Бүтээлийн нэр
Олон Улсын арбитрын ажиллагаанд хөрөнгө оруулагчийг тодорхойлох нь
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Олон Улсын нийтийн эрх зүй, Олон Улсын хувийн эрх зүй, Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Монгол Улс олон улсад нээлттэй болж, эдийн засгийн чөлөөт нийгэмд шилжсэнээс хойшхи 28 жилийн хугацаанд Дэлхийн 118 орноос нийтдээ 22.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Монгол улс нь хөгжиж буй орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахаас гадна үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашиг сонирхлыг эн тэнцүү хамгаалах зэрэг шаардлага тулгарна. Мөн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр энэ харилцаа тэлж манай улсын олон улсад хүлээх үүрэг хариуцлага дагаад нэмэгдэх болно. Тухайлбал, Монгол улс нь олон улсын эрх зүйн субъект болохын хувьд дагаж мөрдөж буй олон улсын олон талт гэрээ, бусад улсуудтай байгуулсан хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээртэйгээ холбоотойгоор олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдан оролцох болсон. Өнгөрсөн хугацаанд олон улсын арбитрын хэд хэдэн хөрөнгө оруулалтын маргаанд хариуцагчаар оролцоод байна.
Түүнчлэн Монгол улсын хувьд хөрөнгө оруулалт хүлээн авагч хөгжиж буй орон учраас хөрөнгө оруулагчидтай үүсэх харилцаанд онцгой анхаарах шаардлагатай. Учир нь олон улсын арбитрт хөрөнгө оруулалтын маргаан үүсгэх гэдгээр далимдуулж улс төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц шийдвэр гаргахыг шаардах, эсхүл аливаа хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ, бусад хөрөнгө оруулалтын гэрээний хамгаалалтад хамаарах зорилгоор тэдгээрийг зүй бусаар ашиглах явдал ч гарч болзошгүй. Хэдийгээр 2010 онд УИХ-аас баталсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дахь заалтын 2 дахь хэсэгт "Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих нь эдийн засгийн аюулгүй байдлын үндсэн нөхцөл байна" хэмээн заасан ч зарим талаар гадаадын хөрөнгө оруулагч болох томоохон үндэстэн дамнасан хуулийн этгээдийн нөлөөнд автах, тэдгээрийн гаргасан шийдвэр улс орны амьдралд бүхэлдээ нөлөөлөх явдал хөгжиж буй орнуудын хувьд томоохон эрсдэл болж байна.
Олон улсын хөрөнгө оруулалтын маргаанд хөрөнгө оруулагчийг тодорхойлох нь тухайн хөрөнгө оруулагч холбогдох олон улсын гэрээний хамгаалалтад багтах эсэхийг тодорхойлох мөн түүний нэхэмжлэл гаргах эрх, олон улсын арбитрын харьяаллыг тодорхойлох зэрэгт чухал ач холбогдолтой байх юм. Иймд дээрх эрсдэлээс сэргийлэн, гарч болох зардал, хохирлыг багасгах нэг арга нь яалт ч үгүй олон улсын арбитрын ажиллагаанд хөрөнгө оруулагчийг тодорхойлох асуудалд анхаарах юм. Үүний тулд олон улсын гэрээ, хэлэлцээр, үндэсний хууль тогтоомж дахь хөрөнгө оруулагчийг тодорхойлсон зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай.

ҮНДСЭН ХЭСЭГ:
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Хөрөнгө оруулалтын маргаанд хөрөнгө оруулагчийг тодорхойлох онолын үндэс
1.1. Олон улсын гэрээ, хэлэлцээр дэх хөрөнгө оруулагчийг тодорхойлох зохицуулалт
1.2. Дотоодын хууль тогтоомж дахь хөрөнгө оруулагчийг тодорхойлох зохицуулалт
1.3. Хөрөнгө оруулалтын маргаанд хөрөнгө оруулагчийн харьяаллыг тодорхойлоход үүсч буй үндсэн асуудлууд
ХОЁРДУГААР БҮЛЭГ. Хөрөнгө оруулагчийг тодорхойлох олон улсын арбитрын практик
2.1. Хувь хүний давхар харьяалалтай холбоотой маргаан
2.2. Хуулийн этгээдийн харьяаллыг тогтоохтой холбоотой маргаан
2.3. Монгол улсад холбогдож үүссэн хөрөнгө оруулалтын маргаан
ГУРАВДУГААР БҮЛЭГ. Монгол улсын олон улсын гэрээ, хууль тогтоомж дахь хөрөнгө оруулагчийг тодорхойлох зохицуулалт, цаашид анхаарах асуудал
3.1. Монгол улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн зохицуулалт, анхаарах асуудал
3.2. Монгол улсын үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт, анхаарах асуудал
3.3. Төр-хөрөнгө оруулагч хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний зохицуулалт, анхаарах асуудал
Түлхүүр үг
олон улсын эрх зүй, олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүй, олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалт, арбитрын харьяалал, хөрөнгө оруулагчийн харьяалал, олон улсын арбитр, хөрөнгө оруулалтын гэрээ, арбитрын процесс
Бичигдсэн огноо
2022-05-16
Хуудсын тоо
81
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-06-30
Товч мэдээлэл үзсэн
2865
Бүрэн эхээр нь үзсэн
115
Эшлэлийн тоо
152
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Хулан “Олон Улсын арбитрын ажиллагаанд хөрөнгө оруулагчийг тодорхойлох нь” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1313
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх