Бүтээлийн нэр
Монгол улсын иргэдэд газар өмчлүүлэхэд тулгарч буй хууль зүйн асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Газрын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан. Тодруулбал “Газрын тухай” хууль(2002 он), “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” (2003 он) болон “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” (2018) хуулиар тус тус хамгаалжээ. Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэнд гэр бүлийн болон аж ахуйн зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх болсон. Энэ ажил 2003 онд эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 336,106 иргэн буюу нийт хүн амын 11.8 хувь нь 37044.4 га газрыг өмчилж авчээ. Харин хашааны газраа эзэмшиж  байгаа 214,068 иргэн, шинэ байршилд 120,184 иргэн гэр бүлийн зориулалтаар газар өмчилсөн бөгөөд 21 аймагт 31627.33 га газрыг нийт хүн амын 15.3 хувь, нийслэлд 4849.62 га газар буюу  нийт хүн амын 7.6 хувь нь тус тус газраа үнэ төлбөргүйгээр өмчилж авчээ. Тэгвэл 2018 онд нийслэлд харяалалтай 9005 иргэнд 21 аймгийн 149 сумдад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1791.82 га газрыг[ Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Нийслэлийн харьяалалтай иргэд Аймаг, сумын газарт гэр бүлийн хэрэгцээний  зориулалтаар газар өмчилсөн байдлын судалгаа, 2018 ] өмчлүүлжээ. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад хангалтгүй үзүүлэлт бөгөөд үнэ төлбөргүйгээр 0.07га газар олгох ажил ахиц багатай явагдаж байгааг харуулсан үзүүлэлт юм. Холбогдох хуулийн зарим зохицуулалтаас шалтгаалаад Иргэд газрыг гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчилж авч чадахгүй байж болох талтай. Иргэдийн газар өмчлөх эрх хэрэгжих эсэх нь АНГЗБЕТ, АТБХХЕБХТ, СДТЖГЗБТ болон сумын төв, тосгоны тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээс хамаарч байна. Энэхүү судалгаа үл хөдлөх хөрөнгө болох газрыг Монгол улсын иргэдэд өмчлүүлэхэд тулгарч буй хууль зүйн асуудлыг тандан судлах зорилготой. Судалгааны арга зүй: түүврийг Нийслэл болон Аймаг, сум, хөдөө, тосгон, гадаадад удаан хугацаагаар оршин сууж буй иргэдээс цуглуулсан бөгөөд судалгаанд 146 иргэн хамрагдсан. Тооцооллыг статистикийн SPSS v22 програм дээр гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүн: Холбогдох хуулиудын эрх зүйн зохицуулалтыг судалж үзэхэд газар өмчилж авах хүсэлтэй иргэдийн хүсэлт шийдвэрлэгдэхгүй байгаа шалтгаан нь газрын холбогдох төлөвлөгөө, баримт бичиг болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот тосгоны тухайн шатны ИТХ-ын шийдвэрээс хамаарч байгааг баталлаа. Иргэнд газар өмчлүүлж буй ажлын талаархи иргэдийн сэтгэл ханамжийг судлахад судалгаанд оролцогчдын 65 нь “огт сэтгэл ханамжгүй”, 31 хүн “сэтгэл ханамжгүй” гэж хариулсан байна. Монгол улсын иргэнд газар өмлүүлэх тухай хуулийн 5.1.4-д "Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ" заалтыг судалгаанд оролцогчдын 86.3 хувь нь “мэднэ” гэж хариулснаас харахад газар өмчлөх эрхтэй гэдгээ сайн мэдэж байна. Харин Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь МУИГӨтХ-ийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлнэ гэсэн заалтыг судалгаанд оролцогчдын 70 буюу 47.9% хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ. Эндээс иргэд эрх зүй, хуулийн мэдлэгтэй байх, хууль тогтоомж хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагууд газар өмчлөлтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайлагнах, мэдээлэл илт тод байх, иргэд тогтмол үнэлгээ өгч Иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналаа өгч тусгуулж байх шаардлагатайг харууллаа. Энэхүү судалгаа онол, практикийн хүрээнд цаашид судлагдах болно.
Түлхүүр үг
Түлхүүр үгс: Үл хөдлөх эд хөрөнгө, газар, өмчлөх эрх, эд хөрөнгийн эрхийн бүртгэл
Бичигдсэн огноо
2021-02-10
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-04-07
Товч мэдээлэл үзсэн
27
Бүрэн эхээр нь үзсэн
1
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Пүрэвдулам “Монгол улсын иргэдэд газар өмчлүүлэхэд тулгарч буй хууль зүйн асуудал” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2355
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх