарлагдмал зах зээлтэй ч гэсэн бизнес эрхэлж байсан. Гэтэл 1958 онд хувиараа аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний худалдаа эрхлэхийг хориглож эхлээд 1960 оны Үндсэн хуулиар “хувийн өмчийг үүрд устгана” гэж тунхагласнаар хувиараа үйлдвэрлэл, худалдаа арилжаа эрхлэх боломжгүй болсон. Энэ үед иргэд бизнесийн тухай ярих ч эрхгүй байсан ба бага хэмжээний арилжаа хийдэг байжээ. Тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь В.И.Лениний сургаалыг мөрдлөг болгон феодализмаас капиталист хөгжлийн шатыг алгасч социализмд шилжих замдаа нийгэм, эдийн засгийн хувьсгалт их үндсэн өөрчлөлт хийж социалист шинэ эдийн засгийг байгуулж, социалист үйлдвэрийн харилцааг бүх улс ардын аж ахуйд ялуулж, хөдөлмөрчин ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх явдлыг зорилго болгож байв.

Харин 1990-ээд оноос манай оронд ардчилсан хувьсгал гарсны үр дүнд хүний өмчлөх хувийн аж ахуй эрхлэх эрхийг хүлээн зөвшөөрч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж иргэд бизнес эрхэлж эхэлсэн түүхтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор “БНМАУ-ын Улсын үйлдвэрийн газрын хууль”, 1989 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн тогтоолоор “БНМАУ-ын Хоршооллын хууль”-ийг тус тус батлан мөрдүүлж байсан ч БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль”-ийг батлан мөрдүүлснээр дээрх хоёр хууь хүчингүй болсон бөгөөд шинээр батлагдсан “БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль”-иар БНМАУ-ын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах, бүртгэх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах, тухайн нэгжийн удирдлагын зохион байгуулалт, гишүүний эрх, үүрэг хариуцлагатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заажээ.
БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль нэгдүгээрт: зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихтэй холбогдуулан аж ахуй эрхлэх өнөөгийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх зүй ёсны шаардлага, хоёрдугаарт: хууль эрхийн ямар ч зохицуулалтгүй байгуулагдаад байсан улсын, хувийн болон холимог пүүс, нэгтгэл, нэгдэл, фирмүүдийг зохих ёсоор байгуулж ажиллуулах эрх зүйн үндэслэлийг тодорхойлох хэрэгцээ шаардлагад үндэслэж байв. Дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн түүхэн хөгжлийн явцад шалгарсан аж ахуй эрхлэх зохион байгуулалтын сонгодог, түгээмэл хэлбэрүүдийг өөрийн орны эдийн засгийн шинэ нөхцөл байдал, онцлогт нийцүүлэн хөгжүүлэх зарчмыг удирдлага болгож байв.
1991 онд батлагдсан “БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль нь төрийн өмч дээр үндэслэсэн улсын үйлдвэрийн газруудыг хувьчилж, компанийн бүтцэд шинэ хэлбэр, маяг бүхий бизнесийн нэгжүүд олноор үүсч бэхжихэд ихээхэн түлхэц болж зохих үүрэгээ гүйцэтгэсэн ч уг хууль анхнаасаа шилжилтийн үеийн харилцааг зохицуулах бодлогоор нилээд товч байдлаар боловсруулагдсан байна.

Гэвч дээрх хуулийн зүйл, заалтууд нь нөхцөл байдалд тэр бүр тохирохгүй байгааг харгалзан 1995 онд “Нөхөрлөл, компанийн тухай хууль”-ийн төслийг санаачилж Аж ахуйн нэгжийн тухай хуулийн гажуудуулсан ойлголт, нэр томъёо оруулсныг залруулах, ашиг олох явдлыг гол зорилго болгодог “цэвэр” бизнесийн төрлийн аж ахуйн нэгжийн харилцааг нарийвчилсан хуулиар зохицуулах, мөн аж ахуйн нэгжийн тухай хуульд тусгагдаагүй орхигдсон харилцааг нэмж зохицуулах зорилгоор хуульчилсан. Мөн 1994 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр батлагдсан МУ-ын Иргэний хууль /шинэчилсэн найруулга/-иар хуулийн этгээдийн ойлголт, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн эрхийн чадвар, хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээдийн хариуцлага, компани, нөхөрлөл, хоршооны эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан. Хуулийн этгээдийн тусгайлсан эд хөрөнгийн хувьд түүний үүсгэн байгуулсан буюу оролцогч нь эд хөрөнгийн эрх, үүргээ хадгалдаг буюу хадгалдаггүй байхаар хуулиар тогтоосон. Үүсгэн байгуулагч буюу оролцогч нь тусгайлсан эд хөрөнгийн тухайд эрх, үүргээ хадгалдаг хуулийн этгээдэд компани, нөхөрлөл, хоршоо түүнчлэн өмчлөгчөөс санхүүждэг байгууллагыг хамруулж байв.

1994 оны Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “гишүүдийн оруулсан хувь хөрөнгөнөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд”-ийг нөхөрлөл гэнэ. Нөхөрлөл нь бүх гишүүд нь хувийн өмчийн эд хөрөнгөөр нөхөрлөлийн хүлээсэн үүргийг хариуцдаг бүрэн хариуцлагатай нөхөрлөл, наад зах нь нэг гишүүн өмчийн эд хөрөнгөөр нөхөрлөлийн хүлээсэн үүргийг бүрэн хариуцдаг нөхөрлөлийг бүрэн бус хариуцлагатай нөхөрлөл гэж үзэн энэ хоёр хэлбэрийг тусгасан. 2002 оны Иргэний хуулиар хуулийн этгээдийн төрөл, нөхөрлөлийн эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн.
Түлхүүр үг
Аж ахуйн нэгж, хуулийн этгээд, хуулийн этгээдийн онол, нөхөрлөл, нөхөрлөлийн хэлбэр, хуулийн этгээдийн хариуцлага, хязгаалагдмал хариуцлага
Бичигдсэн огноо
2015-02-15
Хуудсын тоо
59
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-03-21
Товч мэдээлэл үзсэн
7204
Бүрэн эхээр нь үзсэн
391
Эшлэлийн тоо
156
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Жадамба “Нөхөрлөлийн эрх зүйн зохицуулалт: Монгол Улс болон бусад орны харьцуулалт” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/894
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх