Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.

2025-06-06 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль  хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн  үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан  бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно. 


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2025/0012 

Шүүхийн шийдвэрийн огноо: 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны  шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэсэн. 

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9  дүгээр сарын 11, 16-ны өдрийн тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2024 оны ээлжит сонгуульд Ө.Б, Ш.Н, Д.Д нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ.  Нэхэмжлэгч Архангай аймгийн “А” намын зүгээс сонгуульд нэр дэвшигч Д.Д нь “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбарын даргаар, Ш.Н нь “МШ” ТӨХК-ийн  Архангай аймаг дахь салбарын захирлаар, Ө.Б нь “МХС” ТӨХК-ийн газрын даргаар тус тус ажилладаг бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын сонгуулийн тухай хууль (цаашид “АНСДИТХСтХ” гэх)-ийн 28 дугаар зүйлийн  28.4-т2 заасан хуулийн хугацаанаас өмнө ажлаасаа чөлөөлөгдөөгүй байхад  Сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус гэж маргажээ. 

Хариуцагч Сонгуулийн хорооноос АНСДИТХСтХ-ийн 28 дугаар зүйлийн  28.4.3-т3 заасан албан тушаал эрхлээгүй гэж хариу өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс  тэгш шударга өрсөлдөх болон эрх зүйн ижил гараанаас өрсөлдөх боломжоор  хангаагүй Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй  болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР 

1. Анхан шатны шүүхээс “Маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээд болох  Ө.Б, Ш.Н, Д.Д нарын ажилладаг салбар нэгж нь бие даасан хуулийн этгээдийн  эрхгүй, өөрийн нэрийн өмнөөс бие даан үйл ажиллагаа явуулдаггүй, харин үйл  ажиллагаагаа түүний байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулж, компанитай  байгуулсан гэрээний дагуу эрх, үүрэг хүлээж, цалинжиж ажилладаг учраас  АНСДИТХСтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан албан тушаалтанд  хамаарахгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

2. Давж заалдах шатны шүүхээс “Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг  зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3  дугаар зүйлийн 3.1.44, 4 дүгээр зүйлийн 4.15, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1-д албан тушаалтныг 9 салбар, онцлогоор нь төрөлжүүлж “нийтийн  албан тушаалтан”-д хамаарахаар заасан, харин дээрх АНСДИТХСтХ-ийн 28.4-д  эдгээр албан тушаалтныг бүгдийг заагаагүй, үүнээс 4 салбарын албан тушаалтны  нэрийг тодорхой заасан тул “нийтийн албан тушаалтан” бүрийг сонгуульд нэр  дэвшихээс өмнө чөлөөлөгдөхийг шаардаагүй. Гуравдагч этгээдүүд компанийг  төлөөлж бие даан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах эрхгүй, компанийн  удирдлагын өгсөн эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх тул  компанийн эрх бүхий албан тушаалтан гэж өргөн хүрээгээр бус, компанийн  удирдлагын түвшний албан тушаалын нэрээр тодорхой заасан. Харин Авлигын  эсрэг хуулийн 4.1.3-д6 заасан “нийтийн албан тушаалтан” буюу “компанийн эрх  бүхий албан тушаалтан” гэдэгт хамаарах асуудал нь нэхэмжлэгч нар Хуралд  сонгогдсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлөгдөх эсэх, давхар хашиж болох  албан тушаалд хамаарах эсэхтэй холбоотой тухайн хуулиар зохицуулсан  харилцаатай холбоотой, энэхүү хэргийн үйл баримттай хамааралгүй” гэж үзэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.7 болон Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг  сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т  тус тус заасны дагуу нийтийн албан тушаалтанд хамаарна. Гуравдагч этгээдүүд  нь нэгэнт нийтийн албан тушаал буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  нэр дэвшиж байгаа тул нийтийн албан тушаалтанд хамаарах зарчмыг мөн  баримтлах шаардлагатай. АНСДИТХСтХ-ийн 31.2.3-т7 заасны дагуу албан  тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг сонгуулийн хороонд  ирүүлээгүй, баримт бичиг дутуу ирүүлсэн буюу хуулийн шаардлага хангаагүй байхад сумын Сонгуулийн хороо нь хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.28, 32.1.49 дэх заалтуудыг тус тус зөрчин хууль бусаар нэр дэвшигчээр бүртгэсэн байна” гэх  үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. 

4. Хяналтын шатны шүүхээс: АНСДИТХСтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь  зохицуулалт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /2005, 2011, 2019  оны/ хуулиар тогтоосон нэр дэвшигчид тавигдах шаардлагатай нэгэн адил  агуулгатай бөгөөд хууль тогтоогчоос иргэний сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд  эрхэлж байгаа албан тушаалын онцлогийг харгалзан тусгайлсан болзол,  шалгуурыг хуулиар ийнхүү тогтоохдоо улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил  тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, нэр дэвшигчээс  сонгуульд оролцохдоо эрхэлж буй ажлынхаа нэр хүндийг буруугаар ашиглах,  төсвийн хөрөнгийг зарцуулах, албан үүргийн хувьд үзүүлсэн үйлчилгээ, бүтээсэн  зүйлийг өөрийн нэрийн өмнөөс сурталчлах, таниулах байдлаар бусад нэр  дэвшигчдээс илүү, давуутай байдлыг бий болгохоос урьдчилан сэргийлэх, хууль  бус аливаа үйлдлээс бусад нэр дэвшигчийг хамгаалах, эрх зүйн ижил гарааны  нөхцөл бүрдүүлэх, сонгогчийн сонгуульд саналаа өгөх, жинхэнэ хүсэл зоригоо  бодитой илэрхийлэх боломжийг баталгаажуулахын ач холбогдлыг тооцон  хуульчилжээ. (13)10 

5. Дээрх агуулгаар үзвэл төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон  нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аймаг, орон нутаг дахь салбарын  дарга буюу удирдах албан тушаалтан өөрийн удирддаг салбар, нэгжийн  үйлчилгээ үзүүлдэг орон нутаг дахь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд  оролцохдоо албан тушаалын байдлаа ашиглан тухайн нутаг дэвсгэрийн  сонгогчдод нөлөөлөх, сонгуулийн үйл ажиллагаанд давуу байдал үүсгэх  боломжтой учраас хуулийн тухайн шаардлага нэгэн адил хамаарна. (16) 

6. Иймд хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо  гуравдагч этгээдүүдээс хуульд заасан дээрх шаардлагыг шаардалгүй маргаан  бүхий актуудаар нэр дэвшигчээр бүртгэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх  үндэслэл болно. (17) 

7. Анхан шатны шүүх хуулийн зохицуулалт, нэр томьёоны тодорхойлолтыг тухайн  хуульд тусгайлан заагаагүй үндэслэлээр эдийн болон эдийн бус баялагтай  холбоотой харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг буюу тухайн харилцаанд  бие даан оролцох эсэх асуудлыг зохицуулсан Иргэний хууль болон Компанийн  тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг  /нөхөн/ хэрэглэж, “хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн  этгээдийн эрхгүй” учраас “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон  нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд салбар буюу орон нутаг дахь салбар,  нэгж нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй тул тэдгээр салбар, нэгжийн удирдлага  нь хуулийн 28.4.3-д заасан албан тушаалд хамаарахгүй” гэж хуулийг буруу  тайлбарлан хэрэглэсэн. (18) 

8. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон  бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударга, хариуцлагатайгаар  хэрэгжүүлж, олон нийтийн итгэл даах байдлыг хангах зорилготой Нийтийн  албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нарийвчлан зохицуулсан заалттай  харьцуулж маргаан бүхий хуулийн заалтыг “төрийн өмчит компанийн салбар,  төлөөлөгчийн газрын дарга, захирал болохын хувьд тухайн компанийг төлөөлж  бие даан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах эрхгүй, компанийн дүрэм болон  гэрээгээр хүлээлгэсэн эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх тул  сонгуульд оролцохдоо албан тушаалын давуу байдал үүсгэх, тэгш шударга бус  өрсөлдөнө гэж хууль тогтоогч үзээгүй” гэж тайлбарласан нь хуулийн дээрх  агуулга, зарчимд мөн нийцэхгүй. (19) 

9. Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны  шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. 

---o0o---


1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу. 

2 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.4 дэх хэсэг “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит  сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус,  нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө  эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:”

3 АНСДИТХСтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт “төрийн болон орон нутгийн өмчит,  төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд  захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн”.

4 Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт “"нийтийн албан тушаалтан" гэж энэ  хуулийн 4.1-д заасан этгээдийг”. 

5 Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг  хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”. 

6 Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт “төрийн болон орон нутгийн өмчит,  төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх  бүхий албан тушаалтан”. 

7 АНСДИТХСтХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.2.3 дахь заалт “энэ хуулийн 28.4-т заасан албан  тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар”.

8 АНСДИТХСтХ-ийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалт “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих  шаардлагыг хангаагүй”. 

9 АНСДИТХСтХ-ийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалт “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах  энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу”. 

10 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх  дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://shorturl.at/wPMK5
https://shorturl.at/IfCxc