“Үндсэн хууль ба үндсэн хуульчилсан хууль гэх асуудал” лекцийн тэмдэглэл
1 year ago
Үндсэн хуулийн 15 жилийн ойд зориулан ННФ болон Нээлттэй Академи ТББ хамтран цуврал лекцийг зохион байгуулж байна. Тэдгээрийн гуравдахь лекц болох “Үндсэн хууль ба үндсэн хуульчилсан хууль гэх асуудал” лекц 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр ННФ-ын Хурлын танхимд болсон юм. Уг лекцийг МУИС-ийн ХЗДС-ийн багш, гавьяат хуульч Б.Чимид уншлаа. Лекцийн дараа оролцогчид өөрсдийн санаа бодлоо хэлж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Б.Чимид /МУИС-ийн ХЗДС-ийн багш, гавьяат хуульч/: Миний лекц “Үндсэн хууль ба үндсэн хуульчилсан хууль гэх асуудал” гэсэн нэртэй. Манайхан аливаа юмны махан утгыг алагаараа харж, арваараа барьж ойлгодоггүй, ихээхэн хийсвэрлэдэг. Тийм учраас жаахан биетэй зүйл рүү авч үзье гэсэн санаагаар би ингэж нэрлэсэн юм. Үндсэн хуулийг ганцхан нүцгэн хууль гэж ойлгодог. Ер нь манайд хууль гараад 82 жил болж байгаа. 24, 40, 60, 90 гээд. 80 жилийн турш ингэж ойлгож ирсэн.
Үндсэн хууль гэдэг бол өргөн ойлголт. Үндсэн хуулийн тухай ойлголт бол дэлхийн эрх зүйн шинжлэх ухаанд 200 гаруй жилийн түүхтэй, энэ хугацаанд янз бүрийн хувилбараар тодорхойлогдож ирсэн. Би өөрийн нүдээр үзсэнээр бол 1905 онд Санктпетербургт орос хэл дээр хэвлэсэн, Английн эрдэмтэн Дейсин “Үндсэн хууль гэж засаг төрийн эрх мэдлийг хуваарилсан хуулийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг юм билээ. Түүнээс хойш 200-гаад жил хүн төрөлхтний хөгжилд хүний эрх гэдэг асуудал эрдэмтдийн хүрээнээс улсын хүрээнд, улсын хүрээнээс олон улсын хүрээнд, олон улсын хүрээнээс дэлхий дахинд түгсэн. Ийм учраас Үндсэн хуулийн зохицуулалтын зайлшгүй гол асуудал нь хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал, ялангуяа суурь эрхийн тухай асуудал гэж байгаа юм. Ингэж ч үзэх болсон.
Анхны Үндсэн хууль Америкт гарсан гэж Лүндэндорж багш хэлсэн. Гэхдээ Магнахартигаас үзвэл бас ч 1215 оны үеийн юм гэж. Үндсэн хууль ганц нүцгэн хууль биш гэдгийн үүднээс олон янзын үндсэн хуульчилсан актууд байсан гэж үзэж байгаа. Манай зарим судлаач Чингисийн “Их засаг хууль” бол Үндсэн хууль байсан гэж бичдэг. Ингэж бичсэн докторын хэмжээний ном гарсныг залуучууд үзсэн байх. Бүр “Чингис бол эрх мэдэл хуваарилах онолыг үндэслэсэн” гээд эрдэм шинжилгээний илтгэл тавьсан хүмүүс ч байгаа юм. Тэгэхээр энэ будлиантай олон саналын дотроос шүр сувдыг нь олж атгана гэдэг хэцүү юм.
Үндсэн хууль өнөөг хүртэлх хөгжлөөрөө гурван үндсэн үед хуваагдаж байгаа. Түрүү үеийн Үндсэн хууль нь голдуу эрх мэдэл хуваарилах зарчмыг бататгасан хууль байсан. Америкийн хууль үүнд чиглэсэн. Гурван жилийн дараа оруулсан нэмэлтийг эс тооцвол хүний эрхийн асуудал анх маргаантай байсан. Дараа нь ХХ зууны эхэн үеийн Үндсэн хуулиуд Америкийн жишиг дээр гарсан. Түүний дараа Дэлхийн хоёрдугаар дайны дараах шинэ үеийн Үндсэн хууль гээд гурван үе шатанд авч үзэж байгаа юм. Эдгээр хуулийг зохицуулж байгаа зүйлүүдийг нийгмийн харилцааны үүднээс бүлэглэх юм бол тухайн нийгмийн оршиж байгаа үндсэн харилцаа, ялангуяа сүүлийн үеийн, 80, 90-ээд оны үеийн хууль бол нийгэм, эдийн засгийн харилцааны үндсэн асуудлуудыг хүний эрх ба төрийн байгууллын системийн талаарх уламжлалт заалтуудтай хамарч өргөн хүрээнд яригдах болсон. Ийм учраас Үндсэн хуулийг нэлээн өргөн цартай авч үзэх ёстой гэж.
Үндсэн хууль голдуу кодексчилсон маягаар гарч ирсэн. Кодекс гэдгийг ном хийх гэсэн латин гаралтай үг гэж ярьдаг. Нэг бүлэг зүйлүүдэд хуваагдсан ном болгож гаргадаг бичмэл Үндсэн хууль. Бас тус тусад нь гаргасан Үндсэн хууль бий. Жишээ нь, Шведийн хуулийг гурван өөр хуулиас бүрдсэн гэж үздэг. Английн Үндсэн хуулийг бичмэл ба бичмэл бус хэсгүүдээс бүрдэнэ гэж үздэг гээд сонирхолтой үзэл бодлын илэрхийлэлүүд байдаг.
Монголд Үндсэн хуулийн үзэл санаа адаглаад 100 жилийн настай гэж баримжаалж байгаа юм. Ялангуяа Богд хаант төр байгуулагдсаны дараахан Үндсэн хууль буюу улсын эрхийн тухай асуудлыг Монголын ардчилсан үзэлтнүүд судалж янз бүрээр бичин тодорхойлж байсныг манай судлаачид гаргаж тавьсан. Тэгэхээр Монголын Үндсэн хуулийн үүслийг бид 100 жилийн өмнөөс харах ёстой. Тиймэрхүү үндсэн хуульчилсан хууль тогтоомжийн хэлбэртэй баримт бичгүүд гарсан нь бий. Ялангуяа 1921-1924 он хүртэл үндсэн хуульчилсан олон акт гарсан. Тэдгээрийн үндсэн дээр 1924 оны Үндсэн хууль гарсан. 1940, 1960 гээд гурван үеийг дамжсан. 1990 оны нэмэлтийн хууль. Нэмэлтийн хуулийг би бага Үндсэн хууль гэж ерөнхийд нь утгачлан нэрлэж байгаа юм. Үүнийг 1960 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт гэж андуурдаг. Тийм биш. Тусдаа засаг төрийн байгууллын гол тогтолцоог бүрдүүлсэн шинэ маягийн хууль юм.
Түүний дагуу тойрсон олон хууль гарсан. Улсын их, бага хурал, Ерөнхийлөгчийн хууль, Өмчийн хууль гээд. Эдийн засаг, улстөр нийгмийн амьдралын гэх мэт. Эдгээр нь үндсэн хуульчилсан хуулиуд байсан. Энэ хоёр жилийн нөхцөлд үндэслээд 1992 оны Үндсэн хууль гэж нэгдмэл кодексчилсон хууль гарсан.
Үндсэн хууль гэж юу вэ гэсэн тэнхимийн хичээл яримааргүй байна. Үндсэн хуулийн хууль гэдэг асуудлыг Үндсэн хуулийн эрх зүй гэдэгтэй холбон сэтгэх учиртай. Тухайн салбарын эрх зүй гэдэг энэ ойлголтыг ямар нэг хэм хэмжээний нийлбэр цогц гэж социализмын үед бид нэрлэж байсан. Тэгвэл дэлхийн ардчилсан улсуудын жишиг дээр эрх зүй гэдэг ойлголтыг арай өргөн хүрээнд, эрх зүйн тогтолцоо гэдэг ойлголтыг ганцхан норматив үндсэн дээр биш, тухайн салбарын хууль, тэр хуулийг хэрэгжүүлж байдаг практик, тэр хуулийг судалж хэрэглэдэг эрх зүйн ухамсар гэсэн гурван зүйлийн нийлбэр гэж үзэж байгаа юм.
Монголын Үндсэн хуулийн эрх зүйн өнөөгийн амьдралыг тодорхойлохдоо бид ганцхан Үндсэн хуулиа ноолоод байгаа биш юм. Харин Үндсэн хуулийг хэрхэн ойлгож, тайлж, бусад хуулиар яаж тодруулж, практикт яаж хэрэгжүүлж, биелүүлж байгаагаар нь авч үзэх ёстой юм. Тухайлбал, хэм хэмжээ, ухамсар, практик гээд. Энэ гурвын нийлбэр дээр Үндсэн хуулийн асуудлыг авч үзэх ёстой. Ингэж гурван зүйлийн нийлбэр болгож үзэхгүй бол Үндсэн хуулийг хуурмаг баримт бичиг болгож үлдээнэ. Ийм аюултай.
Үндсэн хуулийг бодитой хууль, хэлбэрийн буюу ёс төдий хууль гэж авч үздэг. Хэрвээ хэрэглэхгүй хэрэгжүүлэхгүй байгаа бол хэлбэрийн хууль болно. Тийм учраас хэрэгжүүлж байгаа практикийг авч үзэх нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны маш чухал шаардлага байдаг. Хуулийг яаж ойлгож, тайлбарлаж байна. Энэ бол эрх зүйн тогтолцооны чухал хэсэг. Бид Үндсэн хуульгүй гэж Англи улсыг яриад байдаг боловч тэнд засаг төрийн эрх мэдлийн тухай, эсвэл, нийгмийн тодорхой харилцааны асуудлаар хууль тогтоох байгууллагад саналын зөрүү гарахад энэ талаар мэргэшсэн эрдэмтэнд захиалга өгч тодорхойлолт гаргуулдаг. Тэр тодорхойлолтыг жишиг болгож хэрэглэдэг практик байна. Тэр нь хууль биш боловч Үндсэн хуулийн эрх зүйн ухамсрын хувьд нийгмийн харилцааг хуулийн адил зохицуулах парламентын дэмжлэгийг олсон үзэл байгаа юм.
Манайд ийм жишиг байхгүй. Их хурал юу гэнэ, түүнийг хууль гэж үздэг. Эрдэмтэн судлаачдын гаргаж байгаа онолын томъёолол баримтлал хэчнээн үнэн зөв байсан ч авч хэлэлцдэггүй. Ийм учраас эрх зүйн ухамсар ба хууль, хууль хэрэглэх практик ба ухамсар гэдэг салгуу байж байдаг. Үүнийг өнөөгийн байдал харуулж байгаа юм. “Үндсэн хууль гарсан, албан тушаалд орохын тулд сайхан Үндсэн хуультай боллоо, түүний ачаар би УИХ-ын гишүүн болох гээд дэвшиж явна. Та нар ч гэсэн болно байх” гэж залуучуудыг онгирооно шүү дээ. Миний хойноос явна аа гэж.
Хараад байхад чи гишүүн болчихож магадгүй байна, намайг дагаад шогш гэж ч магадгүй. Ер нь ч залуучууд тэгж байгаа. Улстөрчдийг дагаад яваад байдаг. Чи унаган хүчээ улсдаа зориулахгүй, юунд хүн дагаж гүйж байдаг юм гэхээр надад өөрөөр мөнгө олох арга байхгүй гэдэг. Улстөрчдийг л дагавал мөнгө олдож байна гэнэ. Яагаад гэвэл нөгөө авилгын том хүүдийг тэнд чирж явна шүү дээ. Тэгэхээр нь тэндээс жаахан тоншиж байна гэсэн үг.
Иймэрхүү байдалтайгаар сонгогдож гарч ирсэнийхээ дараагаар төрийн томчууд Үндсэн хууль ба бусад хуулийг гуйвалтгүй сахин биелүүлэхээ тангараглая, энэ тангарагийг няцвал би хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөж төрийн сүлдэнд мөргөөд гарын үсэг зурдаг. Жаахан байснаа хэсэг хугацааны дараа Үндсэн хуулийг өөрчилнө, болохгүй байна гэдэг. Ийм гурван шатаар Үндсэн хуулийг авч үзэж байгаа явдал өнөөдрийн улстөрийн хямралд тохиолдож байгаа ухамсрын хүчин зүйл гэж хэлж болох юм. Ийм байдлаар Үндсэн хуульд мухраар хандаж байгаа учраас Үндсэн хуулийн үндэслэлүүдийг цааш нь хөгжүүлж, дэлгэрүүлэх арга ухааныг эзэмшиж, практик дээр амьдруулах бодит алхамуудыг шинжлэх ухааны үндэслэлээр хийж чадахгүй байгаа. Үүнийг хийхийн тулд юу хэрэгтэй вэ. Үндсэн хууль гаргачихлаа, ярилаа, хэллээ. Түүний далбаан дээр сонгогдлоо, хууль тогтоох эрх олж авлаа.
Одоо юу хийх ёстой юм. Үндсэн хуульд дурдсан хуулиар зохицуулна гэсэн харилцаануудыг журамласан хуулиудыг боловсруулан гаргах ёстой. Үндсэн хуулийн үндэслэлийг цааш нь үргэлжлүүлэх, Үндсэн хуульд нэрлэж заасан хуулиудыг үндсэн хуульчилсан хууль буюу Франц мэтийн оронд органик хууль гэж нэрлэдэг юм билээ. Үндсэн хуульдаа түүнийгээ жагсаасан юм бий л дээ. Жишээлбэл, төр, сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулна, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хуулиар тодорхойлно, УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, өөрөө удирдах ёсны удирдлагын байгууллагын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалт бий. Энэ бүгд бол үндсэн хуульчилсан акт буюу Үндсэн хуулийн үргэлжлэл юм гэж үзэж байгаа.
Манай дээд сургуульд хуулийг Үндсэн хууль ба бусад хууль гэж хоёр хуваана гэж үздэг шиг байгаа юм. Адаглаад гурав хуваадаг юм байна гэж хэлэх гээд байна. Үндсэн хууль, үндсэн хуульчилсан хууль, ердийн хуулиуд гэж. Хуулиуд дотор зохицуулалтын механизмаар процесын ба материаллаг хууль гэж ангилж хуваана. Бас практикын ач холбогдолтой юм. Ялангуяа үндсэн хуульчилсан хууль дотор Үндсэн хуулийн процессын чанартай хуулиуд гардаггүй, боловсрогддоггүй. Ийм учраас хуулийн заалтыг дур зоргоороо хэрэглэх нүх сүв өдий төдийгөөр гарч байдаг.
Би уншиж байсан юм. Социалист маягийн хуулиудын гол дутагдал нь процедурынхаа хуулийг тодорхойлоогүйд байдаг гэж. Өөрөөр хэлбэл, хуулийн тодорхой заалтыг яаж, ямар нөхцөлд, хэн, ямар хэмжээнд хэрэглэх вэ, тэгвэл ингэвэл яах вэ гэдгийг хуулиар нарийн зааж өгдөггүй. Жишээлбэл, сонгуулийн процесс гэж байна. Манай сонгуулийн хууль процедурын хууль болж чадаагүй. Материаллаг шинжтэй хууль болсон. Хайрцагаар санал аваад цаг нь болоод буцаж явтал байгалийн хатуу ширүүн нөхцөлд автагдаад саналаа өгч чадаагүй хүн гарвал яах вэ гэдгийг процедурын хуулиар зааж өгөх ёстой. Очиж явна, ирж явна, бүр 100 км-ээс явган явж байна, яах вэ.
Хууль чинь бас хатуу хязгаартай. Хууль тогтоох үйл ажиллагааны журам гэж бидэнд байхгүй байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналаа оруулж болно гэж байна. Ямар үндэслэлээр яаж гэдэг нь байхгүй. Энэ мэтийг тогтоохгүйгээр Үндсэн хуулийг шууд барьж авна гэдэг бол улсын наадамд зодоггүй барилдаж байгаатай адилхан зүйл. Тийм учраас үндсэн хуульчилсан хууль байх ёстой гэдгийг, түүнийг нарийн чанд боловсруулах ёстой гэдгийг, үндсэн хуулийн хэм хэмжээг цааш нь үргэлжлүүлсэн материаллаг, процессын гэсэн хоёр талтай байх ёстой гэдгийг, тэдгээр нь ухамсар практиктай нийлж байж нэг бүхэл цогцос болно гэдгийг би ойлгуулах гэж энэ сэдвийг сонгосон юм. Ийм биш учраас өнөөдөр юунд хүрч байна вэ. Эндээс миний лекц эхэлнэ.
/Presentation дээр тайлбарлав/ Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хийсэн судалгааг танилцуулъя. Би үүнд нэг нэр өгсөн. Хүүхэд гарахаар нэр өгдөг шүү дээ. Дордуулсан долоон өөрчлөлт гэж.
Яг ижил найруулгатай өөрчлөлт, нэмэлтийг УИХ 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд, 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд, өөрөөр хэлбэл, 352 хоногийн дараа давтан оруулсан. Манай Ламжав логикийн үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй гэж хэлээд байгаа. Би үүнийг дотроо зөвшөөрч байгаа. Гэхдээ Үндсэн хууль дотор байсан юм нь алга болчихсон. Ингэхлээр би хулгай орсон гэж үзээд байгаа юм. Тэгэхээр бодит байдал, хууль зүйн хэлбэрийн хувьд авч үзэх ёстой.
Өнөөдрийн Үндсэн хуулийг дэлгээд уншихад арванхоёрдугаар сарын 14-ний нэмэлт, өөрчлөлт гэсэн тайлбартай нийтлэгдсэн долоон зүйл байгаа. Энэ долоон зүйлийн өөрчлөлт нь зайлшгүй байв уу? Энэ нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд яв цав нийцэж байсан уу? Нийцсэн бол дээрдүүлсэн үү, дордуулсан уу гэсэн гурван санаан дээр би товчхон тайлбарлая. Зохицуулж байгаа харьцааных нь хувьд бүлэглэсэн ухаантай.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 27-гийн 2-ыг өөрчлөн найруулсан. Өөрчлөн найруулсан гэдэг үгийг тогтоогоод авчихаарай. Үндсэн хуулийн уг эхэд “Их хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэсэн ийм заалт байна. Тэрийг 50-аас доошгүй гэж өөрчилсөн байгаа юм. Энд бол найруулаад байсан юм байхгүй. Хугацааг нь өөрчилсөн. Энэ нь хууль тогтоох байнгын байгууллага байх шалгуурыг устгасан. Онолын үгээр яривал Монгол Улс парламентын засагтай буюу парламентын удирдлагатай. Монгол Улс 100 хоногийн удирдлагатай, 265 хоногийн амралттай орон юм. Яагаад гэвэл парламент байнга ажиллаж байх ёстой. Парламент улс орныхоо амьдралын үндсэн асуудлыг шийдэж хууль гаргадаг. Гаргасан хуулийг Засгийн газар нь биелүүлж, хуулиар улс орныг жолооддог. Гэтэл 250 гаруй хоног нь парламент чуулахгүй учраас гишүүд юу хийх вэ. Байнгын хороод хуралдана гэж байгаа юм. Чуулган гэдэг бол нээж хаадаг, эхлэл төгсгөлтэй, нэгдсэн ба байнгын хорооны хуралдааны нийлбэрийг хэлнэ гэсэн логум байдаг. Гэтэл түүнээс гадуур байнгын хороод дангаараа нийлээд хуралдаж болдоггүй. Аймаар юм болно. Чуулган тарсан, УИХ-ын дарга нутагтаа амарч байтал гурван байнгын хороо хуралдаад хууль гаргаад хусаад хаячихсан байвал яах юм. Гишүүдийн олонх нь болчихно. Нэг нам өөрчлөлт оруулчихаад байна шүү дээ. Тийм бололцоо бэлхэн байдаг учраас.
Жишээ нь, Германы хоёр танхимын дундаас хэсэг депутат гарч, хууль тогтоох эрхийг хуулиар олгож байж завсарладаг. Бидэнтэй адил замаар орсон Дорнод Европын орнууд хуульдаа юу гэж хийж байна гэвэл парламент нь байнгын чуулганы байдалд байна гэж заасан байна. Байнга чуулганы байдалд гэж. Синга гэхэд 40 хоног завсарлана. Амарна гэсэн үг. Түүнээс бусад цагт нь ИХ-ын гишүүн нь хууль тогтоох байгууллагад байнга сууж шийдвэр гаргаж байх ёстой. Түүнийхээ биелэлтийг хянаж байх ёстой. Байнга явж биш.
Тэгэхээр томилолтор явцгаах уу гэдэг асуудал байна. Гадагшаа Монгол Улсыг ерөнхийлөгч байнга төлөөлдөг. Гадаад харилцааны байгууллагын гадагшаа явж харилцдаг гол гол нэгжийн тэргүүнийг ерөнхийлөгч томилж ерөнхийлөгчийн өмнөөс ажиллуулдаг. Шуурхай гүйцэтгэх ажилд яамд гадагшаа явж байхад их хурлын гишүүн байнга томилолтоор явах учиргүй. Бусад орны жишгээр яривал жилд нэгээс илүүгүй удаа парламентын зардлаар гадагшаа томилолтоор явах, бусдын зардлаар явахгүй байх хуультай. Хувийнхаа зардлаар нэг удаа явуулж болно гэж Орост гаргасан байна лээ. Байнга ажилладаг байх ёстой.
Манайхан тойрогтоо ажиллаж төр ард түмний холбоог бэхжүүлнэ гэсэн сайхан үгийн дор яваад өгдөг. Тэгээд овоо тахина, наадам хийнэ, зарим нь барилдана, зарим нь манлай уяач болно. Би номд бичсэн шүү. Төрийн наадам чинь түмэн ардын хүчийг үздэг болохоос биш, түшмэдүүдийн наргиан биш гэж. Түшмэдүүд ард түмэн маань ямар байна гэдгийг үздэг болохоос биш, өөрсдөө барилдаад ноцолдоод уралдаад байж болохгүй юм гэж хүний жишээн дээр бичсэн байгаа. Тойрогт ажиллана гэдэг байж болох зүйл. Дандаа үгүйсгэх биш. Гэхдээ манай их хурлын гишүүд чөлөөт мандаттай. Тойргоос шууд хамаарч амьдрахгүй, өөрөөр хэлбэл, тойргоос нь эргүүлэн татаж огцруулах мэтийн даалгавар өгч биелүүлэхгүй бол тэгнэ шүү, ингэнэ шү гэх мэтийн үүргэдэх харилцаа байхгүй. Нийт ард түмний эрх ашгийн өмнөөс ажиллана гэж байгаа юм. Тодорхой яривал тойргийнхоо эсрэг ч санал өгч болно. Ганц танхимтай байгаа учраас тойрогтойгоо байнга холбоотой байх механизмыг хэрэглэж хааяа очиж болох юм. Одоо бол телевизор, гар утас гээд элдэв юм байна. Тэнд очоод манайхан сургуулийн засвар хийлгэж байна. Худаг ухуулж байна. Гэр хорооллоор явж жорлон ухуулж байна. Энэ нь хорооны олигтойхон авхаалжтай засаг даргын өөрсдөө байгуулсан аравтын захирагч нарын хийх ажил л даа.
Чуулахгүйгээр ажлаа эрхэлнэ гэвэл бас болохгүй. Яагаад гэвэл их хурлын үйл ажиллагааны гол хэлбэр нь чуулган юм. Их хурал бол хамтарч олонхийн саналаар асуудлаа шийдэж байх ёстой. Олонхийн саналаар асуудлаа шийдэх ганц боломж бол чуулганы нэгдсэн хуралдаан. Ийм учраас их хурлын гишүүн бол улсаас харамж авч байнга ажиллаж байгаа. Энэ бол чухал зүйл. Хоног багасгаснаар байнгын парламентын шинж чанарыг үгүй болгосон.
Надтай тааралдаагүй л дээ. Нэг хүн хэлнэ лээ. Америкийн нэг хүн ирээд танайхан чинь байнгын парламентгүй айл юм аа гэж хэлсэн гэсэн. Тийм ээ, манайх нүүдлийн парламенттай гэж хариулбал таарна.
Хоёрдугаарт, 27-гийн 6-г өөрчлөн найруулсан. Чуулганы үйл ажиллагаатай холбоотой учраас хоёрдугаарт оруулсан. “Гуравны хоёр буюу дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр байна” гэж Үндсэн хуулийн уг эхэд заасан бол энд байнгын хорооны хуралдаан гэдгийг нэмээд гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр гэж. 50+1 гэж байдаггүй гэж Ламзав намайг загнаад байдаг. Тэгэхээр энэ 39 гишүүний олонх нь асуудал шийднэ гэхээр 19,5 буюу 20 хүн болчихоод байгаа юм. Энэ бол Засгийн газар дангаараа хууль тогтоох эрхтэй гэсэн үг. Яагаад гэвэл 17 шинэ сайд, 15-16 хуучин сайд байгаа. Ямар ч гэсэн их хурлын гишүүний гуравны нэг хүрэхгүй нь асуудал шийдэх болчихоод байгаа юм. Гэхдээ ирцээсээ хамаарч харьцангуй олонх байх боломжийг харгалзаж дийлэнх олонх гэсэн ийм зарчим бий. Ардчиллын нэг чухал зарчим бол можаритор зарчим гэж байгаа юм. Цөөнхийн эрх ашгийг хамгаална гэсэн хуулийн бодлого бий. Гэхдээ эцсийн шийдвэр гаргадаг нь олонхийн можаритор систем байгаа. Энд жаахан харшилж асуудал шийдчихжээ.
Төлөөллийн үүрэг, ач холбогдлыг харгалзаж үзээгүй. Өөрөөр хэлбэл, тойрог тойрог гэж хэсч явдаг мөртлөө асуудал шийдэх болохоорр тойргоо төлөөлөх тэр шаардлагыг сулруулсан. Зөвхөн 20 тойрог асуудлыг шийдээд цаана нь байгаа 56 тойрог байхгүй. Энэ ажлын шаардлага гэдгийг логический харах ёстой. Дан тоон үзүүлэлтээр биш. Үнэхээр энэ асуудлыг хэлэлцэхэд Сүхбаатар аймгийг, Дорнод аймгийг, Баян-Өлгийг төлөөлж чадаж байна уу гэж харах ёстой шүү дээ. Хэдэн гишүүн байна гэдгээс өөрөөр. 22 аймаг, нийслэлтэй гэж бодвол хоёр нь байхгүй болчихоод байгаа юм. Бүр нэг нэг хүн байлаа гэж бодоход. Энд нэг сүрхий зүйл орсон. Өөрөөр заагаагүй бол саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ гэж. Саналаа илээр гаргана гэдэг ямар учиртай вэ гэвэл чөлөөтэй гаргах боломжийг хаасан, намын хяналтыг ноёрхох байранд тавьсан ийм өөрчлөлт гэж үзэж байгаа.
Гуравдугаарт, 29-ийн 1-д маш зарчмын өөрчлөлт оруулсан байгаа. Улсын их хурлын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж байгаа. Их хуралд байнга сууж хууль тогтооно, байнгын хороодод сонгогдож болно, ажлын хэсэгт орж болно гэсэн ийм л үүрэгтэй. Энэ дээр ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бусад гэдэг үгийг нэмсэн. Тэгэхээр энэ бол Үндсэн хуулийн нэгэн гол үзэл баримтлалыг хөсөрдүүлсэн. Би халдварын голомт бий болгосон гэж үзээд байгаа. Яагаад гэвэл жижигхэн шарх гарахаар тэр нь цааш үсэрхийлээд, идээлээд, судсаар нь гүйгээд энд тэндгүй нэвчдэг. Тэр зарчим бол эрх мэдэл хуваарилах зарчим юм.
Лүндэндорж энэ зарчмыг хүлээн зөвшөөрөөгүй Үндсэн хууль бол Үндсэн хууль биш гэж Францын тунхагт байдаг гэдгийг тодорхой хэлнэ лээ. Энэ зарчмыг манайхан төрийн байгууллагыг боловсронгуй болгохын тулд хийсэн гэж яриад байдаг. Тийм биш. Төрийн хүчийг либеральчилж, хүний эрхийг хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд энэ зарчмыг хэрэглэж байгаа юм. Хуулиа гаргаад, шалгаад, биелүүлээгүй бол толгойг нь авдаг бүх эрх нэг гарт байх явдлыг задалж хооронд нь тэнцвэржүүлж хяналттай болгоход оршиж байгаа юм.
Үүнийг хийхэд нэг хужир байсан юм шиг байна. Хужиршихаар чинь их хэцүү шүү дээ. Парламентад сонгогдох замаар сайд болох, сайд болох замаар эрх мэдэл, хууль зүйн болоод эдийн засаг, мөнгөний эрх мэдэл дээр суух гэдэг ийм ойлголтууд бий болсон. Энэ бол зөвхөн нэг хүний сонирхол биш шүү. Тодорхой нам бүлгийн сонирхол байгаа. Үүнийг одоо нотолж байгаа. Одоогийн Засгийн газарт нэгээс бусад сайд нь бүгд парламентын гишүүн. Би болох гээд байгаа юм биш ээ гээд хэлж баталчихаад л болчихож байгаа юм. Ингэснээр парламент Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал хууль тогтоох эрх мэдлийг холилдуулж хуучин системд эргээд орсон.
Энэ зарчмын сонгодог томъёоллыг бий болгосон Францын хуульд парламентын гишүүний мандат нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын болон мэргэжлийн үйл ажиллагаатай хавсарч болохгүй гэсэн хатуу заалттай. Тийм учраас бусад ажил, албан тушаал хавсрах явдал хавтгайрсан гэдгийг би зориуд нэмж бичсэн юм. Одоо манай парламентын гишүүд гадаад явчих боломжтой том том ТББ-ыг толгойлсон байгаа. Адаглаад хүндэт ерөнхийлөгч гэж. Мултарлаа гэхэд ийм юмтай буугаад байдаг. Түүний цаана тодорхой бүлгийн эрх ашиг, эдийн засгийн сонирхол, юм үзэж нүд тайлах сонирхол байна л даа. Шууд л яваад өгдөг. Хэдэн тамирчин аваад л явчихдаг.
Бид Англи, Герман хоёрыг үндэслэж ийм туршлагыг авлаа гэж тайлбарласан. Дууриамал явдлаас илүү хөгтэй зүйл байхгүй гэсэн томъёолол байдаг. Гадна талаас нь дууриасан. Яагаад гэвэл Германы хууль тогтоох байгууллага 646 гишүүнтэй. Дээд танхим гэж манайхан ойлгодог. Уг нь дээд, доод биш юм. Орон нутагт төлөөлсөн танхим гэж 69 гишүүнтэй, 3-7 хүртэл хүн сонгогддог. Ингээд 700 гаруй гишүүнтэй. Англи улс 1855 гишүүнтэй, хоёр танхимтай байгаа. Өдөр тутам хууль тогтоодог нь 659 гишүүнтэй. Лордын танхим 1196 хүн байна. 26 нь шашных, 60 хувь нь харынх гэдэг юм уу, 30 хувь нь томилолтынх. Иймэрхүү хуулиар тогтоосон орон тоотой. Энэ хоёрыг дууриана гэвэл агуулгыг нь дууриах ёстой. 700 хүнтэй парламентад байгаа 10 хэдэн сайд, 1800 хүнтэй парламентад байгаа 10 хэдэн сайд саналын хувьд жин дардаггүй. 20 хүн хууль батална гэдэг бол нэг гишүүн 5 хувийн саналтай. Ингэж дууриаж болохгүй юм. Бусдыг дууриана гэдэг хамгийн хөгтэй явдал гэж хэлбэрийг нь дууриах явдлыг хэлээд байгаа юм. Агуулгыг нь авах ёстой. Тэр агуулга нь парламент гүйцэтгэх байгууллагаа хянах чадвартай байх, гүйцэтгэх байгууллагын нөлөөнд парламент шийдвэрлэх ач холбогдолгүй байх асуудал юм. Ганц нэг хүн байж болно.
Ийм өөрчлөлт хийх нь байж болохгүй гэж байхад болгосон. 1993 онд Засгийн газрын хуулийг би боловсруулж байсан юм. Тэгэхэд Жасрай гуай зүтгүүлсээр байгаад 5 хүн гэж үлдээсэн юм.
Тэгээд 15 сайдаас 5 хүртэл гэж. Би энэ асуудалд санал өгөхгүй гэж протоколд тэмдэглүүлсэн. Бас хүчинд автах гэж байна. Барилдсаар байгаад унахыг алийг тэр гэх вэ. Уг нь цэврээрээ байсан бол зүгээр байсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн болдоггүй хэсэг нь энэ. Халдварын голомт гэдэг нь ямар учиртай юм бэ гэвэл энэ зарчмыг алдагдуулснаараа Засгийн газарт тавих парламентын хяналт, парламентын өмнө Засгийн газар хариуцах чадвар, өөрөөр хэлбэл, хариуцлагын тогтолцоо, хүний эрхийг засаг төрөөс зөрчдөг тэр нүх сувгийг хаах гэсэн бодлого энэ бүхэн бол сэвтэж шархалж байгаа юм. Үүнийг зөвхөн энэ зарчим алдагдчихлаа, бусад нь гайгүй шүү дээ гэж үзэж болохгүй. Үндсэн хуулийн тулгуур үзлийг үгүй хийж байгаа энэ өөрчлөлтийн хамгийн ноцтой үр дагавар энэ гэж хэлж байгаа юм. Социалист Үндсэн хуулиас ялгаагүй ийм зарчим дээр оччихсон байгаа.
Дөрөвдүгээрт, ҮХ-ийн 29-ийн 1-д Ерөнхийлөгч Засгийн газраа байгуулахад шийдвэрлэх, санаачлах эрхтэй байсан. Тэр эрхийг намд шилжүүлсэн. Хууль санаачлах эрхтэй гуравхан субьект байдаг. Манайхан юмыг махан утгаар буюу шүдээр ойлгодог. Уг нь тархиараа ойлгох ёстой. Тархиар үзэх юм бол хууль санаачлах эрх гэж юуг хэлдэг юм гэвэл хууль боловсруулах эрхийг хэлдэггүй юм. Парламентад асуудал орох эрхийг хэлдэг юм. Парламентад асуудал орох эрхийг өөрөө санаачилж парламентад тулгаж хэлэлцүүлэх эрхийг хуульчлах үүднээс Засгийн газрын тэргүүнийг томилох асуудлыг ерөнхийлөгч санаачилж намуудтай тохиролцож оруулж ирэх ёстой. Гэтэл олонхийн намууд ерөнхийлөгчид тулгаад 5 хоногийн дотор оруулж ирэхгүй бол талийгч болгоно шүү гэсэн маягтай хуулийг баталсан. Энэ талаар олон эрдэмтэн маш сайн үндэслэлтэйгээр тайлбарласан нь бий.
Үүгээр улстөрийн хуйвалдаан гарах нөхцөл бүрдсэн гэж үзээд байгаа. Улстөрийн хуйвалдаан гарч бүлгийн сонирхлыг төрийн тэргүүнд тулгах суваг нээгдсэн гэдгийг санамсаргүй бичээгүй. Чойжамц хамбын нэг үг байна аа. Үндсэн хуулийг өөрчлөхөд сурвалжлагч нар түүнээс “Та үүнийг юу гэж үзэж байна” гэж асуусан байна. Чойжамц гуай 427 депутатын дотор хууль батлахад идэвхтэй оролцсон ганц лам хүн байсан. Тэр “Үндсэн хуулийг батлалцсандаа сэтгэл хангалуун байдаг. Үүний зөв бурууг амьдрал харуулна биз дээ” гэж хэлсэн. Амьдрал юу гэж харуулсан бэ гэвэл Үндсэн хуульд оруулсан энэ өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг үгүй хийгээд намуудын эрх мэдлийг Үндсэн хуулийн дээр тавьсан байдалд хүргэсэн.
2004 оны сонгуулиар намуудын зөвшилцөл 1, 2, 3-р гэрээ гэж гарсан. Тэр гэрээгээр албан тушаал хуваасан. Хуваасныхаа дараа ээлж тогтоосон. Эхний хоёр жил би энэ суудлыг эзлэе, дараагийн хоёр жил чи эзэл гээд. Гэтэл Үндсэн хуульд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байгаа. Тэгээд тэвчээгүй. Элбэгдоржийг арай өмнө нь унагасан. Албан тушаал хуваасан гэдэг нь нэг намаас орлогч сайд, нөгөө намаас жинхэнэ сайдыг томилсон. Тэгэхлээр хоёр толгойтой мангас хоорондоо зөрнө. Санал зөрдөг шуурхай удирдлагын байгууллагыг улс төрийн саа гэж хэлдэг юм. Тийм учраас Засгийн газраа саатай болгосон.
Тавдугаарт, Үндсэн хуулийн 33-ийн 1, 2. Энэ ч яахав. Энэ саналыг баяжуулаад сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд дарга сонгоно гэж. Манай хуулиуд албан тушаал үйлдвэрлэх лаборатори буюу албан тушаалыг бий болгох зохиомол хээлтүүлгийн газар болсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл 76 гишүүнийг 8-д хуваахаар магадлалын хувьд 7-8 дэд даргатай болохоор. Нэг хэсэг парламентын гишүүдэд 20 гаруй дарга бий болсон. Ер нь даргад их дуртай. Зөвхөн логикийн хувьд намын бүлэгт хамрагдаагүй гишүүн нь их хурлын дэд дарга болох заяагүй амьтан болсон. Ингэж их хурлын гишүүний эрх тэгш байдлыг бий болгосон. Хуулийг боловсруулахдаа дандаа сөрөг үр дагаврыг нь харж боловсруулдаг. Ингэвэл үүнээс юу үүсэх вэ гэж. Сөрөг үр дагаврыг хаасан механизм бүрдүүлсний дараа эерэг үр дагавар нь хэр зэрэг байх вэ гэдгийг үздэг номтой. Залуу хуульчид ийм үүднээс хууль боловсруулах ёстой гэдгийг хэлэх гэсэн юм.
Саналаа нууцаар гаргана гэдгийг ганцхан үгээр хэлэхэд намын шууд хяналт буюу 70-аад оны үеийн лоозонгийн “нүдлэн хамгаалалт”-ыг бий болгосон байна. Намын бодлогоор санал өгөх нь үү гэдгийг бүлгийн дарга хараад сууж байдаг. Хурлын дарга товчооны гишүүн болохоор хараад сууж байдаг. Санал өгөх тун хэцүү байдаг шүү дээ. Улстөрийн товчоо огцрох тийм нарийн асуудлууд дээр санал өгөхийг би хойно нь хараад сууж харж байсан. Урд суусан нь аргагүй өгдөг. Хойно суусан нь гараа ингэж бэлдчихээд хараад байдаг. Олон хүн гар өргөж байвал түүнд нь өгдөг. Цөөн талд нь өгдөггүй. Саналыг ийм нөлөөнд оруулдаг учраас нууцаар хураадаг систем бол саналаа чөлөөтэй гаргах бүрэн боломж гэж үздэг юм.
Зургаадугаарт, 24-ийн 1-д Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоон хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ. Өмнө нь Засгийн газрын гишүүнээр томилох хүнийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй тохиролцоно. Зөвшилцөнө гэдгийн эцсийн үр дүн нь бол тохиролцох явдал мөн шүү. Зөвшилцөөд тохиролцохгүй бол маргаан үүсдэг. Маргааныг шийддэг процессын тусгай журам байдаг. Дундын комисс гаргаж шийддэг. Хууль санаачлагч, асуудал шийддэг газар хоёр нь хоёр талаасаа шийддэг.
Манайх ийм зөвшилцлийг Израйлаас олж ирсэн гээд байгаа. Тийм биш. Израйл 1947 онд байгуулагдаад 50-иад жил байлдаж байгаа орон. Тэндээс бөмбөг авчирвал аюултай шүү. Тэгэхээр ерөнхийлөгчийн толгой дээгүүр “алхсан” байдаг. Ийм үнэлгээ хийж байгаа. Ерөнхий сайд бол Ерөнхийлөгчийн толгой дээгүүр алхана. Ерөнхий сайд намын дарга учраас намын ноёрхлыг бэхжүүлсэн хоёрдахь гол механизм бол энэ. Ерөнхийлөгч хамаагүй ээ. Уг нь намуудыг ерөнхийлөгч зохицуулах ёстой. Үндэсний эв нэгдлийн үүднээс. Тэгэхээр Засгийн газрыг ерөнхийлөгч ямар ч гэсэн төрийн тэргүүний хувьд Ерөнхий сайдыг оруулж, гишүүдийг нь зөвшөөрдгийн хувьд Засгийн газарт чиглэл өгөх мэтээр нөлөөлөх эрхтэй. Түүнийгээ алдчихсан. Чамд хамаагүй, хаданд чимээгүй гэхэд хэлэх үггүй болчихоод байгаа юм. Одоогийн Засгийн газар ерөнхийлөгч хоёрын харилцаа бол эрх зүйн холбоон дээр биш, нэр хүндийн хэрэг дээр үндэслэж байгаа юм.
Долдугаарт, 39-ийн 2-т “Ерөнхий сайдыг хугацаанд нь томилж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ- ыг тараах шийдвэр гаргана” гэж. Эсвэл парламент өөрөө тарна гэж. Уг нь ийм заалт хуульд байж болно. Гэхдээ Үндсэн хуульд ганцхан ийм заалт шургуулсан явдал бол манай хууль тогтоох бодлогын ядуурлын шинж. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд ямар үндэслэл тогтоосон юм гэвэл парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл гэж. Энэ ерөнхий заалтыг Ерөнхийлөгчийн, Засгийн газрын, их хурлын хуулиар бүр жагсааж тодорхойлж өгөх ёстой байсан. Бид ийм хуулиуд гаргана гэж бодож хийсэн болохоос “Ганжуур данжуур” шиг 108 боть үйлдвэрлэх гээгүй. Тийм Үндсэн хууль ч байхгүй. Дэлхийд хамгийн том Үндсэн хуультай орон бол миний үзсэнээр Энэтхэгийн орос хэл рүү орчуулсан хууль 256 нүүр хуультай. Тийм хууль чинь их зовлонтой юм билээ. Ерөнхий сайдын цалин 500 рупи байна гээд 1940 хэдэн онд баталсан. Одоо бол тэр болохоо байсан байх. Анх нэг нарийн хийх гэж үзсэн байгаа юм. Үндсэн хууль бол үндсэн юмыг нь атгаж хийж өгдөг. Тэрийг л бусад хуулиар нарийсгах ёстой. Тэгэхээр гишүүдийн бүрэлдэхүүнгүй болсон байж болно. Юмыг яаж мэдэх вэ, бохир яриад цэвэр зал гэдэг шиг нэг айхтар катастроф болоод ирцгүй болчихвол яах вэ. Талийгаач болчихвол яах вэ гэсэн үг л дээ. Ялангуяа манайхан бөөнөөрөө явдаг шүү дээ. Осолтой. Бөөнөөрөө яваад сүйрчихвэл парламентгүй болчихно шүү дээ. Намууд хоорондоо үзэлцээд эвлэрэхээ байчихвал яана.
Ер нь байнгын парламент, парламентын засаглалтай оронд асуудлаа шийдэхгүй тодорхой хоног өнгөрөөх юм бол тардаг номтой. Жишээ нь, Японы парламент 60 хоногийн дотор төсвөө батлахгүй бол тарна гэсэн хуультай шүү дээ. Тэгэхлээр үүргээ биелүүлэх боломжгүй гэсэн энэ мэтийн нөхцлийг парламентын хуульд хийж өгөх ёстой. Гэтэл ганцхан нөхцөл хийчихээр одоо
Цэцэд ийм хоёрдахь заалт гараад ирвэл Үндсэн хуульд ийм заалт байхгүй, ганцхан нөхцөл бий гээд л зүтгэчихнэ. Тийм учраас хууль боловсруулах арга зүйн хувьд үндсээрээ алдаатай зүйл болсон. Хэрвээ энэ асуудлаар нэгэнт нэмэлт оруулъя гэвэл ядаж 4-5 зүйл буюу ирцгүй болсон, тохирохоо больсон, шийдэх ёстой асуудлаа цагт нь шийдэж өгөөгүй, Засгийн газар парламентад итгэхгүй боловч парламент нь Засгийн газарт итгэл үзүүлэхээр тогтоол хийсэн ч гэх зэргээр хууль зүйн тодорхой болзолуудыг зааж өгч түүнийх нь нэгэн болгосон бол болно. Манайхны зальддаг юм бий. Хуулиар заасан бусад үндэслэл гээд заасан бол энэ хууль чинь цаашаа уужуухан амьсгалаад явчихна. Одоо бол амьсгаа байхгүй. Одоо амьсгаа байхгүй хоолой нь нэг хоржигноод л нас барна. Энэ бол арга зүйн асуудал юм.
Нэмэлт, өөрчлөлтөө оруулахдаа процедурын маш ноцтой алдаа гаргасан. Академич Нарангэрэл 20-иод алдаа бий гэж байгаа. Би ойролцоогоор арван хэдэн алдаа байна гэж үзэж байгаа юм.
Хууль санаачлах эрхийг зөрчсөн. Цэцээс хүчингүй болгосон хуулийг нэг үг, нэг таслал өөрчлөөгүй оруулж ирсэн. Цэцийн шийдвэр хүчинтэй. Гурван хүн санаачилсан гэж өргөн мэдүүлсэн байна лээ. Жасрай, Лүндээжанцан, Төмөр-Очир дарга гээд. Гэхдээ 61 гэж бий, 63 гэж бий, 64 гэж бий, 68 гэж бий. Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр 68 хүн гарын үсэг зурсан. Их хурлын гишүүн хууль санаачилна гэсэн болохоос парламент хууль санаачилна гэж хийгээгүй. Парламентын гуравны нэгээс илүү нь үсэг зурсан байна гэдэг бол парламент хууль санаачилсан болоод байгаа юм. Тийм учраас энэ хуулийг хэлэлцэх хэрэггүй болсон. Яагаад гэвэл зөв байна гээд баталсан. Цөмөөрөө гарын үсэг зурсан. Хэлэлцээд баталсны оронд нь их хурлын дарга үсэг зурдаг бол бүх гишүүн зурчихсан байгаа юм. Үүнийг намын гишүүний хувьд тулгаж хийлгэсэн учраас их хурлын гишүүний биеэ даасан санал гэж болохгүй. Хэлэлцэхдээ төслийг урд өдөр нь тараасан. Маргааш өглөө нь хэлэлцсэн. Нэгэнт үсэг зурсан учраас хэн ч үг хэлээгүй. Ганц Гомбожав үг хэлье гэсэн чинь сайн ч хэлүүлээгүй юм байна лээ. Протокол үзвэл өөр асуудал байж болох байх.
Нууцаар гарын үсэг зуруулж хууль оруулж ирдгийг юу гэж үзэх вэ гэвэл нууцаар санал авах гэдэг юм. Манайхан нууцаар санал хурааж сонгууль өгнө гэж ярьдаг. Нууцаар санал хураана гэдэг ерөөсөө буруу юм. Саналаа нууцаар гаргадаг, нууцаар санал авдаг хоёр өөр асуудал. Угаасаа хуульд хоёр өөр томъёо байдаг юм. Хэнд ч мэдэгдэхгүй санал аваад протокол гаргасан юм байж байна. Жишээ нь дөчөөд оны эхээр хүнийг мөрдөхдөө хүч хэрэглэж болно гэсэн тогтоол дээр гурван хүн гарын үсэг зурсан байдаг. Тэрийг хэн ч мэдээгүй, 1990 онд илэрсэн. Түүнийг нууцаар санал авах гэдэг юм. Үндсэн хуулийн төсөл гаргачхаад түүн дээрээ бүгд гарын үсэг зурчихаар энэ нь хэлэлцсэн юм байхгүй, ил тод юм байхгүй, чуулган болоогүй санал авчихсан байгаа юм.
Саналаа нууцаар гаргана гэдэг бол өөрийнхөө саналыг хаалтны цаана өгнө гэсэн үг. Нууцаар санал хураана гэдэг бол санал өгч байгаагаа мэдэгдэхгүйгээр хэсэг хүн асуудлыг шийднэ. Хар хуйвалдаан гэсэн үг. Дараа нь хүчингүй болгосон төслийг үг үсэггүй хуулаад авчихсан. Одоо тэр өөрчлөлт гээд байгааг хүчингүй гэж үзэхээс аргагүй. ҮХЦ-ийн шийдвэр байж байгаа. Цэцийн шийдвэр хүчингүй болгоогүй. Энэ чинь хоёр удаа орсон төсөл шүү дээ.
Аппаратын ажлын хэсэг боловсруулсан гээд байгаа. Улс төрийн ямар ч хүчин ороогүй. Аппарат бол аппарат. Ажлын аппарат бол нам бус. Улстөрийн хүчнүүдийн харилцааны балансыг Үндсэн хууль гэж байгаа юм. Оролцоогүй. Өргөн мэдүүлэх, хороодоор санал, дүгнэлт гаргуулах журам зэрэг жижиг сажиг зөрчигдсөн зүйл байна лээ. Хэлбэрийн хувьд хэлэлцсэн юм байгаа. Тэнд үг хэлдэг хүн гэж байхгүй. Үсэг зурсан юм чинь. Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан асуудлыг хороодоор хэлэлцэхэд манай сонинд “Ерөнхийлөгчийн хоригийг өвдөг сөгдүүлэв” гэж бичиж байгаа юм. Тэр их лут бичсэн байгаа юм. Хоёр бөх барилдсан болж байна.
Төрийн тэргүүн, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт танилцуулаагүй. Хуулийн бодлогыг техникийн хувьд барьдаг ХЗДХЯам ч үзээгүй. Юу вэ, энэ чинь. Их хурлын гишүүн бол хууль боловсруулагчид биш, санаачлагч юм. Хуулийг мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн алба боловсруулдаг. Түүний дараагаар улстөрийн хувьд авч үздэг. Энэ хоёрыг хольж байгаа практик одоо хүртэл байна. Түмэнд байтугай, түшээдэд танилцах, сэтгэн бодох сэхээ өгөөгүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр урд орой ширээн дээр нь тавиад маргааш өглөө нь баталчихаж байгаа юм. Улстөрийн намууд, хууль тогтоогч, судлаачдад мэдээлээгүй. 20 намын 17 нь мэдээгүй. Өмнө нь 7 нам мэдэгдэл гаргасан. Бямбасүрэн гээд олон хүн байна лээ. Олон түмний эсэргүүцлийг илэрхийлж, үсэг зуруулна гэсэн мэдэгдэл гаргасан тэр нь биелээгүй юм шиг байна лээ.
Зохиомлоор дэмжүүлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэсэн том үйлийг “Засгийн газрын мэдээ” сонинд бичиж эрдэмтдээр гарын үсэг зуруулсан. Тэр дэмжсэн эрдэмтэд сүүлд нь цөмөөрөө удирдах албан тушаалд дэвшсэн шүү. Шагнал нь юм шиг байгаа юм. Тэрийгээ ард түмний захиалга гэж нэрлэж байгаа юм. Манай Жасрай гуай их эвтэйхэн ярина шүү дээ. 1993 онд тавьж байсан саналаа 2000 онд гүйцэлдүүлж байгаа нь бас нэг авьяас харагдаж байгаа юм.
Нэгдсэн хуралдаанаар төсөл хэлэлцүүлэх нийтээр тогтсон ёс заншлыг бүдүүлгээр гажуудуулсан. 2-3 хэлэлцүүлэг байдаг. Бусад оронд дандаа 3 хэлэлцүүлэгтэй байдаг. Манайх 2 болгосон. Гэхдээ хоёр хэлэлцүүлгийн хооронд тодорхой хэмжээний хугацаа заавал байх ёстой юм. Бусад оронд нэг хуулийн хоёр хэлэлцүүлгийн хооронд 14 хоногоос доошгүй хугацаа байна гэсэн процедурын журам бий. Хууль тогтоогчдод бодох зай олгох ёстой. Сэтгэх ёстой шүү дээ. Ер нь их ажил, их юм боловсруулж байхад зүүдэлж байж мэдэрдэг ёс бий. Сонгогчидтойгоо холбоо тогтоож асуух, ийм хууль гарах гэж байна яах вэ, та нар юу гэж бодож байна гэж аймаг, орон нутагтай холбоо барих ёстой. Гэтэл энэ хуулийг хоёр таваг шөлний хооронд баталсан. Өглөө 11 цагийн үед оруулж нэгдүгээр хэлэлцүүлэг дуусгасны дараа гишүүд хоолонд ороод хоёр гурван цаг өнгөрөөд 4 цагт баталсан байгаа юм. Энд нэг өгүүлбэр бий. Их сайхан үгтэй ээ. Аргагүй нэг төрийн ёс мэддэг улс шиг хийсэн байгаа юм. Тэр үеийн бүх баримт бичгийг энд хуулсан байгаа. 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 35 минут буюу XVII жарны төмөр луу жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын 18-ны хүчин төгсийн барилдлагатай өлзийт сайн морин өдрийн бичин цаг аа гэж. Ингэж өөрчилсөн. Ард түмэнд их сайхан санагдана л даа. Хамгийн сүүлчийн хувилбарыг ярьж байна. Тэгэхээр чинь манай ард түмэн халуун дотно хүлээн авна шүү дээ.
Хэт түргэвчилсэн явдал ямар учиртай вэ. Үндсэн хуулийн оруулах өөрчлөлтийн төслийг батлаагүй бол сонгууль болохоос зургаан сарын өмнө дахин хэлэлцэхгүй гэсэн хуультай. Тэгээд зургаадугаар сард сонгууль болох гээд байсан учраас 1999 оныхыг баталсан. Яг тэр темпээр нь хийсэн байгаа. 1999 оны сонгуулиар өөрчлөх гэж байхад бид ярьж л байсан. Сонгуульд нам ялах вариантаа хийж байна шүү гэж.
Хуулийг хуулиар өөрчилдөг парламент ёсыг хайхарч үзээгүй. Тэгэхээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн тухай хууль тогтоомжийн акт нь нэргүй байгаа юм. Халх голын байлдаанд нэргүй өндөрлөг дээр амь алдав гэсэн юм байдаг шүү дээ. Түүн шиг энд юу гэж байна гэхээр яг эхээс нь авсан. Ерөөсөө Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн гарчигтай юм. Хууль, тогтоол, заавар гэж байхгүй, дүрэм, албан бичиг гэж байхгүй. Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт гэж. Үүнийг чинь хууль гэж үзэх үү, яах вэ. Яагаад хууль гээгүй вэ гэвэл Цэцээр хэлэлцүүлэхгүй гэсэн далд санаатай юм. Бас шалтгаантай. Өвдөхөд учир байна шүү. Ямар нян нь ороод ирсэн юм бэ гэж. Иймэрхүү байдлаар хууль тогтох ажлыг луйврын замаар хийж болохгүй ээ. Цаашдаа бол бодох ёстой.
Үүнийг одоо Үндсэн хуулийн хууль ёсны өөрчлөлт гэж үзэх боломжгүй байгаа юм.
Цэцээр хэлэлцүүлэхгүйн тулд Үндсэн хууль бол хууль биш гэж тайлбар хийсэн. Хууль нь зөрчиж байна уу гэдгийг хянах ёстой. Би номдоо бичсэн. Дэлхийн улсуудын харьцуулсан эрх зүйн онолын нэлээн сайн эрдэмтэн Рейне Давид бичсэн байгаа юм. Америкийн Үндсэн хууль бол Америкийн гол хууль мөн гэж. Манай Үндсэн хууль бол хууль биш, Америкийнх болохоор хууль мөн болоод байгаа юм. Монголын эрдэмтэд, Монголын судлаачид ийм өөрчлөлт орсон нь буруу гэдгийг олон талаар ярьсан. Зөвхөн хоёр сонины буруушаасан өгүүлэл, нийтлэл, маргаанууд ийм зузаан юм байна. /Харуулав/
Ганц нэг намч нөхдүүд магтаж байгаа юм. Нам л юу гэж байна, тэрийг зөв гэж үздэг, нам шүтэгч улсууд байна шүү дээ. Намын гишүүн намынхаа сахилгыг дагах нь зүй боловч төрийн хууль дээр очиж дагадаггүй. Намаас урвагч төрөөс урваж болохгүй гэсэн үгтэй юм. Ийм болох учраас манай энэ өөрчлөлтийг дэмжүүлэхийн тулд хоёр үйл гарсан. “Америкийн бизнес эрхлэгчдийн зөвлөлөөс манай Үндсэн хуулийг зүйтэй болжээ гэж цахилгаан ирүүлэв” гэж мэдээ нийтэлсэн. Худлаа биш, энэ дотор хуулаад тавьчихсан байгаа. Бизнес эрхлэгчдийн зөвлөлөөс шүү. Хэдэн төгрөг олдож магадгүй гэсэн юм уу. Ямар ухаантай юм. Германы Хууль зүйн сайд манай Хууль зүйн сайдын урилгаар ирээд “танайх Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан явдал бол ардчилалд хийсэн маш чухал ач холбогдолтой зүйл болжээ” гэж хэлсэн. Би танай сайд чинь ингээд байдаг юм байна, ямар учиртай юм гэж Германы хуульчид ярьж байсан. Дараахан нь огцорсон байна лээ. Тэрнээс болоогүй байх л даа. Энэ сэдэв над халтай боловч Монголд хэрэгтэй гэдгийн үүднээс ярьж байгаа юм. Намайг ийм юм яриад байна гэвэл лав сайшаахгүй гэдгийг бм мэдэж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн ач холбогдлыг ард түмэнд буруу тайлбарласан. Энд зарчмын ямар ч өөрчлөлт ороогүй, үг, үсэг найруулгын юм хийсэн гэж. Тэгэхээр манай хууль тогтоогчдоос хуулийн зарчмыг алдагдуулдаг нэг мэргэн арга нь өөрчлөн найруулах гэдэг үг байгаа юм. Өөрчлөн найруулах гэдэг нь өгүүлбэрийн гишүүдийн байршлыг солино гэснээс биш, зарчмын нэр томъёог өөрчилнө гэсэн үг биш ээ. Өгүүлбэрийн байршил сольж болно шүү дээ. Зохицоогүй тодотголыг ч юм уу. Найруулга бол тийм биш. Зөв найруулгад оруулбал юу ч болж мэдэхгүй. Хэрэв цэг тэмдгийг нь зөв тавих юм бол. Цэг, тэмдгийг нь аваад хаячихвал харин биш болчихно. Өршөөж болохгүй, цаазал гэдэг шиг. Тийм үг мэдэх үү. Хуульд таслал үүсэхээр хүн алж болдог гэдгийг. Хаан зарлиг гаргах тухай ярьж байна. /Самбарт бичиж тайлбарлав/
полилавать, нельзя казнить:
полилавать нельзя, казнить:
Есчлох, хэлбэршүүлэх гэдэг асуудал энд ойлгомжгүй. Ялангуяа эрх зүйн актуудад хуулиар заасан хэлбэр байх ёстой. Энэ мэтийн дутагдлууд байна. Тийм болохоор хамгийн гол нь манай хууль зөв байгаасай гэдэг үүднээс Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эргэн харах хэрэгтэй юм. Үндсэн хуулийн уг эхэд байгаа уугуул зарчмууд нь зөв хэл найруулгатайгаар дахин сэргээх хэрэгтэй юм шүү гэдэг саналыг хэлээд байгаа юм. Үүнийг олон түмэн одоо ойлгож эхэлж байх шиг байна. Одоо ойлгож эхэлж байна гэдгийг юугаар хэлж байна гэхээр тэр үед Чойжамц гуайн хэлсэн үг үнэн болоод байна л даа. Түүх харуулна биз дээ гэж. Одоо харууллаа. Хараад суугаад байж болохгүй гэж би хэлж байгаа юм.
Гуравдугаар асуудал нь одоо Үндсэн хуулийг өөрчлөх тухай ярьж байна. Салбар хуулиудаа гаргаж чадахгүй болохоороо, боловсруулж дийлэхгүй болохоороо урдаа барьж авдаг номхон тэмээ ноолоход амархан гэдэг шиг Үндсэн хууль руугаа бас давшлаад байгаа юм.
Ер нь Үндсэн хуулийг өөрчилж болохгүй, хөдөлгөж болохгүй гэсэн ном байхгүй. Үндсэн хуулийн дагуу бусад хуулиар тодруулаад, тэгээд болохгүй бол өөрчлөхөөс өөр арга байхгүй. Тэгээгүй байж болохгүй юм. Хотондоо ганцхан төлөгтэй байж, өглөө болгон хутга бариад дайраад байвал юу болох вэ.
Зарим нам “манай нам Үндсэн хуулийн тийм юмыг зөвшөөрөхгүй байна, өөрчил” гэж мэдэгдэл гаргаж байна. Үндсэн хуульт байгуулал гэж мундаг үг байдаг. Үндсэн хууль т байгуулал гэдэг бол тухайн улсын оршихуйн Үндсэн хуулийн үндэслэлийг хэлж байгаа юм. Үндсэн хуульт байгууллыг зөвшөөрөөгүй улс төрийн байгууллага Монголд байх ёсгүй. Тийм намыг Дээд шүүх шууд татан буулгах ёстой. Энэ асуудлыг хатуу тавихгүй бол болохгүй байна шүү дээ.
Аристотелийн үг байдаг. Төрийн дээд албан тушаал хаахыг эрмэлзэгчид юуны өмнө оршингуй төрийн байгууламжийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Тэрийг зөвшөөрөхгүй бол төрийн алба хашна гэж байдаггүй гэж. Тийм учраас би эхлээд ярихдаа мандаж байна гэж магтаж сонгогдчихоод, биелүүлнэ гэж тангараглачихаад, өөрчилнө гэж дайрдагаа болиоч ээ гэж хэлэх гэсэн юм.
Тал талаас нь өөрчлөх тухай ярьж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс сүлд энэ тэр гээд ярьж байна. Түүний цаана юу байгааг би мэдэхгүй. Намуудаас төрийн хэлбэрийн тухай асуудал ярьж байгаа. Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм гэж. Сонголт хийж болно оо. Монголын ард түмэн сонголтоо хийчихсэн. Ард түмний 60 хувийн саналаар энэ хэлбэрийг баталсан. Үүнийхээ эцсийг үзэхгүй юм биш байгаа. Хэрэв энэ хэлбэр өөрчлөгдвөл систем доргино. Засгийн газар, парламент бүгд доргих ёстой. Энд ард түмний уламжлалт психологийг ашиглах гээд байна. Үндсэн хууль удчихлаа, шинэчлэх цаг болсон, нийгэм өөрчлөгдлөө гэж. Үндсэн хууль бол хөтөлбөр биш. Өнөө нийгэм журмаар явдаг социализмын үндсийг байгуулдаг, социализмыг бүрэн байгуулаад коммунизмыг төгөлдөр байгуулсны дараа Үндсэн хуулийг хална гэсэн урьдын зорилгыг тодорхойлсон, үзэл сурталжсан хууль биш ээ. Монгол Улс юун дээр тогтож байх вэ гэдэг тухай хууль. Тогтоох гэж байгаа сууриа өөрчлөх эсэхийг жилээр хэмждэггүй. Монгол Улс өнө удаан оршье, тогтвортой байя гэвэл Үндсэн хуулийнхаа сонгосон хувилбар дээр тууштай зогсох юм биш үү гэж байгаа.
Өөрчлөх гэдэг дээр хамгийн ноцтой нь Үндсэн хуулийн 4-р бүлэгт өөрчлөлт, нэмэлт оруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллуулж байгаа явдал мөн. Бүр практик ажилд орсон байна. Гурван вариант гарсан байна. Гурван юмны дунд, хоёрдугаар төсөлд нь байгаа хэдэн өгүүлбэрээ та нарт танилцуулъя. 1992 оны Үндсэн хуулийн 57-гийн 2-т заасныг өөрчлөн найруулна гэж байна. Өмнө нь хот тосгоны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэдгээс тосгоны гэдгийг хасчихаж. Бүх тосгоноо хот болгох юм гэнэ.
57-ийн 3-т засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг … тухайн нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн гэдэг үгийг харгалзан гэдэг үгээр сольж Засгийн газрын өргөн мэдүүлснээр гэдгийг нэмж оруулсан байгаа. Тэгэхээр харгалзана гэдэг бол жаахан явдалтай үг. Харгалзаад харгалзаад болсонгүй гэдэг шүү дээ. Их харгалзах гэж үзлээ дээ гэж. Харгалзах байж болно. Гэхдээ энэ зүйлийг анхны төсөлд оруулаагүй байсан юм. Их хурлын 425 депутат орон нутгийн 132 хүн чинь ийм санал тавьж байж энэ өгүүлбэрийг нэмж оруулсан. Энэ бол 70- аад онд гарч байсан практикаас үндэслэлтэй. Завхан аймаг нэг сумаа татан буулгачхаад иргэд нь өргөдөл гаргаад, үүрэг тавиад болохгүй болохоор нь очиж шалгаж зарлигаа хүчингүй болгож байсан удаатай. Тэнд бол үндэслэн гэдэг үг бий.
59-ийн 2-ийг өөрчлөн найруулсан гэж байна. Өөрөө удирдах байгууллага бол … дотроос баг, хороонд иргэдийн нийтийн хурал гэдэг үгэнд баг, хорооны иргэдийн хурал гэдгийг байхгүй болгосон. Зүгээр дуугүй орхисон. Ер нь нэг дуугүй орхидог юм байна. Үндсэн хуулиас бас нэг өгүүлбэр дуугүй алга болсон байсан. Би түрүүн хэлж амжсангүй. Нэг өгүүлбэр эзэнгүй алга болсон.
Ренчин гуай Сүхбаатарын талбай дээгүүр явж байсан. Гэтэл урдаас нь Ванган зохиолч нэг зохиолчтой явж байна гэнэ. Ренчин гуай дороо эргэлдээд байж гэнэ. Та юугаа хаячихав аа, мөнгөө унагачихав уу гэсэн чинь үгүй ээ, нэг дөрвөн мөр шүлэг алга болчихсон юм, энүүгээр уначихсан юм болов уу гэжээ. Дөрвөн мөр шүлгийг нь нэг зохиолч нь аваад хаалтанд хийлгүй, өөрийнхөө шүлгэнд авчихсан байна л даа. Түүн шиг Үндсэн хуулиас үг алга болсон. Одоо цуглаж байгаа 360 депутатаа өвөр түрүүнээс нь үзэхээс дээ. Нийтийн хурлыг алга болгоно гэдэг юу юм бэ. Ардчилал хоёр хэлбэртэй гэж ярьдаг байх аа. Шууд болон төлөөллийн ардчилал гэж. Хамгийн чухал нь ардын засаг гэдэг утгаараа шууд ардчилал байдаг. Хэдэн иргэд цуглаад худгаа гаргая, хогоо арилгая, хашаагаа янзлая, ногоогоо тарья, чоноо авлаж малаа хамгаалъя гэсэн асуудлаа шийдээд их хурлын гишүүн дуудахгүйгээр хийж болно оо доо. Энэ эрхийг нь хасчихсан. Хуралдаж болохгүй гэж хэн хэлсэн юм гэж урдаас мэлзвэл хууль ёсны хурал, сайн дурын хурал хоёр чинь эрс өөр ялгаатай. Үндсэн хуулийн байгууллыг сайн дурын байгууллагаар солино гэдэг бол морийг гүү болгож байгаа ухаантай юм уу. Тэгэхээр шууд ардчиллаас татгалзжээ гэж дүгнэж байгаа юм. Онош тавих ёстой шүү дээ. 120 хорооны хурлыг татан буулгасан хэрэг. Том хэрэг шүү. Энэ багийн хурал, аравт гэдэг чинь дээр үеэс уламжлалтай зүйл шүү.
60-ийн 2-т Засаг даргыг нэр дэвшүүлдгийг болиулаад шууд дээрээс нь томилдог болгох нь. Энэ бол дарга нарт амар юм. Ялангуяа намд ашигтай зүйл. Багийн даргаар хэнийг тавих вэ, сумын даргаар хэнийг тавих вэ гэдгээ намын зөвлөлөөр хэлэлцээд шууд оноон дээрээс нь томилно. Иргэдийн оролцоо, хяналт гэж байхгүй. Яагаад бүх шатны Засаг даргыг тухайн хурлаас нэр дэвшүүлж дээрээс нь томилдог юм бэ гэвэл нутгийн удирдлага хоёр эхлэлтэй. Иргэдийн өөрөө удирдах байгууллага гэсэн нэг эхлэлтэй. Засаг даргын хавьд Иргэдийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх эрх мэдэлтэн гэх үүрэгтэй. Хурлынхаа шийдвэрийг биелүүлэх ёстой. Нөгөө талаар орон нутагтаа засаг төрийг төлөөлөх ёстой. Энэ хоёр шинжийг хангахын тулд хурлаас нь уяж өгч, дээрээс нь зөвшөөрөх ёстой юм. Манайхан дээрээс томилохыг дангаараа мэдэх гэж эрмэлздэг. Нэгэнт хурал нь дэвшүүлсэн бол тэр хүнийг төрийн эрх мэдэл олгохын тулд томилоод явуулах ёстой. Гэтэл зууралдчихдаг. Ер нь хараат бус байдлыг хангахын тулд дээрээс давхар баталгаажуулдаг энэ системийг манайхан өөрийн харъяат болгож хувиргадаг, ардчиллын институцийг захиргаадлын аргаар хэрэгжүүлээд байдаг. Ардчилсан институийг захиргааны аргаар хэрэгжүүлэх юм бол ардчилал болж чаддаггүй. Жишээлбэл, хараат бус агентлагууд байна. Аудит, Мэргэжлийн хяналтын газар гэдэг юм уу. Энэ агентлагын дарга нарыг, төрийн нарийн бичгийн дарга нарыг парламентаас батална гэсэн ойлголт бол гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бус байлгахыг хангаж байгаа болохоос биш, Их хурлын харъяа байгууллага бий болгож байгаа зүйл биш. Манайхан утасны жагсаалтан дээр Их хурлын дараа аваачаад тавьчихдаг. Манай оюутан, аспирантууд Их хурлын харъяа байгуулллага гэж гарчиг тавиад биччихдэг, би засч өгөөд байдаг хэдэн байгууллага байдаг. Түүнтэй адил Ерөнхийлөгч шүүгчийг томилно гэдэг бол нэгэнт шилэгдээд мэргэжлийн байгууллагаар шалгагдсан хүнийг шүүх эрх мэдэл олгохын тулд ёсчилж байгаа хэрэг. Онцгой татгалзах үндэслэл байвал түүнийг хуульд зааж өгсөн байх ёстой. Одоо бол тийм биш.
Манайх ардчиллын механизмын нарийн утгыг олж тогтоож өгсөн хуулиудыг хийдэггүй. Үндсэн хуулийнхаа заалтыг яг хуулаад тавьчихдаг. Ерөнхийлөгч томилно, ерөнхийлөгч хална. Ямар нөхцөлд гэж байдаггүй. Ухаандаа бүх хуульд ил тод байдлыг хангана гээд нэг өгүүлбэрийг 300 дахин хуулаад байгаа. Яаж хангах юм. Газар өмчлөх хувьчлах явдлыг олон нийтийн хяналтад ил тод хийнэ гэсэн хоёр үг хуульд байж байгаа юм. Яаж хийх нь байхгүй. Юу нь ил тод байх вэ. Нэг мэдэхэд байшин босчихсон, хэнийх нь мэдэгддэггүй. Ингэж хуулиар луйвардаж болохгүй. Олон түмний хяналт заавал байх ёстой.
62-ийн 1-ийг өөрчлөн найруулсан. Баг, хорооны нутаг дэвсгэрийн асуудлыг багийн хурал, хорооны хурал шийднэ гэдгийг хассан байна. Хурал нь байхгүй юм чинь юугаа шийдэх вэ. Сталин “Хүн нь байхгүй бол асуудал байхгүй” гэсэн гэл үү. Баг хорооны хурал асуудал тавих нь байхгүй юм чинь дуусаа. Ингээд өөрчлөн найруулна гэдгээр ганц нэг хэрэгтэй эрэг шургийг авч хаяад байгаа юм.
Би олон жил хууль хийсэн. Яаж хийдэг юм гэвэл ингэж хийх ёстой юм. 62-ийн 1-р зүйлийн сум, дүүрэг гэсний дараахь баг, хорооны гэдэг үгийг хассугай гэж хийх ёстой. Хуулийг тэгж хийдэг юм. Түүнээс биш өөрчлөн найруулж байна гээд алга хийчихэж болохгүй. Сургуулийн хүүхдийн хоолны орцын нормыг шалгасан судалгаанаас үзэхэд дотуур байрны хүүхдэд 5 кг, яг тогоо руу орж байгаа нь 3 кг мах болчихоод байгаа юм. Энд 2 кг мах алга болчихоод байгаа юм. Мах хийсэн үү гэвэл хийсэн.
Хоригийг хүчингүй болгосон байна. Яагаад хүчингүй болгосон гэдгийг мэдэхгүй. Манай орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад дээд шатны хурал нь доод шатны хуралдаа хяналт тавьдаггүй. Засаг дарга хэрэгжүүлэх ёстой, түтгэлзэх, түтгэлзүүлэх, хориг тавих эрх гэж орсон болохоос биш, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг дууриасан зүйл биш. Түүний утгыг ойлгохгүй байна. Нэг бол энэ байх ёстой. Нэг бол дээд шатны хурал нь доод шатны хурлаа хянадаг байх ёстой. Тэгэх юм бол хурлуудын систем гэдэг 1960 оны АДХ-ын систем босч ирнэ. Тэгээд хуучин луу ороход нэг алхам дутуу байна. Үүний нарийн утгыг цааш нь гүнзгийрүүлж ойлгож чадахгүй юм шиг байгаа юм.
Өөрчлөх гэж байгаа зүйлийг өөрчлөгдөшгүй гэдгийн үүднээс биш, өөрчлөх гэж байгаа үзэл баримтлалын хувьд зөөлөн хэлбэл, гоомой, хатуу хэлбэл, буруу байна гэж үзэж мэдээлж байгаа юм. Бид бол мэдэх эрхтэй. Мэдээд хянах эрхтэй. Хянаад шаардлага тавих эрхтэй. Би ингээд буруу байна шүү гэдгээ хэлсэн. Хэлсэн юмаа та нарт ярьж байгаа юм. Ингэхлээр бид Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ойлгосны үндсэн дээр бусад хуулийг зөв найруулан бичиж иж бүрэн боловсруулах энэ зүг рүү засаг төрийн үйл ажиллагааг, төрийн мэргэжлийн албыг чиглүүлэх, улстөрчдийн бодлогыг төвлөрүүлэх шаардлагатай болжээ.
Одоо 360-аад хууль үйлчилж байна. Хуулийн ихэнх нь удирдлага, зохион байгуулалтын шинжтэй хууль. Хууль болгонд Их хурлын бүрэн эрх, Засгийн газрын бүрэн эрх, Засгийн газрын төв байгууллагын, яамны бүрэн эрх, бүр төрийн захиргааны төв байгууллагын үүрэг гээд яамны доод талд тийм бүрэн эрхтэй хууль гарсан. Ашигт малтмалын хууль байна. Тэр нь ямар байгууллага юм, бүү мэд. Нэр байхгүй. 1990 оны хэдэн үлдэгдэл бий. Хуулийн зорилго, энэ хуулиар ийм юм зохицуулна гэсэн заалт. Энэ бол миний хийсэн ажил. Яагаад гэвэл олон нам гэнэт орж ирээд парламентад шинэ юм бий болсон. Хуулийн зорилгыг тодорхойлохдоо дандаа улстөрийн өнгө орчихоод болохгүй байсан учраас зохицуулалтынх нь үүргийг тодорхойлсон хэрэг. Хүүхдэд өгөх 10000 төгрөгийг тухайн хүүхдийг хооллох, ундлах, хувцаслахад нь зориулж, ялангуяа ядуу амьдралтай буюу онц ядуу хүмүүсийг дэмжих зорилгоор тогтоов гэж байх ёстой юм. Гэтэл энэ хуулиар хүүхдэд мөнгө өгөх ажиллагааг зохицуулна гэдэг тухайн үеийн улстөрийн ситуациас болсон үгийг давтаад байгаа юм.
Бүх хуульд хууль тогтооно гэсэн үг байгаа. Энэ чинь тийм биш. Хууль тогтоомжийн 12 үндсэн, 50-иад дэд салбар байдаг. Тэр нь л хууль тогтоомж гэдэгтээ байдаг болохоос, бүх юманд хууль тогтоох биш. Эмийн хууль нь Үндсэн хууль, Эрүүл мэндийн хууль, энэ хуулиар зохицуулагдана. Эмийн хуулиар Үндсэн хуулийг зохицуулахгүй шүү дээ. Түүн шиг бүх хуульд УИХ гэж хийчихээд дор нь хоёр өгүүлбэр биччихдэг. Бодлогыг тодорхойлно, хууль гаргана, хуулийн биелэлтийг хянана гэж. Үндсэн хуульд хууль гаргана, хянана, тодорхойлно гэж байхад л хангалттай. Түүнийхээ оронд иргэний маягийн зохицуулах чадвартай хууль хийх ёстой л доо. Жишээ нь, Нууцын тухай хуулийн төсөл хийгээд над дээр ирж байсан. Үүнийг аваад үзэхэд нөгөө л байгууллага ямар хэрэгтэй юм бэ гэж харагдаж байгаа юм. Нууц хадгалах журам, нууц материалтай танилцах нөхцөл, түүнийг зөрчвөл яах вэ, хариуцаж байгаа хүн ямар нөхцөлд ажиллах вэ. Адаглаад нууц хадгалах шкафтай байх тухай асуудал бий шүү дээ.
Нэг дарга байсхийгээд хөдөө явдаг байж л дээ. Гэрийнхээ хаяанд богц тавьдаг байсан гэнэ. Эхнэртээ үүнийг улсын нууц, үзэж болохгүй шүү гэж захисан гэнэ. Эхнэр нь нэг өдөр улсын нууц гэж юу байдаг юм гээд үзсэн чинь сонинд арав арваар нь боосон чихрүүд байсан гэдэг. Нууцыг ингэж хадгалж болохгүй ээ.
-: Үндсэн хууль батлагдсанаас хойш 15 жил болж байна. Чимид гуай Үндсэн хууль халдаж болохгүй зүйл биш, өөрчилж болох л зүйл гэж ярилаа. Монгол Улсын бэлгэдэл, Монгол Улсын сүлд дуулалын тухай саналыг Ерөнхийлөгчөөс оруулсан байгаа. Би үүнийг дэмжиж явдаг.
Төр бол ард түмний эрх ашгаас доогуур зүйл гэж би боддог. Төр дарангуйлагч биш, ард түмэндээ үйлчлэгч байх ёстой. Тийм учраас төрийн дууллын үгийг өөрчлөх саналыг оруулсан. Төрийн шагналт, Ардын жүжигчин Бадарч, Пүрэвдорж нар “…өндөр төрийн юу …” гэсэн үгүүд оруулсан байна лээ. Зарим төрийн удирдлагууд төрийн албанд, төрийн буулган дор зүтгэлээ гэж ярьдаг. Монголчууд төрийг уламжилж ирсэн нь үнэн. Гэхдээ XXI зуун, орчин үед төр бол ард түмнийг хуулиар үйлчлэх байгууллага байх ёстой юм.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэж заасан байгаа. Бас аюулгүй орчинд амьдарна гэнэ үү. Амьдрах тухай ярьж байгаа юм. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхагт “Хүн болгон өөрийн болоод өрөөлийгөө дэмжих хангалттай амьдралтай бөгөөд орон байртай байх ёстой” гэж заасан байдаг. Гэтэл манай Үндсэн хуульд хүн зүгээр амьд явах эрхтэй гээд л заасан. Амьд явах эрхтэй, гэхдээ нэгэнт төрсөн бол амьдрах эрхтэй. Амьдарсан бол үхэх эрхтэй. Гэтэл гудамжинд гэр оронгүй хүмүүс байна. Амьдрах хэрэгтэй гэдэг үүднээсээ юу ч байхгүй хүн чинь хулгай хийж байна. Аягүй бол нэгнийгээ ч барьж иднэ. Тэгэхээр Үндсэн хуульд Монгол Улсын иргэн баталгаатай амьдралтай байх эрхтэй гэж зааж өгөх ёстой. Гэтэл түүнээс зайлсхийсэн байгаа юм. Зүгээр амьд явах төдий утгаар заасан байна. Үндсэн хуульд ингэж болохгүй.
Үндсэн хуулийг бурханчлан тахьж болохгүй. Миний аав ээж Үндсэн хуулийн цэг таслал бүү хэл, өөрийнхөө гарын үсгийг зурж чаддаггүй хүмүүс байсан. Гэтэл тэд нар зэрлэг байсан уу гэвэл үгүй. Маш ёс дүрэмтэй байлаа. Харин хуулийг мэдэхгүй байсан.
Гомбожав: Манайхан төр хямарлаа гэж ярьж байна. Хямарсан биш, ХЗХ шиг дампуурчихсан юм шиг байгаа. Дампуураад ирэхээрээ хамгийн чухал юмаа нугасалдаг юм байна. Үндсэн хуулийг нугаслана гэдэг бол биднийг нугаслаж байгаа хэрэг. Дампуурчихсан үед хэчнээн сайн хууль байсан ч гэсэн нугаслаад байх юм шиг байна. Хуулиар энэ байдлыг зогсоох арга байхгүй юм шиг байна. Үүнийг яах вэ?
Б.Чимид /МУИС-ийн ХЗДС-ийн багш, гавьяат хуульч/: Тодорхой асуудал л даа. Энэ талаар хууль хүрэлцээтэй байгаа. Хуулиа ойлгож хэрэглэдэг болох ёстой. нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчиж буй асуудлаар Цэц ажиллах ёстой. Механизмууд нь байгаа. Ажиллахгүй байна. Би сүүлийн үед ийм дүгнэлт хийж байгаа. Төрийн мэргэшсэн албанд шинэтгэл хийгээгүй гэж. 200 жилийн түүхтэй захиргааны хэргийн шүүх гэж байгаа. Сайд, дарга нарын шийдвэр хүний эрх зөрчсөн бол хянаж хүчингүй болгодог шүүх юм. Ийм шүүх манайд жил гаруй болж байна. Тооны хувьд овоо юм хийж байгаа юм. Ийм шүүх социалист орнуудад байгаагүй.
Нэг жишээ хэлье. Хоёр Герман нэгдсэн. Тэгээд Зүүн Герман социализмаас татгалзсан. Гурван муж улс болсон. Муж улс хүртэл шүүх байгуулсан. Тойргууд шүүх байгуулсан. Эхний жил бараг ажиллаагүй. Хоёрдахь жилээсээ хэрэг маргаан нь өсөөд ирсэн. Гэтэл шүүгч нь ажилладаггүй ээ. Зүүн Германы хуучин шүүгчид бидэн шиг социалист хууль судалсан шүүгчид байсан учраас ажиллаж чаддаггүй. Намаас, удирдлагаас айсан, засаг төрийг шүтэж биширсэн байдлаасаа болоод иргэний эрхийг шууд хамгаалж чаддаггүй. Тийм учраас Зүүн Германы бүх шүүгчдийг халаад оронд нь баруунаас дадлага туршлагатай шүүгчдийг авчраад тавьсан чинь нөгөө шүүгчид ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээж, иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн томоохон шийдвэрүүдийг гаргах болсон байна. Брандунбург мужийн захиргааны хэргийн шүүх хоёр жилийн дотор 130 мянган хэрэг шийдсэн байна лээ. Тэр нь хоёрдугаар дайны дараагаар Засаг захиргааны шийдвэрээр хураагдсан өмч, байшин, газраа эргүүлж авах тухай маргаан байсан. Иргэний шүүх болохоор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас ярилцахгүй гэсэн шийдвэр гаргаад эхлэхээр иргэд маргасан. Захиргааны шүүх буруу шийдвэр гаргалаа гэж бүгдийг нь шүүгээд иргэдэд урд хураагдсан хөрөнгө, газар мэтийг нь эргүүлж олгосон байна. Ингэж механизмыг шинэтгэж ажиллуулах ёстой юм. Манайхан хуучин албан хаагчдаар шинэ тангараг өргүүлсэн. Ийм л байгаа. Энэ бол намын үүрийн дарга лам болсонтой адил юм.
Батсуурь: Та яаж санал өгч байгааг дэлгэцэн дээр харуулаад байна, түүгээрээ намын хяналт тогтоосон гэлээ. Өөрөөр хэлбэл, намын удирдлагын зүгээс гишүүд үгэнд нь орж байна уу, бидний ярьсан зүйлийг дэмжиж байна уу гэдгийг хянах зорилготойгоор үүнийг оруулсан гэж. Зорилго нь ингэж хийсэн байж магадгүй. Гэхдээ буруу зорилгоор ч гэсэн зөв зохицуулалт орсон юм болов уу гэж би бодоод байдаг юм. Нээлттэй байгаа нь тийм асуудал үүсгэж байгаа боловч иргэд нь гишүүддээ улстөрийн хариуцлага тооцох боломжтой болж байгаа. Анх амлаж байсан мөрийн хөтөлбөр дээрээ өөрөө ямар санал өгч байгааг харж болно. Энэ нээлттэй байдал нь ардчилалд зөв алхам болсон болов уу бодож байна.
Үндсэн хуулийн 20-р зүйлийн талаар олон хувилбар надад гарч ирж байсан. Үүнийг ямар зорилготой хийсэн юм бол гэж танаас асуумаар санагддаг юм. Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж. Энэ хэм хэмжээнээс үүдэж эдгээр асуудал үүсээд байгаа юм биш биз гэсэн хардлага байна.
Б.Чимид /МУИС-ийн ХЗДС-ийн багш, гавьяат хуульч/: Энэ бол тогтоосон хэм хэмжээ юм. Яахав тэгж хэлж болох байх аа. Парламентын бүгд найрамдах улс гэдгээ л илэрхийлсэн хэрэг. Ингэж заасан хуультай орнууд бий л дээ. Парламентын бүгд найрамдах улс мөн гэсэн хувилбарыг Их хуралд оруулсан. Бага хурлын үед хассан юм. Ямар нэг газар нь парламентын бүгд найрамдах улс мөн гэдгийг тодорхойлохгүй бол төрийн удирдлагын хэлбэр одоогийн манантаад байгаагаас бүдэг болох байсан. Парламентын улс юм, хууль гаргадаг байгууллага нь хуулиар улсаа жолоодох юм гэсэн үүднээс хийсэн ухаантай. Гэтэл социализмын үеийн парламентын тодорхойлолттой адилхан болчихож гэж яриад байгаа юм.
Аз болж энд Японы Үндсэн хууль байна. Манайхтай яг ижил хийсэн байгаа юм. Гэхдээ хаан бол төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцдоггүй. Бүр тэгээд заачихсан. шүү. Энэ эрхээ парламентдаа өгсөн байгаа юм. Үндсэн хуулийн 1-р зүйлд хаан бол төрийн бэлгэдэл бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл мөн гэж. Бид ерөнхийлөгчөө ард түмний эв нэгдлийн илэрхийлэл мөн гэж хийсэн. Тэр ч утгаараа нам бус. Аль нэг засаг төрийн эрх рүү шууд орчихдоггүй. Ийм учраас төрийн хэлбэрийг гаргаж өгөх гэсэн санаа юм. Ирээдүйн залуус та бүхэн үүнийг арай зөв үгээр илэрхийлж болохгүй гэх газаргүй. Одоо бид тийм утгаар л тайлбарлах ёстой болоод байгаа. Зарим манай залуу судлаачид бичсэн байна лээ. Инээдтэй юм гэж ирээд бичсэн байна лээ. Хөөрхий нэг хэдэн хүүхдийн тоглоомон дотроос авсан чихрийн цаасан дээр биччихсэн шүлгэнцэр юм шиг гэж. Үндсэн хуулийг ингэж үзэж арай болохгүй. Түүнд маш олон нам, улстөрийн хүчин оролцож ярилцаж хийсэн. Бага хурал дээр тэр үед энэ буруу байна шүү гэж Очиржав ярьж байсан юм. Энд ямар тайлбар хийх вэ гэдгээ бодож олох л болчихоод байгаа юм. Бид гаднаа жишигтэй. Дийлэгдвэл Японы хуулиа бариад авахаас арга байхгүй. Монгол мал мэт ганцаараа зүтгээгүй гэж хэлэх гээд байгаа юм. Хамгийн гол нь парламентын улс гэдгийг үүнээс л харна. Онож хэлээгүй байж болно. Онож хэлээгүй юм мэр сэр бий л дээ. Онож хэлэх гэдэг хэцүү.
Жишээлбэл, мал төрийн хамгаалалтад байна гэдэг хөгтэй юм орсон гээд яриад байдаг. Яг тийм заалт оруулах гэхээр нь би хашгирч байгаа юм. Төлгөө алж идэхдээ сумын даргаас зөвшөөрөл авах хэрэгтэй болчихлоо, ядаж өөрчлөе гээд мал сүрэг гэж хийсэн юм. Сүрэг гэдэг бол мал биш. Удмын сангийн асуудал болж байгаа юм. Ийм учраас хожим Удмын сангийн хууль гэж гаргасан. Малын тухай хууль гэж гаргаагүй. Монголын малын үүлдэр угсааг хамгаалах тухай асуудал бол төрийн бодлого байх ёстой гэсэн утгаар хууль хийгдсэн. Тэгж залж өгч, бусад хуулиар нарийвчлах ёстой.
Ламжав: Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хөтөлбөр дээр Үндсэн хуулийг шүншиглэнэ гэж байна. Нөгөө муухай юмыг чинь маргааш шүншиглэнэ гэнэ. Чойжамц лам тэнд сан тавих байх аа.
Сүлд хүмүүсийн шүүмжлэлд их өртдөг. Сүлд өөрчилнө гэдэг бол нөгөө муухай аргаа баталгаажуулах гээд байгаа хэрэг. Үндсэн хуульд халдах аргаа баталгаажуулах гээд байна. Үүн дээр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Хамгийн сайхан өөрчлөлтийг ч гэсэн ийм арга барилаар оруулж болохгүй гэдэг дээр иргэд сонор сэрэмжтэй байх ёстой.
Одоо хорооны хурал дээр сонгуулийн асуудал яриад байгаа. Бүх хороонд нийтийн хурал гэдгийг шүүмжилж байгаа. Багтаах заал байхгүй. Аргагүй шүү дээ. Байхгүй юм чинь. Тийм учраас цөөлье гээд. Практик дээр юу болж байсан гэвэл нийтийн хурал зарлахаар хоёр янзын юм тохиолдож байсан. Хүн цугладаггүй, эсвэл, их хүн цуглаад ирэхээр хаалгаа хаачихдаг. Одоо ирсэн хүнийг оруулахгүй шүү гэж. Тэгээд тэнд нэг намынхан давамгайлаад ирэхээр саналаа давамгай болгохын тулд одоо үүнээс хойш хүн оруулахгүй гэж. Үүнийг засахын тулд авч хаяж байна л даа. Өөр арга байж болно. Үүнээс гарахын тулд хорооны Засаг дарга дээр бүх нийтийн сонгууль явуулчих ёстой юм. Яагаад шууд ардчилал тэнд байх ёсгүй гэж. Их хурлын гишүүн, бүр хэн ч ярихгүй байгаа юм. Харин нөгөө талаас нь шүүмжлээд байдаг.
Ерөнхийлөгчийг сонгох, малыг хамгаалалтад авах асуудлын хэлэлцүүлэг дээр олон зүйл гарч байсан л даа. Нэг талаас парламентын засаглал тогтоох гэж байгаа бол ерөнхийлөгчөө парламентаас сонгодог механизм руу оръё гэж, нөгөө талаас ерөнхийлөгчөө сонгохгүй юм бол Үндсэн хууль чинь ерөөсөө хэрэггүй гээд. Сүүлд нь ерөнхийлөгч Очирбат группуудын атамануудыг өрөөндөө цуглуулж “70 гаруй хоног хэлэлцлээ, ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгоно гэдгийг, малыг хамгаалалтад авна гэдгийг хүлээгээд авъя, алин болгон ингэх вэ” гэж хэлснээр хүлээж авч байсан түүхтэй. Энэ талаасаа сонин юм. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгосон нь муу болсон гэж бодохын хэрэггүй юм. Томоохон судлаачдын манайхны талаар бичсэн нийтлэлийг уншсан л даа. Тэнд бичсэнээр Монголын ерөнхийлөгчид сайн тал байна, тэнд очсон хүн жаахан засраад байна гэсэн байгаа юм.
-: Иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагаанд шахалт үзүүлж байдаг, төр засгаас ангид байх ёстой философи дээр суурилдаг. Гэтэл ерөнхийлөгч дэргэдээ Ахмадын зөвлөл гэсэн иргэний нийгмийн байгууллагыг захирамжаар байгуулсан байна. Үүнийг Үндсэн хуулийн суурь философи, ардчиллын онолтой зөрчилдөж байна гэж ҮХЦ-д өгөх хэм хэмжээний гарц байгаа юу?
Б.Чимид /МУИС-ийн ХЗДС-ийн багш, гавьяат хуульч/: Иргэд үзэл бодлынхоо дагуу сайн дураар эвлэлдэн нэгдэж болно гэсэн заалт байгааг зөрчиж байна гээд 16-р зүйлээр заргалдаж болно. Энэ нь сайн дурын байх ёстой, үзэл бодлоороо нэгдсэн байх ёстой, тиймээс захиргаадаж байгуулахгүй. Төр бүртгэдэг нь эрх зүйн чадамжтай болгож байгаа болохоос биш, байгуулах эсэхийг зөвшөөрч байгаа хэрэг биш. Үндсэн хууль зөрчсөн буюу үндэсний аюулгүй байдал гэх зэрэг гурван юм бий. Тэнд харшлах юм бол бүртгэхгүй байж болно. Ер нь бол Үндсэн хуульд халдаж байна уу, хуйвалдаж байна уу гэдгийг Тагнуулын байгууллага хянадаг ёстой. Ийм хуультай орон, ийм тагнуулын бүхэл бүтэн сүлжээтэй орон байна. Манайх тайван орон учраас Үндсэн хуулиа зүгээр эзэнгүй залчихдаг.
Энхбат /”Шинэ бодлого” хүрээлэнгийн тэргүүн/: Энэ бүгдийг бид мэдлээ. Тэгээд хараад суугаад байх уу? Өнөөдөр бид нэг зүйлийг сайн ойлгох ёстой байна. Ардчиллын 15 жилийн дараа нэг зүйлийг олж авсан. Энд суугаад ярьж чаддаг боллоо. Харин үүнийгээ хамгаалж арайхан сураагүй байгаа юм. Дараагийн 15 жилд бид үүнийг хамгаалж, тэмцэж сурах хэрэгтэй байна.
Америкийн иргэний нийгмийн том зүтгэлтэн Алескийн меморигоос ийм үг уншиж байсан. “Эрх баригчид сайхан санааг дагадаггүй юм. Эрх баригчид сайн хүнийг ч дагадаггүй юм. Эрх баригчид ганцхан зүйлийг л дагадаг. Өөрөөс нь хүчтэй хүнийг” гэж. Тэгээд дүгнэлтдээ ингэж хэлсэн байгаа юм. “Иргэний нийгмийн зорилт бол сайхан санаа гаргах явдал биш, сайн хүмүүсийг улстөрд оруулах ч явдал биш, иргэний нийгмийн зорилт бол эрх баригчдаас хүчтэй байх явдал” гэж.
Хүч гэж юуг хэлж байгаа юм бэ гэвэл зохион байгуулалт юм. Зохион байгуулалтын үндэс бол үзэл санаа. Нэг хүнийг тойрч үүсдэггүй юм. Ямар ч том улс гүрэн үзэл санааны өмнө нурж унадаг. Тийм учраас өнөөдөр иргэний нийгмийнхний өмнө маш том зорилт тулгарч байна. Энэ орон зайг бөглөөд бид ардчиллаа өөрсдөө авч явж чадах уу?
Чимид гуайд Үндсэн хуулийн 15 жилийн ойн баяр хүргэе. Энэ ажлыг гардаж хийж ирсэн хүн өөрийнхөө хөдөлмөр, бүтээлийн талаар ярилаа. Энэ ажлыг гардан авч явах залуучууд энд сонсоод сууж байна. Энэ бол өвөрмөц цаг. Тэгэхээр энэ ажлыг Чимид гуай шиг улам сайн үргэлжлүүлж чадах уу? 15 жилийн дараа үүнийг нураачихаад Үндсэн хуулиа өөрөөр яриад сууж байх юм уу? Тэгэхээр бид зохион байгуулалт, үзэл санаа, үзэл бодол гэдэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй юм.
Х.Тэмүүжин /МУИС-ийн ХЗДС-ийн багш/: Энэ цуврал лекцийг зохион байгуулж байхдаа хоёр зүйлийг бодсон. Нэгдүгээрт, эрх тушаалтнууд, тэр дундаа дарангуй бодолтой хүмүүс Үндсэн хуультай ойлголцдоггүй. Яагаад гэвэл тэдний үйл ажиллагаа цаг ямагт Үндсэн хуульд хязгаар болж зогсч байдаг. Тэгэхээр эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд, дур зоргоо тэлэхийн тулд болж өгвөл Үндсэн хуулийг өөрчлөх гэж дайрдаг. Гэхдээ их гоё үгүүдээр хуурдаг гэж. Хэрвээ даргын зүгээс Үндсэн хуулийг муулаад өөрчлөе гэсэн яриа үүсэх л юм бол иргэд цаг ямагт миний эрхээс юуг нь хулгайлах гэж байна вэ гэж бодож байх ёстой гэдэг үгийг ойлгуулж ярилцахын тулд энэ лекцийг явуулсан юм.
Хоёрт, баяр болохлоор төр өөртөө өмчилж аваад өөрсдийн баяр болгож хувиргадаг. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн баяраар төрийн оролцоогүйгээр иргэд өөрсдөө баярлаад үзвэл яасан юм бэ гэж бодсон. Төр баяр хийхээр хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс индрийн өмнө суугаад бусдынхаа өмнө агуу болж харагдаж эхэлдэг. Илүү хүчтэй, илүү эрх мэдэлтэй нь баярлаж эхэлдэг. Харин иргэд баярлаад ирэхээр хэн илүү үзэл бодол эрүүл байна, хэн илүү иргэдэд ойр байна тэд баярлаж эхэлдэг гэж. Тэгэхээр ийм баяр Монголд олон байгаасай гэдэг үүднээс Үндсэн хуулийн 15 жилийн ойг нэг нэгнийхээ мэдлэгийг нэмэгдүүлэх, тэлэх, үзэл бодлоо хуваалцах замаар Үндсэн хуульд эерэг хандлага бий болгох зорилготой зохион байгуулсан юм. Баяр маань сайхан болж өнгөрлөө. Энэ лекцийн санааг гаргасан “Шинэ бодлого” хүрээлэн, биднийг энд цуглаж хамтран ярилцах бололцоог олгосон ННФ-ынханд баярласнаа илэрхийлж байна.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 day ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !