Номын танилцуулга
НҮБ-ын Олон улсын шүүхийн ерөнхий шүүгч Жоан Э. Донохью нэгэнтээ "Шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцох нь оюутнуудад ятган үнэмшүүлэх чадвар болон шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг юм" гэж хэлжээ. ОУШМТ-д оролцсоноор оюутнууд тэдгээр чадвараа сайжруулах, цаашлаад гадаад хэл, тэр дундаа хууль зүйн англи хэлийг сурах боломжтой бөгөөд гадаад хэл дээр бусад улсын оюутнуудтай мэдлэг, чадвараараа өрсөлдөх, харилцан суралцах боломжтой билээ. Иймд ОУШМТ бол сурч байх хугацаандаа маргаан таслах, шийдвэрлэх ажиллагааг мэдрэх, өөрийгөө урьдчилан бэлтгэх боломж юм.
ОУШМТ-д оролцоход шаардагдах суурь чадвар нь бичих, судалгаа хийх чадвар бөгөөд, цаашлаад үндэслэлээ тодорхой, ойлгомжтой илтгэх, эсрэг талынхаа тайлбарыг сайтар ойлгох, няцаалтыг хурдтай сэтгэх нь ч мөн дутахааргүй чухал байдаг. ОУШМТ өдгөө хууль зүйн сургуулийн бакалавр, магистрын түвшний оюутнуудын дунд олон нэр төрөл, хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хамгийн анхны ОУШМТ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Олон улсын шүүхийн (International Court of Justice) загвар шүүхийн мэтгэлцээний тэмцээн бөгөөд 1968 оноос хойш "олон улсын" гэх тодотголтойгоор зохион байгуулагдаж байна. Өдгөө энэ тэмцээн дэлхийн 140 гаруй улсын 700 орчим хууль зүйн сургууль оролцдог хамгийн том шүүхийн мэтгэлцээний тэмцээн болон өргөжжээ. Энэ мэт олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцох нь өсөж хөгжих түлхүүр болохоос гадна хууль зүйн сургуулийн эрэмбэ, нэр хүндэд ч чухал нөлөөтэй байдаг. Тиймдээ ч Сингапур, Австрали, Энэтхэг, Хятад улсын хуулийн сургуулиуд уг тэмцээнүүдэд онцгой ач холбогдол өгч, оюутнуудаа системтэйгээр бэлтгэж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувьд 2017 оноос хойш дэлхийн олон орны хууль зүйн сургуулиудын өрсөлдөөнд хүч түрэн оролцож эхэлсэн бөгөөд долоон төрлийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд нийтдээ давхардсан тоогоор 100 гаруй оюутныг Англи болон Япон хэл дээр оролцуулсан байна.
Шүүхийн мэтгэлцээний тэмцээн гэх нэр томъёог анх сонсоход нэг л хол, хөндий байж магадгүй. Гэсэн хэдий ч уншигч таны хуулийн сургуулийн хамгийн дурсамжтай үе тань шүүхийн мэтгэлцээний тэмцээнд бэлдэх, оролцох байх болно гэдгийг амлаж байна. Бид ОУШМТ-ий талаарх мэдээллийг илүү олон оюутанд хүргэх, урам зориг өгөх зорилгоор өөрсдийн туршлага, сургамж дээр үндэслэж, англи хэлээр бичигдсэн бусад эх сурвалжаар баяжуулан энэхүү гарын авлагыг бэлтгэн хүргэж байна. Энэхүү бэсрэг гарын авлагад ОУШМТ-ий тухай бичихээс гадна судалгаа хийх, аргумент дэвшүүлэх болон хамгаалах, илтгэх, асуултад хариулах гэх мэтчилэн хуульчийн суурь ур чадварын талаар бэлтгэн хүргэхийг хичээсэн болно. Иймд оролцогч, сонирхогч, тэр дундаа шүүхийн мэтгэлцээний тэмцээнд бэлдэж буй, судалгаа хийхээр сонирхож буй танд энэхүү гарын авлага тус болно гэж найдаж байна.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү