Номын танилцуулга
Ардчилсан нийгмийн тулгын чулууны нэг нь парламентын дархлаа бөгөөд төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу хууль тогтоох эрх мэдлийн хараат бус, бие даасан үйл ажиллагааг хангахад амин чухал нөлөө үзүүлдэг. Дархлааны тусламжтай парламентын институци бэхждэг ба бүрэн утгаар нь, зөв зүйтэй ашиглаж чадвал ардчиллын өмнө тулгарсан аливаа сорилтыг даван туулахад хамгийн их тус болох хууль зүйн арга хэрэгсэлд тооцогддог.
Үндсэндээ парламентын дархлаа нь бусад байгууллага, хувь хүмүүст бус, ард түмнийг төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулж зөвхөн парламентад өөрт нь олгосон дангаар эдлэх онцгой эрхийн цогц билээ. Иймд олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт ёсоор парламентын хувь гишүүн энэхүү баталгааг өөрт нь өмчлүүлсэн онцгой эрх гэдэг утгаар бус, харин парламентын институцийн нэг эд эс болохын хувьд эдэлж буй боломж хэмээн ойлгож хэрэгжүүлэх ёстой юм. Тодруулбал, парламентын гишүүн уг боломжийг хувийн ашиг сонирхолдоо бус, зөвхөн нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах зорилгод ашиглах ёстой гэсэн суурь үзэл санааг нь цаг ямагт санаж байх учиртай. Ингэж чадвал парламентын дархлаа нь хууль тогтоогч, сонгогчдыг холдуулах бус, харин нэгдмэл байлгах гол механизм болох юм.
Бидний хувьд «халдашгүй байдал», «дархан эрх», «иммунитет», «индемнитет» гэх зэргээр ялгаатай хэрэглэдэг нэр томьёонууд парламентын дархлаа гэх ойлголтод бүхэлдээ багтах бөгөөд энэ номд ард түмний төлөөллийн байгууллага болох парламент, түүнд сонгогдсон төлөөлөгчдөд олгогддог дархлааны зорилго, хүрээ хязгаарыг хөндөж, парламентад энэхүү эрх зүйн хамгаалалт яагаад чухал болох талаар, уг хамгаалалтын тусламжтайгаар хууль тогтоогч аливаа хариуцлагаас эмээлгүй сонгогчдоо хэрхэн төлөөлөх боломжтой талаар авч үзэх болно.
Нөгөө талаар парламентын дархлааг урвуулан ашиглавал энэ нь хууль зөрчсөн, гэм буруутай этгээдийн хувьд хариуцлагаас зайлсхийх, цаг хожих арга хэрэгсэл болж, шударга ёсыг тогтооход тээг болох эрсдэлтэйг харуулах үүднээс энэхүү номд зарим улс орны парламентын жишээнээс хуваалцахыг хичээлээ.
Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжиж, байнгын ажиллагаатай парламенттай болсон цагаас хойш, ялангуяа 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиар хууль тогтоох байгууллага, түүний гишүүний эрх зүйн байдлыг тогтоосон цагаас хойш манай улсад парламентын дархлааны эрх зүйн орчин хэрхэн шинэчлэгдэн хөгжиж ирсэн талаар болон Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэцээс гаргасан зарим онцлох шийдвэрүүдийг тоймлон авч үзэв. Ингэснээр парламентын дархлааны орчин үеийн үзэл санааг өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулан тунгаах, оюун дүгнэлт хийхэд Тань энэхүү ном багахан ч атугай тус нэмэр болно гэдэгт найдаж байна.


Зураг дээр дарж томруулж үзнэ үү