Шүүхийн тухай хуулийг баталснаар шүүгчид илэрхий алдаагаа мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэж хаацайлах боломжгүй болно

3 years ago

Шүүхийн тухай хуулийг баталснаар шүүгчид илэрхий алдаагаа мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэж хаацайлах боломжгүй болно

Шүүхийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хууль Зүйн байнгын хороогоор хэлэлцэв. Энэ төслийг өнгөрсөн мягмар гарагт хэлэлцэх товтой байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүссэн юм. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сөрөг хүчний бүлэгт гурав хоногийн завсарлага өгч, завсарлага баасан гарагт дууссан юм. 

Энэ төсөлд туссан онцлох заалтууд, Ажлын хэсгээс боловсруулсан саналын ач холбогдлын талаар “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, Өмгөөллийн “Кэй И Партнерс" ХХН-ийн өмгөөлөгч П.Баттулгатай ярилцлаа.

ИХ ҮНИИЙН ДҮН БҮХИЙ ГЭРЭЭ, ХЭЛЦЛЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЛИЦЕНЗТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ, МАРГААНЫГ ШУДАРГААР ШИЙДЭХ БАЙДАЛ ХАНГАЛТГҮЙ

-АН ямар үндэслэлээр завсарлага авсан юм бол?

-Шүүхийн тухай хууль бол нухацтай хандах учиртай, чухал хууль тул нарийвчлан танилцаж, судлах шаардлагатай гэсэн байна лээ. 

-Хууль боловсруулагчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй хуулийн төслийг уялдуулсан гэж танилцуулгадаа дурджээ. Та энэ талаар мэдээлэл өгөөч.

-2019 оны Арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Энэ нь шуухийн тухай хуулийг шинэчлэн найруулах гол үндэслэл мөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэгт гурван өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоо, тэдгээрийг хэрхэн сонгох, томилох талаар зааж өгсөн. Хоёрдугаарт, Шүүхийн сахилгын хорооны талаар тусгайлан заасан. Гуравдугаарт, шүүхийг тойргийн журмаар байгуулж болох тухай юм. Эдгээр гурван заалтыг яагаад Үндсэн хуульд нэмсэн бэ гэвэл нэг талаас шүүхийг хараат бус байлгах, нөгөө талаас хариуцлагатай болгох үндсэн зорилготой. Шүүхийн тухай хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэүү үзэл санааг бататгах учиртай.

Монголд шүүгчийн хараат бус байдлыг хэмждэг тусдаа судалгаа байхгүй ч бодлогын болон тойм судалгаанууд цөөнгүй хийгдсэн. 

-Шүүхийн багц хуулийн төсөлд ямар ямар хуулийн төслүүд багтсан бэ?

-Шүүхтэй холбоотой, одоо үйлчилж буй дөрвөн хууль бий. Монгол Улсын шүүхийн тухай  хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль бий. Эдгээр хуулиудыг хамтад нь шүүхийн багц хууль гэж нэрлэж байгаа. Харин одоо хэлэлцэгдэж байгаа Шүүхийн тухай хуулийн төслөөр эдгээр 4 хуулийн нэтгэж нэг хуулийн төслийг боловсруулсан. Мөн энэ хуулийн төслийг дагалдуулан эрүү, иргэний, захиргааны хэргийг хянан шийдэврлэх тухай хуулиудад холбогдох зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хуулийг төслийг төслийг боловсруулсан байна.

-Шүүгчийн хараат бус байдлыг яаж үнэлж, ямар үзүүлэлтээр хэмждэг юм бэ. Манай улсад шүүгчид хараат бусаар ажлаа явуулж чадаж байна уу?

-Шүүх эрх мэдэлд хараат бус байдал, хариуцлага гэсэн хоёр зүйлийг тэнцвэртэй байлгах нь чухал гэдэг. Энэ хоёрын баланс алдагдвал шүүх хэрэг, маргааныг шударгаар, хуулийг дагуу шийдвэрлэх нөхцөл алдагдаж хүний эрх, эрх чөлөө, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх аюулд орно. Хараат бус байдал гэдэг нь зөвхөн шүүгчид зориулагдсан дархан эрх биш. Шударга шүүхээр хэрэг, маргаанаа шийдүүлэх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг баталгаажуулах зорилгоор шүүгчийн хараат бус байдлыг хамгаалдаг. Монголд шүүгчийн хараат бус байдлыг хэмждэг тусдаа судалгаа байхгүй ч бодлогын болон тойм судалгаанууд цөөнгүй хийгдсэн. Нээлттэй Нийгэм Форумаас судлаачдаар дотооддоо гаргах шүүх эрх мэдлийн индекстэй болох зорилгоор судалгааны ажил хийлгүүлж байа. Олон улсад Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын индекс гэж бий. Энэ индексээр манай улс 2019 онд 141 улсаас 102-т, энэ индексийн нэг үзүүлэлт болох шүүхийн хараат бус байдлын үзүүлэлтээр 120 дугаар байранд орсон байдаг. Энэ нь их үнийн дүн бүхий гэрээ, хэлцлэл, хөрөнгө оруулалт, лицензтэй холбоотой хэрэг, маргааныг шударгаар шийдэгдэх байдал хангалтгүй байна гэсэн үнэлгээ юм. Ер нь шүүгч хараат бус байна уу гэдэг нь зүй бус нөлөөлөл ирж байгаа хэрэг, маргааныг хууль, нотлох баримтад нийцүүлэн шударгаар шийдвэрлэж чадаж байна уу гэдэг асуудал. Түүнээс шүүхээр шийдвэрлүүлж маргаан бүрт шүүгчид нөлөөлөх гэж оролддог явдал хаа ч байхгүй.

Тэгэхээр энэ төслийг зайлшгүй хэлэлцэн батлах нь УИХ-ын  үүрэг юм. Төслийг хэлэлцэхгүй орхих, зогсоох эрх хэнд ч байхгүй.

-Энэ үнэлгээг өгөхдөө зөвхөн бизнес эрхлэгчдийн саналыг авдаг уу? Шүүгчдээс өөрсдөөс нь асуудаг уу?

-Дэлхийн өрсөлдөх чадварын индексийг гаргахдаа зөвхөн бизнес эрхлэгчдийн төлөөллөөс судалгаа авч тухайн улсын шүүх засаглал засгийн газар, хувь хүмүүс, компаниудын нөлөөллөөс хэр хараат бус байдаг вэ? гэдгийг 1-7 баллаар үнэлж гаргадаг. Харин Rule of Law индекс буюу эрх зүйт ёсны индексээр манай улс 2019 онд 126 орноос 53-т орсон байдаг. Энэ индексээр парламент гүйцэтгэх эрх мэдлээ хянаж байна уу, гүйцэтгэх эрх мэдэл шүүхийн хяналтанд байна уу, авлига, нээлттэй засаг, хүний үндсэн эрхүүдийн баталгаа, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо гэх мэт үзүүлэлтүүдийг хэмждэг.  

-Шүүгчийн хараат бус байдал руу нөлөө бүхий улс төрчдөөс гадна хэн халддаг вэ?

-Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. Хэрэг үүсгэнгүүт хэргийн оролцогч нараар та шүүгчид нөлөөлж болохгүй, нөлөөлбөл хариуцлага хүлээнэ гэдгийг нь сануулж, маягтад гарын үсэг зуруулдаг. Шүүгчийг айлгах, дарамтлах, авлига өгөх, гүтгэх, доромжлох болон бусад байдлаар нөлөөлөх гэж оролдвол шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлгээ хөтлөх ёстой. Мэдүүлгээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд  хүргүүлэн, зөвлөл холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн шийдүүлнэ. Хэчнээн шүүгч энэ мэдүүлгийг хөтлөв, тэдэнд ямар хэлбэрээр нөлөөлөх гэж, хэн оролдсон бэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс асуух хэрэгтэй. Бид танилцах хүсэлтээ өгтөл “Нууцын зэрэглэлтэй тул танилцах боломжгүй” гэсэн. Миний мэдэж байгаагаар энэ мэдүүлгийг хөтөлсөн шүүгч ховор.

Гэтэл манай “Оюуны-Инноваци” ТББ-аас өнгөрсөн жил шүүгчдээс анкетын судалгаа авахад 275 шүүгчийн 84 шүүгч сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэг, маргаан шийдвэрлэхэд нөлөөлөх оролдлого ирсэн гэж хариулсан. Нөлөөлөл хаанаас ирж байна вэ гэсэн асуултанд хэргийн оролцогч, өмгөөлөгч, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгуулага дээгүүр байр эзэлсэн бол үүний дараа бусад шүүгч, хамт ажилладаг шүүгч, Ерөнхий шүүгч, дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг субьектүүд орсон. Нөлөөллийн хэлбэрийн тухайд “танил тал, найз нөхдийн журмаар гуйх, сүрдүүлэх, заналхийлэх, дарамт шахалт үзүүлэх” зэрэг хэлбэрийн нөлөөлөл хамгийн их байна гэсэн.

-Ажлын хэсэг олон судалгаанд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан юм билээ. Чухам ямар судалгаанууд юм бол?

-Нээлттэй нийгэм форумаас зохион байгууулаад 2010 оноос хойш тогтмол судалгаанууд хийгдэж эхэлсэн байдаг. 2013 оноос шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. 2015 онд гурван том судалгаа гарсан. Шүүхийн захиргааны үр нөлөөтэй байдал, шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоог яаж хийдэг, шүүгчийн хараат бус байдлын хэрэгжилт, тойргийн зарчмаар шүүх байгуулах шийдвэрийн хэрэгжилтийг дотоодын судлаачид судалсан юм. www.legaldata.mn цахим хуудсанд шүүх эрх мэдлийн чиглэлээрх судалгаануудыг байршуулж эхэлж байна. Эндээс шүүхийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудыг үзэх боломжтой. Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр судалгааны дүгнэлт, үр дүнд үндэслэсэн төсөл гэдгийг онцолсон.  Ажлын хэсгийн санал дүгнэлтийг уншихад энэ байдал тодорхой харагдсан.

-АТГ-ын дарга авлигын хэргүүдийг тусгайлан шийдэх шүүх байгуулах хэрэгтэй гэж үздэг. Төсөлд энэ талаар заасан уу?

-Ороогүй. Энэ хуулийн төсөл батлагдсаны дараа Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьж магадгүй. Энэ хуулиар анхан болон давж заалдах шатны хэдэн шүүхтэй байх, тэдгээр шүүх аль нутагт гарсан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, ямар төрлийн хэргийг хянах зэргийг шийдэх юм бэ авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах, эсэхийг шийднэ. Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх шүүх дагнасан байгуулах уу гэдэг асуудал ч яригддаг. Шүүхийн тухай хуулиар Монгол Улсын шүүхийн ерөнхий тогтолцооны асуудлыг л заана.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтдөө нийцүүлээд Ерөнхийлөгчид бусад хуулиар олгосон бүрэн эрхийг өөрчлөх, зохих байгууллагууд руу нь шилжүүлэх тухай гарцаагүй яригдах байх.

-Ерөнхийлөгч мөн Шүүхийн тухай хуулийн төсөл боловсруулсан ч эргүүлэн татсан. Ерөнхийлөгч энэ төсөлд хориг тавих болов уу?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг хэрхэн хийх хуваарийг УИХ 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан юм. Энэ тогтоолд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлах ажлыг  2020 онд багтаан дуусгана гэж заасан. Тэгэхээр энэ төслийг зайлшгүй хэлэлцэн батлах нь УИХ-ын  үүрэг юм. Төслийг хэлэлцэхгүй орхих, зогсоох эрх хэнд ч байхгүй. Хууль батлагдсаны дараа хуульд бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий.

МОНГОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БИШ, ПАРЛАМЕНТЫН БҮГД НАЙРАМДАХ УЛС

-Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхүүдийг өөр өөр хуульд нэмж оруулснаар Үндсэн хуульд заагаагүй байхад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэт тэлсэн гэж зарим судлаач хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Ийм учраас Үндсэн хуулийн 33.4 дэх хэсгийг “энэ зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд тодорхой бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар олгож болно” гэсэн байгаа. Монгол Ерөнхийлөгчийн биш, парламентын бүгд найрамдах улс. Үндсэн хуулийн энэ үзэл санааг илүү бататгах үүднээс энэ өөрчлөлтийг оруулсан. Мөн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэх мэт заалтуудыг ч энэ зорилгоор оруулсан. Тэгэхээр цаашид Үндсэн хуулийн 33.4-т зааснаас өөр бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгохгүйҮндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтдөө нийцүүлээд Ерөнхийлөгчид бусад хуулиар олгосон бүрэн эрхийг өөрчлөх, зохих байгууллагууд руу нь шилжүүлэх тухай гарцаагүй яригдах байх.     

-Ерөнхийлөгчийн оролцоог хумьснаар ямар давуу талууд үүсэх вэ?

-Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийн хүрээн Ерөнхийлөгч хоёр том эрхийг эдэлдэг. Нэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчдийг томилох, нөгөө нь Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн томилдог. Үүнээс гадна Шүүхийн багц хуулиудаар Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, ШЕЗ-ийн дарга, гишүүнигй томилох, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн болон дүрмийг батлах, шүүгчийн сонгон шалгаруулатын журмыг батлах зэрэг эрхийг олгосон. Нэг субьектэд шүүх тойрсон хэт их эрх мэдэл төвлөрөх нь зохисгүй. Эрх мэдлийг аль болох задалж, өөр өөр байгууллагад хуваарилах нь тэр эрх мэдлийг урвуулан ашиглахыг хязгаарлах сайн талтай. Энэ нь цаашлаад хүний эрх, эрх чөлөө, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх чөлөөтэй ч хамаатай асуудал юм.

-Шинэ хуулийн төсөлд “Тухайн шүүхийн шүүгчид өөрсдөө Ерөнхий шүүгчээ олонхын саналаар сонгоно” гэжээ.  Шүүхийн тухай хуульд ийм заалт анх удаа багтсан уу?

-Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгч томилдог. Бусад шүүхийн ерөнхий шүүгчийг яаж томилох нь Үндсэн хуульд зааснаар нээлттэй үлдсэн. 1993 оноос өнөөг хүртэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг ШЕЗ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч томилж байна. Хуулийн төсөлд тусгаснаар Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй, харин тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгоно.

Мөн Ажлын хэсгээс боловсруулсан саналын томьёоллоос харахад шүүгчийн томилгоотой холбоотой томоохон өөрчлөлтүүд хийгдэхээр байна. Тухайлбал, ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг бие даан, өөрөө хариуцаж хийж, шалгалтын онооны эрэмбээр жагсаан, уг эрэмбийн дагуу шүүгчийг Ерөнхийлөгчид санал болгох нь том дэвшил мөн. Энэ өөрчлөлт баталагдснаар одоо шүүгчийг томиолохдоо онооны эрэмбийг барьсангүй гэх шүүмж, хардлага шүүмжлэл арилж, хамгийн сайн хуульчид шүүгч болдог гэх олон нийтийн итгэлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ.  Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо УИХ-д танилцуулдаг. Үүнийг илүү нарийвчилж, УИХ нээлттэй сонсгол хийж танилцах, нэр дэвшигчтэй танилцах хугацаа зэргийг тодорхой болгохоор байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгохдоо саяхан ийм сонсгол хийсэн шүү дээ. УИХ Улсын дэд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хэлбэр төдий танилцахгүй гэсэн үг юм.                

Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй, харин тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгоно.

-Шүүхийн сахилгын хороотой холбоотой ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-1993 оноос хойш Шүүгчийн сахилгын хороо, Шүүхийн ёс зүйн хороо гэсэн нэрээр ажиллаж байна. Тэгэхээр энэ нь цоо шинэ интитут биш юм. Өнөөг хүртэл энэ хорооны ажлын алба, төсөв Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяанд явж байгаа. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ байгууллагыг Үндсэн хуулийн түвшинд бие даан байгуулсан. Иймд цаашид Шүүхийн сахилгын хороо бие даасан төсөвтэй байх, ажлын алба нь ШЕЗ-өөс тусдаа, шүүгчийн сахилгын хэргийг хянан  шийдвэрлэх, шүүгчийн сахилгын зөрчитэй холбоотой нотлох баримт цуглуулах гэх мэт бүх ажлаа өөрөө, үр нөлөөтэйгөөр, хараат бусаар хэрэгжүүлдэг болгох нь шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн чухал хэсэг юм.  

Шүүхийн ёс зүйн хороонд жилд дунджаар 200 орчим өргөдөл, гомдол ирдэг байна. Шүүхийн ёс зүйн хороо 2015 оноос 1300 гаруй гомдол хүлээн авснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулснаас 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, 18 шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн гэсэн статистик байна. Хэрэгсэхгүй болсон нийт сахилгын хэргийн дийлэнх нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль хэрэглээтэй холбоотой асуудал, хоёрт шүүгчийн ёс зүйн зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлүүд байдаг.   

Ажлын хэсгээс эдгээр асуудлыг шийдэх саналуудыг боловсруулжээ. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан. Шүүгчийн ёс зүйн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд илрүүлснээс хойш 6 сар, гаргаснаар хойш 1 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Тэгвэл Ажлын хэсгээс гаргасан саналаар огцруулахаас бусад сахилгын шийтгэлийн тухайд илрүүлснээс хойш 1 жил, гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Огцруулах шийтгэл ногдлуулах сахилгын зөрчил гаргасан бол илрүүлснээс хойш 2 жил, гаргаснаас хойш 5 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэсэн байна. Нөгөө талаас шүүгч ийм зөрчил гаргавал сануулна, ийм зөрчилд цалин бууруулна, бүрэн эрхийг нь тодорхой хугацаанд түдгэлзүүлэн, сургалтад суулгана гэх мэтээр тухай сахилгын зөрчилд ямар сахилгын шийтгэл ногдуулахыг тодорхой заахаар Ажлы хэсгээс санал гаргаж байгааг зөвж гэж үзэж байгаа.  

Мөн Шүүхийн сахилгын хороо тухайн шүүгчтэй холбоотой гомдол аваад хэрэг үүсгэсэн бол хөөн хэлэлцэх хугацааг тасалддаг байх саналыг гаргасан байна. Одоо бол ийм заалт байхгүй тул эхлээд Шүүхийн Ёс зүйн хороонд дараа нь шүүхэд гомдол гаргасаар байтал хугацаа нь дуусаад сахилгын хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Энэ дутагдлыг арилгах нь. Шүүгчийн сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах ажиллагаа маш чухал. Бүрэн эрхийг нь тодорхой олгоогүйн улмаас нотлох баримтаа цуглуулж чадахгүй байх тохиолдол бий. Гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох, холбогдох этгээд Шүүхийн сахилгын хорооны шаардсан баримтыг гаргаж өгөхийг үүрэгжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан саналын томьёолол боловсруулжээ. Эдгээр заалт хэвээрээ батлагдвал Шүүхийн сахилгын хорооны үр нөлөө ихээхэн дээшилнэ.

Дараагийн нэг асуудал бол түрүүн хэлсэнчлэн шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны буюу хууль хэрэглээтэй холбоотой асуудал шүүгчийн ёс зүйн зөрчилд тооцох эсэх асуудал юм. Одоо үйлчилж буй Шүүгчийн ёс зүйн дүрэмд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэсэн заалт байдаг. Нэг талаасаа шүүгч хүнд хуулийг тайлбарлан хэрэглэх эрх чөлөө байх ёстой. Шүүгчийн гаргасан хууль хэрэглээний алдаа хаана засагддаг вэ гэхээр давж заалдах, хяналтын шатны шүүх дээр засагддаг. Жишээ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмшигч “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийг цуцална гэж байдаг. Маргааны нөхцөл байдлаас хамаараад энэ заалтыг анхан шатны шүүхийн шүүгч нэг өөрөөр, давах шатны шүүхийн бүрэлдэхүүн нэг өөрөө тайлбарлах тохиолдол байна. Энэ нь явсаар дээд шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдэнэ. Энэ бол хууль хэрэглээний асуудал юм.

Гэхдээ хууль тайлбарлах нь дур зоргоороо байна гэсэн үг биш юм. Ажлын хэсгээс хуулийн илт, тодорхой, маргаангүй заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ёс зүйн зөрчилд тооцдог болохоор санал гаргасан байна. Саяын жишээн дээр гэхэд хуульд “2 жил дараалан” гэсэн байхад шүүгч 1, 3 жил дараалан гэж тайлбарлах, эсхүл хүнээс газар эзэмших эрх шилжүүлж авсан байхад өмнөх эзэмшигчийн газраа ашиглаагүй хугацааг нэмж тооцоод 2 жил дараалан ашиглаагүй байна гэж тайлбарлах юм уу? энэ бол шүүгчийн гаргасан илэрхий алдаа юм. Хэрэг хянан шийдэх ажиллагааны процессыг зохицуулсан хуулийг илэрхий зөрчсөн алдаанууд ч бол ёс зүйн зөрчилд мөн тооцох боломжтой болно.

-Шүүгчдийг илүү хариуцлагажуулах юм байна.

-Тийм. Илэрхий алдаагаа миний мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гээд хаацайлаад өнгөрөх боломж хязгаарлагдмал болно.

-Шүүхийн багц хуулийг баталснаар Дээд шүүх онолын шүүх байх боломж бүрдэнэ гэж хуульчид ярьдаг. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Дэлхий нийтэд анхан, давж заалдах, хяналтын гэсэн гурван шатлал бүхий шүүхийн тогтолцоо түгээмэл байна. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт буюу юу болов гэдгийг бүхэлд нь хэлэлцдэг. Харин Дээд буюу хяналтын шатны шүүх маргааны үйл баримт, нөхцөл байдлыг хэлэлцэхгүй. Болсон үйл явдалд тохирох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн үү гэдгийг л эцэслэн шийддэг. Болсон үйл явдлыг давж заалдах шатны шүүхээс өөрөөр, шинээр дүгнэхгүй гэсэн үг.

Шүүхийн шийдвэрт давж заалдах эрхийг бидэнд Үндсэн хуулиар олгосон тул үүнд хязгаарлалт тавьж чадахгүй. Харин хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад тодорхой хязгаарлалт буюу босго байх ёстой юм. Европын өндөр хөгжилтэй орнуудад Дээд шүүхэд гомдол гаргахад маш өндөр шаардлага тавьдаг. Нэг нүүр гомдол бичгээд хүлээж авна гэсэн баталгаа байхгүй, наана нь шүүлтүүрийн систем ажиллаж, Дээд шүүх тухайн гомдлыг хэлэлцэх эсэх эхлээд шийднэ. Хууль хэрэглээний хувьд энэ маргаан ач холбогдол бүхий маргаан уу, эрх зүйг хөгжүүлэх, хуулийг боловсронгуй болгох ач холбогдолтой юу гэх мэтийг харгалзана.

Харин манай Дээд шүүхээр хэрэг, маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх ажиллагаа энэ хандлагаас хоцорч, хууль хэрэглээний нэгдмэл байдалд анхаарлаа хандуулахгүй, харин тодорхой нэг хэрэг дээр хуулийг зөв хэрэглэсэн үү гэдэг дээр төвлөрдөг. Ерөнхийдөө гаргасан гомдол бүрийг нь хүлээн авч хэлэлцэх боломжтой. Иймд Дээд шүүхийн шүүгчийн ачаалал Давж заалдах шатны шүүхийнхээс өндөр ч байдаг. Уг нь Дээд шүүх хууль хэрэглээний ач холбогдол маргааныг л шийдэх учиртай. Тэгэхээр нэлээн сайн үндэслэл бүхий гомдлыг л Дээд шүүх хэлэлцэнэ гэж Ажлын хэсэг санал боловсруулжээ.         

Дээд шүүх ижил 2 маргааныг өөр өөрөөр шийддэг эсвэл хуулийг өөр өөрөөр тайлбарлалаа гэх шүүмжлэл гардаг нь бодитой зүйл юм. Цаашид Дээд шүүхэд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг эцэслэн тогтоодог болох ёстой.

-Ямар шүүлтүүрүүд тавих вэ?

-Ажлын хэсгээс гаргасан саналаар гурван шүүлтүүр бий болгосон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Улсын дээд шүүхээс гаргасан тайлбараас өөр байдлаар хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байвал Дээд шүүх тухайн гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ гэсэн байна.  

-Энэ заалтыг хүний эрхийг хамгаалагчид эсэргүүцэх болов уу. Дараагийн шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хааж боолоо гэх болов уу?

-Магадгүй. Гэхдээ Үндсэн хуульд иргэд шүүхийн шийдвэрт давж заалдах эрхтэй гэсэн. Тэгэхээр Дээд шүүхэд гаргах хяналтын гомдолд шалгуур тогтоох нь Үндсэн хуулийн зөрчил болохгүй. Ийм зохицуулалттай болбол анхан болон давж заалдах шатны шүүгчдийн хариуцлагыг улам нэмнэ. Учир нь эдгээр шүүгчдийн гаргасан шийдвэр эцсийн болж үлдэх магадлал нэмэгдэнэ. Иймд энэ хоёр шатны шүүхийн шүүгчдээс илүү их хариуцлага, илүү их мэдлэг, ур чадварыг шаардах хэрэгтэй болно.   

-Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хэдий чинээ сайн хангана, төдий чинээ сайн гэж ойлгож болох уу?

-Цаашид Дээд шүүхэд гаргах гомдол дээр тодорхой хязгаарлалтууд тавьсан тохиолдолд ачаалал буурч дээд шүүх хуулийг бүтээлчээр тайлбарлан хэрэглэн, эрх зүйг хөгжүүлэх үүргээ биелүүлж, онолын шүүх болох нөхцөл бүрдэнэ. Хууль хэрэглээний тодорхой практик тогтох нь шүүхэд хандах иргэд, өмгөөлөгчдийн хувьд ч тодорхой чиг баримжаатай болно. Одоо ямар байна гэхээр ямар ч маргааныг яаж ч шийдэж магадгүй байгаа юм. Иймд гомдол гаргаад үзье, миний талд шийдэж магадгүй, эсхүл зарим тохиолдолд ямар шийдвэр гарах нь тодорхой маргаан дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хугацаа авах зорилготойгоор дээд шүүхэд хандах тохиолдлууд бас байдаг.

-Иргэдийн төлөөлөгчтэй холбоотой ямар шинэ зохицуулалт тусгаж байгаа вэ?

-Иргэдийн төлөөлөгч шинэ зүйл биш юм. Үндсэн хуульд анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэйгээр (гурван шүүгчтэйгээр) хэргийг шийдэх бол иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцдог. Ажлын хэсгээс иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн зөвшөөрөөгүй бол ямар үндэслэлээр гэдгээ шүүхийн шийдвэртээ тодорхой тусгана, хэрэв шүүгч иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг яагаад няцааснаа шийдвэртээ оруулахгүй бол ёс зүйн зөрчил болох талаар санал боловсруулсан байна.                   

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд шүүхэд зарцуулдаг төсвийг танахгүй байх гэсэн заалт багтсаныг Засгийн газар төсөлдөө оруулсан юм билээ. Ер нь шүүхэд нэг жилд ямар хэмжээний мөнгийг улсын төсвөөс зарцуулдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд дунджаар 40-50 тэрбум төгрөг байна. Сүүлийн 7 жилд УИХ шүүхэд хөрөнгө оруулалтын төсөв огт батлаагүй. Барилга барих, шинээр юм худалдан авах боломж олгоогүй. Уг нь Шүүхийн хуульд зааснаар ШЕЗ шүүхийн төсвийн төслийг шууд УИХ-д өргөн барих эрхтэй. Гэвч Сангийн яам зардлыг нь хасчихдаг юм билээ. Иймд Ажлын хэсгээс ШЕЗ шүүхийн төсвийн төслөө УИХ-ын Хууль зүйн байнгын  хороогоор хянуулж, харин тус Байнгын хорооны хянаж зөвшөөрсөн төсвийг Сангийн яам танахгүйгээр нэгдсэн төсвийн төсөвт тусгах гэсэн санал дэмжигдвэл шүүхийн эдийн засгийн баталгааг хангахад эерэг нөлөө үзүүлнэ.   

Дарханд ОХУ-ын мэдлийн байрыг түрээслээд үйл ажиллагаа явуулдаг шүүх ч бий. Та нар шүүхийн байруудаар яваад үзээрэй.

-Энэ бэрхшээл бүх салбарт тулгардаг. Жишээ нь ирэх онд ЖДҮХС-д огт мөнгө хуваарилаагүй шүү дээ. МҮОНРТ мөн л Сангийн яамнаас дийлэнх зардлаа хасуулсан. Шүүх ингэж өөртөө хуулиар давуу байдал бий болгох нь хэр зохистой вэ?     

-Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл гурав харилцан хяналт-тэнцэлтэй байх ёстой. Иймд шүүх эрх мэдэл нөгөө хоёр институтээсээ эдийн засгийн хувьд хараат байж болохгүй. Шүүхийн асуудал мэт боловч цаана нь хэрэг маргаанаа шийдүүлэх иргэдийн эрхийн асуудал байгаа. Мөрдөн шалгах байгууллагууд шинэ байранд ороод байдаг. Гэтэл зарим шүүх түрээсийн байранд, подволд шүүх хуралдаанаа хийж байна. Дарханд ОХУ-ын мэдлийн байрыг түрээслээд үйл ажиллагаа явуулдаг шүүх ч бий. Та нар шүүхийн байруудаар яваад үзээрэй. Иргэд хэцүү орчин, нөхцөлд шүүхээр үйлчлүүлж байна. Танхим нь жижиг учраас нэхэмжлэгч, хариуцагч хоёр нь зэрэгцээд сууж байх жишээтэй. Шүүгчийн орон тоогоо нэмье гэхээр бас төсөв байхгүй.

-Төгсгөлд нь та ажлын хэсгийн гаргасан саналуудыг баталснаар гарах эерэг үр дүнгүүдийг танилцуулахгүй юу?

-Ажлын хэсгийн гаргасан саналын томьёололтой танилцахад өмнө нь байгаагүй, томоохон шинэчлэл авчрах саналуудыг тусгажээ. Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо, Улсын дээд шүүхийн чиг үүрэг, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа илүү оновчтой, тодорхой болох юм байна. Энэ бүхэн шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулна. Нөгөө талаас иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг ч хангах механизм бий болгох саналууд оруулжээ.

Шүүхэд ирж буй хэрэг нэмэмжлэлийг хуваарилах нь чухал асуудал байдаг. Одоо бүх шүүхэд цахимаар буюу автоматаар хэргийг хуваарилж байгаа, зарим тодорхой тохиолдолд тухайн шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрээр хуваарилах явдал байдаг. Харин Ажлын хэсгээс үүнийг хуулийн түвшинд баталгаажуулж, нарийвчлан зохицуулах, хэрэг, нэхэмжлэлийн хуваарилалтад ШЕЗ-өөс хяналт тавьж, тайланг улиралд бүр нийтэд мэдээлдэг байх, хүсэлт гаргасан этгээдэд тухайн нэхэмжлэл, хэрэг тогтоосон журмын дагуу хуваарилагдсан эсэх талаарх мэдээллийг өгдөг болохоор боловсруулсан саналыг дэмжих ёстой. Ингэснээр хүссэн шүүгчдээ хэрэг, нэхэмжлэл хуваарилуулдаг гэх мэт шүүхийг тойрсон хардлага байхгүй болно.  

Эдгээр бүх санал хууль болж батлагдаасай гэж хүсэж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.   

Эх сурвалж: Шүүхийн тухай хуулийг баталснаар шүүгчид алдаагаа мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэж хаацайлах боломжгүй болно (gogo.mn)