Бүтээлийн нэр
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ба дүүргийн хүн амын суурьшил
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Нутгийн удирдлага
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай болон түүний хуваарилалт, нийслэлийн 9 дүүргийн хүн амын байршил, тархалт, нягтаршил, дүүргийг хүн амын тоогоор нь бүлэглэн судалж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох дүүргийн нутаг дэвсгэрийн хуваарилалтын шинэчлэл хийхийг тодорхойлохыг зорьлоо.
Аливаа улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хуулиар тогтоосон хил бүхий нутаг дэвсгэр, байнга оршин суудаг, зохих тооны өрх, хүн ам, хүн амын өөрсдийн удирдлага буюу засаг захиргаа ийм л гурван махбодоос улсын нэгэн бие цогц болон бүрдэж амилдаг.
Хот, тосгоны оршин суугчдыг дэвсгэр газар, хаяа газар нутагтай нь тусгаарлан баг, сум, дүүрэг зэрэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох ёс бий.
Дүүрэг бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бие даасан дунд буюу тулгуур нэгж юм. Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар дүүрэг нь өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот байдаг.
Эдүгээ нийслэл хот нь Багахангай, Багануур, Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Нийслэл есөн дүүрэг оршиж байгаа бөгөөд эдгээрээс Налайх, Багануур, Багахангай нь нийслэлийн алслагдсан дүүрэг буюу дагуул хотууд юм.
Улаанбаатар хот руу хүн амын шилжих хөдөлгөөний урсгал их байгаа нь нийслэл хотын хүн ам хурдтай өсөх нөхцөл болж байна. Дүүргийн хүн амын суурьшлын өнөөгийн байдал манай хүн амын дийлэнх буюу 64.2 хувь нь нийслэлд /агломераци буюу том хот дагасан / амьдарч байна.
Хүн амын шилжих хөдөлгөөний онолын урсгалуудын нэг бол “хэмжээлшгүй том хот”-ын онол юм. Газарзүйч Мак Жефферсон /1939/ анх удаа хэмжээлшгүй том хотын онолыг бий болгосон. Энэхүү хот нь хүн амын тоогоор бусдаасаа ядаж 2 дахин том байдаг. Эдгээр хот нь ихэнх тохиолдолд тухайн улсынхаа нийслэл байдаг. Жишээлбэл, Францын Парис, Их Британийн Лондон, Тайландын Бангкок хотуудыг нэрлэж болно. Гэтэл хүн ам олонтой зарим хотод хэмжээлшгүй том хот байдаггүй. Хөгжиж буй улсын хувьд хэмжээлшгүй том хот нь үйлдвэржсэн хот биш ч гэсэн хүн амын тоо, дотоод зах зээл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтээрээ хүмүүсийг татдаг . Үүний нэг тод жишээ нь Улаанбаатар хот гэж үзэж болно.

Улаанбаатар хотыг чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн ойрын жилүүдэд төдийлэн буурахгүй байх хандлага ажиглагдаж байна. Иймд хүн амын механик өсөлтийг сааруулах зорилгоор нийслэлийн алслагдсан дүүргүүд, дагуул хотууд болон манай улсын бусад бүсүүдийн тулгуур төв хотуудын хөгжлийг эрчимжүүлж, бүсийн хүн амын өнөөгийн зохисгүй бөөгнөрөл, сөрөг үр дагавар бүхий шилжих хөдөлгөөнийг сааруулах шаардлагатай байна.

Хүн амын гуравны нэг нь нийслэл хотод төвлөрч, нийслэлийн хүн амын 94,3 хувь нь төвийн 6 дүүрэгтээ, тодруулбал баруун хэсэг Сонгинохайрхан дүүрэгт 22 хувь, зүүн хэсэгт орших Баянзүрх дүүрэгт 23 хувь, хотын төв Баянгол дүүрэгт 16 хувь, баруун хойт хэсгийн Чингэлтэй дүүрэгт 13 хувь, зүүн хойт хэсгийн Сүхбаатар дүүрэгт 12 хувь, баруун өмнөд хэсэгт орших Хан-уул дүүрэгт 10 хувь, үлдсэн 5.3 хувь нь Налайх, Багануур, Багахангай дүүрэгт тус тус суурьшиж байна.
Латен Америк, Африк, Азийн хөгжиж буй орнуудын том хотуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц болох “Тогтвортой хөгжил бүхий хүн амын суурьшлын бодлого”-ын үндсэн санаа нь хэт том хотын төвлөрөлийг сааруулахын тулд дунд хотуудыг дэмжих, мөн том хотын дэргэд шинэ хот байгуулах хандлага юм .
Гадаадын зарим улс оронд Засгийн газар хүн амын суурьшлыг зохицуулсан бодлого, хөтөлбөр батлан хэрэгжүүлдэг бөгөөд БНСУ-д “Үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого ба стратеги”, Японд “Үндэсний төлөвлөгөө”, ОХУ-д “Нутагшил сууршлын ерөнхий схем”, Турк улсад “Хот суурин газрын хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх төсөл” гэсэн бодлогын баримт бичгүүд байдаг. Түүнчилэн хүн амын сууршлын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлтийн чиглэлээр мэргэжлийн байгууллага, хүрээлэнгүүд ч ажилладаг байна.
Нэг дүүрэгт ногдох нийт хүн амын эзлэх хувиар дүүргийн хүн амын сууршлын зохистой харьцаа алдагдаад байна.
Хүн амын тоо ихтэй байгаа том дүүргийн ангилалд орж байгаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг олон төвт, дэд төвтэй хот, дүүрэг болгон тэлж хөгжүүлэх шаардлагатай байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтыг шинэчилж, нийслэл болон түүний дагуул хот, дүүргийг шинээр байгуулж хөгжүүлэх бололцоотой юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтыг шинэчлэл, хот суурины хөгжлийг оновчтой хуваарилах асуудлыг шийдвэрлэх асуудлын гол үндэс нь хүн амын суурьшлын бодлого юм.
Одоогийн мөрдөгдөж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт өнөөгийн нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцэхгүй байгааг анхаарч, өөрчлөн орчин үеийн нөхцөлд тохирсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтыг бий болгох эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Засаг захиргааны нэгж болох дүүргийн статусыг тодорхойлсон түүний чиг үүрэг, бүрэн эрх, хариуцлагыг зохицуулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дүүргийн тухай хуулийг боловсруулж батлах хэрэгтэй байна.
Түлхүүр үг
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, нийслэл, дүүрэг, хүн ам, хүн амын суурьшил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтын шинэчлэл
Бичигдсэн огноо
2015-12-30
Хуудсын тоо
19
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-04-24
Товч мэдээлэл үзсэн
1711
Бүрэн эхээр нь үзсэн
14
Эшлэлийн тоо
16
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ба дүүргийн хүн амын суурьшил” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1552
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн мэдлэг. УБ.,2007. 92 дахь тал

[2] ФСЭЗХ. Хотын социологи: онол, арга зүй. УБ.,2012.108 дахь тал

[3] Мөн тэнд.,107 дахь тал

[4] Sustainable development of human settlements Achievements and challenges in housing and urban policy in latin America and the Caribbean,UN, 1998

[5] www.ubregion.ub.gov.mn. 2014.5.25

[6] Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. УБ.,2008.351 дэх тал

[7] Мөн тэнд., 348 дахь тал

[8] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нутгийн удирдлага. Гуравдугаар дэвтэр. УБ., 2004.50 дахь тал

[9] Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн мэдлэг. УБ.,2007. 92 дахь тал

[10] Монгол улсын Үндэсний статистикийн хороо. Монгол улсын статистикийн эмхтгэл. УБ.,2013.73 дахь тал

[11] Монгол улсын Үндэсний статистикийн хороо. Монгол улсын статистикийн эмхтгэл. УБ.,2013.85 дахь тал

[12] ФСЭЗХ. Хотын социологи: онол, арга зүй. УБ.,2012.108 дахь тал

[13] Мөн тэнд.,107 дахь тал

[14] Нийслэлийн статиктикийн газар, www.ubstat.mn. 2014.5.25

[15] Sustainable development of human settlements Achievements and challenges in housing and urban policy in latin America and the Caribbean,UN, 1998

[16] www.ubregion.ub.gov.mn. 2014.5.25