Олон улсын ба Үндэсний арбитрын эрх зүй

М.Мөнхнаран

42,000₮ / зөөлөн хавтастай 60,000₮ 30%
Хэвлэгдсэн он:
2024
Хуудасны тоо:
144
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
978-9919-9163-0-5
Хэл:
Монгол хэл
Хэмжээ (мм):
243 х 171 х 9
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Монгол Улсад аж ахуй, арилжааны маргааныг гуравдагч этгээдийн шүүх буюу арбитраар хянан шийдвэрлэдэг тогтолцоо үүсэж хөгжөөд 90 гаруй жил болжээ. НҮБ-ын Олон Улсын Эрх Зүйн Комиссын Загвар Хуульд нийцүүлэн 2003 ба 2017 онд Арбитрын тухай хуулийг шинчлэн гаргаж, Гадаадын Арбитрын Шийдвэрийг Хулаан Зөвшөөрч Биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцыг соёрхон баталснаар манай улсад хувийн арбитр үүсгэн байгуулах, арбитрын ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар явуулах, арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх орчин үеийн эрх зүйн орчин бүрдсэн байна. Түүнчлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр 1960 оноос эхлэн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалттай маргааныг харьяалан шийдвэрлээд даруй 60 гаруй жилийн туршлага хуримтлуулахын зэрэгцээ олон хуульчид, бусад мэргэжлийн хүмүүсийг арбитрчаар дадлагажуулан мэргэшүүлсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх тухай арбитрын заалтыг гэрээндээ тусгах явдал нэмэгдэж, хуульчдын хувьд шүүхийн ажиллагаанаас гадна арбитрын ажиллагаанд зөвлөгөө өгөх, төлөөлөх үйлчилгээ, ажил хэргийн шинэ зах зээл өргөжих болов. Арбитрын сэдвээр судалгаа хийх, ном, гарын авлага хэвлүүлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, үндэсний болон олон улсын түвшинд арбитрын мэтгэлцээний тэмцээнд оролцох сонирхолтой судлаач, оюутны тоо өсөх хандлагатай байна.

Энэхүү номын зохиогч Мөнхтүвшингийн Мөнхнаран нь арбитрын байгууллагад ажлын гараагаа эхэлж, улмаар Япон улсын Нагояагийн Их сургуульд арбитрын сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан залуу судлаач. Тэрээр арбитрын үүсэл хөгжил, арбитрын хэлэлцээрийн мөн чанар, талуудын чөлөөт байдлын зарчим, арбитрын ажиллагаанд хэрэглэх материаллаг болон процессын хууль, арбитрын ажиллагаа явуулах журам, түргэвчилсэн болон яаралтай арбитрын ажиллагаа, арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо, туслалцаа зэрэг арбитрын үндсэн сэдвүүдийг цэгцтэй, практик, арга зүйн хувьд өндөр түвшинд боловсруулсан анхны бүтээлээ ийнхүү уншигчдад хүргэж байна.

"Олон Улсын ба Үндэсний Арбитрын Эрх Зүй" хэмээх эл ном нь 11 бүлгээс бүрдсэн ба ялангуяа "Монгол Улс дахь Арбитрын Эрх Зүйн Хөгжил"-ийн тухай 3 дугаар бүлэг, Түргэвчилсэн болон Яаралтай Арбитрын Ажиллагаа"-ны тухай 11 дүгээр бүлэг ихээхэн шинэлэг болжээ. Арбитрын ажиллагаанд нийтлэг хэрэглэж хэвшсэн, англи хэлний цөөнгүй нэр томьёог (тухайлбал, arbitrability, seat/place of arbitration, private autonomy, separability of arbitration clause, competence-competence principle) монгол хэлээр дүйцүүлэн илэрхийлэх оролдлогыг зохиогч номондоо хийсэн боловч эдгээр нэр томьёог нэг мөр хэвшүүлэх асуудалд бүрэн хариулт өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Арбитрын эрх зүйн хөгжил, арбитрын ажиллагаанд нэвтэрч буй олон улсын чиг хандлагыг хөндөж бичсэн зохиогчийн санал дүгнэлт уншигчдын анхаарлыг татах нь гарцаагүй бөгөөд Монгол Улсын арбитрын эрх зүйг боловсронгуй болгоход чухал эх сурвалж болно.

Арбитрын эрх зүйн судалгаанд өөрийн орон зайг эзлэх бүтээлээ гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн ангийн төгсөгч, шавь, хууль зүйн доктор М.Мөнхнаранд эрдэм судалгааны амжилт хүсье.

 

Түмэнжаргалын Мэндсайхан,
Хууль Зүйн Ухааны Доктор (Ph.D),
МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Дэд Профессор

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Төсөөтэй номууд