Соёлын өвийг гэмт халдлагаас хамгаалахуй

Ч.Доржсүрэн

40,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2024
Хуудасны тоо:
246
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
9789919985639
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
245x 172 x 13
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Манай улс "Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц" (1970 он), "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенц" (1972 он)-уудыг соёрхон баталж, Үндсэн хуульдаа түүх, соёлын дурсгалт зүйл төрийн хамгаалалтад байхаар заасан нь ёс, хэлбэр төдий зүйл биш ээ. Үндэсний соёлын өв бол монголчууд бидний туулж өнгөрсөн түүхийг гэрчлэн холбогч, одоо цагт оршин тогтохуйг нотлон таниулагч, ирээдүйн хөгжлийг чиглүүлэн тодорхойлогч юм. Тиймээс ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн" хэмээн тодорхойлж, үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах арга замыг тусгасан билээ.

Эх түүх, үндэсний өв соёлоо хадгалж хамгаалах эрхэм үйл хэрэгт нэмэр болох зорилго агуулсан "Соёлын өвийг гэмт халдлагаас хамгаалахуй" ном нь соёлын өв манай улсын гадаад харилцааны гүүр болон хөгжил дэвшилд хөтлөх болсон энэ цаг үед хэвлэгдэн гарч байгаа нь сайшаалтай. Тус эмхэтгэлд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх онол, практикийн асуудлууд болон хууль бусаар гадаад улсад гаргасан соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, эгүүлэн авах олон улсын эрх зүйн зохицуулалтын талаарх зохиогчийн 2015 оноос хойших үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд хэлэлцүүлсэн зургаан илтгэл, дотоодын эрдэм шинжилгээ, судалгаа, онол, арга зүйн сэтгүүлүүдэд нийтлэгдсэн зургаан өгүүлэл багтжээ.

Та бүхэн энэхүү бүтээлээс Монгол Улсын соёлын өвийг гэмт халдлагаас хамгаалах эрх зүйн орчин, соёлын өвийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаа, криминологи судалгаа, эрүүгийн болон иргэний эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэчлэлийн асуудлууд хийгээд "Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА (UNIDROIT)-ын конвенц"-д манай улс нэгдэн орох, соёрхон батлах хэрэгцээ, шаардлагын урьдчилан тандан судалгааны үр дүнтэй танилцах боломжтой. Дашрамд дурдахад хорьдугаар зууны эхэн үе буюу ардчилсан хувьсгалын дараах нийгмийн шилжилтийн үед олон тооны түүх, соёлын дурсгалт зүйл хилийн чандад хууль бусаар гарсан нь жил ирэх бүр ил болохын хамт өнөө цагт ч соёлын эд зүйлийн контрабанд буурахгүй байгааг анхаарвал зохино. 

Дэлхийн улсууд оршин тогтнож буй түүхэн цаг хугацаандаа өөрсдийн нутаг дэвсгэрээ улам тэлэхийн зэрэгцээ соёлын бодлого, нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьсоор ирсэн. Өрсөлдөөн улам ширүүсэж буй нэн эгзэгтэй үед үндэсний соёлын өвийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалах болон хууль бусаар алдагдсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эргүүлэн авчрах эрх зүйн боломжийг судалж, гарц шийдлийг олж тогтоох нь эрх зүйч бидний заавал биелүүлэх журамт үүрэг гэхэд ташаарахгүй. Энэхүү нарийн бөгөөд сэтгэл, хүч, хөдөлмөр шаардсан үйл хэргийг гүйцэлдүүлж яваа судлаач Ч.Доржсүрэнгийн цаашдын эрдэм судлалын ажилд чин сэтгэлээсээ өндөр амжилт хүсье.

 

Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах
2024.04.22

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Төсөөтэй номууд