Бүтээлийн нэр
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчмын шинэ сорилт
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт, 2021 онд баталсан Шүүхийн тухай хууль, олон улсын эрх зүйн баримт бичигт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчмын тулгамдаж буй өнөөгийн сорилтыг судалж, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьлоо. Шүүх эрх мэдлийн хувьд өнөөдөр шүүгч хараат бус байх зарчим дээрээ хатуу зогсож, зоригтой, шийдэмгий байж, шийдвэрийнхээ үндэслэл нотолгоо, тайлбарын онолын түвшинг дээшлүүлэн, улс төрийн нам, хүчин, албан тушаалтны элдэв шахалт, шаардлага, ятгалгат автахгүйгээр үндсэн чиг үүргээ шударгаар хэрэгжүүлэх нь нэн чухал болж байна. Шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчмыг шүүх эрх мэдлийн хүрээнд авч үзэх учиртайг доктор, профессор Б.Чимид багш өөрийн бүтээлд тэмдэглэж, Үндсэн хуульд тодорхойлсон дараах бусад үндэслэлийг багтаан ойлгох талаар онцолжээ. Үүнд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлэхийг хориглох, шүүх зөвхөн Үндсэн хуульд нийцсэн олон улсын гэрээг хуулийн адил хэрэглэх, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, хуулийн албан ёсны тайлбар хуулиас зөрвөл зөвхөн хуулийг хэрэглэх зэрэг үндэслэлийг багтаан ойлгоно. Иймд шүүгч гагцхүү хуульд захирагдах Үндсэн хуулийн зарчмыг зөвхөн үгийн утгаар бус, агуулга болон хэрэгжих механизмын хувьд ойлгож хэрэглэх маш чухал шаардлагатай байна.
2021 онд баталсан Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана. Шүүхийн тухай хуульд Шүүгчийн хараат бус байдлыг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох, шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр албан тушаалд болон өөр шүүхэд шилжүүлэх, эсхүл сэлгэн ажиллуулахыг хориглох, хугацаагүй томилогдож, захиргааны болон гуравдагч этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй, аливаа дайчилгаа болон цэргийн жинхэнэ албанд татахгүй байх, шүүгчийн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлэх, хангах, шүүгч өөрийн хүсэлтээр ахисан түвшинд мэргэшлээ дээшлүүлэх зорилгоор хоёр жил хүртэл хугацаагаар гадаад улсад суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болсон тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдах зэрэг баталгаагаар хангана гэж хуульчилсан нь шүүгчийн хараат бус байх зарчмыг хангаж, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчмыг хангах нь түүний төвийг сахисан байр суурийг хадгалах гол түлхүүр. Мөн шүүгч хараат бус байх нь ард иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг бодитой хамгаалах хамгийн хүчирхэг механизм шүүх эрх мэдлийн эрх зүйн баталгаа болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой. Шүүгчийн хараат бус байдал нь хууль дээдлэх ёс, шүүн таслах ажиллагааг шударгаар шийдвэрлэхдээ бусад шүүгч, шүүхийн ажилтнаас хараат бус байна.
Шүүгчийг томилох шийдвэрийг шүүгчийн ур чадвар, туршлага, нөлөөнд үл автах чадавхад нь тулгуурлан гаргаж байхыг шүүгчийн сонгон шалгаруулалт болон томилгоог зохицуулдаг хууль тогтоомж эрх зүйн актад нарийвчлан маш тодорхой тусгах зайлшгүй шаардлагатай байна.
Шүүх эрх мэдлийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн зохистой болон тогтвортой байдлыг хадгалах, төрийн албан хаагч албан тушаалдаа тогтвортой мэргэшиж ажиллах, шүүгчийн хараат бус байдлыг дээшлүүлэх баталгааг хангах нь нэн чухал байна. Эдгээр асуудлыг амжилттай хэрэгжүүлвэл шүүх эрх мэдлийн хараат бус байдал, хууль ёст тогтвортой хөгжлийн нийгмийг бүрдүүлж, эрх зүйт төрийг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, ухаалаг засаглалын зорилтууд хангагдах үндсэн нөхцөл бүрдэнэ.
Хараат бус байдлыг хангах шаардлага нь шүүх засаглалын байгууллагад төдийгүй шүүгч бүрт хамаарах бөгөөд шүүхийн эрх мэдлийн байгууллагын ажилтнууд Засгийн газар, парламент, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд, бусад шүүгч эсвэл гуравдагч этгээдийн шууд болон шууд бус нөлөөллөөс ангид байх байдлыг хангах нь маш чухал юм.
Шүүгчийн хараат бус байх зарчмыг шүүх засаглалтай холбоотой бүхий л хууль тогтоомжид илүү сайн нарийвчилж тусгах шаардлагатай байна.
Харин шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчмыг хэрэгжүүлэх арга механизмыг нийгмийн хөгжлийн дагуу улс төр, эрх зүйн талаас нь улам бүр төгөлдөржүүлэх шаардлага ямагт нэн тэргүүнд тавигдаж байна.
Түлхүүр үг
Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгч, хараат бус байх, хуульд захирагдах зарчим, сорилт,
Бичигдсэн огноо
2023-03-03
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-03-07
Товч мэдээлэл үзсэн
2197
Бүрэн эхээр нь үзсэн
34
Эшлэлийн тоо
14
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчмын шинэ сорилт” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1517
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал. 2 дахь хэвлэл. УБ., 2017. 263 дахь тал

[2] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал. 2 дахь хэвлэл. УБ., 2017. 261 дэх тал

[3] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл. хоёрдугаар дэвтэр. УБ., 2004. 122-123 дахь тал

[4] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал. 2 дахь хэвлэл. УБ., 2017. 263 дахь тал

[5] Б.Чимид. Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал нэгдүгээр дэвтэр. УБ., 2008. 138-139 дэх тал

[6] Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ. УБ., 2016.110 дахь тал

[7] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл. хоёрдугаар дэвтэр. УБ., 2004. 128 дахь тал

[8] Ж.Хунан, П.Баттулга, М.Мөнхжаргал. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо. УБ., 2015.96-97 дахь тал

[9] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 110 болон 111 дүгээр зарлиг.

[10] Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбарт дээрх шүүгчдийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч итгэл хүлээлгээгүй гэсэн байх боловч эдгээр шүүгчийг огцруулах, хууль зөрчсөн талаар Шүүхийн Ес зүйн хорооны шийдвэр, түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна. Ж.Хунан, П.Баттулга, М.Мөнхжаргал, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо. УБ., 2015

[11] Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ. УБ., 2016.117 дахь тал

[12] Нээлттэй нийгэм форум. Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал судалгааны тайлан. УБ., 2016. дугаар 18.

[13] Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ. УБ., 2016.114 дэх тал

[14] Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн судалгаа, мэдээллийн төв, Олон Улсын онол-практикийн бага хурлын илтгэлийн эмхэтгэл-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүхийн захиргааны үүрэг, тулгамдсан асуудлууд. УБ., 2014. 22 дахь тал