Д.Баяр: Хэн “Эхээ” (Үндсэн хууль) мөргөсөн бэ? Цэц үү? Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үү?
2 years ago
Монгол Улсад хэн засагладаг вэ? Мөнгөтэй цөөнх. Бид бүгд л мэдэж байгаа. Энэ бол бодит байдал - де факто. Гэхдээ бодит байдалтай эвлэрч, хүлцэж, хүлээн зөвшөөрч, хуулиар хамгаалж болохгүй. Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 08-р сарын 15-ны өдрийн хоёр тоот тогтоол бол Монгол Улсад “мөнгөтэй цөөнх засаглана” гэдгийг зөвшөөрсөн - Де Юре. Энэ бол Монгол Улсыг ардчилал, эрх чөлөө, хуулийн засаглал, хүмүүнлэг нийгмээс ухраасан шийдвэр.
Цэц олон сайн, муу шийдвэр гаргаж байсан. Энэ бол шинэ адаг. Олон үндэслэл хэлж болно. Олонхын хүсэл зоригоос, Үндсэн хуулиас дээгүүр Цэцтэй боллоо. Улс төрийн асуултад Цэц хариулж, улс төржлөө. Үндсэн хуулийн институтийг сулрууллаа, худалдлаа гэх мэт. Хамгийн харамсалтай нь “баян цөөнх засаглана” гэдгийг хуулиар зөвшөөрсөнд байгаа юм.
УИХ нь Засгийн Газарт үндсэн хоёр сүрдүүлгээр эцсийн хяналт тавьдаг. Нэг нь Засгийн Газрыг гишүүдийн олонхын саналаар огцруулна. Нөгөө нь УИХ өөрөө тарж, шинэ засгийн газар байгуулна – сонгуулийн дүнгээс хамаарч. Хоёр дахь төрлийн хяналт бол том мөрийтэй тоглоом. Төдийлөн хэрэглээд байдаггүй. Харин эхний сүрдүүлгийг түгээмэл хэрэглэнэ. Харин Засгийн Газарт итгэл хүлээлгэх эсэх асуудал нь ЗГ-ын зүгээс УИХ-ыг сүрдүүлдэг механизм.
Зөвхөн Монгол гэлтгүй Парламентын засаглалтай улсад Засгийн Газар богинохон насалдаг. Судалгаа хангалттай байгаа. Ялангуяа дэлхийн 2-р дайнаас өмнө бол ердөө 2 гаруй жилийн настай Засагтай байсан Европын парламентууд, дайны дараа дунджаар 4 жил болж уртсан төдий. Энэ бол тийм муу зүйл биш. Учир нь ЗГ солигдох уу? эсхүл Улс төрийн тогтолцоо өөрчлөгдөх үү? гэвэл ЗГ солигдсон нь хамаагүй дээр. Улс төрийн тогтолцоо солигдоно гэдэг бол хувьсгал – хэт радикал, үндсэрхэг үзэлтнүүд, бидний жигшдэг попууд гарч ирэх хөрс.
Харин Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөсөн, нөгөө талдаа УИХ-ын сүрдүүлгийн картыг хумьсан. Их хурлын нийт гишүүдийн 50-ээс дээш хувь нь огцруулах эсхүл нийт гишүүдийн 66-аас дээш хувийн саналаар УИХ тарах замаар Засгийн Газарт эцсийн хариуцлага тооцно гэдэг бол маш өндөр босго. Ялангуяа гишүүд нь сайдаар суучих, гишүүн сайдыг дагасан сүлжээ үүсчихэд Засаг огцорч биш, хувьсгал гарч эрх мэдэл солигдох вий.
Улс төр зодоонтой байх, хоорондоо зөрчилдөх, засгийн газраа солих, баян цөөнх хуваагдах бол эрүүл үзэгдэл. Хамгийн чухал нь хуулийн дор учраа олдог байх ёстой. Хууль - Үндсэн хууль энэ механизмыг хааж болохгүй. Ялангуяа “баян цөөнх засагладаг” манай тогтолцоонд ялагч төрүүлэхгүй байх, ялагчийг унагах механизмыг нээлттэй үлдээхгүй бол төр солигдоно, энх замаар уу? эсхүл эрүүл бусаар уу? гэдэг хамгийн үнэтэй тоглоом.
Нэг. Цэц “Эхээ” (Үндсэн Хуулиа) мөргөдөг
Цэцэд гаргасан мэдээллийн агуулгыг сийрүүлбэл - солиорол. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр (ҮХНӨ) “УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн ЗГ-ын гишүүн байж болно” гэж тогтоосон. Нөгөө л давхар дээл. Мэдээллийн гол агуулга нь энэхүү нэмэлт өөрчлөлт “Эх” Үндсэн хуулиа зөрчсөн гэнэ. Уул нь ганцхан л Үндсэн хуультай. Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн удиртгалыг зөрчсөн, бүгд найрамдах улсын хэлбэрийг зөрчсөн, парламентын засаглалыг өөрчилсөн, хамгийн инээдтэй хэсэг нь “хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтоор баталгаажсан ерөнхий сайдын онцгой бүрэн эрх”-эд халдсан гэхх .
Тэдний мэдээллийг энгийнээр тайлбарлавал – УИХ-ын гишүүн сайд болоход хязгаарлалт тогтоосон нь Монгол Улсыг бүгд найрамдах биш хаант, угсаа залгамжилдаг, феодалын улс болгосныг илтгэнэ гэнэ. УИХ-ын гишүүд сайд болохгүй бол парламентын засаглалгүй болох юм гэв. Гишүүдээ сайдаар томилж чадахгүй бол “Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт болсон ерөнхий сайдын” эрх хэмжээ нь хязгаарлагдах юм байх. Тиймээс л солиорол гэсэн юм.
Энэ солиоролд Цэц 8 үндэслэлээр хариулсан байна. Зарим нь үндэслэл гэхээсээ илүүтэйгээр зөвлөгөө, санал, өөрөө өөртөөгөө ярьж байгаа тэмдэглэл мэт харагдана. Жишээ болгоод хэлэхэд үндэслэл-2 ингэжээ – “өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн бидний шийдвэрүүд нь агуулга, зарчмын хувьд хоорондоо зөрчилтэй байна”. Өөрийгөө шүүмжлээд байна уу? Эсхүл өөртөө сануулаад байна уу? Аль эсвэл энэ шийдвэр ч алдаа байж мэднэ гэж хэлэх гээд байна уу?
Уул нь УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн Газрын гишүүн байж болно гэдэг нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуудал шийдэж байгаа. Гэтэл үндэслэл-8 бичихдээ “гишүүдийн тоог нэмж өөрчлөх замаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр болон төлөөллийн чадварыг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэдэг хандлага парламентын засаглал бүхий улс орнуудад нэгэнт тогтсон байна” гэв . Цэц хэнд энэ зөвлөгөө, саналыг хэлээд байгаа юм? Цэцээс Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоогоод өгөөч гэж асуусан юм уу эсхүл бусад улсуудад хэрхэн зохицуулдаг вэ? судалгаа, санал өгөөч гэсэн юм уу? Хэнд хамаатай юм. Ирээдүй цаг дээр бидний шийдвэр зөв гэж хэлэх гээд байгаа юм уу?
Цэцийн үндэслэлийг хоёр хэсэгт хувааж тайлбарлаж болно: (нэг) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Цэц хянаж болох уу? (хоёр) Нэмэлт, өөрчлөлт нь “Эх” Үндсэн хуулийн бүтэц, үзэл баримтлалыг зөрчсөн үү. Нэгдүгээр хэсэгт 3 үндэслэлээр, хоёрдугаар хэсэгт 5 үндэслэлээр Цэц хариулсан байна. Зарим нь дээр хэлсэнчлэн ойлгомжгүй, тэнэсэн сум. Харин энэ өгүүллээр Цэцийн эхний асуултад хэрхэн хариулсанд нь тайлбар, шүүмж өгнө.
Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хянана гэжээ. Эхлээд Үндсэн хуулийн 64.1.-ийг эшлэв. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, … мөн. Тиймээс Үндсэн хуулийн удиртгалд заасан зорилгын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хянах бүрэн эрхтэй гэж. Дуртай хэсгээ эшлээд, дургүйгээ гээчхэж болохгүй. Хоёрхон зүйл доошоо харвал 66-р зүйлд нь Үндсэн хуулийн Цэц юунд хяналт тавих ёстойг жагсаасан байгаа. Хаалттай жагсаасан байгаа. Тэр жагсаалтад УИХ-аас баталсан ҮХНӨ-ийг хянана гэж өгүүлбэр байхгүй. Утга санаа ч агуулагдаагүй. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийнхаа дор л сажлах ёстой.
Хоёрт, удиртгал бол Үндсэн хуулийн салшгүй нэг хэсэг. Гэхдээ Үндсэн хуулийн заалт биш. Харин заалтыг тайлбарлах, түүний утгыг тодруулахад барих чиг юм. Гэтэл Үндсэн Хуулийнхаа заалтыг нулимчхаад удиртгалаа бариад шийдэнэ гэж байж боломгүй. Үндсэн хуулийн үг, өгүүлбэр хамаагүй, харин Үндсэн хуулийн зорилго, улсын тэмүүллээ бариад хууль зүйн тайлбар хийдэг жишиг тогтоож болохгүй. Үр дагавар нь магадгүй маргааш Үндсэн хуулийн зорилго бариад УИХ-аас баталсан хуулийг хүчингүй болгох, цаашилбал Үндсэн Хуулийн заалтыг үзэмжээрээ өөрчлөх, хасах эрх зүйн орчныг бий болгоно.
Үндэслэл-2 болон 3 нь өмнө хэлсэнчлэн, тэмдэглэл, тойм мэдээ эсхүл өөрийгөө шүүмжилсэн эшлэл мэт сонсогдоно. Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн Хууль зөрчсөн эсэхийг шийдсэн бидний шийдвэр хоорондоо зөрчилдөөнтэй байна. Бүтцийн онолоор Үндсэн хуулийн заалтууд өөр хоорондоо зөрчилдөөтэй байж болохгүй гэнэ. Ингээд нэг дүгнэлт хийсэн нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх журмын хуулийг барьжээ.
Цэц нь хууль, УИХ-ын бусад шийдвэр ... Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийддэг. Тодруулбал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянана гэсэн үг. Гэтэл 2019 оны ҮХНӨ-ийг журмын тухай хуульд нийцээгүй гэж дүгнээд, Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоожээ. Толгой сэгсрэв.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь салбарын хуулиудтай нийцсэн байх ёстой гэж Цэц тайлбарлаж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцаа Үндсэн хуулиар зохицуулагддаг, нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бусад хуулиуд нийцэх ёстой болохоос бусад хуулиудад ҮХНӨ нь нийцэж байж, Үндсэн хуулийн салшгүй хэсэг болохоор Үндсэн хуулиар тогтоогоогүй. Түүнчлэн журмын хууль нь ҮХНӨ-ийг батлах процесс зохицуулалт болохоос, нэмэлт-өөрчлөлтийн агуулгыг тодорхойлдог хууль биш юм.
Хоёрт, Бүтцийн онолоор ҮХНӨ нь Үндсэн хуулийн бүтэц, агуулга, үзэл санааг өөрчилж болохгүй гэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь хууль санаачлагчид, ҮХНӨ батлахаар зорьж байгаа бүлэгт зориулсан сануулга юм. Үндсэн хуулийн бүтэц, агуулга, үзэл санааг илтэд, шууд байдлаар зөрчсөн ҮХНӨ санаачилж, оруулж ирж, батлуулах гэж зүтгүүлж болохгүй гэдэгт энэ онолын гол агуулга, үйлчлэх орон зай хамаардаг.
Үндсэн хуулийн үзэл санаа нь Үндсэн хуулийнхаа үг, өгүүлбэр, бүтцээр илэрч байдаг. Үүнийг илтэд зөрчсөн, шууд өөрчилсөн үг, өгүүлбэр агуулсан нэмэлт, өөрчлөлт санаачлах хориотой. Нэмэлт, өөрчлөлтийг өөрөө өөртөө мушгин ойлгуулж, ҮХНӨ-ийн үг, хэллэг, бүтцээс нь давж Үндсэн Хуулийг өөрийн дур зоргоор тайлбарлаж, энэхүү тайлбараа Үндсэн хуулийн үзэл баримтлал гэж нэрийдэж ҮХНӨ-ийг хянах эрх хэмжээ Цэцэд байхгүй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үг, өгүүлбэрээрээ илтээр Үндсэн хуулиа зөрчөөгүй, Үндсэн хуулийн бүтэц, агуулгыг шууд өөрчлөөгүй. Үндсэн хууль маань 6 бүлэг, 70 зүйлтэй хэвээр байгаа. Бүгд найрамдах улс, парламентын ардчилсан улс төрийн тогтолцоо, цаашилбал хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, үндсэн хуульт ёсыг хадгалсан эрх зүйн зохицуулалт хэвээр байгаа. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөд 4-ын тоо нэмсэн нь Үндсэн хуулийн зөрчил болох, Үндсэн хуулийн бүтцийг хөмөрсөн гэж үзэх хангалттай үндэслэл биш.
Харин эсрэгээрээ ҮХНӨ-ийг хууль тогтоогчид, төрийн өндөр албан тушаалтан буруугаар тайлбарлаж, хууль-шийдвэр гаргах замаар Үндсэн хууль зөрчих аваас Цэц хүчингүй болгох, ҮХНӨ-ийг Үндсэн хуулийн үг, өгүүлбэрээр дамжсан үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн тайлбарлах ёстой юм. Нэмэлт өөрчлөлт биш Цэц өөрөө “Эх” Үндсэн хуулиа мөргөчихлөө.
Жич: “Үндсэн хуулиа гээсэн Цэц” нийтлээлэр ҮХНӨ нь ҮХ-ийг агуулгын хувьд зөрчсөн үү? гэдэгт хариулсан байгаа.
Хоёр. Үндсэн хуулиа гээсэн Цэц
Цэцийнхээр бол ҮХНӨ нь “Эх”-ээ мөргөжээ. 5 үндэслэл дэвшүүлснээс хоёр нь ойлгомжгүй. Нэг нь үндэслэл гэхээсээ илүүтэйгээр үйл баримт, мэдээллийн хураангуй, нөгөө нь санал, зөвлөгөө, судалгааны үр дүн? - бүү мэд. Жишээ нь Үндэслэл-4 “Үндсэн хуульд зааснаар Засгийн Газрын бүрэн эрх ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог. Ерөнхий сайд нь Засгийн Газрыг удирддаг, УИХ-д ажлаа хариуцдаг. Энэ нь Засгийн Газрын бүрэн эрхийн хугацаа Ерөнхий Сайдын бүрэн эрх эдэлж, дуусгавар болохтой шууд хамааралтай. Мөн салбарын сайдтайгаа нийлж гарын үсэг зурдаг, энэ нь Засгийн Газар танхимаар ажилладгийг илтгэнэ. 2019 оны ҮХНӨ нь тус үзэл баримтлалыг баталгаажуулсан харагддаг” гэжээ.
Засгийн Газрын бүрэн эрхийн хугацаа шинэ ерөнхий сайд томилсноор дуусгавар болох зохицуулалт бол Үндсэн хуулийн заалт. Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцах ч ялгаагүй. Гэтэл Засгийн Газрын тухай хуулийн хоёр заалт нэмж оруулснаа Үндсэн хуулийн заалтыг үзэл баримтлал болгож хувиргав. Байгаа заалтыг байхгүй мэт уншиж, Үндсэн хуулийн нээлт хийж боломгүй. Явган санаа нь дараагийн үндэслэлтэй холбогдох аж.
Үндэслэл 5: Ард түмний сонгосон парламентын тогтолцоог сулруулах, улмаар засаглалын тодорхойгүй байдалд хүргэх эрсдэл бий болгосон
Цэц нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд хариулах ёстой. Үндсэн хуулиар Цэцэд тийм л эрх хэмжээ өгсөн. Цэц бол Үндсэн хуульд дээд хяналт тавьдаг, зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргадаг, маргааныг магадлан шийдвэрлэдэг байгууллага. Үндсэн хууль зөрчигдөх эрсдэл бий болсныг тогтоодог, эрсдэлийг үнэлдэг, тайлбарладаг шинжээч биш.
Цэцийн тодорхойлсноор ҮХНӨ нь парламентын тогтолцоог сулруулах, мөн засаглалын тодорхойгүй байдалд хүрэх эрсдэлтэй гэнэ. ҮХНӨ нь хэрхэн, яаж, ямар байдлаар парламентын тогтолцоог сулруулж, засаглалын тодорхойгүй байдалд хүргэж байгаа нэг ч өгүүлбэр Цэцийн шийдвэрт алга. ҮХНӨ нь парламентын хууль тогтоох, Засгийн Газрыг байгуулах, Ерөнхий сайдыг кабинетаа бүрдүүлэхэд огт халдаагүй. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага хэвээрээ байгаа, Засгийн Газар хуулийн биелэлтийг орон даяар хангаад ажиллаж л байгаа, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлээд явж л байгаа. Үндсэн хуулиар хадгалуулсан УИХ, ЗГ, Ерөнхий сайдын эрх мэдэл хөндөгдөөд, өөрчлөгдөөд, ууршаад алга болсон зүйл байхгүй.
Хэрэв Цэцээс ҮХНӨ нь Үндсэн хуулийн бүтэц, агуулга, үзэл санаа өөрчилснийг тогтоож байгаа бол бодитой, тодорхой байх хэрэгтэй, үндэслэлээ хэлэх хэрэгтэй. УИХ, Засгийн Газарт Үндсэн хуулиар хадгалуулсан ямар эрх хэмжээг хэрхэн, яаж өөрчилсөн бэ гэдэг тодорхой байж л Үндсэн Хуулийн зөрчил болно. Гэтэл Парламентын тогтолцоо суларлаа, засаглалын тодорхойгүй байдал үүслээ гэх хоосон, улс төржсөн мэдэгдлээр Цэц хууль зүйн тайлбар хийж болохгүй. Дээр нь “суларсан” мөн “тодорхойгүй” гэдэг тэмдэг нэрс Үндсэн хууль зөрчигдсөн гэдгийг илэрхийлж чадахгүй байна.
Үндсэн хуулийн хоёрхон заалт эшилсэн нь хууль дээдлэх зарчим болон ардчилсан ёс. Маш ерөнхий, онолын тайлбартай хоёр зарчим. Бүх дүгнэлтэндээ хавчуулдаг, жижүүрийн үг нь. Цэц хэлэхдээ “хууль дээдлэх зарчмын суурь нь Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлал байдаг. Энэ бол дэлхий нийтийн эрхэм дээд үзэл санаа болон хүлээн зөвшөөрөгдсөн” гэжээ. Гэтэл “хууль дээдлэх ёс” гэдэг ойлголт маш өргөн хүрээтэй, улс-бүс нутаг, салбар эрх зүй зэргээс шалтгаалан өргөн, явцуу хүрээнд уншигдаж, харьцангуй хэрэглэгдэж, тайлбарлагддаг ойлголт. Зарим нь тус ойлголтыг шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалтай холбож уншдаг бол хууль тогтоох, хэрэгжүүлэх бүх процессод, мөн төрийн институт, албан тушаалтны хараат бус байдалтай холбож тайлбарладаг.
Гэтэл Үндсэн хуулийг дээдлэх бол хууль дээдлэх зарчмын суурь, тиймээс Цэцийн зохиосныг дагах нь хуулиа дээдэлж байгаагийн илрэл гэх юм. Цэц эрүүл үү? ҮХНӨ нь Үндсэн хуулийн бүтэц эвдэх эрсдэлтэй байна, гэхдээ яаж гэдгийг нь хэлж мэдэхгүй, Үндсэн хуулийн удиртгал хавьцаа зөрчиж магадгүй харагдаж байна, ер нь бол хэн нь ч хууль дээдлэхгүй байна - ҮХНӨ ч ялгаагүй - ийм гажгаар Үндсэн хуулиа уншихгүй, тайлбарлахгүй.
“Ардчилсан ёс”-ыг зөрчсөн л гэнэ. Ардчилсан ёс гэдэг ойлголтын нэгдүгээр агуулга бол ард түмэнд засгийн эрх хадгалагдана, тэдний хүсэл зориг дээд байна. Парламент бол ард түмний төлөөлөл. Үндсэн хууль бол ард түмний бүтээл. Энэ хоёрыг нэгтгэвэл ард түмэн, төлөөллөөрөө дамжуулан, бичсэн бүтээл бол ҮХНӨ. Үг үсэг, бүтцийн ямар ч зөрүү, өөрчлөлт байхгүй байхад та нарын хүсэл зориг миний үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж Цэц шийдчихэж. Цэцийн үзэл баримтлал Үндсэн хуульд захирагдах ёстой.
Хамгийн чухал нь ҮХНӨ-ийг буруугаар тайлбарлаж, хэрэглэвэл Үндсэн хуульд нийцүүлж тайлбарлах нь Цэцийн үүрэг. Гэтэл өөрөө Үндсэн хуулийн зөрчил (эрсдэл) гэдэг үлгэр зохиогоод, түүндээ тааруулж үзэл баримтлал бичээд, харамсмаар нь ардчилсан ёсыг, хууль дээдлэх зарчмыг эшлээд Үндсэн хуульд халдчих юм.
Үндэслэл 6: Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаж, түүний эрх хэмжээг хязгаарлаж, гүйцэтгэх эрх мэдлийн чадамжийг бууруулсан
Нэг. Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаж, түүний эрх хэмжээг хязгаарласан:
Цэцийн үндэслэлийг шоглож сийрүүлбэл - ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэтэл чадалтай, чадвартай, сайд хийчихээр хүмүүс нь УИХ-д суучихсан нь Үндсэн хууль зөрчсөн гэнэ. Ерөнхий сайд бол УИХ-д хамгийн олон суудалтай намын дарга. Ерөнхий сайдын удирдсан Засгийн Газар УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг бол улс төрийн нам нь нийт иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг. Нэг нам их хуралд олонх болж эсхүл эвсэл байгуулж Засгийн Газраа байгуулах бол парламентын ардчилсан тогтолцоо. Ерөнхий сайд Засгийн Газрын гишүүдээ томилох, улс төрийн олонх болсон нам Засгийн газраа байгуулахад ҮХНӨ огт халдаагүй.
Ерөнхий сайд хүсвэл нэг ч УИХ-ын гишүүнийг сайдаар нэрлэхгүй байж болно. Хүсвэл хэдийг ч, хэнийг ч томилж болно, чөлөөлж ч чадна. Энэ эрх Ерөнхий сайдад байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүнийг сайдаар томилж чадахгүй байгаа нь Засгийн Газраа байгуулахад хязгаар тогтоосон зүйл огт байхгүй. Харин томилсон этгээд нь төрийн ажлыг давхар гүйцэтгэж болохгүй – жишээ нь УИХ-ын гишүүн. Гишүүн байхаа болих бүрэн эрх, сонголт УИХ-ын гишүүнд байгаа. Хэрэв Ерөнхий сайд Цэцийн эрхэм гишүүнийг сайдаар томилбол Цэцийн гишүүнээсээ болиод сайдаа хийж болно. Цэцийн гишүүнтэйгээ, сайд болмоор байна учир нь Ерөнхий сайд маань танхимаа бүрдүүлж чадахгүй, Засгийн газраа байгуулах боломжгүй, улмаар Үндсэн хууль зөрчигдөхөд хүрлээ гэдэг бол утгагүй дүгнэлт.
Хоёр. Гүйцэтгэх эрх мэдлийн чадамжийг бууруулсан:
УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн байснаар Засгийн Газрын чадамж өсдөг, эсхүл эсрэгээрээ буурдаг гэж Цэц дүгнэжээ. Тийм урвуу хамаарлыг Цэц яаж тогтоов. Мэдээлэл гаргасан нь ч тэр, хариу тайлбар өгсөн нь ялгаагүй, хуралд оролцсон хэн нь ч ЗГ-ын гишүүн биш, Засгийн Газрыг төлөөлөөгүй. Гэтэл ЗГ-ын чадамж буурсан гэж бурав, Цэц тийм гэж дүгнэв. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахад тогтоосон хязгаарлалтаас шалтгаалж Засгийн Газрын чадамж буурсныг, эсхүл буурдгийг хэн нотолсон юм. 20 жил гаруй УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн байсан Засгийн Газрууд шилдэг байсныг Цэц тогтоосон юм уу?
Үндэслэл 7: Парламентын гишүүний чөлөөт мандатын агуулгыг үгүйсгэж, хяналт-тэнцлийн зарчмыг алдагдуулахуйц Үндсэн хуулийн дотоод зөрчил үүсгэсэн
Том нэр томьёонууд үндсэн асуудлыг бүдгэрүүлдэг. Парламентын гишүүний чөлөөт мандат, хяналт-тэнцлийн зарчим, Үндсэн хуулийн дотоод зөрчил г.м. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн бол ард түмний элч, нийт иргэн, улс орны эрх ашгийг эрхэмлэх үүрэгтэй. Гишүүний үндсэн эрх хэмжээ нь хууль санаачлах, тогтоох, хяналт тавих. Иргэд их хурлын гишүүнийг сонгодгоос сайд сонгодоггүй. Их хурлын гишүүний хууль санаачлах, хууль тогтоох, хяналт тавих эрх хэмжээнд ҮХНӨ огт халдаагүй. Их хурлын гишүүн өөрөө саналаараа чөлөөлөгдөж болно. Өөр ажил, албан тушаалд томилогдож болно. Үүнийг нэмэлт, өөрчлөлт огт хязгаарлаагүй.
Харин ч нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосноороо хяналт-тэнцэл алдагдана. 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлт нь мартаагүй бол “Үндсэн хуулийн хямралыг засах” буюу давхар дээлийн асуудлыг шийдэх байсан. Ердөө гурван жилийн дараа нэмэлт өөрчлөлт нь өөрөө “үндсэн хуулийн дотоод зөрчил” болж өөрчлөгдөж болохгүй. Энэ бол том нэр томьёоны ард хийдэг жүжиг.
УИХ, Засгийн Газар, Шүүх, Цэцийн эрх хэмжээг тогтоож, дур зоргыг хязгаарлахад Үндсэн хууль оршдог. Энэ бол Үндсэн хуулийн цагаан толгой. ҮХНӨ-д ч ялгаагүй ийм л утга агуулгатай тусгагдсан. Эрх мэдлийг нь хуваарилж, ашиг сонирхлыг нь зөрүүлж, үгсэн тохирох нөхцөлийг нь ҮХНӨ хязгаарласан. Энэ бол Үндсэн хуулийн дотоод зөрчил биш харин Үндсэн хуультай зөрчилдсөн институтийн санаархлын тавилт юм.
Цэцийн үндэслэх хэсэг бүүр эргэлзээтэй төгсжээ. Гишүүдийн тоог нэмснээр хяналт-тэнцэл баталгааждаг гэнэ. Энэ бол бас л дэмий таамаглал, үндэслэлгүй дүгнэлт. Гишүүдийн тоо бол цэвэр төлөөлөлтэй холбоотой. Олон гишүүнтэй байснаар төрийн хяналт тэнцэл сайжрах, цаашилбал авлига буурах, гишүүд нөлөөлөлд автахгүй байх, засгийн газар сайн ажиллах, улсын их хурал чадавхжих гэдэг бол тодорхойгүй үлгэр. Тийм хөнгөхөн хорвоо, бантаны жор шиг зүйл байдаггүй юм. Цэцийн үндэслэл болгон Үндсэн хуулийн үг, хэллэг, заалтаас хөндий онолын маргаантай ойлголт, удиртгал, ойлгомжгүй нэр томьёо, хоосон таамаглалаар дүүрэн болсон нь Цэц Үндсэн хуулийн заалтаа гээснийг, эх хуулиа эвдсэнийг харуулна.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 day ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !