Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй

6 hours ago

АНУ-ын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL – Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт “Нээлттэй дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрийн төгсөгчдийн олон улсын бага хурал Улаанбаатарт өнгөрсөн зургаадугаар сард болов. Энэхүү арга хэмжээг “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн хүрээнд Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан.

Хуралд оролцохоор АНУ, Армени, Эстони, Индонез, Серби зэрэг 10 гаруй орны 40 шүүгч, эрхзүйч ирсэн байв. Бага хурлын хүндэт зочин АНУ-ын Холбооны Магистрат шүүгч Сюзанн Митчеллтай ярилцлаа.

-Та өмнө нь Монголд ирж байсан уу? Хэрэв анх удаа ирж байгаа бол манай орны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Би анх удаа Монголд ирлээ. Гэхдээ сүүлийнх биш гэж найдаж байна. Намайг юу хүлээж байгааг мэдэхгүй байсан ч Монгол явах тухайгаа найз нөхөд, хамт олондоо хуваалцахад тэдний үзэх ёстой газруудын жагсаалтын дээгүүрт Улаанбаатар ордог гэж хэлж байсан юм. Яагаад гэдгийг нь би энд ирээд л ойлголоо. Монголчуудын ер бусын зочломтгой зан нь үнэхээр сэтгэгдэл төрүүлсэн. Улаанбаатарт ирээд олон газраар явлаа. Энэ хоттой танилцахад маш тохиромжтой зургадугаар сард Монгол Улсад зочилсондоо баяртай байна.

-АНУ-ын Магистратын шүүгч манай улсад ирсэн нь, таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухай сэдэв ч надад сонирхолтой байна. Магистратын шүүгчийн ажлын талаар сонирхуулж болох уу?

-Миний ажлын өдрүүд сар бүр өөр байдаг. Би бусад шүүгчтэйгээ "эрүүгийн үүрэг"-ийг ээлжилдэг бөгөөд энэ хугацаанд үзлэг, нэгжлэг хийх, баривчлах захирамж гаргаж, эрүүгийн хэргийн урьдчилсан ажиллагаа явуулдаг. Энэ өдрүүдэд би шүүх хурал хийж, эсвэл хэргийн материалаа хянаж заримдаа орой болтол суудаг.

Харин эрүүгийн хэргийн үүрэг аваагүй үедээ иргэний хэрэг дээр ажилладаг. Үүнд, нийгмийн халамжтай холбоотой хэргийн давж заалдсан өргөдөл, хоригдлын гомдол, хөдөлмөрийн эрхийн маргаан, шоронд амь насаа алдсан хэрэг болон бусад иргэний хэрэг багтдаг. Үүнээс гадна эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай адилтгах шүүх хурал даргалдаг. Үүнд ихэнхдээ бүтэн өдөр юм уу түүнээс дээш хугацааг зарцуулна. Холбооны шүүх дээр ирж байгаа иргэний ихэнх хэрэг (90% ба түүнээс дээш) нь шүүх хурлаас өмнө шийдэгддэг тул цагийг нь зөв тооцсон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах нь их чухал.

Шүүгчийн ажлынхаа үндсэн үүргээс гадна би АНУ-ын Холбооны шүүхийн боловсрол, судалгааны ажил хариуцдаг Холбооны Шүүхийн Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж шинэ болон туршлагатай магистратын шүүгчдийг сургахад тусалдаг. Түүнчлэн хуулийн чиглэлийн хэд хэдэн зөвлөл, хорооны гишүүнээр ажиллаж байна.

Би мөн иргэний боловсролын чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой. Буцаж очсон долоо хоногтоо ахлах сургуулийн арав гаруй сурагчдыг "Ахлах сургуулийн шүүхийн зуслан"-д хүлээн авах бөгөөд энэ үеэр тэд шүүх хурлын явцыг ажиглаж, шүүхийн ажилтнуудтай уулзаж, жүжигчилсэн шүүх хурлын мэтгэлцээн хийх юм. Эдгээр нь хэдийгээр нэлээн хүчин чармайлт шаарддаг боловч үнэхээр урамтай ажил.  

-Хэрэв боломжтой бол таны шийдвэрлэсэн, таны санаагаас гардаггүй нэг хэргийн тухай жишээг бидэнд сонирхуулж болох уу?

-Би 10 гаруй жил мансууруулах бодист донтсон хүмүүст зориулсан Шүүхийн тусламжтайгаар сэргээн эмчлэх хүчин чармайлтын (CARE) дахин нийгэмшүүлэх шүүхийг даргалж, шоронгоос суллагдан хууль сахиулах байгууллагын хяналтад байх хөтөлбөрийг удирдаж байв. Энэ хѳтѳлбѳрт оролцох нь сайн дурынх. Оролцогчид нийтэд тустай ажил эрхлэх, эмчилгээнд явах, хоёр долоо хоногт нэг удаа шүүх дээр ирж байх үүрэг хүлээдэг.

Уг хѳтѳлбѳрийг амжилттай дуусгавал хяналтад байх хугацааг нь багасгадаг, заримдаа дуусгавар болгодог нь оролцогчдод томоохон боломж олгодог юм. Хөтөлбөр дөрвөн үе шаттай. Хамгийн богинодоо нэг жил үргэлжилдэг. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн хувьд шүүгч, прокурор, тэнсэн харгалзагч, олон нийтийн өмгөөлөгч, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг хүмүүсээс бүрдсэн баг түүний амжилтыг үнэлж олон нийтийн ѳмнѳ сайшаан магтдаг нь түүний олсон асар том амжилтын нэг үзүүлэлт болдог юм. Хѳтѳлбѳрѳѳ төгсөхѳд нь хүмүүс босож түүнд алга таших нь тэр хүний хувьд олсон ололт амжилтыг нь олон нийтийн зүгээс үнэлсэн анхны тохиолдол байх нь ч бий.

Энэ хѳтѳлбѳрт оролцогч нэг эмэгтэй байсан юм. Тэрээр хүчирхийлэлд өртөж, хар тамхины томоохон хэрэгт ял шийтгүүлж байсан ба нэлээн зовж байсан ч эцэстээ амжилтад хүрч чадсан. Бүсгүй тогтвортой орон байртай болж, ажил эрхэлж, хүүхдүүдээ ѳѳр дээрээ авч, хар тамхи хэрэглэхээ зогсоосон. Түүний өөрчлөлт нь ер бусын байсан бөгөөд одоо тэрээр хѳтѳлбѳрт шинээр орж ирсэн хүмүүст ухуулах таниулах яриа ярилцлага хийн хамтран ажилладаг болсон. Иймэрхүү хөтөлбөрүүд нь хүний амьдралд шүүх ѳѳрчлѳлт авчирч чаддаг, донтолттой тэмцэж буй хүмүүсийн амжилтыг тэмдэглэн урам өгч чаддаг болохыг харуулдаг эерэг нөлөөтэй.

-Шүүгчийн ажил ачаалал ихтэй. Ажлаас гадна хувийн амьдрал, сонирхол, хобби зэрэгт хэрхэн цаг гаргаж,  амьдралын тэнцвэрийг хангадаг вэ?

-Намайг дэмждэг гэр бүлтэйдээ би их азтай. Манайх дөрвөн том хүүхэдтэй бөгөөд тэд эцэг эхийнхээ үргэлж завгүй байдагт нэлээн гайхдаг шиг байгаа юм. Ажлын ачаалал ихтэй үед бусад зүйлд оролцохгүй байхыг хичээдэг бөгөөд оюутнууд, хуульчид, олон нийтэд шүүхийн талаар байнга яриа хийдэг. Би ажлынхаа чѳлѳѳ заваар аялах, хоол хийх, зочдоо дайлах, нохойгоо салхилуулах, хөгжим, подкаст сонсох, ном унших дуртай. Мөн мэдээж энэ амралтын өдрүүдэд ҮСБХ-ны аваргын төлөөх долоон тоглолтын 7-д тоглох гэж байгаа OKC Thunder (Oklahoma City Thunder) багаа дэмжинэ. Эдгээр хобби намайг цэнэглэж, амьдралд хандах хандлагад минь тусалдаг.


Нэмэлт: Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ын 2024-2025 оны улирлын аваргаар "Oklahoma City Thunder" баг тодров. Тэд финалд "Indiana Pacers"-тай долоон тоглолт хийж 4:3-аар ялсан. 


"ШҮҮГЧ ХУУЛИЙН СУРГУУЛЬД ХИЧЭЭЛ ЗААЖ БОЛОХ Ч НЭМЭЛТ ОРЛОГОД ХЯЗГААР БИЙ"

-Би таны ажлын туршлагатай бага зэрэг танилцсан. Таныг “Rotary Club of Oklahoma City” клубийн Ерөнхийлөгчийн албыг хашдаг гэж ойлгосон, энэ зөв үү. Энэ клубийн үйл ажиллагааны талаар сонирхуулж болох уу?

-Тийм ээ, би одоогоор дэлхийн хоёр дахь том Ротари клуб болох Оклахома хотын Ротари клубийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Манай клуб Ротари санг дэмжиж, дотоодын болон олон улсын буцалтгүй тусламжаар жил бүр 250,000 гаруй ам.долларыг орон нутгийн төдийгүй олон улсын төслүүдэд олгодог. Жил бүр хэрэгжүүлдэг томоохон төслүүдээс гадна бид шууд үйлчилгээ үзүүлж, залуучуудын манлайлал ба солилцооны хөтөлбөр, Ротарийн Залуу Манлайлагчийн Урамшуулал төсөл (RYLA) зэргийг хэрэгжүүлж байгаа. Манай клуб нөхөрлөл, манлайллын харилцааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг.

Энэ байгууллагын Ерөнхийлөгч байх хугацаа маань энэ сард дуусаж байгаа. Энэ ажлыг эрхэлж байсан маань нэр төрийн хэрэг байлаа. Бид долоо хоног бүр төр засаг, бизнес, боловсрол, эрүүл мэнд, спортын салбар болон ашгийн бус байгууллагуудын нэр хүндтэй илтгэгчдийг урьж сонирхолтой сэдвээр ярилцан, үдийн зоог зохион байгуулж байв. 

Би Монголд байхдаа Улаанбаатар Ротари клубийн Ерөнхийлөгчөөр сонгогдон 2025 оны 7-р сарын 1-нд ажлаа авах Дашпунцагийн Хулантай уулзсан. Тэрээр үнэхээр гайхалтай бөгөөд томоохон зорилтуудтай юм билээ. Ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн харилцаанд татан оруулах, тусламж үйлчилгээ муутай бүс нутгуудад зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүд нь надад онцгой их урам зоригийг өглөө.

-Уучлаарай, манай улсад шүүгчийн хараат бус байдлыг онцгой анхаардаг. Тиймээс шүүгч давхар ажил эрхлэх, өөр бусад байгууллага, холбоодод гишүүнээр элсэх, албан тушаал хаших боломж тун хомс. Танай улсад шүүгч нар хараат бус байх тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Бидэнд ч гэсэн шүүхээс гадуур орлого олох боломж хязгаарлагдмал, ямарваа нэг албан тушаал эрхлэхэд зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Жишээлбэл, шүүгч хуулийн сургуулиудад хичээл зааж болох ч миний нэмэлт орлогын хэмжээнд хязгаарлалт тавьдаг.

АНУ шүүхийн хараат бус байдлын баталгааг сайтар хангаж өгсөн. Үүнд, холбооны шүүгчдийг насаар нь томилж, цалинг нь бууруулдаггүй ба өөр бусад ажил эрхлэх, мэргэжлийн харилцаа холбоо үүсгэхийг хязгаарласан ёс зүйн тодорхой стандартыг баталсан байдаг.

Танай шүүгчдийн хичээл зүтгэлийг их үнэллээ. Тэд өдөр тутмын ажлынхаа хажуугаар олон талын ажил эрхэлдэг юм байна.

-Монгол Улсын шүүх тогтолцоог АНУ-тай харьцуулахад ямар ялгаа, давуу болон сул талууд байна гэж та харсан бэ? Та Монгол Улсын шүүхийн системд ямар зөвлөмж өгөх вэ?

-Би Монголд айлчлах богино хугацаандаа танай шүүгчдийн хичээл зүтгэлийг их үнэллээ. Тэд өдөр тутмын ажлынхаа хажуугаар олон талын ажил эрхэлдэг юм байна. Хуульчид, шүүгчдийн холбооны холбогдох хороодод алба хашиж, бусад шүүгчдээ сургаж, шүүгчийн илтгэл тавих үүрэг хүлээдэг юм байна. Ялангуяа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг бууруулахыг зорьж буй хүчин чармайлт нь надад онцгой сэтгэгдэл төрүүллээ. Мэдээж ийм өөрчлөлтийг системийн хэмжээнд хийх нь хугацаа шаардагдахыг тэд ойлгож байна.

Үүний нэгэн адил, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсад нэлээн саяхнаас хэрэглүүлж эхэлсэн нь эрүүгийн хэргийн шүүгчдийн ажлын ачааллыг бууруулах боломжийг олгож байна. АНУ-д хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа ба эвлэрүүлэн зуучлах замаар хэрэг маргааныг шийдвэрлэх хувилбарыг их хэрэглэдэг. Үүний үр дүнд холбооны тангарагтны шүүх хурал, эсвэл холбооны шүүгч дангаар шийдвэрлэх шүүх хурал нь нийт хэрэг шийдвэрлэлтийн цѳѳхѳн (10 хүрэхгүй) хувийг эзэлж байна.

АНУ нь муж улсын болон холбооны шүүхийн тогтолцоотой бөгөөд холбооны шүүхүүд хэргийн хязгаарлагдмал харьяалалтай байдаг. Шүүгчийн сонгон шалгаруулалт ч өөр өөр. Зарим муж улсын шүүгчид сонгогддог бол холбооны шүүгчдийг Ерөнхийлөгч томилж, Сенат батламжилдаг. Холбооны шүүгчид ѳѳрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах, эсвэл ахмад шүүгчийн статус авахаас бусад тохиолдолд насаараа ажилладаг. Надтай адил АНУ-ын Магистратын шүүгчдийг маш нарийн шалгуураар шилж дахин сунгаж болохуйцаар найман жилийн хугацаатай томилдог.

АНУ-ын хувьд Холбооны Шүүхийн Төв, Монгол Улсын хувьд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо зэрэг байгууллагаар дамжуулан манай хоёр улс судалгаа, боловсролын салбартаа хөрөнгө оруулалт хийж байна. Монгол Улсын Дээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх арга барилдаа хэрэг судлалын үнэ цэнийг харгалзан үзэх чиглэлээр шинэчлэл хийж байгааг олж мэдлээ. Энэ бол үнэхээр том алхам юм.

Шүүхийн нээлттэй байдал, ил тод байдлын төлөө Монгол Улс тууштай байгаа нь миний хувьд үнэхээр бахархал тѳрүүлж байна. Олон нийтийн шүүхэд итгэх итгэл нь бидний нийтлэг сорилт ба ил тод байдал нь уг итгэлийг бэхжүүлэхэд тусалдаг. Манай хоёр улсын систем үргэлжлэн хөгжиж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Би АНУ-ын шүүгч Фрэнк Каприо (Frank Caprio)-ын шүүх хурлын үеийн богино бичлэгүүдийг үзэх дуртай. Ингээд бичлэгийг дэлгэхээр тухайн хэргийн оролцогч нар дургүйцэл илэрхийлэх зэргээр хүний хувийн нууцтай холбоотой асуудал үүсдэггүй юм болов уу гэж өөрийн оронтой харьцуулан бодож байлаа. АНУ-д шүүх хуралдааны бичлэгийг олон нийтэд цацах нь түгээмэл үү?

-Шүүгч Каприо үнэхээр дэлхийн үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан шүү. АНУ-д муж улсын ба холбооны шүүхийн систем ялгаатай. Муж улсын ихэнх шүүхэд видеогоор шууд дамжуулалт хийхийг зөвшөөрдөг бол холбооны шүүхийн танхимд камер байрлуулахыг ерөнхийдѳѳ хориглодог. Холбооны иргэний болон дампуурлын хэргийн мэтгэлцээний бус шүүх хурлын зарим ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг аваагүй байх тохиолдолд дуут бичлэг хийхийг зѳвшѳѳрнө.

Шүүх хурлууд ихэвчлэн нээлттэй байдаг тул хэвлэл мэдээллийнхэн болон ажиглагчид хурлын явцыг чѳлѳѳтэй ажиглах боломжтой. Холбооны шүүхийн танхимд видео бичлэг хийхийг хориглосон тодорхой журам байдаг. Энэ журмыг https://www.uscourts.gov/administration-policies/judiciary-policies/cameras-courtroom-policy хаягаас авч болно.

Хувийн нууцыг хамгаалах нь маш чухал боловч шүүх хуралдааныг нийтэд дамжуулах нь шүүхийн ил тод байдал, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Бусад улсад шүүх хурлыг хэр тогтмол дамжуулдаг, энэ дамжуулалтыг шүүхүүдийн хүртээмжтэй байдал ба хувь хүний ​​эрхийн хоорондын тэнцвэрийг хангах байдлаар хэрхэн хийж болохыг энэ бага хурлын үеэр би олж мэдлээ.

-Манай улсын шүүх байгууллага, шүүгч нар болон сэтгүүлч хооронд үл ойлголцол цөөнгүй гардаг. АНУ-д шүүх болон хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн хамтарч ажилладаг вэ? Шүүхээс аливаа хэргийн шийдвэрийн мэдээг олон нийтэд яаж мэдээлдэг вэ?

-АНУ-д хэргийн шийдвэрүүд олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдаг. Хэвлэл мэдээллийнхэнд бие даан мэдээлэх боломжийг нь олгодог. Шүүхүүд хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажилладаггүй боловч зохистой гэж үзсэн тохиолдолд тэдний хүсэлтийн дагуу мэдээллээр хангадаг. Хэргийн бүртгэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ихэвчлэн нээлттэй байдаг тул сэтгүүлчид хэргийн материалын эхтэй нь танилцаж, тайлбарлах боломжтой. Шүүхүүд хэрэг шийдвэрлэх ажиллагаа ид явагдаж байгаа асуудлаар тайлбар өгөх нь ховор бөгөөд өгөхгүй байх нь буруу ойлголцох магадлалыг бууруулдаг.

“ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ШҮҮХ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ ТОВЧЛОХ ЗЭРЭГТ АШИГЛАЖ БАЙНА”

-Улаанбаатар хотод Конгрессын Олон улсын манлайллын төвийн төгсөгчдийн анхдугаар бага хурал боллоо. Энэ хөтөлбөрийн ач холбогдол, үр дүнгийн талаарх сэтгэгдэл болоод манай оронд болсон төгсөгчдийн анхдугаар хурлын талаар санал, бодол, дүгнэлтээ хуваалцана уу?

-Би Конгрессын олон улсын манлайллын Нээлттэй Дэлхий хѳтѳлбѳрийн орон нутгийн зохицуулагчаар 20 орчим жил ажиллаж ОХУ, Украин, Гүрж, Монгол зэрэг орны хууль дээдлэх ёсны төлөөлѳгчийг хүлээн авсаар ирсэн. Бид Оклахома хотын Ротари клубээр дамжуулан хүрэлцэн ирсэн тѳлѳѳлѳгчдийг хүлээн авч айлд байлган, мэргэжлийн уулзалтуудыг нь зохион байгуулж байлаа. Гэртээ хүлээн авч байсан зочид оролцогчидтойгоо эх оронд нь ирж уулзан ирээдүйн манлайлагчдын талаарх ѳѳдрѳг сэтгэлээ дахин бадраасанаар энэхүү долоо хоногийг би үдэж байна.

Бага хурлаар шүүхийг цахимжуулах асуудлаар ярилцсан нь шүүхийн болон шүүхийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, хувийн нууцыг хамгаалах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг улс орон бүрийн шүүхийн ѳмнѳ тулгардаг олон тѳрлийн сорилт бэрхшээлийг уудлан гаргалаа. Шүүхийн системийн кибер аюулгүй байдлыг хангах нь мэдээжийн хэрэг хамгийн их анхаарал татсан асуудал бөгөөд анхаарал татсан хэвээр байх болно. Үүсгэгч хиймэл оюун ухааны нөлөө асар хурдацтай хөгжиж байна. Шүүхүүд цааснаасаа бүрмѳсѳн салж, зайнаас ажиллах нийтлэг сонирхолтой бѳгѳѳд шүүх бүр өөрийн гэсэн хэрэгцээ шаардлагатай тулгардгийг би эндээс олж мэдлээ. Гэхдээ санаа бодол, амжилт, алдаа дутагдлаа хуваалцаж, тэр нь мэдлэг олгосон хэлэлцүүлэгт хүргэх нь энэ удаагийнх шиг сайн зохион байгуулалттай, сайтар төлөвлөсөн бага хурлын үеэр л бололцоотой байдгийг дурдах хэрэгтэй болов уу.

Улаанбаатарт болсон төгсөгчдийн бага хурал нь COIL хөтөлбөрийн үр нөлөөг харуулж чадлаа. Төгсөгчид зочилж байсан гэрийнхнийхээ талаар сайхан дурсамж ярьж, ойр дотно харилцаа холбоогоо хадгалсаар иржээ. Эдгээр солилцоо нь харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхээс гадна, хоёр орны шүүх тогтолцоонд буй сайжруулах боломжтой асуудлыг тодотгож өгөхөд тус болдог.

Энэхүү чухал бага хурлыг зохион байгуулж, төгсөгчдийг нэг дор цуглуулсан Монгол Улсад талархаж байна. Энэ нь ѳѳр хѳтѳлбѳртэй харьцуулшгүй арга хэмжээ болсон бөгөөд би COIL-ын хуульчдын дараагийн уулзалтыг тэсэн ядан хүлээж байна.

-Илтгэлийг нь сонсож байхад та хиймэл оюун ухааныг хэрхэн үр дүнтэй ашиглах бас нөгөө талд үүнд хэрхэн анхаарах вэ гэдэг асуудлыг хөндсөн. АНУ-ын шүүхийн системд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байна вэ?

-Хиймэл оюун ухааныг LexisNexis, Bloomberg Law, Westlaw зэрэг АНУ-ын хуулийн судалгааны платформд өргөн хэрэглэдэг. Талууд хүнд, ээдрээтэй хэрэг дээр их хэмжээний баримт бичгийг хянан шинжлэхдээ Технологийн Тусламжтай Хяналт (TAR) системийг ашигладаг. TAR нь баримт бичгүүдийг хянан шинжлэх, хэрэг шийдвэрлэлтийн үнэлгээг урьдчилан хийх, бүрдэл хангах, дотоодын хяналт хийхэд тусалдаг.

Шүүхүүд хэрэг бүртгэл болон нотлох баримтад хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах тухай журам, стандартыг боловсруулсаар байна. Шинжээчийн мэдүүлгийн адилаар хиймэл оюун ухаанаар бий болсон нотлох баримтад үнэн зѳв, найдвартай байх стандарт тавихыг уг боловсруулж буй журмаар шаардах болно.

Үүсгэгч хиймэл оюун ухааныг мѳн өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн мэдээлэл солилцоо, шүүх хурлын тэмдэглэлийг товчлох, хууль эрх зүйн судалгаа хийх, мэдүүлэг ѳгѳхѳд бэлтгэхэд ашиглаж байна. Гэсэн хэдий ч асуудалд нэг талыг баримтлах, өгөгдлийн нууцлал, оюуны өмчийн болон deepfake буюу хуурамч дүрслэл хийгдэх зэрэг эрсдэл хэвээр. Эдгээр асуудлыг шийдэхэд цахим гарын үсэг ашиглах, хуурамч дүрслэлийг илрүүлэх, дүрэм журамдаа тогтмол шинэчлэл ѳѳрчлѳлт хийж байх хэрэгтэй. Конгрессийн Олон Улсын Манлайллын хѳтѳлбѳрийн тѳгсѳгчдийн бага хурал дээр шүүгч Аллисон Годдардын онцлон тэмдэглэснээр “Хиймэл оюун ухааныг хариуцлагатайгаар ашиглахад хүний оролцоо заавал хэрэгтэй” гэдгийг энд дурдмаар байна.

-Манай оронд айлчилж, манай редакцад ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

-Та бүхний зочломтгой байдалд, мөн бидний таалан сонирхсон соёлын арга хэмжээг зохион байгуулсанд баярлалаа.Би Монголд дахин ирнэ гэдэгтээ үнэхээр найдаж байна. Надад үзэх харах олон зүйлс, дахин уулзах хүмүүс, мэдэхийг хүсэж буй сэдвүүд энд үлдлээ.

Миний хувьд мөн https://judiciariesworldwide.fjc.gov сайтад хувь нэмрээ оруулна. Миний хамтран зүтгэгч Мира Аль-Гури ба түүний туслах сүүлийн хэдэн жилийн туршид хууль, шүүхийн харьцуулсан судалгааг энд оруулсан. Энэ ажил нь ид дундаа явж байгаа бѳгѳѳд олон улсын шүүхийн тогтолцооны ялгаа, хууль эрх зүйн практик, уламжлалын талаарх мэдээллийг эндээс амар дѳхѳм олж авч болно.

Бид Улаанбаатарт зочилсноо ашиглаж Монголын талаарх мэдээлэлдээ зарим нэмэлт ѳѳрчлѳлт оруулна. Мѳн Монголын шинжээч мэргэжилтнүүд энэ хуудсыг өргөжүүлж, шинэчлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: gogo.mn