О.Мөнхсайхан: Цэцийн дээр хөх тэнгэр бус Үндсэн хууль л бий
6 years ago
МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.
- Сүүлийн үед ЗГ-ын шийдвэрийг Захиргааны шүүх хянах ёсгүй гэдэг асуудал хүчтэй яригдаад эхэллээ. Энэ ер нь хэзээнээс эхэлсэн асуудал вэ?
- Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинээр батлагдаж 2016 оны 7 сарын 1-ээс эхэлж үйлчилсэн. Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүх шийддэг болсон нь эдгээр хуулийн нэг шинэлэг тал. Хоёр жил хүрэхгүй энэ хугацаанд ЗГ-ыг хариуцагчаар татсан 20 гаруй хэрэг шийдвэрлэсэн нь вэбсайтад тавигджээ. Жишээлбэл, төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн, эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан, мөн уул уурхайн лицензтэй холбоотой зэрэг асуудлаарх Засгийн газрын шийдвэрийг хянан магадалсан байна. Үүнээс олны анхаарлыг хамгийн их татсан хоёр хэрэг байна. Эхнийх нь 2017 онд өвөл, хаврын цагт хурдан морины уралдааны хуваарийг товлосон Засгийн газрын тогтоол хүүхдийн эрх зөрчсөн, хууль бус байсныг захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн эсэх хэрэг байна. Энэ мэт хэргийг шийдвэрлэх явцад ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй” гэж хэлж байжээ.
- ЗГ-ын шийдвэр хууль зөрчсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй юм бол хаанаас тогтоох вэ?
- Энэ бол 13 жилийн өмнө гарч байсан маргаан л даа. Цэц Сонгуулийн ерөнхий хороо болон ЗГ захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй гэсэн 2-р дүгнэлтийг 2005 онд гаргасан. Энэ дүгнэлтээр Цэц Үндсэн хуулийг гуйвуулж тайлбарласан хэмээн олон хуульч, судлаачид тухайн үед шүүмжилж байв. Тухайлбал, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш “2005 онд Цэц ЗГ, СЕХ-ны аливаа шийдвэрийг Цэц хянах ёстой гэсэн “хөнгөн хийсвэр, омголон” дүгнэлт гаргаж, УИХ түүнийг хүлээн зөвшөөрсөн” гэж ярилцлага өгсөн байдаг.
- Тэгэхээр Цэцийн 2005 оны дүгнэлт захиргааны шүүх Засгийн газрыг ерөөсөө хянахгүй гэсэн агуулгатай гарсан юм уу?
- Шууд тэгж ойлгож болохгүй ээ. Цэцийн 2005 оны дээрх дүгнэлтийн талаар 2 янзын тайлбар бий. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь ЗГ-ын бүхий л үйл ажиллагааг хянах мэт ойлгогдож байсан учраас Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн гэх эхний тайлбар байна. Үүнийг энэ чиглэлийн ихэнх хуульчид, судлаачид дэмждэг. Тиймээс, 2015-2016 онд батлагдсан шинэ хуулиудаар захиргааны хэргийн шүүх ЗГ-ын үйл ажиллагааны алийг нь хянаж, алийг нь хянахгүй вэ гэдгийг ялгаж өгсөн учраас Үндсэн хуулийг зөрчөөгүй юм. Тухайлбал, захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагуудын захиргааны үйл ажиллагааг л хянана, харин улстөрийн шийдвэр гаргах ажиллагааг нь хянахгүй гэж хуульчилсан. 2002 оны хуульд ийм нарийвчилсан зохицуулалт байхгүй байлаа. Тухайн үед буюу 2005 оны 1 сарын 28-ны өдөр ЗГ-ын хуралдаанаар зарим сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт дурдагдсан сайд Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нар захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүх ЗГ-ын шийдвэрийг түдгэлзүүлсэн юм. Ерөнхий сайд танхимдаа хэнийг сайдаар ажиллуулах, эс ажиллуулахаа өөрөө мэдэх эрхтэй. Энэ бол улстөрийн шийдвэр. Харин, одоогийн хуулиудын дагуу 2005 оных шиг сайдыг чөлөөлөх талаарх ЗГ-ын шийдвэрийг улс төрийн үйл ажиллагаа гээд захиргааны хэргийн шүүх хянахгүй. Мөн, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн. Энэ нь эрүү, иргэний хэргийг эрүү, иргэний шүүх, үндсэн хуулийн маргааныг Цэц, эдгээрээс бусад нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны шүүх хянана гэсэн үг. Захиргааны хэргийн харьяаллын асуудлыг ялгаж, нарийвчлан зааснаар Үндсэн хуулийн зөрчил бүрэн арилсан.
- Засгийн газрын үйл ажиллагаа нь улстөрийнх уу, эсхүл захиргааных уу гэдгийг хэн яаж тогтоох вэ?
- Улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалгаж тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж хуульд тодорхойлсон л доо. Шүүх үйл ажиллагаа улстөрийнх мөн үү биш үү гэдгийг тухай бүр хэрэг дээр нь ялгаж шийдэх замаар энэ шалгуурын агуулгыг хэвшүүлнэ. Тухайлбал, хэнийг сайдаар томилуулах, чөлөөлөх тухай шийдвэр процедураараа л гарсан бол агуулга дээр нь хууль зүйн шалгуур байхгүй. Энэ зарчим бол Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Жишээлбэл, АНУ-д political question буюу улстөрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй.
- Нөгөө хэсгийн баримталдаг тайлбар нь?
- Ингэж шинэ хуулийн орчин үүсчхээд байхад Цэцийн 2005 оны дүгнэлтийг баримталж ЗГ-ын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж тайлбарладаг өөр нэг хэсэг бий. Цэцийн дүгнэлт ийм агуулгаар гарсан бол энэ нь Үндсэн хуулийг ташаа тайлбарласан явдал учраас энэ асуудлаар мэдээлэл ирвэл Цэц залруулга хийж, одоогийн хуулийн зохицуулалт Үндсэн хуульд нийцсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хангалттай үндэслэл бий.
Цэцийн энэ дүгнэлтдээ “ЗГ-ын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон ЗГ, УИХ-ын эрх хэмжээнд халдсан. Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээг олгогдоогүй” гэсэн байдаг. Уг нь, Үндсэн хуулийн 38.1-д “Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага” гэсэн нь ЗГ хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангахдаа доод шатны байгууллага, албан тушаалтныг хуулийн дагуу захирамжлах утга илэрхийлснээс бус хууль, түүний манаач болсон шүүхийн хяналтаас дээгүүр гэсэн үг биш.
Мөн, Үндсэн хуулийн 45.2-т “ЗГ-ын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол ЗГ өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэж заасан нь уг асуудлыг шүүх харьяалахгүй гэсэн агуулгагүй. Харин, энэ бол Засгийн газар хууль зөрчсөн алдаагаа өөрөө засах эсхүл түүнийг томилсон УИХ уг алдааг нь засах боломж олгосон заалт. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд нь улс төрийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлдэг боловч шүүх шиг нотлох баримтыг үнэлэх, хууль зүйн үндэслэлээр маргааныг төвийг сахиж, хараат бусаар шийдвэрлэх чиг үүрэггүй. Тиймээс, уг асуудлаар эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг үгүйсгэхийг Үндсэн хууль зөвшөөрдөггүй. Иргэн бүр “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,” “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг Үндсэн хууль хамгаалдаг.
- Хүн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл УИХ эсхүл Засгийн газарт хандаад шийдвэрлүүлж болдоггүй юм уу?
- Үндсэн хуулийн 19.1-д зааснаар төр хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг. Зөвхөн шүүх хөндөгдсөн тодорхой эрхийг сэргээн эдлүүлдэг. Захиргааны хэргийн шүүх нь бусад шүүхтэй нэгэн адил ийм чиг үүрэг хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Засгийн газар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халсан бол шүүх үүнийг тогтоож, уг шийдвэрийг хүчингүй болгоод зогсохгүй тухайн хүнийг ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргадаг. Хууль тогтоомжид нийцээгүй ЗГ-ын шийдвэрийг ЗГ өөрөө эсхүл УИХ хүчингүй болгож болох ч шүүх шиг хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломж хязгаарлагдмал. Тиймээс, ЗГ-ын үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн эсхүл захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргавал хувь хүн, хуулийн этгээд хөндөгдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй болж хохирно.
ЗГ-ын үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байхгүй боловч Цэцийн хяналтад байгаа гэж хоёр дахь тайлбарыг баримтлагчид хэлдэг. Гэвч, Цэц ЗГ-ын шийдвэр хуульд нийцсэн эсэх асуудлыг бүрэн, цогц шийдвэрлэх эрх хэмжээгүй. Үндсэн хуулийн 66-р зүйлд заасны дагуу зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан шийдвэрлэдэг. Мөн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж хориглосон. Тиймээс, Цэц Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг тэр бүр хүлээн авдаггүй. Түүнчлэн, Цэц Үндсэн хуулийн 1.2-т буй хууль дээдлэх зарчмын хүрээнд ЗГ-ын зарим нэг шийдвэрийг хяналаа гэхэд уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож болох ч шүүх шиг хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлж чадахгүй.
- 2005 онд Цэцийн дүгнэлт гарсны дараа Засгийн газрыг шүүх ерөөсөө хянахгүй байсан юм уу?
- Цэцийн 2005 дүгнэлтээр захиргааны шүүхийн харьяаллаас ЗГ-ыг хассанаас хойш 2016 оны 7 сар хүртэл ЗГ-ын шийдвэртэй холбоотой олон маргааныг иргэний шүүхээр шийдвэрлэж байв. Засгийн газрын шийдвэрийг хянах эрх мэдлийг иргэний шүүх хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд нийцдэг, харин захиргааны шүүх хянахаар Үндсэн хууль зөрчдөг байж болохгүй ба ийм тайлбарыг зарчмын хувьд зөвтгөх боломжгүй. Иргэний шүүх ЗГ-ын захиргааны үйл ажиллагаа бүгдийг хууль зөрчсөн эсэхэд хяналт тавьж чадахгүй. Мөн, захиргааны шүүх тухайн төрлийн маргаанаар дагнасан учраас захиргааны хэргийг илүү мэргэшсэн төвшинд шийдвэрлэх магадлалтай. Түүнчлэн, иргэний шүүхээс ялгаатай нь захиргааны хэргийн шүүх өөрөө санаачилгаараа нотлох баримт цуглуулах, үзлэг хийх чиг үүрэгтэй. Учир нь, захиргааны хэрэгт нэг талаас иргэн, хуулийн этгээд, нөгөө талаас эдгээрээс давуу байдалтай захиргааны байгууллага маргадаг учраас захиргааны шүүх энэ тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх зорилгоор илүү идэвхтэй ажиллахыг шаарддаг. ЗГ-ийн захиргааны үйл ажиллагаа хууль бус байсныг тогтоох өргөн эрх мэдэл нь иргэний шүүхээс илүү захиргааны шүүхэд хадгалагддаг. Иргэний шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг л үнэлж шийддэг тул энэ шүүх дээр иргэн, хуулийн этгээд нь ЗГ-тай маргавал тэнцвэргүй мэтгэлцээн болдог. Иймд, захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас ЗГ-ыг гаргавал иргэд эрхээ бүрэн гүйцэд хамгаалуулж чадахгүй болно.
- Цэцийн даргын Дээд шүүхэд явуулсан албан бичигт иргэдийн мэдээлэлд дурдсан холбогдох шийдвэрүүдийг хянаж хариу ирүүл гэсэн байсан. Энэ хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа юу?
- Цэцийн дарга Д.Одбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод албан бичиг явуулсан нь вэбсайтад тавигдсан байна лээ. “Захиргааны хэргийн шүүхээс ЗГ-ын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль болон Цэцийн дээр дурдсан шийдвэрт нийцэхгүй” тухай мэдээллийг иргэд ирүүлснийг дурдаж “Дээд шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн энэхүү буруу практикийг залруулж хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах буюу холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх зэргээр шаардлагатай арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Энэ бол Цэцийн гишүүний буюу шүүгчийн наад захын ёс зүйг ноцтой зөрчсөн ноцтой асуудал. Нэгд, 2005 оны Цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөнийг нь тогтоосон заалтыг агуулгаар нь сэргээж хуульчилсан эсэхийг Цэц их суудлаараа л хэлэлцэж шийдэх хуультай. Түүнээс биш, Цэцийн даргад ийм эрх хэмжээ байхгүй.
Хоёрт, Цэцээр шийдэгдээгүй байгаа маргааны талаарх дүгнэлт, саналыг Цэцийн дарга урьдчилан хэлэх хориотой. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4-т "Цэцийн гишүүн хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан хэлэх, энэ талаар бусдад зөвлөгөө өгөх эрхгүй" гэсэн, Цэцийн тухай хуулийн 3.7-д бас хориглосон. Учир нь, Цэцийн гишүүд тухайн маргааныг талуудын байр суурь, үндэслэл, нотлох баримтыг хөндлөнгөөс сонсож, үнэлж дүгнээд, дараа нь шийдвэрээ гаргах гаргах, тийнхүү ойлгогдох үүрэгтэй. Ерөөс шүүх төвийг сахисан байхын утга энэ юм. 2005 оны дүгнэлтийг хоёр янзаар тайлбарладаг гэж дээр хэлсэн. Тэгвэл Цэцийн дарга өөрөө хоёр дахь талыг буюу “захиргааны хэргийн шүүх ЗГ-ын шийдвэрийг огт хянах ёсгүй” гэсэн үзэл баримтлалтай гэдгээ энэ албан бичгээрээ урьдчилан мэдэгдчихлээ. Тэгэхээр энэ хүн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2.3-д зааснаар уг маргааныг шийдвэрлэхэд орохоос татгалзан гарах ёстой.
Гуравт, хуулиар зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох зарчмыг зөрчсөн. 2007 онд Цэц “аливаа төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим” бөгөөд УИХ-ын дарга Ц.Нямдорж эрх хэмжээ хуулиар олгоогүй байхад УИХ-аас баталсан хуулийг засаж энэ зарчмыг зөрчсөн, огцруулах үндэслэлтэй хэмээн дүгнэсэн. Энэ зарчим нь УИХ-ын даргын нэгэн адил Цэцийн дарга, аливаа бусад төрийн албан тушаалтанд үйлчилнэ. Цэцийн дарга маргааны талаар урьдчилан дүгнэлт хийгээд зогсохгүй Дээд шүүхийн Ерөнхий шүүгч рүү хуулийн тайлбар гарга, холбогдох шийдвэрүүдийг хянан үз гэж даалгавар өгч байгаа мэт албан бичиг явуулсан нь хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл. Ингэж даалгах эрх хэмжээ Цэцийн даргад байхгүй.
Дөрөв дэх зөрчил нь шүүгчийн хараат бус байдал руу халдсан гэх талтай. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21.1-д “аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэсэн бөгөөд үүнийг зөрчсөн этгээдэд торгох шийтгэл ногдуулахаар заасан. Гэтэл, Цэцийн дарга “хуулийг ингэж ойлго, холбогдох шийдвэрүүдийг хянаж үз” гэж даалгаж байгаа нь шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд оролцох, нөлөөлөх шинжтэй гэж жирийн иргэнд ойлгогдоно.
Цэцийн дарга дээр дурдсан олон хуулийн заалтыг ноцтой зөрчсөн учраас Үндсэн хуулийн 65.4-т "Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно" гэж заасны дагуу түүнийг эгүүлэн татах үндэслэл үүсчихлээ гэж харж байна.
- Цэцийн даргын албан бичигт Ерөнхий шүүгч хариу өгөх ёстой юу?
- Дээд шүүхийн Ерөнхий шүүгч үүнд хариу өгөх үүрэггүй. Харин шүүгчид зүй бусаар нөлөөлөхийг оролдсон гэж нөлөөллийн мэдүүлэг бичих хууль бий. Нөлөөллийн мэдүүлэгт үндэслэж, захиргааны болон сахилгын хариуцлага тооцуулах асуудал тавьж болно. Ердийн шүүхийн шүүгчид нөлөөлөх гэсэн иймэрхүү оролдлого дээр хариуцлага тооцсон тохиолдлууд бий. Ерөнхий шүүгч нөлөөллийн мэдүүлэг бичихгүй бол түүнийг илгээсэн байгууллага болох УИХ дотроос эгүүлэн татах санал гаргаж болно. Мөн иргэд ч энэ асуудлаар УИХ болон Цэцэд хандаж болно. Харамсалтай нь, Цэцийн гишүүнтэй хариуцлага тооцох механизм огт ажилладаггүй.
- Цэцийн дарга гэлтгүй гишүүдийн талаар таагүй зүйл их сонсогддог ч хариуцлага тооцож чаддаггүй. Тухайлбал Д.Сугар?
- Цэцийн одоогийн дарга шиг ноцтой зөрчил гаргаж байсан гишүүн Цэцэд хэд хэд байсан. Цэцийн гишүүн өмгөөлөл хийж байсан, УИХ-д өргөн баригдах магадлалтай хуулийн төсөл Үндсэн хуульд нийцсэн эсэх дүгнэлтийг төлбөртэйгээр гаргаж байсан тохиолдол ч бий. Д.Сугар гишүүний хувьд энэ оны 5 дугаар сарын 9-ний өдөр буюу хэдхэн хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно. Хоёр ноцтой ёс зүйн зөрчил гаргаж байсан учраас түүнийг дахин нэр дэвшүүлж, томилж болохгүй. Тодруулбал, Цэцэд томилогдохоосоо өмнө тэрээр ТӨХ-ны дарга байхдаа Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг зөрчсөн 11 зөрчил гаргасан тухай албан бичгийг АТГ Цэц рүү 2014 онд явуулж байв. Тухайлбал, Цэцийн гишүүний цалингаасаа 40.5 дахин их хэмжээний орлогыг хэдэн жил ХОМ-тээ тусгаж байгаагүй гэдэг. Япон, Солонгост байсан байшингийнхаа талаар, түүнийгээ зарсан талаараа мэдүүлээгүй асуудал. Өөрөө ч үүнийгээ ерөнхийдөө зөвшөөрч ярилцлага өгсөн. Мөн, тухайн үеийн Цэцийн дарга үүнийг нь тогтоосон тушаалыг гаргаж байлаа. Авлигын эсрэг хуульд ХОМ-доо жилийн цалингаас илүү хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй албан тушаалтныг огцруулах заалт бий. Цэцийн гишүүн болохоос өмнөх зөрчил ч эгүүлэн татах үндэслэл болдог ч түүнийг эгүүлэн татаагүй өнгөрсөн дөө. Мөн, Д.Сугар гишүүн ТӨХ-ны дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалахад баталгаа гаргаж гарын үсэг зурсан эсэх асуудал яригдаж, шалгагдаж байгаа хэмээн хэвлэл бичиж байна. Гэтэл, тэрээр сая Эрдэнэттэй холбоотой маргааныг илтгэж, шийдвэрлэхэд оролцов. Мэдээлэл гаргасан хуульч “уг маргааныг шийдвэрлэхэд Д.Сугар гишүүнийг оролцуулсан нь ашиг сонирхлын хамаарал, ёс зүйн талаас” буруу зүйл болсон гэж хэлээд ч нэмэр болоогүй. Уг нь, маргааныг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий ийм эргэлзээ олон нийтэд төрөхөөр байвал ердийн шүүхийн шүүгч татгалзах үүрэгтэй байдаг. Харамсалтай нь, Цэцэд ийм зохицуулалт үйлчилдэггүй.
Түүнчлэн, П.Очирбат Цэцийн гишүүн байхдаа 2010 оноос эхлэн олон жил нэгэн томоохон уул уурхайн хувийн компаниас сар бүр 2000 долларын цалин авч байсан төдийгүй улс төржсөн ярилцлага байн байн хэвлэлээр өгдөг байв. Цэц уул уурхайтай холбоотой эсхүл улс төрийн үр дагавартай олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, түүнд нь П.Очирбат гишүүн оролцож л байлаа. Манай Цэцийн гишүүдийн шүүгчийн ёс зүйг баримталдаггүй энэ мэт жишээнүүдийн талаар би Германы Үндсэн хуулийн профессорт хэлэхэд тэр маш их гайхаж байсан. Тэдний Үндсэн хуулийн шүүх 1951 онд байгуулагдсанаас хойш иймэрхүү асуудалтай холбогдсон шүүгч нэг ч удаа гарч байгаагүй гэж хэлсэн. Уг нь, Үндсэн хуулийн шүүх ийм л хамгийн нэр хүндтэй байгууллага байх хэрэгтэй. Цэцийн зарим гишүүн өөрсдийнхөө дээр Хөх тэнгэр л бий гэж боддог, үүнийгээ ч илэрхийлдэг. Уг нь, Цэцийн дээр хөх тэнгэр бус Үндсэн хууль, түүнд нийцсэн хууль болон ёс зүй бий л дээ. Иймээс, манай нөхцөлд Цэцийн гишүүний заавал баримтлах зарчим, хориглох зүйлийг тодорхой хуульчилж, түүнийг зөрчсөн тухай асуудлыг хараат бусаар, шударгаар, төвийг сахиж шалгаж, тогтоогдвол хариуцлага тооцох механизмыг хуулиар хийж өгөхгүй бол болохгүй. Мөн Цэцийн олонхыг улс төрчдөөр дүүргэдэг учраас Цэц Үндсэн хуулийн шүүх шиг гэхээс илүү УИХ-ын дээд танхим шиг улс төржиж ажилладаг. Цэц Үндсэн хуулийн шүүх юм бол хууль зүйн өндөр мэргэшилтэй хүмүүсийг тэнд томилдог болох зэргээр Цэцийн хууль тогтоомжийг шинэчлэн найруулах нь нэн тулгамдсан асуудал.
- ЗГХЭГ-ын мэргэжилтэн н.Дондогмаа гэдэг хүн Байнгын хорооны хурал дээр хэрэг эрхлэх газар гурван иргэнээр дамжуулж Цэц рүү мэдээлэл гаргуулсан гэж ярьсан. ЗГ хяналт, хариуцлагаас мултрах зорилгоор захиалгаар мэдээлэл гаргуулж байгаа нь хэр зохимжтой вэ?
- Тэр референт үг хэлж буй бичлэгийг нь үзсэн. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр энэ хүн “Захиргааны хэргийн ЗГ-ын шийдвэрийг хянан хэлэлцэж буй асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд хуулийн төсөл боловсруулах үүргийг ХЗДХ-ийн сайдад өгсөн. Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож буй асуудлаар Цэцэд асуудал тавиулахаар иргэнээр мэдээлэл гаргуулсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулаад Цэцээс Цэцийн 2005 оны 2-р дүгнэлт хүчинтэй байгаа тухай Дээд шүүхэд бичиг явуулсан” гэж хэлжээ. Тэгэхээр, Засгийн газар үйл ажиллагаагаа захиргааны хэргийн шүүхээр хянуулахгүй байхын тулд энэ тухай мэдээлэл гаргахыг иргэнд захиалж, Цэцийн дарга Д.Одбаяр уг захиалгыг нь хууль бусаар биелүүлж Дээд шүүхийн ерөнхий шүүгч рүү албан бичиг явуулжээ гэж ойлгогдож байна. Иргэнд захиалга өгч өргөдөл, мэдээлэл гаргуулах замаар Цэцийг улс төрийн арга хэрэгсэл болгон ашигладаг, Цэц түүнд нь үйлчилдэг гэсэн хардлага ортойг харуулсан жишээ ийнхүү нэгээр нэмэгдлээ.
Ярилцсан: Б.Дорж
Эх сурвалж: Өдрийн сонины 2018.05.03-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
2 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
6 days ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
2024-11-19
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-11-17 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-11-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Мөнх-Алдар Ингүүн
2024-11-14 Бакалаврын ажилдуудаж байна !