О.Мөнхсайхан: Ардчилсан Үндсэн хууль маань тогтвортой байх нь чухал
1 year ago
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхантай ярилцлаа.
-Манай улс ардчилсан Үндсэн хуулиа батлаад 31 жил болж байна. Хоёулаа 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн үнэ цэний талаар яриагаа эхлэх үү?
-1992 оны Үндсэн хууль нь Монголын түүхэн дэх анхны ардчилсан Үндсэн хууль юм. 1990 онд тайван замаар хийсэн ардчилсан хувьсгалын үр дүнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ, УБХ хэлэлцэж баталсан. БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн төслийг УБХ-аар хэлэлцэж, дараа нь олон нийтэд танилцуулсан. Тэгэхэд 900 гаруй мянган хүний саналыг авсан. Мөн, төслийг англи хэл рүү орчуулж, гадаадын экспертүүдийн санаа бодлыг сонссон, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан. Ийнхүү чамбайруулсан төслийг УБХ дахин хэлэлцсэн, улмаар АИХ заалт бүрээр нухацтай хэлэлцэж, зөвшилцөж баталсан учраас энэ Үндсэн хууль өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгддөг, легитим чанар сайтай. Үндсэн хуулийг хэр сайн бэ гэдгийг олон шалгуураар хэмжиж болно.
-Тэр нь ямар шалгуур үзүүлэлтүүд юм бол?
-Энгийн гэвэл хоёр шалгуур бий. 1791 оны Францын Хүний болон иргэний эрхийн тунхгийн 16 дугаар зүйлд “Эрхийг баталгаажуулаагүй эсхүл төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль байхгүй” гэж заасан. Манай Үндсэн хууль энд дурдагдсан ардчилсан үндсэн хуулийн хоёр шалгуурыг бүрэн хангадаг.
2023 оны 6 сараас өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэхээр бол шинэлэх ёстой, үгүй бол 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 2024 оны сонгууль явагдана.
Нэгд, 1992 оны Үндсэн хууль нь хүн бүрийг хүн гэж анх удаа хүлээн зөвшөөрч, үндсэн эрх, эрх чөлөөг нь баталгаажуулсан. Олон судалгаагаар адил гараанаас гарсан пост коммунист улсууд дотроо иргэний болон улс төрийн эрхийг сайн хамгаалсан улсуудын нэгд Монгол тооцогддог. Мөн, хууль дээдлэх ёсны хэрэгжилт дээр ч адилхан доогуур дундаж орлоготой 30 орчим улсаас эхний 3-4 дүгээрт манай улс багтдаг. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд есөн удаа парламентын, найман удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, үр дүнд нь төрийн эрх мэдлийг олонхоос цөөнхөд тайвнаар шилжүүлж хэвшсэн. Энэ бол ардчилсан сонгууль явуулж байгаагийн нэг нотолгоо. Гаднын ажиглагчид ч ингэж дүгнэдэг. Гэхдээ, энэ амжилтад сэтгэл ханаж болохгүй. Ардчилал олон арван жил хэрэгжиж, тогтвортой хөгжсөн улсуудтай харьцуулахад шийдвэрлэх хэрэгтэй асуудал олон бий.
Хоёрт, 1992 оны Үндсэн хуулиар парламентын засаглалыг сонгож, үүндээ тохируулан төрийн эрх мэдлийг хуваарилсан. Ард түмнээс сонгогдсон УИХ хуулиа баталдаг, биелэлтийг нь Засгийн газар хангадаг, хууль зөрчсөн эсэхийг нь шүүх шийдвэрлэдэг. Эрх мэдлийн энэ гурван салаа нь бие биеэ харилцан хянаж дур зоргыг хазаарладаг. Тодруулбал, ээлжит сонгуулиар УИХ дахь олонх улс төрийн хариуцлага хүлээдэг. Олонх муу ажилласан бол ялагдаж цөөнх болдог. Мөн, УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн, бодлогын хувьд алдаатай гэж үзвэл Ерөнхийлөгч хориг тавьдаг. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 1/3-ээс дээших нь хоригийг хүлээж авбал тэр хууль гардаггүй. Жишээлбэл, 2015 онд авлигын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөх хуулийг УИХ баталсан. Тухайн үед Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ хүлээж авч, тэр хууль батлагдаагүй. Түүнчлэн, хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн эсэхийг иргэний өргөдөл, мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэдэг. Энэ хугацаанд 220 шахам маргаан шийдсэний талаас илүүд нь хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц тогтоосон. УИХ-д ийм хяналт байна. Гүйцэтгэх эрх мэдэл ч хяналтад байдаг.
Манайх парламентын тогтолцоотой учраас Засгийн газар муу ажиллавал парламент дахь олонх түүнийг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгэдэг.
Парламент дахь олонх Засгийн газрыг байгуулдаг, түүний итгэлийг алдвал Засгийн газар огцордог тогтолцоог парламентын гэж хэлдэг. Манайх парламентын тогтолцоотой учраас Засгийн газар муу ажиллавал парламент дахь олонх түүнийг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгэдэг. Мөн, Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг Цэц хянан шийдвэрлэдэг. 10-аад удаа ийм асуудлыг Цэц шийдсэн. Нөгөө талаас, Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын захиргааны үйл ажиллагаа, шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг.
Хараат бус байдлыг нь баталгаажуулахын тулд хуулийн хүрээнд шийдсэн хэрэг, маргааны агуулгаар нь шүүгчийг шийтгэдэггүй боловч тэдгээрт тавих хяналтын тогтолцоо бий. Шүүхийн хэрэглэх хууль, төсвийг нь УИХ баталж өгдөг. Шүүгч болон шүүгч бус гишүүний тэнцүү төлөөлөл бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олдог. Шүүгчийн сахилгын зөрчил гаргаж олон нийтийн итгэл алдсан эсэхийг Шүүхийн сахилгын хороо шийддэг. Энэ хорооны бүрэлдэхүүний олонх нь шүүгч бус, хууль зүйн өндөр мэргэшилтэй хүмүүс байдаг.
Иймд, төрийн эрх мэдлийг хуваарилж, хяналт, тэнцлийг хангаж байгаа учраас манайд дарангуйлагч төрөөгүй, хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг нь хэт их эрх мэдэл төвлөрүүлж, дур зоргоор авирлах боломж хязгаарлагддаг. Энэ бол Үндсэн хууль сайн ажиллаж байна гэсэн үг. Нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлын дийлэнх нь Үндсэн хуулиас болоогүй. Тулгамдсан асуудал бүрийг шийдлийг Үндсэн хуулиас нэхэх нь утгагүй.
- Үндсэн хуульд 2000, 2019 онд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтүүд хэр оновчтой байсан гэж та үздэг вэ?
- 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь парламентын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн маш чухал шинэчлэл болсон. Ердийн хууль батлагдаад хамгийн багадаа таван жил, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаад багадаа найман жил хэрэгжиж байж үр дүнг нь үнэлдэг номтой. Энэ нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлээд хоёр жил гаруй л болж буй тул түүнийг бүтэн үнэлэх боломжгүй. Мөн, нэмэлт, өөрчлөлтийг дагаад 40 орчим хууль гарах ёстой ч Шүүхийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай зэрэг чухал хууль батлагдаад хэрэгжиж байна. Харин Улс төрийн намын тухай, Улс төрийн санхүүжилтийн тухай, Ерөнхийлөгчийн тухай, Баялагийн сангийн тухай зэрэг хууль батлагдаагүй байна. Жишээлбэл, авлига зэрэг асуудал шийдэгдэж чадахгүй байгаа гол шалтгааны нэг нь мөнгөний болон улс төрийн эрх мэдэл бараг нэгдсэнтэй холбоотой.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй маш олон бүрэн эрхийг хуулиар өгснөөс болж түүний зүгээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дотоод хэрэгт оролцож, хяналт тэнцэл алдагдуулах болсон.
Нам дотоод ардчилалтай байх, хөрөнгө, орлого, зарцуулалт нь ил тод байх, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зарчмууд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан. Энэ нь намуудыг мөнгөний хэт хамаарлаас салгаж, явцуу бус нийтийн ашиг сонирхолд үйлчилдэг болгох агуулгатай. Үүнийг амилуулах хуулиуд одоо болтол батлагдаагүй байна.
- Ерөнхийлөгчийн тухай шинэ хуулиар юу зохицуулах вэ?
-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй маш олон бүрэн эрхийг хуулиар өгснөөс болж түүний зүгээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дотоод хэрэгт оролцож, хяналт тэнцэл алдагдуулах болсон. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Ерөнхийлөгч Үндсэн хууль заасан бүрэн эрхээ л хэрэгжүүлнэ, түүнээс өөр тодорхой бүрэн эрх өгөхгүй гэдэг заалт 2019 онд Үндсэн хуулийн 33.4-т орсон. Үүний дагуу Ерөнхийлөгчид ердийн хуулиар нэмж өгсөн илүүдэл бүрэн эрхүүдийг хасах, парламентын тогтолцоотой улсын Ерөнхийлөгчийн статуст нийцүүлэн түүний үндсэн бүрэн эрхийг оновчтой зохицуулах ёстой. Ийм агуулгатай Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг Засгийн газар 2021 оны хавар боловсруулж дууссан ч УИХ-д өргөн бариагүй байна.
- Дахиад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх тухай саналыг зарим нэг хүн гаргаж байгааг та юу гэж үзэж байна вэ?
- Үндсэн хууль нь тавигдсан зорилгод хүрсний дараа шинэчилдэг хөтөлбөр биш учраас тодорхой хугацаа өнгөрөөд заавал өөрчилнө, шинэчилнэ гэж юм байхгүй. Ардчилсан Үндсэн хууль маань тогтвортой байх нь чухал. Учир нь, Үндсэн хууль тогтвортой байж байж түүнд захирагдаж, сахин биелүүлэх ёс төлөвшинө. Үндсэн хуулийг тууштай хэрэгжүүлж байж түүнд заасан үндсэн эрхийг бодитой эдлүүлдэг болно, төрийн эрх мэдлийн хуваарилалт бэхжиж, хяналт тэнцэл хангагдана. Мөн, бид тууштай байж 2019 оныхоо нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг үзэх хэрэгтэй. Түүнийг дагаж гарах ёстой ердийн хуулиудыг батлах ёстой.
Гэвч, өнгөрсөн 8 дугаар сард Цэцээс УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын гишүүн байж болох тухай хязгаарлалтыг хүчингүй болгосон нь харамсалтай. Энэ нь УИХ-ын 76-хан гишүүний бараг 1/3 нь сайд, дарга болж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн заагийг хэт бүдгэрүүлж, хяналт тэнцлийг буцаагаад алдагдуулж, 2019 оны нэмэлт, өөрчлөлт гажихад хүргэж байна. Үүнийг засахын тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд заах хэрэгтэй гэж зарим нь одоо ярьж байна.
Энэ хоёр саналыг Үндсэн хууль судлаачид бидний нэлээд нь тухайн үед дэмжиж байсан бөгөөд тэдгээр нь УИХ дээр хэлэлцэгдэж нэлээн яригдсан ч 2019 оны зөвшилцлийн явцад хасагдсан. Ирээдүйд эдгээр нь дахин сөхөгдвөл 2016-2019 оных шиг судалгаа, иргэдийн оролцоо, зөвшилцөл хангагдсан процессоор шүүгдэж гарвал л хүлээн зөвшөөрөгдөнө. 2000 оных шиг давчуу хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь байнгын шүүмж дагуулж, тогтворгүй байдал үүснэ. Агуулгын хувьд 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалаа өөрчилж болохгүй. Жишээлбэл, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсхүл парламентыг хоёр танхимтай болгох шаардлагагүй. Ийм өөрчлөлт нь төрийн эрх мэдлийг цоо шинээр хуваарилахад хүргэж, шинэ Үндсэн хууль руу түлхэнэ. Дээр тайлбарласанчлан манай одоогийн Үндсэн хууль нь маш сайн учраас шинэ Үндсэн хууль хэрэггүй юм. Дахин цоо шинээр эхлэх бус, одоогийн Үндсэн хуулиа илүү тууштай хэрэгжүүлдэг болж байж үндсэн хуульт ардчилал төлөвшинө.
- Яагаад ийм агуулгатай өөрчлөлт хийж болохгүй гэж вэ? Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгоё гэж одоо зарим нь яриад байгаа?
- 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэх үед маш олон санал гарсан ч зарим нь унасан. Одоо тэр бүгдийг дахин дахин ярина гэвэл дороо хий эргэсэн хэрэг болно. Тухайлбал, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохоо болъё гэх санал нь зөвлөлдөх санал асуулга болон социологийн судалгаагаар иргэдийн 90-иэс дээш хувиар татгалзагдсан учраас төсөлд тусаагүй. Мэргэжлийн талаасаа ч ийм өөрчлөлт хийгээгүй нь зөв байсан.
Манай улс ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч бүхий парламентын тогтолцоотой. Ийм тогтолцоо Финлянд, Польш, Чех зэрэг улсад байна. Сүүлийн үеийн судалгаагаар үүнийг ардчилалд ээлтэй сайн тогтолцоо гэж дүгнэдэг. Учир нь, Ерөнхийлөгч нь бэлгэдлийн төдийгүй арбитрчийн чиг үүрэг гүйцэтгэж байж хяналт тэнцлийг хангадаг. Тухайлбал, УИХ-ын баталсан хуульд хориг тавьдаг. Мөн, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар хэрэгжүүлэх боловч үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, зэвсэгт хүчин гэсэн улс орны язгуур ашиг сонирхолтой холбоотой бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар болон Ерөнхийлөгч аль аль нь эрх хэмээнийхээ хүрээнд оролцдог.
Манайх шиг сонгуулийн тогтолцоотой, намууд бэхжээгүй оронд төрийн тэргүүнийг парламентаас сонгодог болчихвол тэрээр намын дарга - Ерөнхий сайдын “гарын хүн” болох магадлалтай
Жишээлбэл, Засгийн газраас ирүүлсэн саналд үндэслэн гадаад улсад суух элчин сайдыг УИХ-тай зөвшилцөж томилох, УИХ-ын чуулганы чөлөө цагт онц болон дайны байдал зарлах зэрэг бүрэн эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид өгсөн. Шүүгчийг сонгон шалгаруулсны дараа Ерөнхийлөгч түүнийг томилох үүргийг гүйцэтгэж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг нь баталгаажуулж өгдөг. Үндсэн хуулийн цэцийг тэнцвэртэй ажиллуулахын тулд түүний бүрэлдэхүүний гуравны нэгийг Ерөнхийлөгч санал болгодог. Ийм чухал чиг үүргийг Ерөнхийлөгч хэрэгжүүлдэг учраас парламентын олонх болон засгийн газраас харьцангуй хараат бус ажиллах ёстой. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдож байгаа учраас парламентаас харьцангуй бие даасан байж чаддаг.
Манайх шиг сонгуулийн тогтолцоотой, намууд бэхжээгүй оронд төрийн тэргүүнийг парламентаас сонгодог болчихвол тэрээр намын дарга - Ерөнхий сайдын “гарын хүн” болох магадлалтай. Шүүх, Цэц зэрэг бие даасан байгууллагууд ч Ерөнхий сайдын шууд нөлөөнд орох тал руу явна. Одоогийн Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бүх чиг үүрэг Ерөнхий сайдын хамааралд орж, хяналт-тэнцэл алдагдана. Бэлээхэн жишээнүүд ч бий. Унгар манайхтай адил нэг танхимтай парламенттай. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Ерөнхий сайд нь сүүлийн 10 гаруй жилд эрх мэдэл төвлөрүүлж хаан шиг болж авторитар дэглэм рүү гулсаж байна.
-Ойрын үед хоёр танхимтай парламенттай болох тухай яриа дээр та юу хэлэх вэ?
-Парламентыг хоёр танхимтай болгох санал ч 2017 оны зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн дэмжлэг аваагүй унасан. Хоёр танхимт парламент нь холбооны, хаант (язгууртны) засагтай, олон сая хүн амтай, олон үндэстэн, шашны улсад тохирдог. Монгол шиг нэгдмэл, Бүгд найрамдах, цөөн хүн амтай, нэг үндэстний улсад нэг танхимт парламент тохирдог. Сүүлийн 100 жил улс орнууд хоёр танхимаас татгалзаж байна. Швед зэрэг зарим улсад анх дээд танхимд феодалын төлөөллийг оруулдаг байсан ч сүүлийн үед уг танхимаа татан буулгасан. Манайд ийм феодал байхгүй, байсан ч тэр хүмүүст зориулсан бүтэц бий болгох нь иргэний тэгш эрхэд нийцэхгүй. Нэг танхимтай ч парламентын тогтолцоог бэхжүүлж, төрийн эрх мэдлийн хуваарилалт хяналт-тэнцлийг хангаад явж байгаа Финлянд, Эстони, Монгол зэрэг улс бий.
Миний хувьд холимог тогтолцоо руу орохыг дэмждэг. Гагцхүү, мажоритар болон пропорционал элемент нь ямар харьцаатай байх уу, мажоритар нь томсгосон эсхүл жижиг тойрогтой байх уу гэх мэт нарийн зүйлсийг сайн ярьж шийдвэрлэх хэрэгтэй
-Үндсэн хуулийн цэцийн тухай, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулахаар болсон. Ямар явцтай байна вэ?
-Цэцийг илүү мэргэжлийн, хараат бус, хүний үндсэн эрхийг хамгаалдаг Үндсэн хуулийн шүүх болгох тал руу хөгжүүлэх шаардлагатай. 2021 онд УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан эдгээр хуулийн төслийг боловсруулж байна. Ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн оны 10 сард, хэлэлцүүлгийг энэ оны 1 сарын 10-ны өдөр зохион байгуулаад байна. Мөн, ажлын хэсэгт мэргэжлийн туслалцаа үзүүлэх дэд хэсэг Ханнс-Зайделийн сангийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхтэй танилцаж мэдээлэл авсан. Мөн, цагдаа, прокурорын тухай хууль ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд бүрэн хийгдэж чадаагүй л байна. Эдгээр хууль шинэлэгдэж байж шүүхийн шинэчлэл бүрэн гүйцэд болно. 2021 онд Шүүхийн тухай шинэ хууль батлагдсан ч дангаараа хангалттай биш.
-Үндсэн хуулийн хүрээнд сонгуулийн тогтолцоогоо өөрчилж болох уу?
-Болно. 2016 онд Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн пропорционал тогтолцоо шууд сонгогдох эрхийг зөрчсөн гэсэн алдаатай шийдвэр гаргасан. Үүнээс улбаалж, 2016 оны сонгууль мажоритар тогтолцоогоор явсан. 2022 оны зургадугаар сард Цэцийн 02 дугаар тогтоол гарч, шууд сонгогдох эрх нь сонгуулийн пропорционал тогтолцоог зөрчихгүй, саналаа нууцаар гаргаж, чөлөөтэй, нийтээрээ, тэгш сонгох эрхийн үндсэн дээр сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэж шийдсэн.
Тэгэхээр УИХ-ын хувьд ердийн хуулиар сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлээд явах боломжтой. Нэг талаас нийгэм дэх улс төрийн ялгааг хувь тэнцүүлэн тусгах, нийтийн ашиг сонирхлын үүднээс улс төрийн бодлогын шийдлийн уралдаан өрнүүлэх, нөгөө талаас тойргоос гишүүдийг сонгох боломжийг иргэдэд өгдөг, тойрогт буй иргэдийн байр сууриас асуудлыг харж хэлэлцдэг гэсэн давуу тал холимог тогтолцоонд бий. Миний хувьд холимог тогтолцоо руу орохыг дэмждэг. Гагцхүү, мажоритар болон пропорционал элемент нь ямар харьцаатай байх уу, мажоритар нь томсгосон эсхүл жижиг тойрогтой байх уу гэх мэт нарийн зүйлсийг сайн ярьж шийдвэрлэх хэрэгтэй. Одоо хэдхэн сарын хугацаа л байна. Үндсэн хуулийн 21.4-ийн дагуу “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” Иймээс, 2023 оны 6 сараас өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэхээр бол шинэлэх ёстой, үгүй бол 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 2024 оны сонгууль явагдана.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: https://gogo.mn/r/e7nky
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
2 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
6 days ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
2024-11-19
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-11-17 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-11-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Мөнх-Алдар Ингүүн
2024-11-14 Бакалаврын ажилдуудаж байна !