Банкны эрх хүлээн авагч нь харилцагчийн хадгалуулсан гадаад валютын мөнгөн хадгаламжийг үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохгүй

3 months ago

Хэргийн нөхцөл байдал:

Иргэн С.А нь “К Б” ХХК-тай 2018.06.18-ны өдөр байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу ам.долларыг 12 сарын хугацаатай хадгалуулсан, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалаар “К Б”-ыг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон, эрх хүлээн авагч нь 2019.06.24-ний өдрийн А-47 дугаар “Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай “тушаал гаргаж, тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн дансны үлдэгдэл 14,277,650.69 ам.долларыг тушаал гаргах өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлжээ.

Нэхэмжлэгч С.А нь  “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хадгаламжийн мөнгийг ам доллараар тооцуулах, 14,305,541.31 ам долларыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Банкны тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж маргажээ.

Холбогдох хуулийн зохицуулалт:

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”;

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоож, томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор банкны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж олон нийтэд мэдээлнэ”, 71 дүгээр зүйлийн 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор банкны эрх хүлээн авагч дараахь шийдвэрийг гаргана: гээд 71 дүгээр зүйлийн 71.2.2-т “банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох;” гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Улсын дээд шүүхийн шийдвэрийн агуулга:

2022 оны 02 дугаар сарын 11-ний болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулжээ.

Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т”Банкинд мөнгөн хөрөнгө хадгалах болон хадгаламжийн даатгалд даатгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.” гэж зааснаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар холбогдох харилцааг зохицуулсан байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монголбанкнаас даатгалын тохиолдол бий болсон тухай мэдэгдлийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлснээс хойш ажлын гурван өдөрт багтаан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргана.”, 15.2-т “Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ хуулийн 15.1-д заасан шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор мэдээлж, мэдээллийн хувийг Монголбанкинд хүргүүлнэ.”, 15.3-д“Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш даатгалын нөхөн төлбөрийг энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан банкаар дамжуулан ажлын 10 өдрийн дотор олгож эхэлнэ.”, 15.4-т “Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.” гэж тус тус заажээ.

Энэ хуулиар мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагааг зохицуулсан ба уг хуулийн дагуу нэхэмжлэгч нь 2019.06.25-ны өдөр 150,489 ам.долларын нөхөн төлбөрийг авсан, харин үлдэх хадгаламж нь “даатгагдаагүй хадгаламжийн төлбөр” гэсэн дараалалд хамаарсан байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дээрх зохицуулалтаар албан журмын даатгалтай хадгаламжийн асуудлыг тухайлан зохицуулсан тул даатгагдаагүй хадгаламжид хамааралгүй, энэ маргаанд хэрэглэх ёстой хууль биш, тийм учраас албан журмын даатгалтай хадгаламжид хамаарах хуулийн 15.4-т заасан“Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.” гэсэн хэм хэмжээг хэрэглэхгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т тодорхой харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдаг тул хариуцагчийн “хуулийн 15.4-т заасан эрхээ хэрэгжүүлсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Банкийг татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд мөнгөн хадгаламж дах гадаад валютыг төгрөгт хөрвүүлэхийг хуульчилсан буюу Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т заасан зохицуулалтыг өөрөөр хэрэглэх тохиолдлыг хуульд заагаагүй байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу. 

Бэлтгэсэн: Легал дата