Бүтээлийн нэр
Төрийн ба хувийн өмчийн газар ашиглах харилцаа: Өмчийн эрх зүйн шинжилгээ
Хэлбэр
Нэг сэдэвт бүтээл
Салбар
Газрын эрх зүй
Бүтээлийн товч
Газрын харилцаа эд юмсын эрх зүйн суурь асуудал болно. Нийтийн ба хувийн өмчийн эрхийн харилцан хамаарал, хувийн өмчийн эрхийг хязгаарлах хүрээ, хамгаалах арга хэрэгслийг тодорхойлоход газрын харилцааг зохицуулсан Үндсэн хууль, захиргаа, иргэний эрх зүйн салбар чухал үүрэгтэй. Хувийн өмчийн эрхийг хамгаалах, дэмжих явдал нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн түлхүүр бол үл хөдлөх эд хөрөнгийн харилцаа нь хувийн ба нийтийн өмчийн эрх зүйн цөм харилцаа мөн. Үл хөдлөх эд хөрөнгийг ойлгох, тодорхойлох зарчим, чиг хандлага хувийн ба нийтийн өмчийн аль ч харилцаанд адил байх учиртай. Аль ч улс оронд үл хөдлөх эд хөрөнгө гэх ойлголтыг юуны өмнө “газар”-аар төсөөлөн ойлгоно. Харин газар хэмээх үнэ цэнэтэй хөрөнгө нь хувийн өмчийн эрх зүй болох Иргэний хууль, нийтийн өмчийн харилцааг зохицуулах хэм хэмжээ болох Үндсэн хууль ба захиргааны хууль тогтоомжийн аль алины зохицуулах зүйлд хамаарна.
Нэгэнтээ аль салбар эрх зүйн зохицуулах зүйл болох, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нийтийн ба хувийн өмчийн алинд нь багтахаас үл хамааран үл хөдлөх эд хөрөнгийг ойлгох, танин мэдэх, тодорхойлох асуудал нэгдмэл байх учиртай тул үл хөдлөх эд хөрөнгийг нэгээс нөгөөд шилжүүлэх суурь зарчим нийтийн ба хувийн эрх зүйд адил байхыг шаардана. Гэвч манай улсын хувьд нийтийн ба хувийн эрх зүйд газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг ойлгох, газарт үүсэх өмчлөх эрх болон өмчийн бусад эрхийг тодорхойлох, шилжүүлэх, бүртгэх зарчим, журам харилцан адилгүй байгаа нь хувийн өмчийн эрх зүйн хөгжил, цаашилбал улс орны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Газрын эрх зүйн харилцааг нийтийн эрх зүйн судлагдахуун болох талаас нь авч үзсэн, гүнзгийрүүлэн судалсан эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлууд харьцангуй олон байх боловч газар ба үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн өмч, тэр дундаа орон нутгийн өмчид шилжих боломжтой эсэх, төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, нийтийн эрх зүйн этгээд газар ба үл хөдлөх эд хөрөнгөд эд хөрөнгийн эрх үүсгэх боломжтой эсэх талаарх хийгдсэн судалгааны ажил илтэд дутагдаж байна. Газрыг Монгол Улсын нийтийн эрх зүйн зарим этгээд, тэр дундаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага хэрхэн эзэмшиж ашиглах, газрын талаар үүсгэж болох эд хөрөнгийн эрхийн төрөл, тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн онцлогийг судлах нь тус судалгааны ажлын үндсэн зорилго байх болно.
Тус судалгааны ажлын үр дүн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад ихээхэн ач холбогдолтой байх бөгөөд эдгээр хуулийн төслийг сайжруулах, эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгоход чиглэгдсэн тодорхой саналыг боловсруулах нь энэхүү судалгааны ажлын дараагийн гол зорилго байх болно.
Энэхүү судалгааны ажил нь удиртгал, долоон бүлэг, дүгнэлтээс бүрдэнэ. Монгол Улсын газрын шинэтгэлийн зарим асуудал буюу иргэнд газар өмчлүүлэх арга хэмжээ гэх эхний бүлгээр Монгол Улсын газрын өнөөгийн эрх зүй байдлын талаар авч үзлээ. Энэ нь Монгол Улсад газрын харилцааны томоохон шинэтгэлийн үндсэн үйл явц хэрхэн өрнөж өнөөдөр зорилго үр дүндээ хүрсэн эсэхийг тодорхойлох нэгдүгээр зорилго, судалгааны ажлын бусад бүлгүүдийн үндсэн аргументыг дэмжих тоон буюу статистик мэдээллээр хангах хоёрдугаар зорилгод үйлчлэх юм.
Харин судалгааны ажлын хоёрдугаар бүлгээр Монгол Улсад газар өмчлөх эрх бүхий этгээдийн талаар ерөнхийлөн авч үзлээ. Энэ бүлэгт Үндсэн хуулийн газар өмчлөлийн концепцыг судлаачид хэрхэн тайлбарлаж байгааг хөндөж, нэгдсэн дүгнэлтэд хүрэх боломжтой эсэхийг тодорхойлохыг зорьсон болно. Улмаар энэ бүлгээр өмчийн эрхийн нэгдмэл зарчмын дотор газар өмчлөх төрийн ба хувийн өмчлөх эрхийг судлахыг зорьж хувийн өмчлөх эрхэд тавигдаж байгаа Үндсэн хуулийн хязгаарлалтын үзэл санааг эдийн баялгийнэ эрх зүйн үүднээс дэлгэрэнгүй судлахыг зорьлоо. Судалгааны ажлын гурав ба дөрөв дэх бүлгүүдээр төрийн өмчийн газар ашиглалт, хувийн өмчийн газар ашиглалтын харилцаанд хэрэглэж байгаа хууль зүйн хэрэгсэлд нэг бүрчилсэн дэлгэрэнгүй анализ хийлээ. Эдгээр бүлгийн эцэст төрийн өмч ба хувийн өмчийн газрыг ашиглаж байгаа хэлбэрийн томоохон ялгаа, зөрчил, алдаа оноо системтэй байдлаар илэрхий болсон бөгөөд энэ нь тус судалгааны ажлын үндсэн зорилго болох Төрийн өмчийн шинэтгэл, газрын эрх зүй, бүртгэлийн эрх зүйн өөрчлөлтийн чиг хандлагыг тогтооход чухал ач холбогдол бүхий үндсэн хэсэг болно.
Судалгааны ажлын тавдугаар бүлгээр төрийн өмчийн ба хувийн өмчийн газарт аль ч тохиолдолд нийтлэг хэрэглэж болох гэрээний онцлог төрлүүдийг авч үзсэн. Энэ бүлгээр авч үзсэн гэрээний төрлүүд нь зах зээлийн эдийн засгийн олон өнгө төрх, хүний өдөр тутмын амьдралын урьдчилан таамаглашгүй үйл явдал, зүй тогтолд тулгуурласан гэрээний эрх зүйн уян хатан хэрэгсэл болох хувьдаа газрыг үр ашигтай гүйлгээнд оруулах нэгэн өвөрмөц арга хэрэгсэл болох учиртай юм.
Судалгааны ажлын зургадугаар бүлэг буюу Төрийн ба хувийн өмчийн газар ашиглалтын бүртгэлийн тогтолцоо тус судалгааны ажлын томоохон ач холбогдол бүхий хэсэг юм. Өөрөөр хэлбэл, газрыг гүйлгээнд оруулах тогтвортой, тодорхой арга хэрэгслийг хуульчилж өгсөн хэдий ч эдгээрийн талаарх найдвартай, нээлттэй, ил тод бүртгэлийн тогтолцоогүй бол бүхэлдээ үр дүнгүй болно. Өнөөдөр Монгол Улсад үүсээд буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэлийн төрөл тус бүрийг тухайлан судалж, зөрчил ба алдаа оноог танин мэдэхэд энэ хэсгийн зорилго оршсон. Улмаар газрын тухайд хоёр өөр зарчим, хоёр өөр зорилго бүхий бүртгэл үйлчилж байгааг тодорхойлж хэрхэн залруулах арга замыг дотоодын хууль тогтоомжийн үзэл санаа, төсөөтэй эрх зүйн тогтолцоо бүхий гадны орнуудын туршлагад тулгуурлан тодорхойлохыг зорьлоо. Харин судалгааны ажлын энэ бүлгээр газрын техникийн бүртгэл болох хувьд нь кадастрын бүртгэлийг авч үзэлгүй, илүүтэй төрийн өмчийн дотоод бүртгэлийн зорилго, ач холбогдлыг газрын эрхийг бүртгэлтэй харьцуулан тайлбарласан болно.
Судалгааны ажлын долдугаар бүлгээр төрийн ба хувийн өмчийн газрын харилцаанд тулгамдсан хоёр гол асуудал: 1) төрийн өмчийн газрыг нийтийн орон сууцны болон албаны зориулалттай барилга барихад олгож болох эдийн баялгийн эрхийн төрлийг бүтээх 2) Төрийн өмчийн газрыг орон нутаг, төрийн захиргааны ба үйлчилгээний байгууллагууддаа ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтгүй явж ирснийг хөндөж, шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг зорьлоо. Улмаар дүгнэлт хэсэгт тус ажлын үндсэн санааг нэгтгэн илэрхийлснээр судалгааны ажлыг төгсгөлөө.
Түлхүүр үг
Газар, үл хөдлөх эд хөрөнгө, бүртгэл, төрийн өмч, нийтийн өмч, газар ашиглах эрх, газар эзэмших эрх, эд юмсын хязгаарлагдмал эрх, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, узуфрукт, эзэмшил
Бичигдсэн огноо
2021-11-01
Хуудсын тоо
118
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-05-22
Товч мэдээлэл үзсэн
12
Бүрэн эхээр нь үзсэн
1
Эшлэлийн тоо
87
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа “Төрийн ба хувийн өмчийн газар ашиглах харилцаа: Өмчийн эрх зүйн шинжилгээ” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2401
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх