Номын танилцуулга
Хууль зүйн үйлчилгээний ирээдүйн талаарх бүтээл нь дэлхийд хамгийн олон удаа эшлэгдсэн зохиогч Ричард Сасскинд Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй номдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа технологийн хүчээр хэрхэн хувирч өөрчлөгдөхийг тооцоолж, шүүхэд хандах эрхийн асуудалд дэлхий даяар шийдэл болохуйц санал дэвшүүлжээ.
Хамгийн дэвшилтэт гэгдэх хууль зүйн тогтолцоонд ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болхи удаан, хэтийдсэн зардалтай, процесс нь хуучирсан төдийгүй энгийн иргэдэд ойлгомжгүй болсон. Зарим улсын шүүх дааж давшгүй ачаалалтай буюу Бразилд 100 сая, Энэтхэгт 30 сая үлдэгдэл хэрэг тус тус байна.
Сасскинд хууль зүйн технологи, эрх зүйн онолын салбарт 40 орчим жил ажилласан туршлагадаа үндэслэн хүмүүст хууль ёсны эрхээ ойлгох, хэрэгжүүлэхэд нь интернэтийн гайхалтай хүртээмжийг хэрхэн ашиглаж болохыг үзүүлжээ. Хүн төрөлхтний талаас илүү нь өнөөдөр цахимд холбогдсон шүү дээ. Өдгөө дэлхий дээр хүмүүсийн интернэтэд хандах хүртээмж шүүхэд хандах хүртээмжээс илүү байна.
Цахим шүүх “цахимаар шийдвэрлэх” ажиллагаа буюу хэргийг шүүх хуралдааны танхимд биш цахимаар шийдвэрлэх боломжоор хангана. Ингэхдээ нотлох баримт, хариу тайлбараа цахим платформоор хүргүүлж, шүүгч мөн шийдвэрээ түүгээр гаргах юм.
Мөн цахим шүүх нь шүүхийн шийдвэр гаргах чиг үүргээс арай илүүг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд технологи ашиглана. Энэхүү “өргөтгөсөн шүүх” хэмээх үйлчилгээгээр үйлчлүүлэгчийг холбогдох хууль, боломжит сонголтоо танин мэдэж, үндэслэл боловсруулах, нотлох баримт бүрдүүлэх арга хэрэгслээр хангах ажээ. Цаашилбал эвлэрүүлэн зуучлал, эрт үеийн хөндлөнгийн хяналт шинжилгээ зэрэг шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арга замыг шүүхээс гадуур биш, шүүхийн үйлчилгээний нэг хэсэг байхаар санал болгоно.
Цахим шүүхийн анхдагчид уламжлалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны багагүй зүйлийг өөрчлөх болохыг Сасскинд дүгнэсэн байна. Хиймэл оюун (AI), машин сургалт, виртуал бодит байдал (VR) зэргийн давуу хийгээд сул талыг үнэлж, эдгээр технологи шүүхийн үйлчилгээнд хэрхэн ноёрхох хэтийн төлөвийг урьдчилан тооцоолжээ.
Зохиогчийн өдийг хүртэлх бичсэн бүтээлүүдээс хамгийн том зорилгод чиглэсэн нь болох энэхүү Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй ном бол төрийн амин чухал үйлчилгээний дижитал шилжилтийн тухай бодит судалгаа юм.
“Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй” номын талаарх бусдын дүгнэлт
“Ричард Сасскинд мэтгэлцээн өрнүүлж, чиг хандлагыг өөрчлөх, хөгжил дэвшлийг хурдлуулахуйц бүтээл дахиад гаргажээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шүүхийн захиргаанд санаа тавьдаг хэн бүхний заавал унших ном мөн.”
Англи, Уэльсийн Ерөнхий шүүгч Малдонын Лорд Бернетт
“Энэхүү гайхалтай номд шүүх, технологийн сэдвийг хялбаршуулж, сонгох боломж бидэнд байгааг харуулснаараа Ричард Сасскинд онцгой хувь нэмэр оруулжээ. Үр дүнд нь бид асуудлаа огооролгүй даван туулах сэрүүлэгтэй боллоо.”
Сингапурын Ерөнхий шүүгч Сундареш Менон
“Ричард Сасскинд мөнхүү шинэлэг бүтээлдээ шүүхийн хэвшмэл хандлагыг орчин үеийн технологийн эриний дурангаар тольдож, XXI зууны шүүхийн шинэ алсын хараа бий болоход чиглүүлжээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шударга нийгэмд эрмэлздэг хэн бүхний унших нэн чухал бүтээл.”
Канад улсын Ерөнхий шүүгч (2000-2017) асан Беверли МакЛахлин
“Шударга ёсонд зорих хуульч, шүүгчийн ажлыг энэ цаг үед утга учиртай байлгая гэвэл технологи, инновацын сэтгэлгээгээр дамжуулан үйлчилгээгээ сайжруулж болох тухай ойлголтод нээлттэй хандах ёстой. Цахим бөгөөд хүртээмжтэй шүүхийн талаарх Ричард Сасскиндын үнэмшилтэй, бодитой санал шүүхэд хандах хүртээмжийг өргөжүүлэх зорилгод маань урам өгч байна.”
Америкийн Барын холбооны Ерөнхийлөгч Жуди Перри Мартинез

Зураг дээр дарж томруулж үзнэ үү