Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2025-06-25 Улсын дээд шүүх

    Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөрөнгийн үнэлгээ нь хуулийн шаардлагыг зөрчсөн, үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөнд тооцогдоно. Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан...” гэж тайлбарласан.

    Хариуцагч НШШГГ: “...Төлбөр төлөгч, авагч нар үнэлгээг харилцан тохиролцон тогтоож чадаагүй учраас хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, ...дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-06-19 Улсын дээд шүүх

    Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг Э жолоодон хот хоорондын замд явж байхад засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тэмээний өмчлөгч буюу хариуцагч Х-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар торгох шийтгэл оногдуулж, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 33,143,400 төгрөгийг Х-с гаргуулна...” гэж тайлбарласан.
    Хариуцагч Х: “...тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай...” гэж маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-06-18 Улсын дээд шүүх

    Нэхэмжлэгч А, Б нар “М” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Даатгалын гэрээний 2.11-д заасны дагуу зам тээврийн осол даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул учирсан хохирлын 80%-аар тооцож, нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй...” гэж тайлбарласан.

    Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа араас нь шүргэсэн Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарсан байхад зогсож, дуудлага мэдээлэл өгөлгүй урсгал сөрж хөөн, эргэх үйлдэл хийхдээ бетонон хаалга мөргөж, өөртөө хохирол учруулан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тул Даатгалын тухай хууль, талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй...” гэж маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-06-16 Judilogy

    Нэхэмжлэгч нь 2019 оны 02 сард Хариуцагч ХХК-д ажилд орсон, 2019 оны 09 сард ажил олгогч болох Хариуцагч ХХК нь Нэхэмжлэгчийг амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг үнэлж, 2019 оны шилдэг ажилтнаар тодруулж, 3 өрөө орон сууцаар урамшуулан шагнах батламж олгосон. Ийнхүү 2021 оны 01 сард 3 өрөө орон сууцыг Нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгч (өмчлөлийг шилжүүлээгүй буюу Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй), үүнээс хойш Нэхэмжлэгч гэр бүлийн хамт тус орон сууцанд амьдарч байсан. 
    Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа 2022 оны 11 сард Хариуцагч ХХК нь тус орон сууцны хаалганы голыг сольж, Нэхэмжлэгчийг байранд орох боломжгүй болгож, улмаар бусдад 102,000,000 төгрөгөөр худалдсанаар орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байна. 

    дэлгэрэнгүй
  • 2025-06-09 Judilogy

    Талууд 2017 онд Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт хийх, Хариуцагч нь өөрийн өмчлөлийн тус бүр 1,000 м.кв талбайтай, халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг байгаа газраас нь нүүлгэн Нэхэмжлэгчтэй тохиролцсон газарт барих, Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын дотор өргөст хэмх тарих, даршлах, борлуулах үйл ажиллагааг явуулах үүргийг тус тус хүлээсэн. Ийнхүү талууд өргөст хэмх тарих, даршлах, борлуулах, хэлбэрээр 5 жил хамтран ажиллаж ашгаас 49 хувийг Хариуцагч, 51 хувийг Нэхэмжлэгчид хуваарилахаар тус тус тохиролцжээ. 

    дэлгэрэнгүй
  • 2025-06-09 Judilogy

    Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ. Гэвч Зээлдэгч нас барснаар түүний төлөөгүй үлдсэн зээлийн үлдэгдлийг барьцааны зүйлээс төлүүлэх маргаан үүсэж, ипотекийн шаардлага барьцааны зүйлээс салшгүй орших үндэслэлээр орон сууцнаас үүргийг хангуулахаар одоогийн өмчлөгч нарт холбогдуулан зээлдүүлэгч-барьцаалагч шүүхэд ханджээ. Шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан бүх зээлийн гэрээний үүргийг тооцож, нийт 7,456,875 төгрөгийг барьцааны зүйлээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 
    Барьцааны зүйлийн одоогийн өмчлөгч нь орон сууцыг барьцаанаас чөлөөлөх зорилгоор шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан ч НШШГГ-аас барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөөгүй бөгөөд харин улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулан эрхийг сэргээх бичиг явуулжээ. Улмаас нэхэмжлэгч болох барьцааны зүйлийн одоогийн өмчлөгч нь орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр  маргасан байна.

    дэлгэрэнгүй
  • 2025-05-29 Легал дата

    Хариуцагч “АХ” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг ашиглах, олборлох, баяжуулах, тээвэрлэх үйл ажиллагааг явуулан, баяжуулах үйлдвэр барьж, баяжмалыг БНХАУ-руу Бургастайн боомтоор экспортолсон, ийнхүү олборлосон ашигт малтмалаа тээвэрлэж зөөвөрлөдөг. Нэхэмжлэгч нар нь “... “АХ” ХХК нь олборлосон баяжмалаа экспортлохдоо хатуу хучилттай зам барих үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчин бохирдон, нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Байгаль орчинд учирсан хохирол болох ургамлан нөмрөг, газрын хөрс, газрын нөөц, агаарын чанарт учруулсан хохирол, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардал болон ажлын зардал зэргийг хамруулан нийт 10,803,232,289 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

    дэлгэрэнгүй
  • 2025-05-28 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед “Т” ХХК-ний тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-05-25 Judilogy

    “Ө У Г” ХХК нь “Т Б” ХК-тай 2016.06.30-ны өдөр 12/16-87 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “А Э Д Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалж, 3 ширхэг экскаваторыг фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Т Б” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг 5,861,741,499 төгрөгөөр тогтоосон боловч 2021.12.27-ны өдрийн “Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр барьцаа хөрөнгөөр хангах үүргийн дүнг 2,000,000,000 төгрөгөөр нэмж 7,861,741,499 төгрөг байхаар тохирсон байна. Энэ гэрээнд үндсэн үүргийн зээлдэгч, зээлдүүлэгч, барьцааны хөрөнгийн өмчлөгч нар тус тус оролцон гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулжээ. Нэхэмжлэгч нь барьцаагаар хангагдах үүрэг өмч шилжүүлснээр дууссан тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх ёстой гэж үзэн маргасан байна. 


    дэлгэрэнгүй
  • 2025-02-26 Judilogy

    Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг “Г” ХК-тай 2016.06.27-ны өдөр байгуулсан ипотекийн зээлийн хөрөнгөөр худалдан авсан. Уг зээлийг 2047.09.27-ны өдөр хүртэл сар бүр төгрөг 493,823 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай ба хуваарийн дагуу хариуцагч зээлийг төлж байгаа.

    Тус орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид 96,211,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, талууд 2020.06.09-ний өдөр гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны үнэд нийт 36,250,000 төлсөн. Хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн боловч гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээр 2022.05.31-ний өдөр эзэмшилдээ буцаан авсан.

    Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч нь 2021.09 сард орох оронгүй болчихлоо байрыг чөлөөлж өг гэхэд нь би татгалзсан ба 5 хүний хамт хүч хэрэглэн гэрт байсан бүх тавилга, эд хогшлыг коридорт гаргасан. Гэрээ хүчин төгөлдөр ба гэрээний үүргээ зөрчөөгүй байхад ийнхүү орон сууцыг буцаан авсныг хууль бус гэж үзэж байна. Эвдэлсэн тавилгын хохирол 1,375,000 төгрөг, үнэлгээний төлбөр 80,000 төгрөгийг гаргуулна.

    Хариуцагчийн хариу татгалзал: Нэхэмжлэгчид ковидын нөхцөл байдлаас болоод зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Би нэхэмжлэгчид өөрөө орох оронгүй болчихлоо, нэг хүнтэй хэлцэл хийсэн нь бүтэхгүй болчихлоо гэж зөндөө хэлсэн. Эд хогшил эвдсэн зүйл байхгүй. Одоо би банкинд зээлээ төлж байгаа. Гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Учир нь зээлээр худалдан авах гэрээ бол эргэн төлөх графиктай байх, нотариатчаар гэрчлүүлэх ёстой. 2016 онд “Г” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу банкны зөвшөөрөлгүй бусадтай гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийг эзэмшигч гэж үзэхгүй, өмчлөгч нь би бөгөөд барьцаалагч нь банк. Нэхэмжлэгч нь орон сууцыг хүнд түрээслүүлснээс оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж гомдол гарсан.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-18 Шүүхийн академи

    Х.С нь О.Х-д холбогдуулан 10.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Би өөрийн охин С.Н-ийн дансанд 68.000.000 төгрөг байршуулж, уг мөнгөөр барилгын материал цуглуулах гэж байсан. Гэтэл 2023.04.19-ний өдөр 13 настай хүү С.Т миний утсыг ашиглаж С.Н-ийн данснаас 58.885.500 төгрөгийг цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн боловч прокуророос гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. С.Т нь 13 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49.881.105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авсан хэлцэл нь хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй. Миний бие С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд мөнгөний эзэн тул О.Х-д шилжүүлсэн 10.530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-14 Judilogy

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  Иймд “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ”-ний дагуу “М” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нараас 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөг гаргуулах, “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх тус тус дуусгавар болсныг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг тус компанид даалгах, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг “М” ХХК болон хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нарт даалгах гэж тус тус тодорхойлсон, хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2012.10.27-ны өдрийн “Монгол-Хятадын хамтарсан “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээ”-ийн 3-т заасны дагуу 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. ...“М” ХХК-ийн дүрмийн 6-р зүйлийн 6.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “хувьцаа эзэмшигчдийн хурал” байна гэж баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх ёстой асуудал юм. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь хамгийн сүүлд 2017 онд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадаагүй шалтгаан нь Хятадын хөрөнгө оруулагч нар нь дахин Монгол улсад ирээгүй, утсаар болон мэйлээр харьцах боломжгүй, ямар ч сураггүй байсантай холбоотой..., Хятадын талын хөрөнгө оруулалтаар орж ирсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь стандартын бус, эвдрэл гэмтэл ихтэй байсан тул Монголд ирсэн цагаас нь хойш байнгын өндөр өртгөөр засвар үйлчилгээ хийгдэж төлөвлөгдөөгүй зардлууд их гарсны дээр Монгол Улсад үүссэн санхүүгийн хямрал, адил төрлийн үйлдвэрүүд хэд хэдээр байгуулагдснаас бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, компани ашиггүй ажилласан. ... Татварын актаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан зэрэг санхүүгийн хүндрэлтэй асуудлууд үүсч хувьцаа эзэмшигч нарын ногдол ашгийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй явсаар ирсэн. Энэ асуудлыг тухай бүрт нь Хятадын талын хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нарт мэдэгдэж, компанийн нөхцөл байдлыг танилцуулж байсан” гэж маргасан.

    дэлгэрэнгүй
  • 2025-03-11 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нь дээрх шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-22 Шүүхийн академи

    Нэхэмжлэгчээс хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т, Х  нарын 2018.03.02-ны өдрийн ЗГ/10604 тоот, 2018.04.13-ны өдрийн ЗГ/10510 тоот, 2019.02.28-ны өдрийн ЗГ/01 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, түүнд бодогдсон хүүгийн нийлбэр болох 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-02-19 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч А, Б нар нь хариуцагч Ц-д холбогдуулан түрээсийн байрны засан сайжруулалтын  зардалд  16,066,571  төгрөг  гаргуулах  нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “... Ц-тэй 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж *** хаягт байрлах талбайг түрээсэлсэн. 2021.02.05-ны өдөр түрээсийн байрны засвар дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байтал Ц түрээсийн төлбөр хэсэгчлэн төлөх боломж олголгүй 2021 оны 12 сараас түрээсийн байрнаас гарахыг шаардсан. Түрээсийн байр анх засваргүй, өрөө тасалгаагүй байсныг 5 өрөөтэй, тохижилт сайтай болгон засварласан” гэж тайлбарласан. Хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч “... Түрээсийн гэрээнд “Түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн нэмэлт тохижилт сайжруулалтын аливаа ажлаа өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр бараа материалын үнэ ажлын хөлсийг түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” гэж, мөн “Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссан болон түрээсийн гэрээг цуцалмагц өөрсдийн үйл ажиллагаанд зориулан өөрчилсөн түрээсийн байрны эд хөрөнгийг анх байсны дагуу хүлээлцэж, үүнтэй холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцан түрээсийн төлбөрт суутгаж тооцохгүй, мөн түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” хэмээн заасан.” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй