Д.Баяр: Үндсэн хууль: Үндсэн хуульд хэзээ нэмэлт, өөрчлөлт хийдэг вэ? (2022.12.10-ны өдөр болсон Монголын Хуульчдын их хурал дээр тавьсан илтгэл)
1 year ago
Нийт хуульчиддаа энэ өдрийн мэнд хүргэе!
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулж байгаа “Үндсэн хуулийн үзэл баримтлал, сорилт, бэрхшээл” хуралд илтгэл хэлэлцүүлэх боломж ологосон та бүхэнд талархаж байна.
Цаг бага тул ингээд илтгэлээ эхэлье.
Илтгэлээ эхлэхээс өмнө уучлал хүсэхэд – үх - гэдэг үгийг олон удаа хэрэглсэн. Гэхдээ хараалын зориулалтаар бус харин “дуусгавар, хүчингүй болох” гэдэг агуулгаар хэрэглэснийг анхаарна уу!
Үндсэн хуулийг ҮХ (үх) гэж товчилсныг харагддаг. Зарим нь Монгол Улсын Үндсэн хууль гэснийг МУҮХ (муу үх) гэж товчилдог. Үндсэн хууль гэдэг улс төр, хууль, эдийн засгийн бичиг баримт нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, өөрчлөлтийн үр дүнд үхдэг буюу хүчингүй болдог. Монгол Улсын хувьд хэдийнээ 3 Үндсэн хууль баталж, үхүүлсэн байна. Өнөөдөр 4 дэх Үндсэн хуулийн хувь заяа яах вэ? гэдэг эгзэгтэй мөчид байна.
Бид шинэ Үндсэн хуульд хэдийнээ 4 удаа нэмэлт өөрчлөлт хийсэн. Харин эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд ямар үр дагавар Монголын нийгэмд авчирсныг төдийлөн, тодорхой дүгнэж хэлж чадахгүй байгаа. Дараа дараагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчтэй яригдах болсон энэ өдрүүдэд Үндсэн хуулиа үхүүлчихгүй авч үлдэх боломж, гарцын талаар ярилцахаар энэ илтгэлээр зорилоо. Өөрөөр хэлбэл энэ илтгэлийн зорилго нь өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг мөн үү гэдэгт хариулах болно.
Миний илтгэл үндсэндээ 4 үндсэн асуултыг тойрч хариулт өгнө.
- Үндсэн хууль яагаад тогтвортой, тэсвэртэй (stable, endurance) байх ёстой вэ?
- Үндсэн хууль яаж тогтвортой, тэсвэртэй байдаг вэ?
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн тогтвортой, тэсвэртэй байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Үндсэн хууль өөрөө ирээдүйн тодорхойгүй байдалд яаж зохицож, өөрчлөгдөх ёстой вэ? гэдэг асуултууд юм.
Асуулт 1. Үндсэн хууль яагаад тогтвортой, тэсвэртэй байх ёстой вэ?
АНУ-ын Конститушнь бол анхны бичмэл Үндсэн хууль. Энэ хууль өнөөдөр ч хүчинтэй, тогтвортой үйлчилсээр байна. Тус Үндсэн хуулийн эхийг барьсан Жеймс Мэдисон болон Томас Жеферсоны хооронд гарсан нэг чухал маргаан бол Үндсэн хуулийн шинэчлэл. Томас Жеферсоны хувьд Үндсэн хууль нь цаг үе, нийгмийн хөгжил, өөрчлөлттэй уялдан шинэчлэгдэж байх ёстой. Ойролцоогоор 19 жил тутамд шинэ Үндсэн хууль бичигдэж байх нь зүйтэй гэж маргаж байв. Гол үндэслэл нь хуучны, өгөршсөн ёс шинэ үеийг засаглаж болохгүй гэдэг маргаан. 1789 оноос хойш батлагдсан, хүчингүй буюу үхсэн Үндсэн хуулиудыг харахад Үндсэн хууль гэдэг баримт бичиг нь дунджаар 19 жил насалдаг болохыг Үндсэн хууль судлаачид өнөөдөр тогтоосон. Томс Жеферсон манайхаар бол үзмэрч шиг л хэлсэн байна.
Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй байх асуудалтай холбоотой хоёр л төрлийн маргаан гардаг. Нэг нь нийгмийн өөрчлөлт, шинэчлэл, хөгжил дэвшлийг хуучин үнэт зүйл, баримтлал засаглаж болохгүй гэх Жеферсон төрлийн маргаан. Харин нөгөө хэсэг нь Үндсэн хуулиа салхи салхилахад л өөрчлөөд, солиод байж болохгүй буюу суур, тогтвортой үзэл санаа, баримтлал нь нийгмийн хөгжлийг зөв чиглүүлдэг гэх юм.
Энэ хоёр маргаан хоёулаа л үндэслэлтэй. Гэхдээ үндсэн хууль судлаачдын импирикал судалгааны үр дүнгээр бол үндсэн хууль тодорхой хэмжээнд тогтвортой, тэсвэртэй байх нь эерэг үр дагавартай гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Үндсэн хууль тогтвортой, тэнцвэртэй байхад хоёр хүчин зүйл нөлөөлдөг.
Нэг нь Үндсэн хуулийн өөрийн үзэл санаа, бүтэц, хэллэг, агуулга бол нөгөө нь гадаад хүчин зүйл, жишээлбэл эдийн засаг, улс төр, геополитик, байгаль орчин г.м.
Үндсэн хууль судлаачид гадаад хүчин зүйл нь Үндсэн хуулийн өөрийн агуулгаас илүүтэйгээр Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй оршиход нөлөөлдгийг тодорхойлсон байдаг.
Иймд Үндсэн хууль үхэх олон шалтгаануудыг дурдсан байдаг нь шинэ технологи, дайн, мөн удирдагч нас барах зэрэг гэжээ. Харин Үндсэн хуулийн үхэл, эдийн засгийн хямрал хоёр хоорондоо шууд хамааралгүй болохыг онцолдог.
Үндсэн хууль гэдэг энэ баримт бичиг үхдэг, төрдөг. Зарим нь тогтвортой удаан насалдаг. Бараг л жил болгон 5 улс шинэ Үндсэн хууль баталдаг гэдэг судалгаа байна. Мөн жил болгон 30 гаруй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үхэл, нэмэлт өөрчлөлт бол тасралтгүй явагддаг үйл явц юм.
Монгол Улсын хувьд нийтдээ 4 үндсэн хууль баталсан. 1924 оны Үндсэн хууль нь 15 жил, 7 сар, 5 өдөр үйлчилсэн. 1940 оны Үндсэн хууль нь 20 жил 7 өдөр хүчинтэй байсан. Харин 1960 оны Үндсэн хууль нь 31 жил, 6 сар, 8 өдөр хүчинтэй үйлчилсэн байна. Харин бидний хэлж заншсан ардчилсан Үндсэн хууль нь өнөөдөр хурал болох өдрөөр үзвэл 30 жил, 9 сар, 8 хоног хүчинтэй байна.
Нэмэлт, өөрчлөлтийн тухайд 1924 оны Үндсэн хуульд нийт 7 удаа 4 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан бол 1940 оны Үндсэн хуульд 8 удаа 43-н зүйлд, 1960 оны Үндсэн хууль 13 удаа 68 зүйлд өөрчлөлт орсон байна. 1992 оны Үндсэн хуульд нийт 4 удаа, нийт давхардсан тоогоор 24 зүйлд нэмэлт өөрчлөлт хэдийнээ оруулсан.
Түүнчлэн нэмэлт, өөрчлөлт хоорондын хугацаа нь харилцан адилгүй буюу зарим тохиолдолд социалист Үндсэн хуулиудын хувьд өдрөөр, сараар, жилээр байх боловч шинэ Үндсэн хуулийн хувьд харьцангуй зайтай хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулсан дүр зураг харагдаж байна.
Үүнээс харвал шинэ Үндсэн батлах, хуучныг үхүүлэх, нэмэлт өөрчлөлт хийх харилцаа бол бидний хувьд төдийлөн шинэ, цочмог зүйл биш юм.
Харин шинэ Үндсэн хуулийн тухайд Үндсэн хуулийн эхийг баригч, Үндсэн хууль батлалцсан төлөөлөгчид, үндсэн хууль судлаач, улс төрчдийн хувьд тогтсон нэг хандлага нь Үндсэн хуульд ойрхон ойрхон хүрэхгүй байх нь зүйтэй гэдэг соёл юм.
Энэ нь хэдийнээ нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим болсон нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх болгонд сөргүүлэн тавьдаг Үндсэн хуулийн тогтвортой байдал гэх ойлголт юм.
Мөн энэ зарчим нь өөрөө Үндсэн хуулийн агуулга, түүнийг өргөжүүлэн баталгаажуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тод илэрдэг. Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийг хууль тогтоогчдын дийлэнх олонх эсхүл ард нийтийн асуулгаар өөрчлөх, түүнчлэн нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл заалтыг 8 жил дахиж хөндөхгүй байх, нэмэлт өөрчлөлтийг хуульд заасан процессоор хийх зэрэг нь Үндсэн хуулийн тогтвортой байдал гэдэг ойлголтын илрэх эрх зүйн хэлбэр мөн.
Дүгнэж хэлбэл Үндсэн хууль тогтвортой байх нь нийгэмд илүү эерэг үр дагаварыг бий болгодог. Үндсэн хуулийн тогтвортой байдалд гадаад орчин илүү нөлөөлдөг. Мөн Үндсэн хуулийн тогтвортой байдал нь нэмэлт өөрчлөлт хийх боломжтой шууд холбогддог ч, нэмэлт өөрчлөлт хийх нь нэмэлт, өөрчлөлтийн соёлтой нягт хамааралтай байдаг.
Асуулт 2. Үндсэн хууль яаж тогтвортой, тэсвэртэй байдаг вэ?
Үндсэн хуулиа огт хөндөхгүй, хав дараад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал бүрийг эсэргүүцсэнээр Үндсэн хууль тогтвортой орших уу? 1789 оны АНУ-ны Конститушнь 233 жил тогтвортой үйлчилж байхад 1791 онд баталсан Францын Конститушнь 1793, 1795, 1802 он гээд хэдэн ч удаа үхснийг тоолоход төвөгтэй. Францын Үндсэн хууль харах гэсэн юм гэж? номын санчаас асуухад бид дугаарууд хадгалдаггүй гэж хариулах хошигнол болтлоо Францийн Үндсэн хууль шинэчлэгдсэн байх жишээтэй.
Үндсэн хууль ер нь хоёр зарчмаар өөрийгөө шинэчилж, цаг үетэйгээ нийцэж, сэлбэж байдаг. Нэг нь нэмэлт өөрчлөлт бол нөгөө нь үндсэн хуулийн тайлбар. АНУ-ын хувьд үндсэн хуулийн тайлбар нь Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй орших үндэс болсон. Харин Францын тухайд энэхүү уян хатан байдал алдагдсан, тодорхой үзэл баримтлалд хэт хүлэгдснээс Үндсэн хууль нь олон удаа үхсэн гэж үздэг.
Нэмэлт өөрчлөлт нь тухай нийгэм, нийтийн шаардлагаар хийгддэг. Нэмэлт өөрчлөлт хийх шаардлага нь Үндсэн хууль өөрөө тухайн нийгэм, нийтийн хүсэл зоригтой таарч тохирохгүй байх, эсхүл нийгэм, нийт нь маш хурдтай өөрчлөгдөж, хөгжиж байгааг хүлээн авч зөвшөөрөх зэрэг байдлаар зохицдог.
Үндсэн хууль урт удаан хугацаанд тогтвортой байх баталгаа бол нэмэлт, өөрчлөлт хийх боломж нь нээлттэй (flexibility), өөрчлөлт нь илүү тодорхой (detailed), болон өөрчлөлт хийх процесс нь бүх талуудын оролцоог хангасан (inclusive) байхаар тодорхойлогддог.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль тогтоогчдын дийлэнх олонхоор, ердийн олонхоор, эсхүл ард нийтийн санал асуулгаар хийдэг дэлхийн нийтийн хандлага байна. Ердийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг, хууль баталдагтай адилаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийдэг олон улс орнууд бий, Энэтхэг, Бразил, Мексик гэх мэт.
Дэлхийн олонх улс орнуудад хууль тогтоогчдын дийлэнх олонхын дэмжлэгээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Монгол Улсын хувьд ч ялгаагүй.
Хууль зүйн техникийн хувьд Үндсэн хуульд заасан шаардлагад нийцэж л байвал бид хэдэн ч удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Харин судлаачдын хувьд хууль зүйн техникийн уян хатан байдлаас гадна тухайн нэмэлт, өөрчлөлтийн соёл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцааг зохицуулах суурь үндэс болдгийг тодорхойлдог.
Нэмэлт, өөрчлөлтийн соёл гэдгийг нь үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн агуулга эсхүл нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага хэрэгцээнээс гадна нэмэлт, өөрчлөлт хийх нь зүйтэй эсэх нийтлэг хандлага гэж үзэж болно. Харин энэхүү соёлын хувьд Монголын нийгэм ойрхон нэмэлт, өөрчлөлтийг төдийлөн таашаадаггүй болж өөрчлөгдсөн гэж хэлж болох болов уу!
Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй байхад тухай өөрчлөлт нь илүү тодорхой, деталийн байх нь гол факт. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн үзэл санааг улам тодруулах, зарим нэг тодорхойгүй зохицуулалтыг ойлгомжтой болгох, ерөнхий зохицуулалтыг задалж, дэлгэрүүлэх зэргээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг төлөвлөх нь Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй байх баталгаа болдог.
Тиймдээ АНУ-ын дээд шүүхийн тайлбар нь Үндсэн хуулийн үг хэллэг, агуулгыг илүү тодорхой, дэлгэрэнгүй болгож өгснөөрөө Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй орших үндэс нь бүрдсэн гэж үздэг. Түүнчлэн одоо үйлчилж байгаа үндсэн хуулиудыг энэ шалгуураар авч үзэхэд ерөнхий зохицуулалттай үндсэн хуулиудаас, тодорхой, нарийн зохицуулалттай үндсэн хууль нь илүү урт хугацаанд, тогтвортой үйлчилдэг гэж дүгнэдэг.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх үйл явц олон талын оролцоог хангасан байх ёстой. Энэ ойлголтод зөвхөн олон нийт багтахгүй. Чухал талууд бол иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, улс төрийн бусад хүчин зэрэг багтана.
Эдгээр талуудын оролцоо нь Үндсэн хууль хэрэгжих суурь үндэс болдог. Гэхдээ хамгийн том оролцоог хангах ёстой этгээд бол улс төр, эдийн засгийн гол өрсөлдөгч юм.
Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй орших үндэс бол улс төрийн эрх мэдэл атгаж байгаа, атгах чадвартай, хүчтэй талуудын оролцоо, зөвшилцлийг бодитоор хангах явдал юм.
Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхэд нэмэлт, өөрчлөлт хийх уян хатан зохицуулалт, соёл, нэмэлт өөрчлөлтийн агуулга дэлгэрэнгүй нарийвчилсан байх, мөн нэмэлт, өөрчлөлтийг талуудын нээлттэй оролцоонд тулгуурлах гэдэг гурван асуудлыг цогцоор нь хангасан тохиолдолд Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй орших үндэс болно.
Асуулт 3. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн тогтвортой, тэсвэртэй байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
Үндсэн хуулийн тогтвортой, тэсвэртэй байдал болон үндсэн хуулийн бат бөх байдал гэж хоёр ойлголт байна. Үндсэн хуулийн тогтвортой, тэсвэртэй байдал гэдэг ойлголтоор Үндсэн хууль хэрхэн урт хугацаанд, тогтвортой наслах тухай асуудлыг авч үздэг.
Харин Үндсэн хуулийн бат бөх байдал нь Үндсэн хуулийн үзэл санаа, тогтолцоонд халдахад хэрхэн Үндсэн хуулийг хадгалж үлдэх вэ? гэдэг асуудал.
Энэ хоёр ойлголт ялгаатай боловч хоорондоо хамааралтай, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бас холбогддог. Учир нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэг талаар Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй, урт удаан үйлчлэхэд чухал хөшүүрэг болдог бол нөгөө талаар Үндсэн хуульд ёсонд халдах халдлага болдог.
Тиймээс аливаа нэмэлт, өөрчлөлтийг харахдаа энэ нь нэмэлт, өөрчлөлт үү? Эсхүл Үндсэн хуулийн бус өөрчлөлт үү (тогтолцооны өөрчлөлт үү)? гэж харах ёстой. Түүнчлэн нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулан Үндсэн хуулийн трансформац хийх нь түгээмэл байдаг. Авторитар засаглалаас ардчилсан, эсхүл ардчилсан дэглэмээс авторитар гэх байдлаар Үндсэн хуулийн транформац хийж болно. Өмнөд солонгос, Тайван, Япон зэрэг орнууд эхний жишээнд багтах бол Унгар, Бразил, Веннесвуэйл зэрэг нь дараах жишээ! Монгол Улс ч мөн 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Үндсэн хуулийн трансформац хийсэн.
Харин үндсэн хуулийн бус үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яах вэ? Өөрөөр бидний хүсээгүй трансформац болбол яах вэ? Үндсэн хуулийг сахиулах, хамгаалах нь зөвхөн Үндсэн хуулийн шүүхийн үүрэг биш юм. Улс төрийн бүх институт, албан тушаалтан Үндсэн хуулийг мөрдөх, дагах, Үндсэн хуульд захирагдах, түүний үзэл санааг баримтлах, хамгаалах ёстой.
Тиймдээ ч АНУ-ын дээд шүүхээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шүүх хянахгүй бөгөөд энэ бол улс төрийн асуудал гэж шийдсэн. Тодруулбал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх хатуу процесс нь нийтийн зөвшилцөлийг шаарддаг тул буруу, Үндсэн хуулийн бус трансформац болох боломжгүй гэж үздэгт оршино.
Харин бусад маш олон орнуудын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж болох зохицуулалтыг оруулсан байдаг. Энэ нь хоёр байдлаар илэрнэ.
Нэгт, Үндсэн хуульд заасан өөрчилж болохгүй буюу итэйрнитй (eternity) заалтыг зөрчсөн эсэх. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж, нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосон тохиолдол тийм олон биш. Жишээ нь ХБНГУ-ын хувьд Үндсэн хуулийн итэйрнитй заалтуудыг өөрчилсөн эсэхийг уг заалтын үг, үсгийг өөрчилсөн, хөндсөн эсэх хүрээнд л шалгахаас агуулгын хувьд, бусад заалтуудтай холбож, тайлбарласан тохиолдол байхгүй.
Харин Туркийн хувьд итэйрнитй заалт байх боловч агуулгын төвшинд өргөн хүрээнд шалгасан тохиолдлууд цөөнгүй.
Хоёрт, бүтцийн онолын хүрээнд нэмэлт, өөрчлөлтийг хянадаг. Хэдийгээр агуулгын хувьд итэйрнитй заалттай адил боловч нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцсэн эсэхэд шалгадгаараа илүү өргөн хүрээтэй.
Үнэндээ Үндсэн хуульдаа итэйрнитй зохицуулалт байхгүй улс орнууд Үндсэн хуулийн суур бүтэц, үзэл санаа гэдэг материаллаг шалгуурыг гаргах замаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянаж үздэг. Олон жишээ байх ч хамгийн түгээмэл нь Энэтхэг юм.
Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль тогтвортой, тэнцвэртэй байх үндэс гэж харахаас гадна Үндсэн хуулийн трансформац болох түлхүүр гэж анхаарах нь зүйтэй.
Асуулт 4. Үндсэн хууль өөрөө ирээдүйн тодорхойгүй байдалд яаж зохицож, өөрчлөгдөх ёстой вэ?
Үндсэн хуульд хэзээ нэмэлт, өөрчлөлт оруулдаг вэ? зөв цаг хугацаа гэж байхгүй. Хүсвэл хэзээ ч оруулж болно. Шинэ Үндсэн хууль бичсэн ч болно. 1991 онд 4-5 хүн Үндсэн хуулийн төсөл бичсэн байдаг. 2019 оны нэмэлт өөрчлөлт хийх үйл явцад хэд хэдэн бие даасан төсөл явж харагддаг. Эсхүл Томас Жеферсоны хэлснээр 19 жил болоод нэг шинэчлээд ч явж болно. Судлаачдын хэлснээр Үндсэн хууль тогтвортой үйлчлэхэд 7 дахь жил хамгийн критикал байдаг. Эсхүл 50 дахь жилээс их засвар ордог. Энэ мэт олон хугацаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлж болно. Гэхдээ харьцуулсан Үндсэн хууль судлалд тодорхойлсноор тухайн улсын дотоод хүчин зүйлс хамгийн чухал: Улсын ухамсар, түүх, соёл, үндсэн хууль ёсны төлөвшил, эдийн засагийн чадавх, улс төрийн орчин ... г.м.
Дотоод хүчин зүйлсээ зөв тооцоогүй, тодорхойлоогүй, өөрсдийгөө гүйцэт таниайгүй, судлаагүй мөртлөө Германд тэгдэг, Японд ингэдэг, АНУ-д бол ийм гэхчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг харж, томьёолж болохгүй.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхэд зөв цаг гэж байхгүй. Шаардлага бол бий.
Гол шаардлага нь Үндсэн хуулийн хямрал юм. Үндсэн хуулийн хямралыг Үндсэн хуулийн үхжилтээс ялгах хэрэгтэй. Улс төрийн зодоон Үндсэн хуулийн хүрээнд тайван замаар шийдэгдэж чадахгүй болсныг Үндсэн хуулийн хямрал гэнэ. Олон байдлаар илэрнэ. Гол тоглогчид илээр Үндсэн хуулийг үгүйсгэх, олон нийт Үндсэн хуулиар тогтоосон эрх зүйн тогтолцоог хүлээн зөвшөөрөхөө болих, эсхүл Үндсэн хууль нь зөвхөн улс төрийн гол тоглогчийг хамгаалахад чиглэсэн зориулалттай болж хувирах зэрэг багтана.
Харин Үндсэн хуулийн үхжилт бол аажмаар явагддаг процесс. Үндсэн хуульт институт авилгажих, дур зоргоороо хууль тайлбарлах, хуулийн өмнө эрх тэгш байдал алдагдах зэргээр үндсэн хуульт ёс дотроосоо ялзрахыг хэлнэ.
Бидний хувьд хэдийгээр үндсэн хуулийн хямрал бий болоогүй ч Үндсэн хуулийн үхжилт алхам тутам явагдаж байна. Үндсэн хуулийн хямралын үед Үндсэн хуульд хурдтай, нээлттэй, оролцоотой байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн тогтвортой, тэсвэртэй байдлыг хадгалж болох бол үхжилтийн үе нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, зорилго аажмаар алдагддаг тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үхжилтийг шууд зогсоочихдог шийдэл болж чаддаггүй.
Үхжилтийг улс төрийн манлайлал, Үндсэн хуулийн институтийг чадавхжуулах, үндсэн хуулийн боловсрол, нээлттэй, чөлөөт хэвлэл - мэдээлэл, олон нийтийн болон хуульчдын оролцоо г.м. олон үе шаттай алхмаар шийдсэн нь илүү үр дүнтэй. Энэ хурлын зорилго ч үүнд чиглэсэн гэж итгэж байна.
Дахиад л хоёр ойлголтыг зөв ялгах хэрэгтэй: Нэг нь эрсдэл бол нөгөө нь тодорхойгүй байдал.
Эрсдэл бол үр дагаврыг бодитой урьдчилан харж болох тохиолдлыг хэлэх бол тодорхойгүй байдал нь тийм боломж өгдөггүй. Тэгвэл ардчиллаас ухарч байгаа үйл явц, дэлхий нийтийг хамарсан дахал, Украйны дайн, эдийн засгийн хямрал зэрэг нь Монголд яаж, ямар байдлаар нөлөөлөх вэ, энэ эрсдэл үү? Эсхүл тодорхойгүй байдал уу?
Ардчиллаас ухарсан, шинээр ардчилсан болсон улсуудыг түүхийн үүднээс харвал уналттай босолттой зураг харагдана. 1816-2003 оны хооронд гэхэд авторитар дэглэмээс ардчилсан дэглэм рүү нийт 526 удаа, ардчилсан улс төрийн тогтолцооноос авторитар дэглэм рүү 366 удаагийн шилжилт болсон байдаг.
Улсууд ардчилсан болдог, дараа нь ардчилсан бус болдог. Ардчилагчид өөрсдөө дарангуйлагчид болдог. Хамгийн ойрхон жишээгээр Унгарыг судлаачид нэрлэж байна.
Ардчилсан бус болж байгаа үйл явц нэг л жортой биш. Улс бүр харилцан адилгүй шалтгаантай. Үндэстэн ястны зөрчил, хэт тэгш бус байдал, эдийн засгийн хямрал, цагаачлалын бодлого, шашны зөрчил гээд янз бүрийн шалтгаантай.
Түүнээс бус 20 орон, гучин орон ардчилсан бус болчихлоо, хоёр хөрш маань ардчилсан бус байна. Цар тахал, Украйны дайн, эдийн засгийн хямрал боллоо. Хойд Солонгос зэвсгийн дахин туршилт хийлээ. Иранд жагсаал боллоо. Итиопод иргэний дайн боллоо зэргээр бид Үндсэн хуулиа өөрчлөөд болохгүй. Учир нь эдгээр үйл явц улс болгонд харилцан адилгүй нөлөөлөл, сөрөг үр дагаврыг авчирч байгаа. Энэ нь үндсэн хуульт ёсонд харилцан адилгүй нөлөөлөл учруулж байгаа. Монгол Улсад хэрхэн нөлөөлөх нь өнөөдөр төдийлөн тодорхойгүй байгаа болохоос эрсдэлтэй гэж хэлхэд эрт байна. Хэрэв эрсдэл хайж байгаа бол хяналтгүй, том, нам дагасан парламентын засаглал гэж харж байна. Иймд дараах дүгнэлтийг хийе.
Дүгнэлт
- Бид нэмэлт, өөрчлөлтийн соёлоо хадгалах ёстой. Үндсэн хуульд ойр ойрхон хүрэх нь зохимжтой биш гэдэг нийтлэг хандлага тогтсон байна. Энэ хандлага нь Үндсэн хуульт ёс төлөвшихөд чухал үүрэгтэй. Тиймээс ойр ойрхон Үндсэн хуульд хүрэх замаар зөв тогтсон хандлагаа эвдэх нь нэмэлт, өөрчлөлтөөр бий болж магадгүй давуу талаас илүү хортой.
- Хүчний оролцоог хангах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол улс төрийн гол хүчин, тоглогч нарийн зөвшилцлийн үр дүнд бий болох ёстой. Хоёр ч сонгуулийн үр дүнд олонх болсон, гурван ч ардчилсан ерөнхийлөгч төрүүлсэн, олон удаа засагт ажиллаж байсан улс төрийн хүчин криппл болсон энэ үед нэмэлт, өөрчлөлт хийсэн ч урт настай байж чадахгүй. Мөн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульт улс төрийн тогтолцоогоо хямрал руу хөтлөх эхлэл ч болох эрсдэлтэй.
- Тодорхой байдал байгаа болохоос эрсдэл алга байна. Цар тахал, дайн, эдийн засгийн хямрал, ардчилсан тогтолцооноос ухарч байгаа олон сөрөг үйл явц болж байна. Гэхдээ энэ бүх нь улс орон бүрд нэг хэмнэлээр, ижил үр дагавар авчирна гэж шууд дүгнэж болохгүй. Тодруулбал, тодорхойгүй байдал нь эрсдэлтэй байдлаас хамаагүй өндөр байгаа учир нэмэлт, өөрчлөлт хийх замаар ирэх аюулаас зайлсхийж чадна гэж ойлгож болохгүй.
- Үндсэн хууль тогтвортой байна. Үндсэн хуулийн хямрал бидэнд үнэндээ нүүрлээгүй байна. Үндсэн хуулийн дор улс төрийн тэмцэл хэвийн үргэлжилж, тайван замаар эрх мэдэл шилжиж чадаж байна. Харин Үндсэн хуулийн үхжил бол явагдаж байгаа. Үүнийг нэмэлт, өөрчлөлтөөр шийдчих боломжгүй.
- Нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хууль тогтвортой, тэсвэртэй орших эм. Бас хор ч байж болно. Гэхдээ аз, эз байж болохгүй. Үндсэн хуульт ардчилсан тогтолцоо өдрөөс өдөрт үхжиж байгаа нь үнэн боловч хэт их яарсан, чичирсэн өөрчлөлт нь Үндсэн хуулиа тогтвортой, тэсвэртэй хадгалах өөрчлөлт болохоос илүүтэй Үх Үндсэн хууль гэж түлхсэнтэй адил зүйл болох вий! Анхаарал тавьсанд баярлалаа
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 day ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !