Бүтээлийн нэр
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн үндэсний бөхийн барилдаантай холбоотой хэсэгт хийсэн хэрэгжилтийн үр дагаварын судалгаа
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар судлаач Б.Төрболд, Н.Оюун-Эрдэнэ нар гүйцэтгэсэн болно. Судалгааг үнэ төлбөргүй үзэх бол https://sudalgaa.gov.mn/oYDGYj холбоосоор хандана уу.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүл мэнд & Спортын эрх зүй
Бүтээлийн товч
Удиртгал

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндэсний баяр болох Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг хуульчлаагүй наадмын олон талт харилцааг зөвхөн уламжлал дээр тулгуурлан явуулж байгааг өөрчлөх шаардлагын үүднээс 5 бүлэг, 16 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан байдаг. Улмаар Улсын Их Хурлаас 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 7 удаагийн нэмэлт, өөрчлөлт, зарим хэсэг, заалтыг хүчингүй болгосон байна.

2007.07.06-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бөгөөд Улсын Их Хурал 2007.08.02-ны өдөр хоригийг хүлээн зөвшөөрч , Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан .

Мөн 2013.07.05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2013.07.08-ны өдөр бүхэлд хориг тавьсан . Уг хориг тавьсан үндэслэл нь “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй” гэж захирамж гаргасан байдаг. Улсын Их Хурал 2013.07.09-ний өдөр хоригийг хүлээн зөвшөөрч , Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль батлагдсан .

2004 оноос хойшхи нэмэлт, өөрчлөлтүүдийн хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн “Үндэсний бөхийн барилдаан”-тай холбоотой хэсэгт өөрчлөлт ихээхэн орсон байда. Иймд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг дараах хэсгүүдэд багцлан хувааж хийв:
1.Үндэсний бөхийн барилдааны холбогдох хэсэг (7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.8, 7.9 дэх хэсэг);
2.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах болон салбар хорооны бүрэн эрхтэй холбогдох хэсэг (12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.5 дахь заалт);
3.Бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулахтай холбогдон гарч буй асуудал (10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг);
4.Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчигч /бөх/-д хүлээлгэх хариуцлагатай холбогдох хэсэг (14 дүгээр зүйлийн 14.1-14.3 дахь хэсэг.

Судалгааны зорилго:
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн Үндэсний бөхийн барилдаантай холбогдох зарим зүйл, заалтын зохицуулалт анх хуулиар тавьсан зорилгодоо хүрсэн эсэх, практик хэрхэн хэрэгжиж байгаа, тэдгээрийн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг тогтоох, урьдчилан тооцоолоогүй бусад үр дагавар гарсан эсэхийг тодорхойлох;

Хуулийн цаашдын үр дагавар, нөлөөллийг илрүүлэн гаргаж цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд оршино.
Түлхүүр үг
Үндэсний их баяр наадам, бөх, спортын эрх зүй, допинг, бөхийн цол олгох асуудал, зохион байгуулах хороо, бөхийн комисс, допингийн шинжилгээ
Бичигдсэн огноо
2020-12-22
Хуудсын тоо
31
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-09-15
Товч мэдээлэл үзсэн
1246
Бүрэн эхээр нь үзсэн
5
Эшлэлийн тоо
84
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Оюун-Эрдэнэ Б.Төрболд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн үндэсний бөхийн барилдаантай холбоотой хэсэгт хийсэн хэрэгжилтийн үр дагаварын судалгаа” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1647
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Үндэсний их баяр наадмын тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2003.06.30-ны өдрийн №24 дугаарт нийтлэгдсэн.

[2] Ерөнхийлөгчийн хоригийн тухай. 2007.08.02-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 55 дугаар тогтоол. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2007.08.21-ний өдрийн №31 дугаарт нийтлэгдсэн.

[3] 2007.08.02-ны өдөр батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2007.08.21-ний өдрийн №31 дугаарт нийтлэгдсэн.

[4] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.07.08-ны өдрийн Е/04 дугаартай захирамж. “Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих тухай”

[5] Ерөнхийлөгчийн хоригийн тухай. 2013.07.09-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын 50 дугаар тогтоол. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2013 оны №28 дугаарт нийтлэгдсэн.

[6] Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль. 2013.07.09. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн. 2013 оны №28 дугаарт нийтлэгдсэн.

[7] 2011 онд улсын харцага С.Мөнхбат, 2016 онд улсын заан Ч.Санжаадамба нар 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн.

[8] Манай улсад өмнө нь 1991 онд 512 бөхөөс улсад түрүүлсэн О.Балжиннямд арслан, 1994 онд 768 бөхөөс ес даван үзүүрлэхэд 1995 онд аварга цол нөхөн олгосон жишиг байдаг.

[9] Түүхэн уламжлал талаасаа улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд аварга цол олгох зарчим Үндэсний их баяр наадмын тухай хууль болон тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн агуулгад байсан болно. Б.Т.

[10] Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “үндэсний спорт” гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсан спортыг гэж тодорхойлсон. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2017.11.22-ны өдрийн №43 дугаарт нийтлэгдсэн.

[11] -Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоол гаргах бүрэлдэхүүнтэй холбоотой;

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Хууль бус захиргааны акт гаргасан. Өөрөөр хэлбэл өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан; 

-Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн чадамжгүй;

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоол нь эрх хэмжээний хувьд зохион байгуулах хороонд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан, сонсох ажиллагаа хийгээгүй гэх мэт үндэслэлээр бөхчүүд шүүхэд нэхэмжлэл гаргаж, ҮИБНЗБХ-г хариуцагчаар татан оролцуулжээ.

[12] Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.

[13] Биеийн тамир, спортын тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл. 2017 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

[14] Тус хуулийн 4.1.14-т “допинг” гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг гэж тодорхойлсон.

[15] Б.Буяндэлгэр. (Ph.D), Монгол бөхийн цолны хувьсал өөрчлөлт. https://bit.ly/2IUbEg1

[16] Мөн тэнд. Б.Буяндэлгэр судлаачийн судалснаар. <<XI-XIII зууны үед БӨХ бол Монголын овог аймгийн тэргүүн буюу сурвалжтан байдаг байжээ. Гэвч, БӨХ бол, Дорнод Азийн Монгол хамниган аймагт боловч овог аймгийн тэргүүн байсан бололтой. Жишээ нь: аймгийн эзнээ МОФО, МОХЭ гэдэг байжээ. Тэр МОФО, МОХЭ гэсэн үгийг Монголын БӨХ (бичгийн БӨКЕ, БӨХЭ) гэсэн үгийн Б нь М болсон үг мөн гэж бодож байна… МОФО- V зууны үед, МОХЭ-VI зууны үед, БӨКЭ(БӨХЭ)-XI-XIII зууны үед, БӨХ- XX зууны үед>> Нэг үгээр хэлбэл, арга ухаан, бяр чадал, овсгоо самбаагаараа овог аймгийнхаа дундаас товойн гарсан хүнийг “бөх” хэмээн цоллож, гол төлөв тэргүүнээрээ сонгодог уламжлалтай байжээ. Улмаар, улсын хэмжээний томоохон наадамд түрүүлсэн бөхчүүдийг “хаан” хэмээн цоллож байсан тухай мэдээ баримтыг судлаачид дурдсан байдгийг дурдах нь зүйтэй.

[17] Ц.Шагдаргочоо. Монголын бөх. УБ., (1960) 53-54 дэх тал. дам ишлэв.

[18] Бөх сонин. УБ., 1993. №2.

[19] Е.Бямбаа. Түүхэн эх сурвалж дахь Монгол бөхийн тухай баримт тэмдэглэгээ. УБ., 2015. 91 дэх тал. Үндэсний төв архив. Х-1. Д-6. Хн-348.

[20] Б.Буяндэлгэр. Монгол бөхийн барилдааны хөгжлийн түүхэн тойм. Монгол үндэсний бөхийн хөгжил (XX-XXI зуун). https://bit.ly/36ZoOk5. 4 дэх тал.

[21] Б.Буяндэлгэр. (Ph.D), Монгол бөхийн цолны хувьсал өөрчлөлт. https://bit.ly/2IUbEg1 3 дахь тал. Их баяр наадмын бөхийн журамтай танилцахтун.“Ардын үндэсний эрх” сонин. 7 сарын 7-ны №153 дугаарт.

[22] Үндэсний төв архив. Х-309. Д-3. Хн-198. БНМАУ-ын Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэм.

[23] Түүнчлэн, Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд 1-р байр эзлэн түрүүлсэн хүүхдэд улсын шонхор, 2-р байр эзлэж үзүүрлэсэн хүүхдэд улсын харцага, өсвөрийн залуучуудын барилдаанд 1-р байр эзлэн түрүүлсэн бөхөд улсын тулгат, 2-р байр эзлэн үзүүрлэсэн бөхөд улсын шандас цол. Аймаг, хотын баяр наадамд барилдсан бөхчүүдэд улсын ямар нэг цол олгохгүй, харин аймаг, хотын начин, заан, арслан цол, хүүхэд ба өсвөрийн залуу бөхөд аймаг, хотын хэмжээнд дээрх цол олгож болно хэмэээн заасан байна.

[24] Ш.Адьшаа, Б.Ерэнтэй. Монгол бөхийн дүрэм. УБ., (2008), 32 дахь тал. дам ишлэв

[25] Мөн тэнд. 34 дэх тал

[26] Үндэсний төв архив. Х-309. Д-3 Хн-352.

[27] Доктор Б.Буяндэлгэрийн судалснаар Монгол бөхийн цолны түүхэн хөгжлийг бүхэлд нь тоймлон ийнхүү ангилсан байна: 1.Үүсэл бүрэлдлийн үе (эртнээс XIII зуун хүртэл), 2.Төлөвшил хөгжлийн үе (XIII зуунаас 1859 он хүртэл), 3.Өөрчлөлт шинэчлэлтийн үе (1859-2000-аад он хүртэл), 4.Эрх зүйт хөгжлийн үе (2000-аад оноос хойш).

[28] Үндэсний их баяр наадмын тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2003.06.30-ны өдрийн  № 24 дугаарт нийтлэгдсэн.

[29] Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал. Хууль санаачлагчийн илтгэлд дурдсан хэсгээс... Улсын баяр наадамд 6 давсан бөхөд улсын харцага, 8 давсан бөхөд улсын гарьд цол олгохоор төсөлд тусгалаа. Ийм цол олгодог эртний уламжлалт Монгол бөхийн түүхэнд байжээ. Энэхүү үндэсний бөхийн барилдааны 5-аас дээшхи даваа бүрт цол олгох эртний уламжлал сэргэж байгаа юм. Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харвааны дүрмийг Засгийн газар батлахаар төсөлд тусгасан. Спортын томоохон уралдаан, тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээ хийдэг олон улсын туршлагад үндэслэн бөх, морь, харваачдад сэргээшийн шинжилгээ хийх заалт төсөлд орсон болно. Чуулганы нэгдсэн хуралдааны 2003.06.18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл.

http://www.parliament.mn/n/xhfo

[30] 1961 оны бөхийн дүрэмд заасан “4 дэх удаагаа түрүүлбэл далай даян аварга” гэж байсан “далай” гэх чимгийг цол болгожээ.

[31] Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт ороогүй үеийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Үндэсний бөхийн барилдааны гурвын даваанаас эхлэн бөхчүүд цолны болон амжилтын эрэмбээр ам авах бөгөөд амжилтын эрэмбээр ам авах нь аварга цолтонд хамаарахгүй. Дөрвийн даваанд бөхчүүдийг цолны эрэмбээр тулгаж барилдуулна” гэж заасан байсан.

[32] Тухайлбал, 2003 оны Үндэсний их баяр наадмын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 6 давж начин цол хүртсэн бөхчүүдийн хувьд.

[33] Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх Л.Лхагваагийн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын танилцуулга. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл. 2004.05.07-ны өдөр.

http://www.parliament.mn/files/4386

[34] “1 дүгээр зүйл. Yндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд 6 давсан бөхөд улсын харцага, 8 давсан бөхөд улсын гарьд цолыг тус тус олгоно.

2 дугаар зүйл. Yндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улс, аймаг, сумын цолыг нэхэн олгохгүй” гэж заасан байна. Төрийн мэдээлэл эмхэтгэл. 2004.06.07-ны өдрийн №22 дугаарт. http://www.parliament.mn/files/9922

[35] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2004.06.07-ны өдрийн №22 дугаарт нийтлэгдсэн.

[36] http://www.todmagnai.mn/n/1y4 сүүлд 2020.11.30-ны өдөр хандсан.

[37] “... Улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын далай аварга цолыг тус тус олгоно” гэж нэмсэн.

[38] Энэ цолыг 2001 онд Ардын хувьсгалын 80 ойн баяр наадамд 10 даван түрүүлсэн улсын аварга А.Сүхбатад 2007 онд даяан аварга цол нөхөн олгосон.

[39] Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал. 2007 он.

[40] Учир нь ийм жишиг 2006 онд Тулгар төрийн 2215, Их Монгол Улсын 800, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн Д.Сумъяабазарт Ерөнхийлөгчийн зарлигаар аварга цол олгосон.

[41] 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-т “Үндэсний бөхийн барилдааны гурвын даваанаас эхлэн бөхчүүд цолны болон амжилтын эрэмбээр ам авах бөгөөд амжилтын эрэмбээр ам авах нь аварга цолтонд хамаарахгүй. Дөрвийн даваанд бөхчүүдийг цолны эрэмбээр тулгаж барилдуулна” гэж заасан байсан. Төрийн мэдээлэл эмхэтгэийн 2003 оны №24 дугаарт нийтлэгдсэн..

[42] 2011 онд улсын харцага С.Мөнхбат, 2016 онд улсын заан Ч.Санжаадамба нар 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн.

[43] Манай улсад өмнө нь 1991 онд 512 бөхөөс улсад түрүүлсэн О.Балжиннямд арслан, 1994 онд 768 бөхөөс ес даван үзүүрлэхэд 1995 онд аварга цол нөхөн олгосон жишиг байдаг.

[44] Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл. http://www.parliament.mn/files/9698

[45] Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ. 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл. http://www.parliament.mn/files/9854

[46] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.07.08-ны өдрийн Е/04 дугаартай захирамж. “Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих тухай”

[47] Ерөнхийлөгчийн хоригийн тухай. 2013.07.09-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын 50 дугаар тогтоол. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2013 оны №28 дугаарт нийтлэгдсэн.

[48] Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль. 2013.07.09. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн. 2013 оны №28 дугаарт нийтлэгдсэн.

[49] Түүхэн уламжлал талаасаа улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд аварга цол олгох зарчим Үндэсний их баяр наадмын тухай хууль болон тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн агуулгад байсан болно. Б.Т.

[50] Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл.

http://www.parliament.mn/files/2272

[51] Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчилтэй учраас чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд чуулганы хуралдааны тэмдэглэлд үлдсэн байна

[52] Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцуулсан.

[53] 2015 онд Улсын цолтой 50-иас доош цолтой бөхчүүдийн шинэчилсэн эрэмбэ.

Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.5-д Бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо тус тус гаргах бөгөөд энэ жагсаалтад ороогүй бөхийг барилдуулахгүй.

[54] Дархан аварга А.Сүхбат нь 2006 оноос хойш Үндэсний их баяр наадамд барилдаагүй байсан.

[55]  2.4.1. ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эрэмбэлэх бөгөөд энэ жишгээр начин цолны даваа хүртэл тооцоход амжилт нь ижил байвал хэн түрүүлж одоогийн цолоо хүртсэн хугацаагаар, энэхүү нөхцөл мөн ижил байвал доод цолыг хүртсэн хугацааг тус тус харгалзаж эрэмбэлнэ;

[56] 2.4.2. нэг өдөр адил даваагаар ижил цол авсан бөхчүүдээс өмнөх цолоо түрүүлж авсан нь, энэхүү нөхцөл нь ижил буюу өмнө нь цолгүй байсан бол тулгаж барилдуулах жагсаалтад бичигдсэн дарааллаар эрэмбэлнэ. Ийнхүү эрэмбэ тогтоох боломжгүй бол шодож эрэмбийг тогтооно.

[57] Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “үндэсний спорт” гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсан спортыг гэж тодорхойлсон. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2017.11.22-ны өдрийн №43 дугаарт нийтлэгдсэн.

[58] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.16-ны өдрийн 0785 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгч тайлбартаа: Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын Үндэсний быөхийн барилдаанд тав давж Монгол улсын ерөнхийлөгчийн 2014.07.12-ны  102 дугаар зарлигаар Улсын начин цол хүртсэн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Засгийн газрын тогтоолоор бус Үндэсний их баяр наадмын тухай хуулиар байгуулагдсан байгууллага бөгөөд гагцхүү бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2012 он 98 дугаар тогтоолоор 28 гишүүнтэй байхаар тогтоосон. Гэтэл 2015.02.12-ны өдрийн хуралдаанд 16 гишүүд оролцсон нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрмийн 2.2-д заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл 2015.02.12-ны өдрийн байдлаар Засгийн газрын  2012 оны 98 дугаар тогтоолд өөрчлөлт ороогүй 28 гэж тогтоосон бүрэлдэхүүнийг  21 гишүүнтэй болгосон шийдвэр гараагүй байхад хуралдааны гуравны хоёр буюу 16 гишүүн оролцсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нийт гишүүний гуравны хоёр хүрээгүй, хууль бус бүрэлдэхүүнтэй хуралдсан учраас уг тогтоол нь хүчин төгөлдөр бус юм.

[59] Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “допинг” гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг гэж тодорхойлсон. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2017.11.22-ны өдрийн №43 дугаарт нийтлэгдсэн.

[60] Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2015.07.24-ний өдрийн №28 дугаарт нийтлэгдсэн.

[61] Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм.

https://www.legalinfo.mn/annex/details/9895?lawid=13518

[62] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. http://new.shuukh.mn/zahirgaaanhan/7046/view Шүүхийн шийдвэрийг агуулгаар нь товчлов.

[63] Ц.Сарантуяа. Үндсэн хуулийн процессын эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал. УБ., 2005. 116 дахь тал.

[64] Төрийн мэдээлэл эмхэтгэл. 2015.07.24 №28 дугаарт.

[65] Ц.Цогт. Захиргааны хэм хэмжээний акт. https://legaldata.mn/b/127

[66] Уг тогтоолыг гарахаас өмнө ҮИБНЗБХ-ны 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам мөрдөгдөж байсан.

[67] 1.Монгол Улс нь 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий чуулганы 33 дугаар хуралдаанаар баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д  Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2007 он. 34 дугаарт нийтлэгдсэн.

2.Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены Тунхаглал”-д Монгол Улс нэгдэн орохыг зөвшөөрсөн.

https://www.legalinfo.mn/law/details/3704?lawid=3704

[68] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. http://new.shuukh.mn/zahirgaaanhan/3654/view

[69] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. http://shine.shuukh.mn/zahirgaaanhan/391/view

[70] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0785 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэг. 9 дэх тал.

http://shine.shuukh.mn/zahirgaaanhan/391/view

[71] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 4682015 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэг. 9 дэх тал. http://new.shuukh.mn/zahirgaaanhan/3654/view

[72] Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь өөрөө салбар хорооны дарга хийж байсан бөгөөд энэ журмыг бүртгүүлэх шаардлагагүй гээд бүртгэж өгдөггүй байсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн албан бичиг нь уг журмыг бүртгэлгүй гэдгийг тодорхойлсон болохоос хэм хэмжээний акт мөн эсэх, бүртгүүлэх шаардлагатай, шаардлагагүй гэдгийг дурдаагүй гэдэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 4682015 дугаартай шийдвэрийн 5-6 дахь тал.

[73] Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.

[74] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. http://new.shuukh.mn/zahirgaaanhan/3654/view

[75] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.11-ний өдрийн 221/МА2019/0212 дугаартай магадлал. http://new.shuukh.mn/zahirgaadavah/2948/view

[76] Биеийн тамир, спортын тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл. 2017 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

[77] Тус хуулийн 4.1.14-т “допинг” гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг гэж тодорхойлсон.

[78] Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдээс: “Бөхчүүд Сэргээш хэрэглээгүй тухай батламж”-д гарын үсэг зурдаг. Уг батламжид: Хэрэв миний сорьцын лабораторийн шинжилгээнд жагсаалтад орсон бодис хэрэглэсэн тухай хариу гарвал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасан шийтгэл хүлээхэд гомдолгүй болохоо илэрхийлж байна. Мөн Тамирчны зөвшөөрлийн хуудасны 4-т “Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу гаргасан шийдвэрээс үүссэн аливаа маргааныг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн 13 дугаар зүйлд заасны дагуу спортын арбитрын шүүхэд давж заалдах болно. Мөн хуудасны 5-д “дээр дурьдсан спортын арбитрийн шүүхийн давж заалдах шатны шийдвэр нь эцсийнх байх бөгөөд өөр бусад аливаа шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна” гэж зурдаг.

[79] А.Сүхбатаас анаболик стероид гэх бодис илэрч, баяр наадмын Зохион байгуулах хорооноос түүний чимгийг хураах шийдвэр гарч байв. Тухайн үед А.Сүхбат нь улсын аварга цолтой байсан бөгөөд их шөвөгт шалгарсан билээ. Гэвч тэрбээр допингоо хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр түүний талд гарсан юм. Ингээд А.Сүхбат аварга ямар ч шийтгэлгүй өнгөрсөн  2006 онд шинжилгээ өгөхөө татгалзсан бөгөөд ийм тохиолдолд мөн илэрсэнээр тооцдог байна.Хамгийн анх 2002 онд аварга А.Сүхбатаас допинг илэрсэн ч шүүх түүнийг буруугүй гэж үзсэн түүхтэй.  А.Сүхбат нь улсын аварга цолтой байсан бөгөөд их шөвөгт шалгарсан билээ. Гэвч тэрбээр допингоо хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр түүний талд гарсашн юм. Ингээд А.Сүхбат аварга ямар ч шийтгэлгүй өнгөрсөн. https://koo.mn/p/883/ хамгийн сүүлд 2020.11.30-нд хандсан.

http://analiz.mn/postview/12813 сүүлд 2020.11.30-нд хандсан.

[80] Ду.Батбаярын шинжилгээнээс сэргээш илэрч зохион байгуулах хороо тvvний цолыг хураах шийдвэр гаргаж байв. Харин Ду.Батбаярын гомдлын дагуу шvvх авч хэлэлцээд хvчингvй болгож байжээ. https://bit.ly/2JFjTwF сүүлд 2020.11.30-нд хандсан.

[81] Д.Рагчааг 2006 онд бус 2012 онд буруутайг нь тогтоож, түүнд унасан гэх Ц.Магалжавт заан, Ш.Уламбаярт харцага цол нөхөж олгосон түүхтэй. Энэ үед Д.Рагчаа заан цолтойдоо улсын баяр наадамд үзүүрлэж, гарьд цол нэмсэн тул нэг чимгийг нь хасаад л өнгөрсөн. https://koo.mn/p/883/ сүүлд 2020.11.30-нд хандсан.

[82] Үндэсний их баяр наадмаар 5 давж шөвгөрөн “Өсөх идэр” чимэг хүртсэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын заан Б.Соронзонболд, “Улам нэмэх” чимэг хүртсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, “Хүч” спорт хорооны бөх, улсын начин Ц.Сумъяабэйс нарын давааг хүчингүй болгон чимгийг нь хурааж, дээрх хоёр бөхөд унасан улсын заан Б.Ганбат, улсын харцага Д.Баасандорж нарт чимгийг нөхөн олгосон. https://vip76.mn/content/8333 сүүлд 2020.11.10-нд хандсан.

[83] https://zarig.mn/eyg сайтад байршуулсан гадаад орнуудын туршлагаас авав.

[84] WADA. Тамирчдад зориулсан олон улсын сэргээшийн эсрэг /2015/ хуулийн лавлагааны удирдамж. УБ., (2015), 20 дахь тал.