Д.Сүнжид: Хүний эрхийг хангах асуудал нь бүх нийтийн үйл хэрэг юм
8 months ago
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжидтэй Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар ярилцсаныг хүргэж байна.
-Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал ямар түвшинд байна вэ?
-Иргэний болон улс төрийн эрхийн хувьд олон улсын индексээр “Хагас эрх чөлөөтэй”, дундаж түвшинд байдаг. Хэвлэлийн эрх чөлөөний байдал ухарч, 88-д орсон. Жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлт 80 дугаарт эрэмбэлэгдэж байна. Эдийн засаг-нийгэм, соёлын эрх хангалтгүй, 50 хувиас доогуур байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, хөдөлмөрлөх эрх, боловсролын тэгш бус байдал, орчин цагийн боолчлол зэрэг нь манай улсад байна.
-Орчин цагийн боолчлол гэж юуг хэлж байна вэ?
-Өөрийнх нь хүсэл, саналыг аваагүй, барьцаанд, эсвэл албадан сүрдүүлэг, аргагүй байдлыг далимдуулан хөлсгүй хөдөлмөр эрхлүүлэхийг хэлдэг. Ийм нөхцөлд байгаа 38 мянган хүн манай улсад байна гэдгийг олон улсын судалгаанд дүгнэсэн. ХЭҮК, Европын холбоотой хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд туслах малчдад эрхийн талаар сургалтыг зохион байгуулсан. Мөн унаач, уяач хүүхдүүдэд бас хөдөлмөрийн мөлжлөгийн асуудал байна гэдгийг Комиссын 20 дугаар илтгэлдээ оруулсан. Судалгаагаар хүүхдүүдийг өрийн барьцаанд, тогтсон цалин хөлсгүйгээр айлд явуулдаг, морь унуулдаг зэрэг нөхцөл байдал илэрсэн. Эцэг, эх нь ахуйн хэрэгцээний өрөнд хүүхдээр унаач хийлгэх, морины ажил хийлгэх зэрэг нь тэвчишгүй хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрийн шинжтэй. Үүнийг орчин цагийн боолчлолын хэлбэр гэдэг. Боловсролын хувьд хамгийн их санаа зовоож байгаа асуудал тэгш бус байдал байна. Чанартай боловсролыг нийтээрээ эзэмших нь боловсролын салбарын зорилго байдаг. Гэтэл боловсролын түвшин эрс тэс байгаа нь амьжиргааны түвшинтэй шууд хамааралтай байна.
-Олон улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх индексүүдийг бид дотооддоо давхар хийж болдоггүй юм уу?
-Хүний эрхийн Үндэсний Комисс болон Үндэсний статистикийн хороо хамтарч хүний эрхийн төлөв байдлын индексийг гаргахаар ажиллаж байна. Шалгуур үзүүлэлтийг тоон ба чанарын аргаар хийхээр боловсруулсан. Энэ жил мэдээлэл цуглуулаад ирэх жил эхний байдлаар индексийг гаргаж үзнэ.
-Хүний эрхийг хангах тогтолцоо Монгол Улсад яаж ажилладаг вэ. Энэ тогтолцооны хаана нь ХЭҮК байдаг вэ?
-ХЭҮК-ын хамгийн гол үүрэг нь хүний эрхийн зөрчил, доголдол хаана байгааг хөндлөнгөөс олж харж, түүнийг оношлох юм. Хуульд заасанчлан төрийн бүх шатны байгууллага хүний эрхийг хамгаалах үүргийг хүлээдэг. Хүний эрхийг хамгаалах тогтолцооны эхний хэсэг хууль тогтоох байгууллага байдаг. Хүний эрхийг хангасан, хамгаалсан, эрхийг сэргээсэн хууль тогтоомжууд батална, хууль нь амьдралд нийцэхгүй бол залруулж байх ёстой. Жишээ нь, саяхан батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд ХЭҮК-ын саналаар сэжигтнийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй тохиолдолд 24 цаг баривчлахдаа шүүгч хянан шийдвэрлэдэг байх, хянан шийдвэрлэх тусдаа шүүгч бий болгох зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулсан.
Гүйцэтгэх эрх мэдлийн хувьд Засгийн газар, яам, агентлаг, бие даасан нэгж, зөвлөлүүд чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. Гүйцэтгэх засаглал хамгийн их төсөвтэй, хамгийн олон хүний нөөцтэй, хамгийн гол хуулийг биелүүлэх чиг үүрэг хуулиар хүлээдэг учир энд хүний эрхийг хамгаалах тогтолцоо хамгийн сайн, араа шүд нь таарч ажиллах ёстой.
Орон нутгийн түвшинд баг, хороо, дүүрэг, сум, аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн хурал, харьяа агентлаг, байгууллагууд байна. Шүүх эрх мэдлийн байгууллагатай Комисс хязгаарлагдмал хүрээнд харилцдаг, хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрх хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Ингээд харвал орон нутаг, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох гэсэн бүтэц бүхий хүний эрхийг хамгаалах тогтолцоотой ХЭҮК харилцдаг.
-Хүний эрхийг хамгаалах тогтолцоо ажиллахгүй бол яах вэ?
-Манай байгууллагын гол үүргийн нэг нь гүйцэтгэх эрх мэдэл хүний эрхийг хангах тогтолцоог ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Механизм, төсөв хуваарилалт, төрийн албан хаагчаас ажлаа гүйцэтгэж чадсан уу, хүний эрх хамгаалагдсан уу, хангагдсан уу гэдгийг хянана. Зөрчил гарч байгаа эсэхэд судалгаа шинжилгээ хийж, оношлон шаардлагатай бол “зөрчлийг таслан зогсоох, зөрчлийг арилгах, залруулах” зөвлөмж, шаардлагыг өгнө. Харин шүүх эрх мэдлийн хувьд манай байгууллагын харилцаа хязгаарлагдмал. Энд бид өмгөөлөгчөөр хангасан уу, цагдан хорих байрны нөхцөл чинь стандартыг хангаж байна уу, эрүү шүүлт тулгасан уу, гаргасан санал хүсэлтийг биелүүлэх боломжтой байсаар атал биелүүлээгүй юм биш биз гэх мэтээр процесст нь хяналт тавьдаг.
Харин эрх зүйн маргааныг шийдвэрлэх, шүүн таслах үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүний эрхийг хамгаалах үйл явц давхар хянагдана. Жишээ нь, цагдаа, мөрдөгчийн үйл ажиллагаанд прокуророос хяналт тавьдаг. Доод шатны шүүгчийн захирамжид дээд шатны шүүгч нь хяналт тавина. ХЭҮК ямар хүний эрхийн тулгамдсан, шийдэл шаардлагатай асуудал байгааг тухайн жилийн Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээр дүгнэнэ. Ингээд Комиссын гаргасан дүгнэлт, зөвлөмжид үндэслээд бодлогын шийдвэрүүд гардаг.
Монгол Улсын төрийн байгууллагуудын хооронд ажлын уялдаа холбоо байхгүйгээс хүний эрх зөрчигдөх үндсэн асуудлууд бий болсоор байна. Жишээ нь, Дотоод орчны агаарын чанарыг шалгадаг ганц лаборатори байна. Гэтэл үүний мэдээллийг ил тод гаргадаггүй. Хэрэв ил тод байвал эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын материалын чанар, хэр зэрэг түвшинд хоруу чанартай байна вэ гэдгийг иргэд шууд мэдэх боломжтой болно. Түүнчлэн хамтарсан баг, хүүхэд хамгаалах тогтолцоонд хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог хангах бас чухал хэвээр л байна.
-Агаарын бохирдлоор бүгдээрээ амьсгалж байгааг мэдэж байгаа. Энэ нь хүний эрхийн суурь зөрчил байгаад байдаг?
-Монгол Улс дах хүний эрхийн нөхцөл байдлын талаарх 23 дахь удаагийн илтгэлдээ бид Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн сэдвийг УИХ-д өргөн барина. Энэ хүрээндээ мэргэжлийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг хариуцсан байгууллагыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхий сайдын Ажлын алба гээд өнөөдрийг хүртэл олон удаа харьяаллыг нь өөрчилсөн байна. Хамгийн сүүлд нийслэлийн чиг үүргийн харьяалалд шилжүүлсэн. Гэтэл агаарын бохирдол нийслэлийн гэхээсээ илүүтэй үндэсний хэмжээний асуудал юм. Манай байгууллагын оролцоо нь хийсэн арга хэмжээ, ажиллагааны үр дүнг шаардах юм.
-Үүрэгт ажлынхаа хүрээнд ямар онцлогтойгоор ажиллаж, ямар өөрчлөлтийг бий болгоё гэж бодож байна вэ?
-ХЭҮК бол өргөн чиг хүрээтэй, төр иргэн хоёрыг холбодог онцлогтой. Хамгийн түрүүнд иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ тал дээр өөрчлөлт гаргахыг хүсэж байна. Эрхээ мэдсэн, үүргээ ухамсарласан иргэн чухал юм. Хөгжлийн үр шимээс хоцорч байгаа гэж тодорхойлсон 10 зорилтот бүлэг бий. Жишээ нь, эмэгтэйчүүд гэхэд хөдөө орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, орлого багатай эмэгтэйчүүд багтана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, үндэстний цөөнх, орлого багатай эрэгтэйчүүд, залуучууд, дотоодын шилжин суурьшигчид гэх мэт. ХЭҮК энэ бүлгүүдийн өмнөөс дуугарах, бодлогын шийдвэр гаргуулахаар ажиллах учиртай. Учир нь энэ хүмүүс эрхийнхээ төлөө тэмцэх боломж тааруу, эрхийг нь хамгаалахгүй байснаар нийгмийн тэгш бус байдал нэмэгдэх сөрөг нөлөөтэй.
ХЭҮК-ын өөр нэг чиг үүрэг нь бодлогод нөлөөлөх байдаг. Монголд “гал унтраах” байдлаар ажиллаж, харин асуудлын үндсэн нөхцөл шалтгаантайгаа тэр бүр тэмцэж чадахгүй байна. Тиймээс бодлогын нөлөөллийг хийхэд ахиц гаргаж, асуудлыг өнгөц бус үндсээр нь өөрчилдөг болгохоор зорьж байна. Мөн хүний эрхийг хангах зорилготой, үндэсний хэмжээний энэ байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүсэл байна. Одоогоор аймаг бүрд ХЭҮК нэг ажилтантай. Анхдагч мэдээллийг авах эх сурвалж аймагт байгаа нь зөв боловч үйл ажиллагааны далайц муу. Орон нутагт хүний эрхийн нөхцөл байдал тун амаргүй, харилцан адилгүй байна.
-Монгол Улсын хүний эрхийн байгууллагын хувьд олон улсад хэр нэр хүндтэй байдаг вэ?
-Улс орон бүрийн хүний эрхийн байгууллагуудыг үнэлдэг үнэлгээ бий. Манай байгууллага орон нутагт нэгжтэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг тул А статусаар үнэлэгддэг. Энэ статусын гол давуу тал нь Засгийн газартай зэрэгцэн Комисс хүний эрхийн илтгэл бичиж, НҮБ-ын бүтцэд танилцуулах боломжтой. НҮБ-ын Хүний эрхийн хороо манай байгууллагын илтгэлд үндэслэж, Монгол Улс хүний эрхийг хангахад ахиц дэвшил гаргасан уу, юунд анхаарах ёстой вэ гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгдөг.
-Монголчуудын хүний эрхийн үзэл, хандлага ямархуу байдаг юм бэ?
-Үүнтэй холбоотой судалгааг 2021 онд хийсэн байдаг. Монголчуудын хувьд Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг заасныг, энэ нь хамгийн чухал зүйл гэдгийг бүгдээрээ гараа өргөн дэмжиж, ойлгож, мэддэг. Гэхдээ хүний эрхийн гүнзгий мэдлэг, ойлголт, хандлага сул гэсэн дүгнэлт мөн тэр судалгаан дээр дурдсан байсан. Мөн “Танд ашигтай бол та хүний эрхийг зөрчих үү” гэсэн асуултад “Тэгнэ” гэж дийлэнх нь хариулсан байсан. Хүний эрхийн мэдрэмж нь үеэрээ бас өөр байна. Залуу үе эрх чөлөө бол зайлшгүй гэдгийг мэддэг, эрх чөлөөтэй л төрсөн учир түүнээс салгаж ойлгох боломжгүй болжээ. Зарим үеийнхэн бусдын амьдралыг шүүмжлэх гээд харилцан адилгүй өөр өөр хандлагатай. Тийм учир хүний эрхийн боловсрол мэдээллийг түгээхдээ хэрэгцээний бүлгээр нь ангилж, ялгаатай байдлаар мэдээллээ боловсруулах, түгээх шаардлага тулгарч байна. Мөн иргэдийн хувьд эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандахаа төдийлөн мэдэхгүй гэх үр дүн гарсан. Цагдаа, түргэн тусламж, 11-11 төвөөс өөр зүйл мэдэхгүй байгаа нь иргэдэд гомдол гаргах механизм, гомдол гаргах субъектүүдын талаарх мэдээллийг хүргэх зайлшгүй шаардлагатайг харуулна.
-Тэгвэл манай улстөрчдийн хүний эрхийн мэдрэмж ямар вэ?
-Улстөрчид бол хамгийн хүний эрхийн мэдрэмж, мэдлэгтэй байх ёстой хүмүүс. Энэ удаагийн УИХ “Хүний эрхийн парламент” хэмээн энэ чиглэлээр хууль тогтоомж батлахаар хүчин чармайлт гаргаж байна. Гэхдээ бүх түвшинд хүний эрхийн үүднээс тэргүүлэх шийдвэрлэх асуудал эрэмбэ тогтоох ёстой. Монгол Улсад нэн түрүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал бол ядуурал, тэгш бус байдал байна. Дагаад авлига, ажилгүйдлийг бууруулахгүйгээр бид урагшлах боломжгүй. Амьд байна гэдэг зөвхөн толгой мөрөн дээр байхыг хэлдэггүй. Орох орон, идэх хоол, өмсөх хувцас, наад захын нөхцөл гэсэн анхан шатны хэрэгцээ нь хангагдсан байх ёстой. Энэ суурь асуудлыг нь шийдэхгүйгээр бусад эрхийн тухай ярих өрөөсгөл болно.
Өвдсөн, орлогогүй, эм тариагаа авах мөнгөгүй хүнд “Сонгуулиа өгч, саналаа өгөх эрхээ эдлээрэй” гэж хэлэх нь хэр наалдацтай байх вэ? Гэрээс нь хол зайд санал авах байр бэлтгэчхээд “30 км газар явж очоод саналаа өгөөрэй” гэвэл тэр хүн очих уу гэх мэт. Нийгэм улс орныхоо суурь асуудлуудыг шийдэх хүсэл сонирхол улстөрчдөд, бодлого боловсруулагчдад хэр байна вэ гэдэг чухал. Мэдээж богино хугацаанд шийдэхэд хэцүү гэдгийг ойлгож байгаа ч хүчин чармайлт үргэлж байх ёстой. Миний мэдэхээр 30 жилийн хугацаанд ядуурал буураагүй, харин ч шинж чанар нь өөрчлөгдсөн. Орлого багатай хүн бүх төрлийн гачигдалд давхар нэрвэгддэг. Боловсрол, эрүүл мэнд гээд бусад эрхийн асуудал шууд хөндөгдөнө. Засгийн газрын авлигатай тэмцэх хөтөлбөрийг бол дэмжиж байгаа. Авлигагүй болж байж л суурь асуудлаа шийдэхэд дөхөм болно. Эрх мэдэл давуу байдлаа ашиглаж баялгийн тэгш бус хуваарилалтыг бий болгож байгаагийн цаад нэг шалтгаан нь авлига . Авлигын горыг бид хамтдаа эдэлдэг.
- ХЭҮК сонгуульд оролцох улс төрийн намын удирдлагуудтай анх удаа уулзаж, мөрийн хөтөлбөртөө хүний эрхийг хангах заалтуудыг оруулахыг шаардсан. Үүний ач холбогдлыг та юу гэж харсан бэ?
-Хүний эрхийг хангах гэдэг бол бүх нийтийн үйлс юм. Нэг институт, нэг байгууллага манлайлснаар бүх асуудлыг хийчихдэггүй. Тиймээс засаглалын тогтолцоонд хүний эрхийг хангах үүргийг нь хуваарилсан байгааг дээр хэлсэн. Намууд төрийн бодлого тодорхойлох түвшинд төлөөллийн байгууллагад сонгуулиар санал авахыг зорьдог. Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар, пропорциональ, мажоритар гэсэн хоёр тогтолцоогоор явагдаж, 126 гишүүнийг сонгоно.
Улс төр судлаачдын ярьж байгаагаар энэ тогтолцооны үр дүнд цөөнгүй намын төлөөлөл сонгогдох шинжтэй. Тиймээс намууд Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг мэдсэн, ямар асуудал тулгамдсан байгааг таньсан бол мөрийн хөтөлбөртөө, цаашдаа бодлогын шийдвэртээ тусгах боломжтой. Улс төрийн намын хамгийн сайн мэдэх ёстой асуудал нь хүний эрхийн асуудал юм. УИХ-д суудал аваагүй намууд ч парламентын гаднаас идэвхтэй ярих, нөлөөлөх боломжтой.
-ХЭҮК үндэсний хэмжээний байгууллага. Хөдөө орон нутаг дах хүний эрхийн төлөв байдал ямар байна вэ?
-Бүс нутгаараа ялгаатай байна. Баруун бүсийн нутагт амьжиргааны түвшин, соёлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх асуудал байдаг. Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудад амьжиргааны түвшин, боловсролын чанарыг хөнддөг. Сэлэнгэ, Орхон аймгуудад ажлын байр хомс, цалин тогтмол бус, бага гэдэг. Сэлэнгэ аймагт малчид шахагддаг, хөөгддөг, малыг нь алж хороодог гэх мэт. Уул уурхай дагасан өмнө зүгийн говийн аймгуудад шилжин суурьшигчид ихтэй буюу ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, үйлчилгээний хүртээмж, гэр бүлийн тогтворгүй байдал, хүүхдийн аюулгүй байдлыг хөнддөг. Дэд бүтэц муу буюу замын нөхцөл байдлаас үүдэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигддөг. Дорноговийн иргэд ашигт малтмал, уул уурхайд ихэнх газрыг өгчихсөн, малчид шахагддаг, малчдыг сонсдоггүй гэдэг.
Зүүн аймгийнхны асуудал нь илүүтэй амьдралын чанар, зорилтот бүлгүүдийн эрхийг хөнддөг. Ерөнхийдөө хөдөө орон нутагт хүүхдийн хүчирхийллийн асуудал өссөн, ажлын байр дутмаг, боловсролын чанарын асуудал голчилж байна. ХЭҮК-оос аймгуудын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг үнэлэхэд Засаг дарга нар хүний эрхийн чиглэлд ахиц дэвшил гаргахаар төлөвлөж, арга хэмжээ тусгадаг болох нь харагдсан. Жишээ нь аймгийнхаа сургуулийн байруудыг нүхэн жорлонгүй болгоно гэдэг зорилго дэвшүүлсэн аймаг байна. Дунд боловсролын түвшин ахиулах, боловсролын хоцрогдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийг дэмжих, хүүхдийн хүчирхийллийн эсрэг, эрүүл мэндийн чиглэлээр гээд тодорхой ажлыг аймгууд төлөвлөдөг байна. Ажилгүйдлийг бууруулах хүсэлтэй ч тохирох хүний нөөц олдохгүй эрэлт нийлүүлэлт зөрүүтэй байдал түгээмэл байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд дарамт хүчирхийлэлд өртөж байна, цалингаа цагтаа авч чаддаггүй, ажил хийсэн ч эдийн засгийн нөхцөл байдал дээрдэхгүй байна гэдэг гомдол Комисст ирдэг.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
2 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
6 days ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
2024-11-19
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-11-17 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-11-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Мөнх-Алдар Ингүүн
2024-11-14 Бакалаврын ажилдуудаж байна !