Бүтээлийн нэр
Дампуурлын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа
Тэмдэглэл
Судалгааны ажлын гуравдугаар бүлгийг Дашпунцагийн Эрдэнэчимэг бичсэн болно.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Компани, Арилжаа & Бизнесийн эрх зүй
Бүтээлийн товч
Иргэн, хуулийн этгээд бизнесийн болон хувийн хэрэгцээний өр зээлийн дарамт, үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн салбарын онцлогт нөлөөлсөн эдийн засаг, зах зээлийн хямралын улмаас төлбөрийн чадваргүй болох нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор тэдгээрт дахин “цэвэр эхлэл”-ийн боломж олгох, эсхүл бизнесийн үйл ажиллагааг нь сайтар боловсруулсан төлөвлөгөөний үндсэн дээр сэргээх зорилго бүхий харилцааг бүхэлд нь дампуурлын эрх зүйн харилцаа гэж ойлгож болох юм. Дампуурлын тухай Монгол Улсын хууль 1997 онд батлагдаж, тухайн цаг үеийн үүргээ гүйцэтгэж, хуулийн этгээдийн дампуурлын үндсэн харилцааг зохицуулж ирсэн боловч уг хуулийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, өргөжин тэлж буй эдийн засаг, санхүүгийн харилцааны онцлогт тохирсон өргөн хүрээтэй цогц хэм хэмжээ бүхий хууль тогтоомж болгон шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага бий болоод нилээдгүй хугацаа өнгөрч байна.
Олон улсын эрх зүйн түвшинд дампуурлын харилцааг санхүү, эдийн засгийн чухал инститүц болох хувьд нь үзэл баримтлалын нэг чиг хандлага, төсөөтэй байр суурь баримтласан нэгдмэл зохицуулалттай болгохыг зорих болжээ. Тус судалгааны ажлын хүрээнд дотоодын эрх зүйд нэн тулгамдсан, боловсронгуй болгох шаардлагатай тодорхой сэдвүүдийг олон улсын эрх зүйн заавал мөрдөх эх сурвалж болон үндэсний хууль тогтоомжид тусган батлах замаар мөрдвөл зохих гарын авлага, зааварчилгаанд хэрхэн хөндсөнийг авч үзэхийг зорилоо. Дотоодын эрх зүйд нэн тулгамдсан хийгээд боловсронгуй болгох шаардлагатай сэдвүүдэд дараах асуудлуудыг хамруулсан болно. Үүнд:
1. Үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадваргүйдлыг тодорхойлох шалгуур, нөхцөл
2. Үүрэг гүйцэтгэгчийн талаарх ойлголт, онцлог, хамрах хүрээг тодорхойлоход анхаарах асуудал
3. Дампуурлын ажиллагааны төрлүүд, онцлог
4. Хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, эрх үүрэг, сонгох, томилох журам, цалин хөлсийг тодорхойлох арга хэлбэр, хүлээх хариуцлага
5. Нэхэмжлэлийг хүлээн авах, саналын эрх тодорхойлох журам
6. Үүрэг гүйцэтгэгчийн хуваарилагдах эд хөрөнгө
НҮБ-ын Худалдааны хууль тогтоомжийн хороо (цаашид “UNCITRAL” гэх) 1999 онд Дампуурлын тухай хуулийн гарын авлагыг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс төслийг нь бэлтгэн 2000, 2001 онуудад UNCITRAL-ийн 36 гишүүн улс, гишүүн бус бусад улсын төлөөлөл, засгийн газрын бус олон улсын байгууллагуудын дунд тус тус хэлэлцэгдэн, 2004 оны 6 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд Нью Иорк хотод зохион байгуулагдсан UNCITRAL-ийн 37 дугаар чуулганаар эцэслэн батлагдсан байна. Түүнчлэн Европын холбооноос тус холбооны гишүүн улсуудын дампуурлын хууль тогтоомжийн нийцэл, нэгдсэн байдалд анхаарал хандуулж, төлбөрийн чадваргүйдлын харилцааг зохицуулах хууль тогтоомжийн шинэтгэлийг эхлүүлэх зорилгоор жил бүр тайлан, илтгэлүүд хэвлэн гаргаж байна. Эдгээр гарын авлага, зааварчилгаа нь албан бус хэдий ч хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудад дампуурлын хууль тогтоомжоо шинэчлэх, үзэл баримтлалаа боловсруулахад суурь болгон ашиглах тулгуур баримт бичгийн нэгт зүй ёсоор тооцогдох болжээ.
Түлхүүр үг
Дампуурал, төлбөрийн чадваргүйд тооцох, хэрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгч, дампуурлын ажиллагаа, мөнгөн хөрөнгө хуваарилах, татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх
Бичигдсэн огноо
2017-05-25
Хуудсын тоо
30
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2018-02-26
Товч мэдээлэл үзсэн
8066
Бүрэн эхээр нь үзсэн
313
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа “Дампуурлын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/324
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх