Бүтээлийн нэр
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хорооны эрх зүйн байдал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Нутгийн удирдлага
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хорооны өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтыг судалж, засаг захиргаа, нутгийн удирдлагын хоорондын уялдаа холбоог сайжруулах, түүний эрх зүйн орчиныг сайжруулах талаар санал дэвшүүлэхийг зорьсон болно. “Нийслэл, дүүрэг, хороо нь байрь суурь, хэм хэмжээ, үүрэг зорилтоор ялгаатай боловч нийтдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж” гэсэн нэгэн бүхэл бүрдэл чанарыг агуулдаг. Хороо бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны буюу язгуур нэгж юм. Нийслэл, дүүрэг, хороо хэмээх бүрэлдэхүүнээр нь авч үзсэн нь хорооны эрх, үүргийг тодорхой зааглаж хуульчлах хэрэгтэй байна.
Хуулийн дагуу хорооны удирдлага нь иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид, хорооны Засаг дарга нараас бүрдэн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хороонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлж байна.
Хорооны Нийтийн Хурал бол иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөллийн байгууллага бөгөөд иргэд сонгогчдын эрх ашгийн нэгдэл юм. Нутаг дэвсгэрийнхээ асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын захиас даалгавар, түүний дотор нэн тэргүүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Хорооны Засаг даргыг тухайн нэгжийн нийт ард иргэдээс сонгодог болох, мөн дээд боловсролтой, төрийн албаны туршлагатай, эрх зүй, улс төр, эдийн засгийн мэргэжилтэй байх шалгуурыг нэмж хуульчлах шаардлагатай байна. Хорооны Засаг даргын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалтай ИНХ-ын дарга, огт цалин урамшуулалгүй тэргүүлэгчид /зарим ИНХ-ын дарга, Тэргүүлэгч ажлаа явуулах өрөө, тасалгаагүй/ бүх хүчээ шавхан ажлаа хийж, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх ажиллах орчин нөхцөл нь бүрдээгүй байна. Хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргыг орон тооны болгож, Засаг даргатай тэнцүү хэмжээний цалинтай болгох, Тэргүүлэгчдийг ИНХ-ын даргын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалтай болгохоор хуульчлах, ИНХ-ыг ажлын албатай болгож, ажлын албаны зардлыг дүүргийн ИТХ-ын төсөвт хамтатган батлах, хорооны ИНХ-ыг дүүргийн ИТХ мэргэжил, арга зүйгээр хангадаг болгож хуульчилах хэрэгтэй байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хорооны чиг үүрэг, эрх хэмжээг нарийвчлан хуульчлах хэрэгтэй.
Шууд ардчилалыг хамгаалж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг улам чадавхжуулж, түүнд иргэдийн оролцоог дэмжих үүднээс Орон нутгийн санал асуулгын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
“Хорооны дүрэм” нь орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхэд иргэдийн оролцоо ямар байхыг буюу тэдний үүрэг, хариуцлагыг тодорхойлж өгөх зорилготой юм. Нэн ялангуяа төсөвтэй холбоотой асуудлыг шийдэхэд иргэд, Иргэдийн Нийтийн хурал, Засаг дарга ямар үүрэгтэй оролцохыг нарийн зааглаж өгөх ач холбогдолтой юм.
Хот, тосгоныг засаг захиргааны нэгжийн хувьд хүлээн зөвшөөрч, хороог тэдний хэмжээнд очих эрх зүйн үндсийг бүрдүүлж өгснөөр засаг захиргааны шинэ бүтэц үүсэн бий болох үндсэн суурь нөхцөл бүрдэнэ. Ингэснээр аймаг, сумд нь өөртөө хот, тосгоныг багтаасан нэгжийн хувьд нэгдэн томрохоос өөр аргагүй болох бөгөөд харин хэрхэн нэгдэх нь түүхэн уламжлал, нийгэм-эдийн засгийн судалгаа, хөгжлийн хэтийн чиглэл, зах зээлийн онол, хүн амын санал дээр тулгуурлан шийдвэрлэгдэх бүрэн боломжтой.
Монгол Улсын Үндсэн хуулийн 63.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг үндэс болгон Хорооны тухай хуулийг тусад нь боловсруулж, баталж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны буюу язгуур нэгж болох хорооны эрх зүйн орчин нь бүрдээгүй байна. Иймээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн доод шатны нэгж болох хороог эрх зүйн бие даасан статус бүхий өөрийн төсөв, өөрийн эрх мэдэл, өөрийн зохион байгуулалт бүхий институт болгох хөгжүүлж, нутгийн удирдлагын чадавхийг сайжруулж, иргэний ардчилсан нийгмийн гол цөм болгон төлөвшүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны буюу язгуур нэгж болох хороог эрх зүйн бие даасан статустай болгосноор олон нийтийн оролцоо нэмэгдэж, нутгийн удирдлагын чадавхи сайжирч, иргэдэд төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй ойртож, улс орон хөгжих билээ.
Түлхүүр үг
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хороо, хууль тогтоомж, эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт
Бичигдсэн огноо
2018-01-09
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-27
Товч мэдээлэл үзсэн
2398
Бүрэн эхээр нь үзсэн
40
Эшлэлийн тоо
5
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хорооны эрх зүйн байдал” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1504
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1]   Б.Чимид, (2008). Үндсэн хуулийн мэдлэг.УБ.,351 дэх тал

[2] Д.Ширэндэв, (2013). Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёс, түүний эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал. УБ.,2013.12 дахь тал

[3] Б.Чимид, (2004).Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нутгийн удирдлага.Гуравдугаар дэвтэр. УБ.,69 дэх тал

[4] www.legalinfo.mn 2015.10.01

[5] Sustainable development of human settlements Achievements and challenges in housing and urban policy in latin America and the Caribbean, UN,1998