Нөгөө талаас дагавар хүүхдийг хойт эцэг, эхээсээ хууль ёсоор өвлөх эрхгүй гэж шийдвэрлэсэн нь түүнийг хойт эцэг, эхийн хүүхэд биш гэж хүлээн зөвшөөрч, дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, тэдний эрхийн зөрчлийг дэмжиж байгаатай утга нэг юм. Харин дагавар хүүхдийг хойт эцэг, эхээс өвлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэх нь хойт эцэг, эх болон дагавар хүүхдийн эцэг, эх, хүүхдийн харилцааг хүлээн зөвшөөрч буй хэлбэр юм.
Судалгаанаас үзвэл манай улсад 2000 оноос хойш гэрлэлт цуцлалт 81%-иар ихэссэн, хойт эцэгтээ хүчиндүүлсэн, сэтгэл гутралд өртсөн дагавар хүүхдүүдийн тохиолдол ихээхэн үзэгдэж байгаа нь судлаачийн хувьд манай улсад тэдний харилцаа, эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Гэвч МУ-д хичнээн дагавар хүүхэд байгаа талаар тоо баримт байхгүй, энэ талаар судалгаа огт хийгдэхгүй байгаа нь энэхүү асуудлыг Монгол Улс төдийлөн анхаарахгүй байгааг харуулж байна.
Иргэний хуулийн дээрх заалтаас үүдэж шүүхээс дагавар хүүхдийн өв залгамжлалтай холбоотой маргаан хянан шийдвэрлэхдээ хойт эцэг, эх, дагавар хүүхдийн харилцаа үүссэн эсэх, үүссэн бол тэдний эцэг, эх, хүүхдийн харилцаа, мөн аль аль талаасаа дагавар хүүхэдтэй байхад нэг талыг нь анзаарч шийдвэрлэх, төрсөн эцэг, эхийн эд хөрөнгөгүй, өвлүүлэх чадваргүй байх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулж, авч үзэлгүйгээр хатуу тогтсон байдлаар өвлөх эрхгүй гэж шийдвэрлэж байх учир манай улсын хувьд бусад улсуудын адил дагавар хүүхдийн хууль ёсоор өвлөх эрхийг хүлээн зөвшөөрч, МУ-ийн Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Судлаачийн судалснаар хойт эцэг, эх болон төрсөн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүс дийлэнхийг зонхилж байх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэх эсэх нь өмнөх гэр бүлийн цуцлалттай холбоотой сайн дурын ойлголт учраас одоог хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарсан гэр бүлүүд маш олон байна. Гэвч үүнээс болж дагавар хүүхэд гэр бүлийн гишүүнд тооцогдохгүй, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх ёсгүй юм. Нөгөө талаар дагавар хүүхэд гэдэг нь хэн нэгнийх нь асрамжид дагаж ирсэн хүүхдийг ойлгох бөгөөд ийнхүү заахгүй тохиолдолд дагаж яваагүй эцэг, эхтэйгээ шинээр гэр бүл болсон хүнтэй хойт эцэг, эх, дагавар хүүхдийн эрх, үүрэг үүсгэнэ хэмээн өрөөсгөл ойлгох юм.
Иймд Иргэний хуульд хойт эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлж байсан дагавар хүүхэд буюу тэдний харилцаа хүүхдийг насанд хүрээгүй байхад үүссэн дагавар хүүхдийн хувьд хойт эцэг, эхээс өвлөх эрхтэйг тусгаж, хойт эцэг, эх, дагавар хүүхдийн харилцааг ГБтХ-д бүрэн хүлээн зөвшөөрч тодорхой болгох нь зүйтэй. Ингэснээр хойт эцэг, эхээс дагавар хүүхэд хууль ёсоор өвлөхтэй холбоотой маргааныг шүүхээс хянан шийдвэрлэх болж, цаашлаад дагавар хүүхдийн ирээдүйн сайн сайхан амьдрал, хөгжилд эерэгээр нөлөөлж, хүүхэд хайр халамжгүй, хайхрамжгүй гэр бүл өсөхөөс сэргийлэх нэг арга зам болно гэж дүгнэж байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Цэрэнбалтавын Сарантуяа ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТ, МОНГОЛ УЛС БОЛОН АРДЧИЛАЛД ШИЛЖИЖ БУЙ БУСАД ОРНЫ ТУРШЛАГА
Мөнхсайханы Болор-Эрдэнэ THE BALANCE BETWEEN PROHIBITION AGAINST EXPROPRIATION AND THE HOST STATE’S RIGHT TO REGULATE FOR PUBLIC WELFARE (CHINA AND MONGOLIA COMPARED) 禁止征收与东道国为公共福利进行管制的权利之间的平衡(中国与蒙古的比较)
Бахыт Амандых Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах асуудалд хийсэн онолын шинжилгээ