Номын танилцуулга
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг 2013-д шинэчлэн баталснаар үнэт цаасны зах зээлийн салбарт цоо шинэ кодекс үйлчлэх болсон нь манай улсын эдийн засаг тодорхой хэмжээнд хөгжиж буйн илрэл бөгөөд энэ салбарын ашиг тусыг нийтээр хүртэх, үнэт цаасны арилжаанд оролцох, таамаг дэвшүүлэх, эрсдэл хүлээх шинэ эрх зүйн зан үйл, ухамсрын тогтолцоо бүрдэх алхам болжээ. Энэ утгаараа Үнэт цаасны эрх зүйн сонгон суралцах хичээлийн эрэлт, хэрэгцээ ихсэж, оюутан суралцагсдын дунд үнэт цаасны зах зээлийг судлах хүсэл тэмүүлэл өсөн нэмэгдсээр байна. Нөгөө талаас шинэхэн батлагдсан хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлах, цаашилбал онолын судалгаа хийх асуудал тулгамдаж, энэхүү эдийн засгийн бодлого ба эрх зүйн шинжлэх ухааны, мөн нийтийн болон хувийн эрх зүйн салбарын зааг дээр орших үнэт цаасны зах зээлийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ, шаардлага асар их байгааг илтгэлээ.
МУИС-ийн ХЗС-иас санал болгодог Үнэт цаасны эрх зүйн хичээл Дэлхийн банкны төслөөр боловсруулагдсан тус хичээлийн гарын авлагатай зэрэгцэн шинэчлэгдэж, үнэт цаасны хувийн эрх зүйд эзлэх байр суурьд гол анхаарлаа хандуулдаг байсныг халж, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа, оролцогсод, тэдгээрийн эрх үүрэг, тодорхой үнэт цаасыг гаргах практик ажиллагааг судлахад түлхүү анхаарах болсон.
Тиймээс миний бие 2014 оны 1 сарын 1-ээс үйлчилж эхэлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг 2013/2014 оны хичээлийн жилийн II хагаст тус хичээлийг сонгосон оюутнуудтайгаа зэрэгцэн судалж, бэлтгэсэн лекц, семинарынхаа хүрээнд энэхүү сурах бичгийг чадан ядан бэлтгэсэн юм. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө босгон компани хүртэл шинээр байгуулах боломж бүрдээд байгаа өнөө үед хуульч бидний хувь нэмэр үнэт цаасны зах зээлийн маргаанд нэг талыг төлөөлөн оролцохоор хязгаарлагдахгүй, харин ч үнэт цаас гаргах ажиллагааны явцад хуулийн этгээдийн эрх зүйн болон бусад эрх зүйн асуудлаар эрх зүйн дүгнэлт буюу due diligence хийх зэргээр ажиллах боломж маш өргөн болсон тул энэхүү бяцхан номоо үнэт цаасны салбарт эхлэн суралцаж буй хүн бүрт зориуллаа. Санал шүүмжээ buyana20@hotmail.com хаягаар илгээнэ үү.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү