Бүтээлийн нэр
Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд шинээр тусгагдсан шинэ төрлийн гэмт хэрэг бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хувь хүний халдашгүй байдлыг сахин хамгаалах нэг төрлийн эрх зүйн баталгаа юм. Өмнө нь үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэг “Иргэдийн улс төрийн болон бусад эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”-т тусгасан Жагсаал цуглаан хийх эрх чөлөөг зөрчих, Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгих, Шүтэж буй шашнаар нь ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих гэмт хэргүүдэд хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шинж агуулагдаж байсныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хууль (2015 оны шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхэлснээс хойш зургаан жилийн хугацаанд энэ төрлийн нийт долоон хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт багадаа биш иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмагийн улмаас тус гэмт хэрэгт хохирсноо мэдэхгүй, хууль хяналтын байгууллагад хандахгүй байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Ардчилсан улс орон, эрх зүйт төрийн хувьд иргэд нь хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө хуулийн дагуу хамгаалж, хамгаалуулж чаддаг байх нь эрх зүйн хөгжлийн нэгэн
үзүүлэлт болдог.
Түүнчлэн Доктор (Ph.D) Б.Энхболд 2019 онд бичсэн “Монгол Улс дахь нуугдмал гэмт явдлын түвшинг гэмт хэрэгт хохирох явдлын судалгаагаар тооцсон байдал” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлдээ “Тодорхой төрлийн гэмт хэргийн дотроос авлигын гэмт хэрэг 7.5 дахин, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг 5.8 дахин, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 6.3 дахин, хууль бусаар мөрдөн мөшгих гэмт хэрэг 4.5 дахин, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.2 дахин их байгаа нь анхаарал татаж байна” хэмээн дүгнэжээ. Энэ нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй нь аюулгүй мэтээр нийгмийн дунд оршин тогтнож, гэмт этгээдүүд хуулийн хариуцлагаас мултарч, хохирогчид хууль ёсны эрх зүйн хамгаалалтыг хүлээн авч чадахгүй байгааг шууд илтгэж буй юм.
Иймээс энэхүү судалгаагаар Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээний хүрээнд практикт энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй байдал, хууль зүйн нэр томьёо, ухагдахууныг хэрхэн тайлбарлаж, үнэлж буйг тодорхойлов.
Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийг шалган шийдвэрлэж буй байдал, практикт тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг судалж, хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн ил тод байдал, чанарыг сайжруулахад нөлөөлөх зорилгоор дараах зорилтын хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэв. Үүнд:
-Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн бүрэлдэхүүний онол, эрх зүйн зохицуулалтыг судлах;
-Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй байдлыг судлан дүгнэх;
-Хэрэг шийдвэрлэхэд практикт тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох;
-Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэж буй хуулийн зохицуулалт, хууль хэрэглээнд дүн шинжилгээ хийх;
-Энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэр агуулга, хэлбэрийн хувь д хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг судлах;
-Энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн ил тод, нээлттэй байдлын ач холбогдлыг тодорхойлох;
-Шүүхийн шийдвэрийг сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулах.
Судалгааг Нээлттэй Нийгэм Форумын “Шүүхийн шийдвэрийн судалгааны аргачлал”-ыг удиртгал болгон түүнд дурдсан тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглан боловсруулав. Чанарын судалгаанд баримт бичгийн судалгааны аргыг түлхүү хэрэглэсэн бөгөөд судалгааны үр дүнг урьдчилан таамаглаж, хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн хохирогчид хууль хяналтын байгууллагад ханддаг эсэхийг тандан судлахаар контент анализын болон ярилцлагын аргыг мөн ашигласан болно.
Түлхүүр үг
хууль бусаар мөшгих, мөрдөж мөшгих гэмт хэргийн бүрэлдэхүүн, Хууль бусаар мөрдөх, шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
Бичигдсэн огноо
2023-06-01
Хуудсын тоо
46
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-04-29
Товч мэдээлэл үзсэн
25
Бүрэн эхээр нь үзсэн
1
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Намуун “Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2383
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх