Бүтээлийн нэр
Захиргааны эрх зүйн эх сурвалжийн онцлог, ач холбогдол
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр эрх зүйн эх сурвалж, захиргааны эрх зүйн эх сурвалжийн тухай ойлголт, түүний онцлог, ач холбогдлын талаар судалсан болно.
Эрх зүйн эх сурвалж гэсэн ойлголт нь эрх зүйг бүтээх, хууль эрх зүйг илэрхийлэх арга хэлбэрээр тодорхойлогдоно. Эрх зүйн эх сурвалж гэсэн ойлголтыг эрх зүйн хэм хэмжээ үүсгэж буй эх сурвалжаас ялгаж ойлгох шаардлагатай. Эх сурвалж нь энэ утгаараа эрх зүйн хэм хэмжээг илэрхийлэх хэлбэр ба харин эрх зүйн хэм хэмжээ, эрх зүйн тогтолцоог үүсгэх эх булаг, үндэс буюу жам ёс гэсэн агуулгыг илэрхийлнэ.
Эрх зүйн эх сурвалж дотор нэгэн салбар эрх зүйн /захиргааны эрх зүй/ эх сурвалжид юу хамаарагдахыг авч үзэх нь эрх зүйн хэм хэмжээг цаашид судлах хийгээд хэрэгжүүлэх явдалд онол, практикийн чухал ач холбогдолтой билээ.
Захиргааны эрх зүйн эх сурвалжийн хувьд захиргааны үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл болж тэр эрх зүйн хэм хэмжээнүүдийн талаар яригддаг.
Захиргааны эрх зүйн эх сурвалж гэдэг нь төрийн байгууллагаас болон нийтийн захиргааны байгууллагуудаас батлан гаргасан төрийн удирдан захирах үйл ажиллагааны явцад үүссэн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний илрэх болон бэхжүүлэх /өөрчлөх буюу хүчингүй болгох/ албан ёсны хэлбэрийг хэлнэ. Захиргааны эрх зүйн эх сурвалжийн зонхилох хэсэг нь төрийн эрх барих ба захиргааны байгууллагуудаас батлан гаргасан хууль эрх зүйн актуудаар хэлбэржин илэрхийлэгддэг байна. Тухайлбал, нутгийн өөрөө удирдах байгууллагаас батлан гаргасан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт /зүйл, хэсэг, заалт, өгүүлбэр/ болох тогтоол гэх мэт. Тэгэхдээ төрийн эрх барих болон захиргааны байгууллагаас баталсан акт нь төр, захиргаа, банк, санхүү, гэр бүл, нийгэм хангамж, татвар, экологийн эрх зүйн янз бүрийн салбарын хэм хэмжээг нэгэн зэрэг агуулсан байх учир чухам юугаараа захиргааны эрх зүйн эх сурвалж болохыг нэгбүрчлэн судалсаны үндсэн дээр тодорхойлогдоно .
Захиргааны эрх зүйн эх сурвалж мөн болохыг тогтоох гол үндэс нь тэдгээрийн эрх зүйн хэм хэмжээний акт нь /хууль, тогтоол, тушаал/ ямар ч хэлбэртэй байсан гагцхүү захиргааны эрх зүйн хэм хэмжээ агуулсан байх явдал юм. Өөрөөр хэлбэл, захиргааны эрх зүйн хэм хэмжээ агуулсан байвал түүний эх сурвалж болно. Тухайлбал, Монгол Улсын гэр бүлийн тухай хууль нь гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээ голлосон хууль буюу гэр бүлийн эрх зүйн эх сурвалж болно. Гэтэл уг хуульд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох, энэ талаар гарсан маргааныг захиргааны байгууллага шийдвэрлэх, гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах зэрэг харилцааг зохицуулсан заалт нь захиргааны эрх зүйн хэм хэмжээ агуулж байгаа тул дээрхи хууль гэр бүлийн төдийгүй мөн захиргааны эрх зүйн эх сурвалж болж байх онцлогтой юм. Ийнхүү хууль тогтоомж нэг бүрийг нарийн судалсны үндсэн дээр захиргааны эрх зүйн эх сурвалж болох эсэхийг тодорхойлж удирдлага болгодог байна.
Төрийн болон төрийн бус байгууллагаас батлан гаргасан хууль эрх зүйн ач холбогдол бүхий акт захиргааны эрх зүйн хэм хэмжээ агуулсан байвал энэхүү салбар эрх зүйн эх сурвалж болно.
Захиргааны эрх зүйн эх сурвалж нь төрийн удирдлага, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд үүссэн удирдах харилцааг зохицуулдаг, хэм хэмжээ нь гол төлөв хатуу тогтоосон хориглолт, үүрэг болголт, хариуцлага бүхий императив шинжтэй, тус эрх зүйн эх сурвалжийн тусламжтайгаар бусад /санхүү, нийгэм, хангамж, татвар, экологи/ зарим нэг харилцааг зохицуулдаг зэрэг онцлог шинжтэй.
Захиргааны эрх зүйн эх сурвалж нь нийгмийн ашиг сонирхлыг тусгахын тулд эдийн засаг, нийгмийн хөгжил бодит нөхцөлд зохицуулан эрх зүйн хэм хэмжээг шинээр бүтээхэд тус дөхөм болдог. Энэ нь захиргааны эрх зүйн эх материаллаг үзэл бодолд нь улс төр, эдийн засаг бусад харилцааны хөгжлийн үйл явц эрхийг бүрдүүлдэг. Захиргааны эрх зүйн эх сурвалж нь өөрийн төрөлд эрх бүтээх үйл явц эрх зүйн хэм хэмжээг төлөвшүүлж эхлэхэд түлхэц болдог, захиргааны эрх зүйн хэм хэмжээг бүтэцчилэх, илэрхийлэх гадаад хэлбэр нь болдог зэрэг ач холбогдолтой.
Түлхүүр үг
Эрх зүйн хэм хэмжээ, эрх зүйн гадаад хэлбэр, хууль зүйн баримт бичиг, хууль эрх зүйн акт, эрх зүйн тогтолцоо
Бичигдсэн огноо
2015-03-11
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-06-23
Товч мэдээлэл үзсэн
4072
Бүрэн эхээр нь үзсэн
77
Эшлэлийн тоо
6
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Захиргааны эрх зүйн эх сурвалжийн онцлог, ач холбогдол” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1614
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Б.Чимид. БНМАУ-ын захиргааны эрх зүй. УБ., 1998 он. 33 дахь тал

[2] Марсистско-Ленинская общая теория государства и право. М. 1970 г. 581 стр.

[3] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. УБ., 2004. 37 дахь тал

[4] Ю.А. Тихомиров. Курс. Административное право и процесс. М. 1998 г. 131 стр

[5] Ю.А. Тихомиров. Курс. Административное право и процесс. М. 1998 г.120 стр

[6] Б.Чимид. БНМАУ-ын захиргааны эрх зүй. УБ., 1998 он. 33 дахь тал