Б.Энхбаяр: Удаан тэвчлээ, одоо би хэн, яагаад гэдэг лобби бүрийг ил хэлье
3 years ago
УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ажлын хэсгийн ахлагчийн хувьд шүүхийн шинэчлэл, Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Шүүхийн шинэчлэл юунаас эхлэх ёстой вэ, хэний төлөө вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Шүүхийн шинэчлэл гэхээр зөвхөн шүүх байгууллага юм уу, Монгол Улсын 500 гаруй шүүгчийн асуудал мэт харж болохгүй. Монгол Улсын бүх хүнд хамаатай шинэчлэл. Шударга ёсны, эрх зүйт төрийн, эдийн засгийн хөгжлийн, хүний эрх, эрх чөлөөний суурь нь шүүхийн шинэчлэлээс эхтэй. Тийм учраас шүүхийн шинэчлэлийг ямар нэгэн албан тушаалтны, хэн нэгэн хувь хүний сонирхлоос ангид, салгаж харах ёстой. Ингэж чадахгүй бол шинэчлэл цааш явахгүй. Шинэчлэл хийхдээ нэгд, Б.Чимид багшийн хэлснээр “Алганд багтсан Монгол Улс” болох Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг тугаа болгоно. Энэ нь улсаасаа давсан ямар ч ашиг сонирхол хэнд ч байх ёсгүй гэсэн үг. Хоёрт, судалгаа шинжилгээ, олон улсын сайн туршлагад суурилах ёстой.
-Яг юу юуг яаж өөрчилж байгааг товчхон хэлж болох уу?
-Шүүхийн шинэчлэл, хуулийн төслийн өөрчлөлтийг нэг удаагийн ярилцлагаар ярих боломжгүй. Товчхон хариулъя. Одоо үндсэн гурван асуудал байна. Шүүгч хүний “дарга” нь зөвхөн Үндсэн хууль, түүнд нийцсэн хууль л байх ёстой. Гэтэл өнөөдөр шүүх эрх мэдэл нь улс төрөөс буюу томилогдсон албан тушаалтнаас, улстөрчдөөс хамаарал маш өндөртэй байгаа. Энэ хамаарлыг арилгаж байгаа, нэгд. Хоёрт, шүүгчийг шүүгчдээс нь, тэр дундаа дээд шатны болон ерөнхий шүүгчээс, танхимын тэргүүнээс, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс, мөн шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хорооноос нь хүртэл айх айдасгүй, нөлөөгүйгээр шүүн таслах ажиллагаагаа явуулах бололцоог олгосон шинэчлэл хийж байгаа. Энэ хуулийг баталснаар шүүх дотор хэн нь ч дарга биш болно, ерөнхий шүүгч нь шүүгчиддээ нөлөөлөх ямар нэгэн эрх мэдэлгүй болно. Гуравт, шүүгчдийг өнгө, мөнгө болон мэргэжил боловсролын хувьд хамааралгүй болгоно. Хувь хүнийн болон мэргэжлийн чадварын хувьд бусдаас бие даасан байдлаар ажиллах бүрэн чадамжтай, мэргэжилдээ бардам, шилэгдмэл шүүгч нар гарч ирэх системийг бий болгоно. Ийм шударга, өндөр шалгуураар гарч ирсэн шүүгч бол шударга ёсны баталгаа, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн хана хэрэм байж чадна гэдэг үзэл санаа нь энэ хуулийн амин сүнс юм.
-Шүүгчдийг албан тушаалтнаас, ерөнхий шүүгчээс нь нөлөөлөлгүй болгоно гэж байна. Жишээ нь, Үндсэн хуулиа зөрчиж ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг томилж, чөлөөлдөг болсон. Энийг болиулж байгаа юу?
-Мэдээж болиулна. Энэ бол шүүхийн шинэчлэлийн, энэ хуулийн жижигхээн хэсэг. Одоо бол шүүгчдийг сонгон шалгаруулдаг ШЕЗ-ийг, бүх шатны шүүгч, ерөнхий шүүгч, шүүгчдийн ёс зүй мэргэжил ур чадварыг үнэлж хариуцлага тооцдог мэргэжлийн болон ёс зүйн хороодыг, бараг бүгдийг нь Ерөнхийлөгч томилж байгаа. Энд хэн Ерөнхийлөгч байх нь хамаагүй. Хамгийн гол нь шүүхийн систем бүхэлдээ нэг цонхны үйлчилгээтэй, нэг албан тушаалтнаас хамаарсан босоо удирдлагатай болсон. Хязгааргүй эрх мэдэл бол хяналтгүй дарангуйллыг бий болгодог. Хэт төвлөрсөн ийм их эрх мэдэл дээр ямар ч сайхан сэтгэл өвөрлөсөн хүн эвдэрнэ. Энэ төвлөрсөн эрх мэдлийг задлах ёстой. Түүнээс биш, одоо байгаа Ерөнхийлөгчөөс, эсвэл дараагийн Ерөнхийлөгчөөс эрх мэдлийг нь булааж аваад хэн нэгэнд, даргад аваачиж өгөх гээд байгаа юм ерөөсөө байхгүй.
-Шүүгчдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, томилдог шиг Үндсэн хуулиа зөрчсөн ийм алдаа цаашид давтагдахгүй гэх баталгаа бий юү. Тийм цонхыг яаж хаах вэ?
-Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой зарчмын хоёр том өөрчлөлт орсон. Нэгд, Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж. Үндсэн хуульд зааснаас өөр болон илүү эрх мэдэл олгох, тийм хууль гаргахыг хуулиар хориглосон. Хэрвээ олговол Үндсэн хууль зөрчинө. Хоёрт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд бүх шатны шүүгчийг томилох, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох гэдэг хоёр л эрх байгаа. Түүнээс биш, одоогийнх шиг ШЕЗ-ийн гишүүд, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилох эрх байхгүй. Энэ алдааг Үндсэн хуульдаа нийцүүлж засаж байгаа. Асуултын тухайд, Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн, шүүхийн бие даасан байдалд халдсан хууль, мөн албан тушаалтны шийдвэрийг шүүх өөрөө Үндсэн хуулийн Цэцэд хянуулж хүчингүй болгуулах эрхтэй байхаар хуульчилж байгаа. Хэрвээ Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдвэр гаргавал уг шийдвэрийг гаргасан албан тушаалтан шууд огцорно. Энэ нь шүүх эрх мэдлийг, шүүх эрх мэдэлтэй холбоотой Үндсэн хуулийн үзэл санааг албан тушаалтнаас хамгаалсан маш сайн хамгаалалт болно.
-Тэгээд ШЕЗ, Сахилгын хорооны гишүүдийн томилгооны эрхийг Ерөнхийлөгчөөс аваад одоо хэнд, ямар албан тушаалтанд шилжүүлж байгаа вэ?
-Шүүхийн өөрийн дотоод ардчилалд нь өгч байгаа. Тухайлбал, ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг дөрвөн жилд нэг удаа хуралдах Монгол Улсын нийт шүүгчдийн хурлаас нууц санал хураалтаар тодруулна. Өмнө бол ШЕЗ-д дандаа албан тушаалаар томилогдож ирсэн. Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн сайд, Хуульчдын холбоо тэднийг томилдог байсан. Энийг буруу гэж үзсэн. Хэрвээ зөв байсан юм бол шүүх өнөөдөр яагаад ийм сул дорой, мэргэжил боловсролгүй, авлигач шүүгч нартай гэсэн шүүмжлэлтэй яваад байна вэ. Яагаад гэвэл дарга нар квотоор нэг аймгийн, нэг сумын хүнээ, эсвэл найз нөхөд, туслахаа, хүүхдээ ШЕЗ-д нэр дэвшүүлдэг байсан. Хүн нь сайн хүн байж болно. Гол нь систем өөрөө цус ойртчихсон, томилгооны арга нь бүлэглэл, мафийн шинжтэй болсон. Тийм учраас ШЕЗ-ийн 50 хувийг нийт шүүгчдийн хурлаас нууц санал хураалтаар тодруулна. Үлдсэн таван гишүүнийг УИХ нээлттэй сонсгол хийж, нээлттэй сонгон шалгаруулалтаар гаргаж ирнэ. Ерөнхийлөгч ч энэ саналыг дэмжиж, эрх барьж байгаа намынхан өөрсдийн үгээр байлгах, цүнх баригч нараа сонгоод байх эрсдэлийг хуульдаа хааж өгөхийг зөвлөсөн. Тийм учраас хамгийн багадаа таваас дээш жил улс төрийн намд болон улс төрийн намын томилгоотой албан тушаал хашиж байгаагүй хуульчдыг нэр дэвшүүлэх өндөр шалгуур тавьсан. Мэргэжлийн тусгай ажлын хэсэг ажиллаж, нэр дэвшигчдийг УИХ-д оруулж ирнэ. Тэгэхдээ яг тав юм уу, орон гарсан мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг УИХ-д оруулж ирэхгүй. Нээлттэй сонсгол дээр үндэслээд УИХ-аас хамгийн олон санал авсан нь сонгогдох байдлаар нэг квот дээр 2-3 сонголттой санал оруулж ирнэ. Ийм өндөр шалгуураар нийт шүүгчид дундаас болон УИХ-аас сонгогдож гарч ирсэн ШЕЗ нь багийн зарчмаар ажиллаж, мэргэжил, ур чадварын хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид гаргана.
-Доороос, мэргэжлийн байгууллагаасаа гараад ирсэн шүүгчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь томилдоггүй тохиолдол байдаг. Мөн хугацаанаас нь өмнө чөлөөлдөг. Энэ бүгдийг яаж хааж байгаа вэ?
-Бүх шатны шүүгчид болон ШЕЗ-ийн гишүүдийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л огцруулж, чөлөөлнө. Тэдгээр нь ямар үндэслэлүүд байх вэ гэдгийг хуульд нэг бүрчлэн бичиж байгаа. Хуульд зааснаас өөр үндэслэлээр чөлөөлөх, эгүүлэн татвал тийм шийдвэр гаргасан албан тушаалтан Цэцэд очиж огцорно. Жишээ нь, Ерөнхийлөгч хуульд зааснаас өөр үндэслэлээр Дээд шүүхийн шүүгчийг чөлөөлбөл маргаан Цэцэд очиж, Цэцийн шийдвэрээр Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорно. Энэ маш том хамгаалалт. Үүнийг яаж хийх вэ гэхээр ШЕЗ-ийн үүрэг бол шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй Үндсэн хуулийн байгууллага. Өмнө нь энэ байгууллага эс үйлдлээрээ шүүгчдийнхээ эрх ашгийг хамгаалдаггүй байсан. Жишээлбэл, 13 шүүгчийг ямар ч үндэслэл хэлэхгүйгээр чөлөөлсөн. Одоо болтол шийдэгдээгүй явж байна. Үүнээс болж шүүгчид хэн нэгэн даргад мөргөж сөгдөж явахгүй бол ажилгүй, амьдралгүй болох юм байна гэсэн айдастай болж, нөлөөнд орж эхэлсэн. Энэ алдааг засаж, Үндсэн хууль болон бусад хуульд заасан хэм хэмжээнд шүүгчдээ хамгаалахыг ШЕЗ-д үүрэгжүүлж байгаа. Мөн шүүгчийн болон ШЕЗ, түүний гишүүдийн үйл ажиллагаа, бие даасан байдлыг алдагдуулсан төрийн өндөр албан тушаалтнуудыг Улсын дээд шүүхээр дамжуулаад Цэцэд өгнө.
-Шүүгч алдаа гаргавал, авлига авсан, илт ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргавал яах вэ. Нэгэнт томилогдсон гээд яваад байх уу, хугацаанаас өмнө чөлөөлөх үү?
-Алдаа хоёр янз. Нэгд, мэргэжлийн алдаа, хоёрт, ёс зүйн сахилгын алдаа. Энэ хоёр алдаа холилдох нь ч байна. Эдгээр алдааг хянуулах гэж Үндсэн хуульд цоо шинээр Сахилгын хороо гэж Үндсэн хуулийн байгууллага байгуулсан. Цоо шинэ энэ байгууллага хуулиар амилах гэж байгаа учраас анхны алхам нь их чухал. Гарааг их зөв тавих ёстой. Буруу эхлүүлбэл энэ бүтэц өөрөө мангас болно. Шүүгч нараа барьж байдаг шинэ хонгил болно. Хонгил болохгүйн тулд маш олон процесс бичсэн. Зөвхөн Сахилгын хорооны зохицуулалт гэхэд 20 гаруй хуудас болж байна. Шүүгчдэд гагцхүү хуульд заасан үндэслэлээр л хариуцлага тооцно. Энэ бол Үндсэн хуульд байгаа өгүүлбэр шүү. Б.Чимид багш энэ өгүүлбэрийг зүгээр нэг хэлчхээгүй. Шүүгчийг ямар нэгэн дарга үзэмжээрээ хальж, сольж, нээнтэглэж болохгүй гэсэн санаа. Хариуцлага тооцох гэж байгаа бол тухайн үндэслэл нь хуулиар бичигдсэн байх ёстой гэдэг зарчим юм. Энэ зарчим өнгөрсөн 30 жилд алдагдаж ирсэн. Шүүхийн ёс зүйн дүрмийг шүүгчид өөрсдөө батална гэсэн хуультай явж ирсэн. Үүнийг ажлыг хэсэг өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлж байгаа. Хуульд зааснаас өөр үндэслэл, өөр үзэмжээр шүүгчдэд хариуцлага тооцохгүй болгосон. Энэ нь нэг талаас шүүгчийн гаргаж болох алдаа болгоныг хуульчилж, хариуцлага сахилгыг өндөржүүлж байгаа боловч нөгөө талдаа шүүгчээ, шүүх эрх мэдлээ хамгаалсан давхар утга юм. Жишээ нь, Монгол Улсад өөр хаана ч байхгүй нэг шаардлагыг шүүгчдэд тавьж хуульчилж байна. Бие даасан, хараат бус байхад нь нөлөөлж болохуйц хэргийн оролцогчтой хувийн, дотно харилцаа тогтоохыг хориглоно гэж. Энэ нь нэг харахад хүний хайр сэтгэлийг ч зохицуулах гэж байгаа мэт боловч цаагуураа тухайн хүний асуудал биш, шүүх, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангахад чиглэж байгаа юм.
-Шүүгчийн томилгоо заримдаа эрх бүхий албан тушаалтандаа очихгүй замдаа саатдаг. Сая гэхэд Дээд шүүхэд нэр дэвшигчийг “Голомт”-ын өмгөөлөгч, эрх ашгийн зөрчилтэй гээд УИХ танилцахаас татгалзаад томилуулсангүй. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
-Хууль тогтоогчид хуульд заагаагүй үндэслэлээр шүүхийн томилгоо руу орж, нөлөөлж болохгүй гэдэг процессыг хуульчилж байгаа. ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгоог УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилдог Үндсэн хуулийн заалттай. Таны асуултын тухайд Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшсэн Батхүлэгийг ашиг сонирхлын зөрчилтэй, хуулийн шаардлага хангахгүй хүн байна гэж би хууль ёсны шаардлага тавьсан. Танилцахаас татгалзах санал гаргаж, танилцахаас татгалзсан, үүндээ одоо ч гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Тэгэхдээ УИХ-ын “Танилцах” процесс гэж юуг хэлэх нь тодорхой бус байгаа. Үүнийг тодорхой болгож байгаа. Танилцах сонсгол гэдэг процесс бичиж байгаа. Энэ нь цаг хугацаатай. Ерөнхий зөвлөлөөс УИХ-д хүргүүлэх, УИХ танилцах сонсголыг хэзээ яаж хийх гээд бүгдийг нарийн бичсэн. УИХ хуулийн хугацаандаа сонсгол хийхгүй бол сонсголоо хийсэнд тооцох, танилцахгүй гэж гацаах, нөлөөлөх бололцоог хаах зохицуулалтыг хийж өгсөн. Ингэж нарийн зохицуулж, тодорхой хуульчилж өгөхгүйгээс болж ийм Батхүлэгийнх шиг жишээ давтагдаад байж болохгүй. Бас УИХ их мэдээд, томилгоонд хэт оролцоод эхэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь парламентынхаа нөлөө, мэдэлд орчихно. ШЕЗ-ийг парламентын нөлөөнд оруулахгүйн тулд гишүүдийн 50 хувийн нийт шүүгчид дундаас сонгож байгаа.
-Дээд шүүх, эсвэл давж заалдах шатны шүүх дээр ирсэн гомдлыг Ерөнхий шүүгч нь хуваарилдаг. Ерөнхий шүүгч өөрийн үзэмжээр хэргийг дуртай нэгэндээ хуваарилдаг байдлыг яаж өөрчилж байгаа вэ?
-Хэрэг хуваарилах нь Ерөнхий шүүгч дээр, шүүгчийн нарын асуудал нь ШЕЗ-ийн дарга дээр, ёс зүйн асуудал нь Ёс зүйн хорооны дарга дээр байдаг. Шинэ хуулиар ямар нэгэн дарга болон Ерөнхий шүүгч хэрэг хуваарилах эрхгүй болно. Хэрэг хэрхэн хуваарилах ерөнхий нийтлэг журмыг хуульчилж бичсэн. Сугалаагаар, тухайн шатны шүүхийн нийт шүүгчийн зөвлөгөөнөөр шийднэ. Тухай, тухайн хэрэг бүрт шүүх бүрэлдэхүүнийг ерөнхий шүүгч шийдээд байхгүй. Жишээ нь, Батын хэрэг дээр энэ нь гурван шүүгч орно гэж нэр цохож заахгүй. Нийт шүүгчдийн хурлаар, бие биедээ хяналттай, дотоод ардчиллыг нэвтрүүлнэ. Ганц шүүгч биш, ШЕЗ болон Сахилгын ерөнхий хороо нь харилцан бие биеэ,нэг нь нөгөөгөө ч хянах эрхтэй байхаар хуульчилж байгаа. Энэ нь албан тушаалтны нөлөөллөөс хамгаалсан хамгаалалт.
-Хууль бол нийгмийн бүхий л амьдралыг зохицуулж чадахгүй. Энэ хууль ч албан тушаалтан, улс төрийн, Ерөнхий шүүгчийн нөлөөллийг хааж чадахгүй байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хаасан гэж итгээд үүнээсээ болж шүүгч эрсдэлд орохыг хэрхэн тооцсон бэ. Тухайн шүүгчийн амь насыг, амьдралын баталгааг хамгаалж байгаа нэмэлт заалт байна уу?
-Байна аа. Шүүгчийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэхээс гадна улс төрөөс, даргаас, мөнгөтэй хүнээс, рекитээс хамгаалах ёстой. Тиймээс нийгмийн, эдийн засгийн баталгааг нь хуульчилж байгаа. Өрөөндөө дуудаад үүрэг чиглэл өгөөд байдаг даргаас хүртэл хамгаалах ёстой. Жишээ нь, ямар нэгэн дарга, цэрэгтэй уулзаж байгаа бол заавал протокол хөтөлнө. Заавал хоёр талаасаа протоколтой уулзана. Гурав хоногийн дотор протоколоо Шүүхийн ерөнхий зөвлөлд нууцын журмаар ирүүлнэ. Шүүгч өөрөө бичнэ, уулзсан нөхөр ч бас бичнэ. Уулзалтын протоколоо бичихгүй бол төрийн өндөр албан тушаалтан, бүр шүүгч өөрөө ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр огцрох үндэслэл болно.
-Түрүүнээс хойш Цэцэд өгнө, Цэцийн шийдвэрээр тухайн албан тушаалтан огцорно гэж олон хэллээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн нэг шүүгчтэй уулзсан тухайгаа 3 хоногт багтаж протокол бичиж өгөөгүйн төлөө яаж Үндсэн хууль зөрчсөн болох вэ?
-“Хууль дээдлэх” гэж Үндсэн хуулийн гол зарчим, амин сүнс байна. Хэрвээ тухайн албан тушаалтан хууль дээдлээгүй бол Үндсэн хууль зөрчсөнд тооцно. Үндсэн хууль зөрчсөн бол албан тушаалаасаа огцрох үндэслэл болно. Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө шүүх эрх мэдлийнхээ хараат бус, бие даасан байдлыг хангах, хамгаалах ёстой учраас Дээд шүүхээр дамжуулж Цэцэд өгнө. Үүнийг ШЕЗ-д үүрэгжүүлж байгаа.
-Та саяхан Шүүхийн тухай хуулийг гацаах сонирхолтой лобби их байна, үүнийгээ зогсоогоорой гэж нэлээд бухимдсан аястай жиргэсэн харагдсан. Үнэхээр тийм хандлага, лобби байгаа юм уу?
-Энэ хуулийн төслийг унагаах, шүүхийн шинэчлэлийг зогсоох, мөн бүлэглэлийн болон албан тушаалтны сонирхлыг хуульд шингээх гэсэн лобби, санаархал ил далд янз бүрээр ирж байна. Бүр өдөр шөнөгүй ч гэж болно. Бас хуучин эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Дээд шүүхийн шүүгчдийн, мөн хуучин эрх мэдлийг нь Дээд шүүхэд үлдээх замаар шүүх эрх мэдлийг урьдын адил албан тушаалтнаас хамааралтай байлгах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол, лобби ч хүчтэй явж байгаа. Шүүгчдийн хараат бусаар ажиллах эрх зүйн баттай бөгөөд Үндсэн хуулийн хамгаалалттай орчин бүрдэж байгаад, мөн шүүгчдийн дураараа авирладаг байсан эрх мэдлүүд хуулиар хязгаарлагдах болсонд сандарч бачуурч байгаа хэсэг байна. Зарим хүн, бүлэглэл бараг амь тавих нь. Над руу янз бүрээр хандаж байгаа. Уучлаарай тэр нөхдөд хэлье. Одоо би, ажлын хэсэг зогсохгүй. Төслийг анх өргөн барьсан Засгийн газар, Ерөнхий сайд, мөн шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж сонгуульд амлаж олонхи болсон МАН-ын улс төрийн манлайлал ч зогсохгүй гэдэгт итгэж байна.
-Голдуу ямар хүмүүсээс, ямар заалт, эрх мэдэлтэй холбоотой лобби ирж байна вэ?
-Улс төрийн, бизнесийн эрх ашиг нь хөндөгдөх, хонгилоо авч үлдэх гэсэн, албан тушаалтай байгаа дээрээ асуудал шийдэх гэсэн, бараг барьцаанд орчихсон юм уу гэж хардмаар сонирхлоос эхлээд, өөрөө Дээд шүүхийн шүүгч болох гэсэн жижиг амбийц хүртэл байна. Би ганц жишээ хэлье. Өнгөрсөн 30 жилд сахилга, ёс зүй, мэргэжлийн алдаагаар хариуцлага тооцсон, хариуцлага хүлээсэн Улсын дээд шүүхийн нэг ч шүүгч байхгүй. Тийм түүх байхгүй. Дээд шүүхийн шүүгчдийг хөх тэнгэрээс өөр хэн ч хянадаггүй, хариуцлага тооцдоггүй гэж явж ирлээ. Одоо үгүй, Дээд шүүхийн шүүгчдийг Үндсэн хууль хянана, Үндсэн хуулийн байгууллага болох Сахилгын хороо нь хянана. Гэтэл шүүхийг хянах үндсэн үүрэгтэй Үндсэн хуулийн энэ байгууллагыг Дээд шүүх өөрөө хянадаг байх эрх мэдлийг хуульд суулгуулах гэж гишүүдэд нөлөөлж, лоббидож яваа. Энэ эрх мэдлийг Дээд шүүхэд авч үлдэхийн тулд зарим улстөрч, шүүгч, хувь хүмүүс Үндсэн хууль руугаа нулимж байна. Уг нь би удаан тэссэн. Тэвчээртэй сонссон, зарим саналыг ажлын хэсэг дээр хэлэлцүүлэх, хүлээж авах зэргээр хүлээцтэй хандсан. Олон нийтэд, хэвлэлд ч зарлаагүй. Энэ нь айсандаа бус, төслийн үзэл санаагаа унагахгүй, шүүхийн шинэчлэлийг зогсоохгүйн тулд хийсэн алхам байсан. Одоо хангалттай, үүнээс цааш тэвчиж чадахгүй. Хэрвээ ажлын хэсэг дахиад тэвчвэл, илт явж байгаа зарим лоббийг хүлээж авбал Үндсэн хуулиар хамгаалсан шүүхийн эрх мэдлийн хараат бус хана хэрэм нурах болно. Тийм учраас би цаашид, өнөөдрөөс, мөн УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр шүүхийн шинэчлэлийн төлөөх зарчмуудыг унагаах гэсэн лобби-гоо үргэлжлүүлж байгаа улстөрчид, шүүгчдийн нэрийг ил зарлах болно. Хэн гэдэг УИХ-ын гишүүн юуны учир, хэний лоббигоор энэ төслийг унагаах гэж байгааг, хэн гэж шүүгч хэний ямар, сонирхлыг шингээх гээд чадаагүйдээ хорсоод явааг учир шалтгаантай нь ил зарлах болно. Хэн ямар санал гаргаж байгаа, цаанаа хэний, юуны эрх ашгийг төлөөлж дуугарч байгааг би өөрт байгаа мэдээллийнхээ хүрээнд хэлж явах болно. Энэ бол сүрдүүлэг биш. Энэ бол бараг 20 жилийн дараа хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааг нураахгүй гэсэн, хоосон тунхаг болгохгүй гэсэн, шүүх эрх мэдлийг хараат бус байлгах гэсэн миний тэмцэл юм.
-АН-ын бүлэг хоёр удаа завсарлага аваад байгаа нь энэхүү лобби-той холбоотой цаг хожих гэсэн арга уу?
-Таны хэлснээр цаг хожиж, төслийг унагах аргадаа АН-ын бүлгийг ашиглаж байж магадгүй. Яагаад гэвэл удахгүй, энэ сарын сүүлээр УИХ-ын чуулган завсарлана. Хаврын чуулганы үеэр Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж өнөөдрийнхөөс илүү улстөржинө. Үүнийг харсан хүмүүс байж магадгүй. Гэхдээ би АН-ын гишүүдийг бүгдийг хэлэхгүй, буруутгахгүй. Тэнд одоо болон өмнө нь хууль, шүүхийн шинэчлэлд үлгэрлэж явсан хүмүүс бий. Тэднийг би үзэл санаанаасаа урваагүй гэдэгт итгэж байгаа. МАН-ын бүлгийн гишүүд ч шударга ёсны тэмцэл, шударга ёсны шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж ард түмэндээ амласнаа мартаагүй гэдэгт итгэж байна.
-Тэгээд яагаад төсөл явахгүй байна вэ?
-Яг одоо бол МАН-аас хамаарсан гацаа алга. Манай бүлэг харьцангуй цул бөгөөд байр суурин дээрээ хатуу байгаа. АН-ын бүлэг л хоёр удаа завсарлага авсан. Одоо хуулийн боломж нь дууссан. Одоо УИХ-ын гишүүд өөрийг нь сонгосон ард түмнийхээ өмнө шалгалтаа өгнө. Хэн нь шударга ёсны талд байна вэ, хэн нь шүүхийг шинэчлэхийг хүсч байгаа, хэн нь хэний эрх ашгийг хамгаалж дуугарч байна вэ, хэн нь төслийг гацааж унагах замаар хонгилыг авч үлдэх сонирхолтой байна вэ гэдэг шалгалтаа өгнө. Гэхдээ “тэд яагаад...” гэдэг хариултыг нь би ил тод, нэр устай нь зарлах болно.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!
Эх сурвалж: Б.Энхбаяр: Удаан тэвчлээ, одоо би хэн, яагаад гэдэг лобби бүрийг ил хэлье - iToim.mn
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !