Б.Пүрэвсүрэн: Ямар ч нууцлах шаардлагагүй асуудлыг төр нууцалдаг болсон

5 years ago

“Мэдээллийн эрх чөлөө хүний язгуур эрх бөгөөд НҮБ-аас тунхагласан бусад эрх, эрх чөлөөг хэмжих үндсэн хэмжүүр мөн” гэдгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоор тунхагласан. 

Тэгэхээр мэдэх эрх чөлөө бол хүний байгалиас заяасан эрх бөгөөд бидний бүхий л эрхээ хэрэгжүүлэх үндэс юм. Үндсэн хуульд тусгасан амьд явах, сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх тэр бүх эрх чөлөө гагцхүү үнэн зөв мэдээлэл дээр л тогтдог гэдгийг “Глоб Интернэшнл” төвийн хуульч, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн тодотгосон юм. 

Энэхүү амин чухал эрх Монгол Улсад хэрхэн хэрэгжиж буйг тодорхойлох зорилгоор “Глоб интернэшнл” төв Канадын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр, Азийн сангийн санхүүжилтэйгээр “Олон нийтийн хэм хэмжээд нийцсэн хуулиар дамжуулан олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг дэмжих нь” хэмээх судалгааг хийснийхээ үр дүнг есдүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан билээ. 

Судалгаанд гурван гишүүнтэй хуульчдын баг, таван гишүүнтэй сэтгүүлчдийн баг оролцсон бөгөөд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг судалжээ. Энэ талаар хуульчдын судалгааны багийн гишүүн, “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. 



-Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гэж бий. Мөн 2016 онд УИХ баталсан Төрийн болон албаны нууцын тухай хууль 2017 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр иргэдийн мэдэх эрх буюу мэдээллийн эрх чөлөө, ил тод байдалд өмнөх хуулийн орчинтой харьцуулахад ахиц гарсан эсэхэд хариулахаар судалгааг хийсэн гэж байсан. Бидний мэдэх эрхэд ахиц гарсан байна уу?

-2006 онд хийгдсэн “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” гэдэг томоохон судалгааны араас гарч байгаа цогц судалгаа нь “Олон нийтийн хэм хэмжээд нийцсэн хуулиар дамжуулан олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг дэмжих нь”  судалгаа болж буй. Бидний энэхүү судалгааны үр дүнгээс харахад шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш төдийлэн ахиц гараагүй гэж болохоор байна. 

-Ингэж дүгнэхэд нөлөөлсөн шалтгааны талаар тайлбарлахгүй юу. Хууль, эрх зүйн орчноо сайжруулж байгаа гэх боловч яагаад зорилго нь биелэхгүй, өөрчлөлт гарахгүй байна гэж үзэж байна вэ?

-Дараах хэд хэдэн тохиолдлыг дурдмаар байна. 

Жишээлбэл, 2004 онд УИХ-аас баталсан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг 2017 онд Төрийн болон албаны нууцын тухай хууль хэрэгжих хүртэл дагаж мөрдөж ирсэн. Тэр бүх хугацаанд төрийн нууц мэдээллийг зөвхөн хуулиар баталдаг байсан. 

Гэтэл яг өнөөдөр дагаж мөрдөж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар өөрөө нууц мэдээллийн жагсаалтыг батлах боломжтой болчихсон. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмж, олон улсын хэм хэмжээнд нийцэхгүй байгаа юм. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмж дээр нууцын жагсаалтыг заавал хуулиар батална гэж заадаг. Энэ зөвлөмжийг манай Засгийн газар биелүүлэхгүй байна гэсэн үг. 

-Засгийн газар өөрөө нууцын жагсаалтыг баталдаг болсноор ямар өөрчлөлт гарсан талаар тодруулахгүй юу?

-Энэ заалт нь маш олон хүрээнд асуудлыг нууцад хамааруулах боломж олгосон. Тухайлбал, 2017 оны седүгээр сарын 1-нд шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Засгийн газрын тогтоолоор 565 зүйлийг нууцад хамааруулсан. Үүний 527 нь “маш нууц”, 54 нь “онц чухал маш нууц” зэрэглэлтэй мэдээлэл байгаа. Харин түүнээс өмнөх 13 жилийн хугацаанд 60 зүйлийг л хууль баталж, нууцад багтаасан байсан. Харин хоёрхон жилийн дотор яаж өссөнийг энэ тоо илтгэх байх. 

-Нууцлах шаардлагагүй мэдээллийг төрийн, эсвэл албаны нууцад багтаасан Засгийн газрын тогтоолын талаар баримт дурвал илүү ойлгомжтой байх.

-Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 196 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-ын в,к,л хэсэгт маш нууцын зэрэглэлээр, 20 жилийн хугацаагаар нууцлахаар “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсэг” гэж нэмсэн байдаг. Гэвч, “үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажилд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ” ил байснаар үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах нөхцөл нь юу вэ гэдэг асуулт байна.

Ямар ч нууцлах шаардлагагүй асуудлыг төр нууцалдаг болсон байна

Гэтэл МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.17-д “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан байдаг. Тэгэхээр хууль биш журмаар зохицуулж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байгаа биз дээ.

Нөгөө талд, 2019 оны тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудаст дараах мэдээлэл гарсан. “Одоо тус газарт төмөр замыг дагасан авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд үргэлжлэх бөгөөд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбатын өгсөн мэдээллээр Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажиллаж байгаа бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа юм байна” гэсэн мэдээлэл.

Ямар ч нууцлах шаардлагагүй асуудлыг төр нууцалдаг болсон байна. Тэгээд нууцлах шийдвэр гаргасан байтал түүнийг нь төрийн байгууллагууд биелүүлдэггүй юм байна гэдгийн маш том жишээ нь энэ.

-Төрөөс гадна албан байгууллагууд өөрсдөө мэдээллээ нууцлах боломжийг Төрийн болон албаны нууцын тухай хууль олгосон хэмээн хуульчид шүүмжилдэг шүү дээ. Энэ талаар ямар дүр зураг харагдав?

-Яг тийм. Энэ хуультай холбоотойгоор байгууллага өөрсдөө нууц мэдээллийн журам болон жагсаалтаа батлах боломжтой болсон. Бид судалгааныхаа хүрээнд сэтгүүлчдийн багтайгаа хамтраад төрийн захиргааны 49 байгууллагад хандаж, нууцын тухай дотоод журам, нууц мэдээллийг жагсаалтаа өгөхийг хүссэн албан бичиг илгээсэн. Түүнээс 30 орчим байгууллага нь мэдээллээ ирүүлснийг шинжлээд үзэхэд шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад Байгууллагын нууц мэдээллийн жагсаалт болон Байгууллагын нууцын журам хоёроо хуулийн хугацаанд шинэчилсэн байгууллага огт байгаагүй. 

Хууль хэрэгжээд хоёр жил болж байхад одоо хүртэл нууцын журамгүй байгууллага ч  байна. Жишээ нь, ЭМЯ л гэхэд шинээр Нууцын журам болон Нууцын мэдээллийн жагсаалтаа батлаагүй. Өмнөх хүчингүй болчихсон хуулийн үеийн журмаа дагаж мөрдөж байгаа гээд хариу ирүүлж байгаа юм. Тэгэхээр тухайн байгууллага хуулиа мэдэхгүй байна гэсэн үг.

-Энэ тухай журам, жагсаалтаа батлах, түүнийгээ ил байлгах нь хуулиар хүлээсэн үүрэг гэсэн үг биз дээ. Тэгэхээр төрийн байгууллагууд хуулиа мэдэхгүй, эсвэл мөрдөхгүй байна гэж ойлгож болох уу?

-2017 онд Засгийн газрын 247-р тогтоолоор Төрийн албаны нууцын журам гээд нийтлэг журам гаргасан. Уг журмаар төрийн байгууллагууд нууцын тухай журам, жагсаалтаа батлаад түүнийгээ олон нийтэд нээлттэй мэдээлэх үүрэгтэй. Харамсалтай нь, Хууль зүй дотоод хэргийн яамнаас бусад нь энэхүү хоёр бичиг баримтыг олон нийтэд ил болгоогүй байсан. 

Түүгээр зогсохгүй байгууллагууд үүнд янз бүрээр тайлбар ирүүлсэн. Тухайлбал, БХЯ, ЗХЖШтаб, ОБЕГ, ЗТХЯам, Эрчим хүчний яам, АТГ гэсэн байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалзсан. Татгалзсан үндэслэл нь БХЯ, ЗХЖШ л гэхэд нууцын журам нь Албаны нууцын зэрэглэлтэй тул судалгааны ажилд ашиглуулах боломжгүй гэж хариу өгсөн. Нэг ёсондоо байгууллага Засгийн газраас гаргасан нийтлэг журмаа дагах ёстой байтал Албаны нууцын журам гээд дотоод журмаараа зохицуулчихаж байгаа юм. 

Монгол банкнаас ирүүлсэн хариунд “Удирдлага зөвшөөрөөгүй учраас өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Энэ нь өөрөө Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиа зөрчиж байгаа хэрэг. 

ОБЕГ л гэхэд энэ асуудалтай танилцах эрх судлаачдад олгогдоогүй тул нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг өгөх боломжгүй гэсэн байх жишээтэй. 

-Батлан хамгаалах яамны тухайд дотоод журмаараа зохицуулсан гэж та хэллээ. Тэгэхээр нийтлэг журам байгаа ч байгууллага дотоод журмаараа нууцалж болно гэсэн үг үү. Эсвэл хууль зөрчиж байгаа хэрэг үү?

-Энэ нь хоёр өөр ойлголт. 

Дээрх тохиолдолд Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн хариу үндэслэлгүй. Яагаад гэвэл Төрийн болон албаны нууцын тухай хууль болон Засгийн газрын тогтоосон нийтлэг журам дээр Нууц мэдээллийн жагсаалт, Байгууллагын нууцын журам хоёр нь нууц биш гээд заачихсан. Байгууллага энэ хүрээнд хууль, журмаа хэрэгжүүлэх учиртай. 

-Тэгвэл юуг нууцлах, нууцлахгүй тухай хэм хэмжээ тодорхой яваад байна уу, яагаад ийм хийдэл үүсээд байна вэ?

-Төрийн болон албаны нууцын тухай хуулиар ҮАБ-тай холбоотой асуудал нууц байна гэж заасан. Энэ заалт нь өөрөө хэт өргөн хүрээг хамарсан учраас байгууллагууд үзэмжээрээ “нууц” гэх боломжтой байгаа юм. 

Зарим улс бол ийм хуулиндаа яг ямар асуудлуудыг нууцад тооцохоо нэг бүрчлэн заадаг. Тэнд тусгаснаас бусад мэдээллийг нууцлах эрхгүй байдаг. 

Гэтэл манайд тодорхой тусгаагүй учраас ийм байдал үүсээд байна. Тухайлбал, 21 аймгийн хувьд маш их алдаа дутагдалтай байна. Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, план зургаа “нууц” гээд үзчихсэн. Энэ бол нууцлаад байх ямар ч шаардлагагүй мэдээлэл. 

Товчхондоо төрийн захиргааны байгууллагууд маань хуулийг харилцан адилгүй хэмжээнд дагаж мөрдөж, харилцан адилгүй түвшинд ойлгож байна. 

-Хамгийн чухал сэдэв рүүгээ эргээд оръё. Яагаад олон нийтийн мэдэх эрхийг чухалчлаад судалгаа явуулаад байгаа, энэ тухай хөндөх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг ярья. 

-Мэдээллийн ил тод байдлыг яагаад ярих ёстой вэ гэхээр үүний цаана бидний ярих дуртай хэвлэлийн эрх чөлөөний тухай, авлигын тухай асуудал хамаарч байна. Энэ гурван ойлголт нь бие биетэйгээ салшгүй уялдаатай. 

Манай улс 2011 оноос Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуультай болсон. Энэ хуулийн хэрэгжилтийг буюу мэдээллийн ил тод байдлыг “Хууль ба ардчилал” олон улсын байгууллагаас үнэлж, судалгаа явуулдаг. Манай улс энэ жил авбал зохих 150 оноосоос 87 оноо авч, судалгаанд  хамрагдсан 124 улсаас 63-т жагссан. “Freedom house”-аас жил бүр гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 70-р байрт бичигдсэн нь өнгөрсөн жилээс нэг байр урагшилсан үзүүлэлт. Харин Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр 180 орноос 93-т орсон. 

Эдгээр гурван үзүүлэлтийг бие биенээс нь салгах ямар ч боломжгүй. Учир нь хаана мэдээлэл ил тод байна, хаана ардчилсан засаглал, хэвлэлийн эрх чөлөө байна, тэнд авлига бага байдаг. Тийм ч учраас ҮАБ-ын үзэл баримтлал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт мэдээллийн ил тод байдлын хүртээмжийг дээшлүүлэх, сайжруулах тухай тусгадаг. 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ч ийм заалтууд орсон.

-Монголд мэдээлэл хангалттай ил тод биш, мэдээлэл хүсээд байгууллагуудад хандахаар үзэмжээрээ ханддаг болох нь та бүхний судалгаанаас харагдаж байна. Тэгвэл яаж энэ байдлыг сайжруулах боломжтой вэ. Тухайлбал, Засгийн газар олон улсын гэрээ конвенцыг зөрчөөд яваад байх нь зөв үү?

-Энэ талаар бид судалгааныхаа хүрээнд гаргасан зөвлөмждөө тусгасан. Энэ талаар дэлгэрэнгүй ярья. Манай судалгаанаас гарсан зөвлөмж хоёр зүйл дээр төвлөрч байгаа. 

Нэгдүгээрт, хууль тогтоомжид өөрчлөлт оруулъя. Төрийн нууц мэдээллийг Засгийн газар батлах биш, өмнөх хуулиар зохицуулж байсанчлан хуулиар баталдаг болъё. Ингэвэл олон улсын гэрээ, конвенцын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.

Түүнээс гадна, мэдээлэл хүсэх асуудалтай холбоотойгоор 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан үйлдэлд гурав хүртэл жилийн ялаар хорих ял байгаа. Гэтэл энэ заалт нь мөн л олон улсын хэм хэмжээг зөрчиж буй. Учир нь тухайн төрийн нууц мэдээллийг хадгалж байгаа албан тушаалтан буюу эрх бүхий этгээд төрийн нууцыг задруулсан буюу үрэгдүүлсэн тохиолдолд л хариуцлага хүлээхээс биш түүнийг нь олж авсан, төрийн нууцыг хамгаалах үүрэг хүлээгээгүй иргэн ч юм уу, сэтгүүлч тэр мэдээллийг түгээхэд ял шийтгэлийн санкц үүсгэж болохгүй гэдэг олон улсын зарчмыг зөрчсөн. Үүнийг бас авч хаяхыг зөвлөж байгаа. 

Хоёрдугаарт, Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг олон нийт болон төрийн албан хаагчдад үр дүнтэй хүргэж, таниулж, иргэн хүн Нууц мэдээллийн жагсаалт болон Албаны нууцын журамтай танилцах эрх нь огт хангагдахгүй байгаа байдлыг өөрчлөх. 

Төрийн болон албаны нууцын тухай нийтлэг журамд төрийн нууц мэдээллээс хасах, юуг төрийн нууц гэж үзэх вэ гэдэг асуудлаар Ажлын хэсэг байгуулж, тэр саналын дагуу Тагнуулын байгууллагаас санал аваад баталж байгаа. Тэр ажлын хэсэгт олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтны төлөөлөл оруулъя гэж байгаа. 

Бас нэг гол зүйл бол, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хариуцсан нэгж буюу зохицуулах байгууллагыг байгуулах. Олон улсад ийм туршлага байдаг. Барууны жишгээр бол “омбудсмен” нь мөрдөн шалгах эрхтэй байх жишээтэй. Засгийн газраас дээрх байгууллагыг байгуулахгүй юмаа гэхэд Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд ч юм уу нэг нэгж, алба байгуулах замаар оруулах боломжтой.

-Нэг зүйлийг тодруулъя. Та бүхний зөвлөмжөөр ямар мэдээллийг нууцлах боломжтой гэж үзэж байна вэ?

-Мэдээллийн шалгуурыг үнэлдэг олон улсын баримтлах зарчим гэж байдаг. Энэ нь гурван шалгуур үзүүлэлттэй. Нэгдүгээрт, тухайн мэдээлэл нь хуульд заасан, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой байх. Хоёрт, тухайн мэдээллийг ил болгож, задруулах нь хуулиар хамгаалсан ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахуйц бол. Гуравдугаарт, тэрхүү учрах ноцтой хохирол нь олон нийтийн мэдээлэлтэй байх ашиг сонирхлоос илүү байх гэсэн гурван нөхцөл байна. Энэ гурван нөхцөл гурвуулаа нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд тухайн мэдээллийг нууцалъя гэж байгаа юм. Аль нэг нь хангагдаагүй байвал нууцлах шаардлагагүй гэдэг зарчмыг олон улсад мөрддөг. 

-Хохирлын үнэлгээ гэж асуудал гарч байна. Манай жишээ нь иргэн хүссэн мэдээллээ авч чадаагүйгээс хэрхэн хохирсныг үнэлж, тооцож чадаж байна уу?

-Манайд их эргэлзээтэй. Шүүхээс үүнийг үнэлэхгүй, үнэлж чаддаггүй. Эдийн засаг, хууль эрх зүйн төлөвшил маань ямар байгаа билээ. Гэвч цаашид үүнийг тооцох ёстой болно. Тиймээс л энэ төрлийн асуудал хариуцсан байгууллага шаардлагатай гэж үзэж байгаа юм. Магадгүй, дараагийн Засгийн газрын хууль тогтоомжоор өөрчлөх ёстой асуудал байх. Монгол Улс үнэхээр л олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлдэг бол тэр дагуу биелүүлэх ёстой. 

-Иргэд өөрсдөө хохирлоо гэж хандахгүй бас өөр тайлбар гарах байх, тийм үү?

-Мэдээлэл авах эрхээ эдэлж чадаагүй зөрчигдсөн гэж үзвэл тухайн төрийн захиргааны байгууллагын дээд шатны албан тушаалтанд иргэд гомдол гаргаж болно. Цаашлаад Хүний эрхийн үндэсний комисс, болон Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж болно. Гэтэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд ХЭҮК-т мэдээлэл авах эрх зөрчигдсөн асуудлаар гурван гомдол, хэвлэн нийтлэх эрх чөлөө зөрчигдсөн асуудлаар хоёр л гомдол, мэдээлэл ирсэн байна. Гэхдээ ХЭҮК эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш зөвлөмж л гаргана. Харин Захиргааны хэргийн шүүхээс эцсийн шийдвэр гарна.

Мэдээллийн ил тод байдал бол ардчиллын хүчилтөрөгч нь

 

Нөгөө талаар хариуцсан төрийн албан хаагч өргөдөл, гомдол хянан шийдвэрлэх процесстойгоо Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг холиж хутгаад, 14 хоногт шийдвэрлэж өгөх шаардлагатай хариугаа 30 хоногт багтаах ёстой гэж буруу ойлгоод байна. Хэрэв хүссэн мэдээллийг нь шалгуулах шаардлагатай боллоо гээд Тагнуулын ерөнхий газарт саналаа уламжилвал тухайн иргэний хүссэн мэдээлэл гурван сар хүртэл хугацаагаар сунжрах боломжтой. Тэр хугацаанд мэдээллийн үнэ цэнэ үгүй болж болно. 

Гэтэл мэдээллийг хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тухайн төрийн албан хаагчид тооцох хариулагын дорвитой механизм ч алга. Урамшуулах хөшүүрэг ч алга. Энэ бүхнийг бид зөвлөмждөө тусгасан байгаа. 

Судалгаа хийх гэж хуулиар олгосон боломжийн хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл хүссэн биднийг хүртэл тагнуул мэтээр хардаж, сэрдэж Тагнуулын байгууллагад өгсөн байсан. 

Мэдээллийн ил тод байдал гэдэг нь ардчилалтай салшгүй холбоотой гэдгийг дахин онцолмоор байна. “Мэдээллийн ил тод байдал бол ардчиллын хүчилтөрөгч нь” гэж тодорхойлох нь бий. Хүн бүхэн энэ үндсэн эрхээ хэрэгжүүлж, шахаж шаардвал тэр хэрээр авлига үгүй болж, төр засаг хяналттай байж чадна.

Эх сурвалж: https://ikon.mn/n/1ocd