М.Түвшинтөгөлдөр: АНУ-ын Чикагогийн Их сургуулийн хууль зүйн магистрын хөтөлбөрт хэрхэн тэнцэх вэ?

1 year ago

Юуны өмнө Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн сургуулийн магистрын хөтөлбөр (LL.M.)-т өргөдлөө явуулахын өмнө та дараах шаардлагуудыг хангаж байгаа эсэхээ шалгаарай:

  • Хууль зүйн бакалаврын зэрэгтэй юу?

Өргөдөл хүлээн авахад нэн түрүүнд тавих шаардлага бол та бакалаврын зэрэг (LL.B. эсхүл JD)-ээ авчихсан, эсхүл өргөдөл явуулж буй магистрын хөтөлбөр эхлэх огнооноос өмнө авах боломжтой байх ёстой.

  • Сургуулиа сонгосон уу?

Хамгийн чухал нь тухайн хөтөлбөр, сургууль нь таны мэргэжлийн сонирхолд нийцэх үү, ирээдүйн зорилгод тань хэрэгтэй байж чадах уу зэргийг харгалзахыг зөвлөж байна. Үүнээс гадна сургуулийн төлбөр, нэр хүнд, эрдэмтэн профессорууд, сургууль байрлаж буй газар нутгийн онцлог, цаг агаар, амьжиргааны зардал зэрэг хүчин зүйлүүдийг бодолцож үзэх нь зүйтэй. Ийнхүү шүүлт хийснээр гарч ирсэн сургууль тус бүртэй нэг бүрчлэн сайн танилцаад өөрт тохирсон 5-8 сургуулиудыг сонгож, өргөдлөө явуулахдаа бэлддэг. Хэрвээ та сургуулиа эцэслэн сонгосон бол сургуулийнхаа цахим хуудаст ороод магистрын хөтөлбөр сонирхогчдод зориулсан цахим арга хэмжээнүүдийг сонирхож үзээрэй. Учир нь эдгээр арга хэмжээнүүдэд бүртгүүлэн оролцсоноор тухайн  сургуулийн элсэлт хариуцсан мэргэжилтнүүдтэй шууд харилцаж мэдээлэл авах боломжтой билээ.

Өргөдөл хэрхэн явуулах вэ?

Америкийн Нэгдсэн Улсын хууль зүйн сургуулиудад өргөдөл явуулахдаа ихэвчлэн Law School Admission Council (LSAC) буюу Хуулийн сургуулийн элсэлтийн зөвлөлийн цахим хуудас (www.lsac.org)-аар, эсхүл цөөн тохиолдолд шууд тухайн хуулийн сургуулийн цахим хуудсаар дамжуулан илгээдэг. LSAC нь таны баримт бичгүүд болон бусад бүрдүүлэх материалуудыг нэг дор цуглуулж, баталгаажуулан, цаашлаад хуулийн сургууль тус бүрт хүссэн шалгуураар нь явуулж өгдөг цогц платформ юм. Хэрвээ та магистрын хөтөлбөрт явахаар бэлдэж байгаа бол хамгийн түрүүнд тус цахим хуудаст орж өөрийн хаягаа бүртгүүлж, нэвтрээд LL.M. өргөдөл явуулах зааварчилгаатай нэг бүрчлэн танилцаж үзэхийг зөвлөж байна.

LSAC цахим хуудсаар сургууль болон хөтөлбөрөө шүүлт хийн хайх боломжтой бөгөөд өөрийн сонирхож буй магистрын хөтөлбөрүүдийг сонгож тус бүрийн өргөдлийг нээн үзэж, хөтөлбөрийн шаардлага, бүрдүүлэх материалыг харж болно. Хууль зүйн сургуулиудын нийтлэг тавьдаг шаардлага бол хэлний оноо, тодорхойлох захидал, хувийн танилцуулга (CV, эсхүл Resume), болон хамгийн чухал нь тус сургуулиас тавьсан асуулт, хэлбэрийн дагуу бичсэн зохион бичлэг буюу эссэ байдаг.

  • Эссэ – Сургууль бүр өөр өөр сэдэвтэй болон хэлбэр (үгийн тоо болон формат)-тэй зохион бичлэг ирүүлэхийг шаарддаг. Гэхдээ ихэвчлэн “Personal Statement” буюу таныг ямар үнэ цэнэтэй, ур чадвартай, сонирхолтой болох, тухайн сургуульд болон сургуулийн хамт олонд ямар хувь нэмэр оруулах зэргийг буюу нэг үгээр таныг хэн болохыг мэдэхийг хүссэн эссэ шаарддаг. Зарим сургуулиуд нэгээс олон эссэ оруулахыг шаарддаг бол мөн зарим нь эссэ дээр нэмээд цөөн тооны асуултад хариулахыг хүсдэг. Түүнчлэн эссэндээ яагаад тус сургуулийг, хөтөлбөрийг сонгосон, хөтөлбөрт хамрагдсанаар өөрт тань ямар ач холбогдолтой болох, ирээдүйд юу төлөвлөж байгаа, юуг хийж бүтээх талаар тодорхой тусгахыг зааварласан байдаг.
  • Хувийн танилцуулга – Хувийн танилцуулгад өөрийн товч танилцуулга, ажлын туршлага, боловсрол, мэргэжлийн ур чадвар, бүтээл, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх зэрэг мэдээллүүдийг оруулна. Америк сургуулиудад танилцуулгаа явуулж байгаа тул тухайн улсын стандартад нийцүүлсэн байвал давуу тал болдог.
  • Хэлний оноо – Магистрын хөтөлбөр нь бүрэн Англи хэл дээр явагддаг тул сургууль болгон харилцан адилгүйгээр Англи хэлний түвшин тогтоох шалгалт (IELTS эсхүл TOEFL)-ны тодорхой онооны шалгуур хангасан байхыг шаарддаг. Мөн зарим сургууль зөвхөн TOEFL оноо шаарддаг болохыг анхаарна уу. Цөөнгүй сургуулиуд шаардсан онооноос ялимгүй доогуур оноотой байсан ч өргөдлийг авч шалгадаг тул хэрвээ таны оноо зорьсон сургуулийн шаардлагаас багахан дутсан бол зориглоод өргөдлөө явуулаад үзэхийг зөвлөж байна.
  • Хуулийн сургуулийн дүнгийн тодорхойлолт – Бүх магистрын хөтөлбөр таны эхний хуулийн зэргээ авсан сургуулиас дүнгийн тодорхойлолтоо явуулахыг шаарддаг. Америкийн ихэнх сургуулиуд дүнгийн доод хэмжээний шаардлага тавьдаггүй боловч үүнийг мөн чухалчлан авч үздэг зарим сургуулиуд байдаг. Дүнгийн тодорхойлолтоо заавал эх хувиар, шуудангаар явуулдаг учраас эртхэн явуулсан нь дээр байдаг бөгөөд өргөдөл гаргагч өөрөө эх материалыг явуулахыг хориглодог тул сургуулиас шууд явуулж өгөхийг хүсэх хэрэгтэй болдог. Ингэхдээ мөн материал хавсаргасан дугтуйг битүүмжлэн тамгалуулах ёстой байдаг. Мэдээж шуудангийн зардал өндөр гардаг учраас миний хувьд энэ зардлыг сургуулиас биш өөрөө гаргаад явуулж байсан. Түүнчлэн зарим сургуулиудын хувьд хуулийн сургуулийн дүнгийн тодорхойлолтод заавал нэмэлтээр тусгахыг шаардсан зүйлүүд байдаг тул сургууль бүрийн зааврыг анхааралтайгаар уншаарай.
  • Тодорхойлох захидал – Ихэнх сургууль таныг тодорхойлсон захидлыг хуулийн сургуулийн багш, эсхүл ажил олгогчоосоо авч явуулахыг шаарддаг. Сургууль бүр хэдэн захидал явуулж болох, хэнээс явуулах зэрэг дээр өөр өөр шаардлага тавьдаг бөгөөд дийлэнх сургуулиуд 2-3 тодорхойлох захидал илгээхийг зөвлөдөг. 2-с дээш тодорхойлох захидал шаардаж байгаа бол академик буюу сурч боловсрох ур чадварыг тань тодорхойлсон захидал нэмж явуулсан нь дээр гэж зөвлөдөг.

Өргөдөл явуулахдаа сургууль бүрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацааг алдалгүй явуулах нь чухал бөгөөд зарим сургуулиуд эрт өргөдөл хүлээн авах хугацаатай байдаг. Эрт хүлээн авах хугацаанд өргөдлөө явуулснаар өргөдлийн хариуг ихэвчлэн эрт авах давуу талтай байдаг.

Өргөдөл явуулахад гарах төлбөр

LSAC платформыг ашиглахад нэг удаагийн хөлс авдаг. 2023 оны байдлаар[1] Цахим өргөдөл боловсруулах үйлчилгээнд 39 ам.доллар, Баримт бичиг цуглуулах үйлчилгээнд 55 ам.доллар, Олон улсын дүнгийн тодорхойлолт баталгаажуулах, үнэлэх үйлчилгээнд 140 ам.доллар байх бөгөөд эдгээрийг заавал төлөх ёстой байдаг.

Түүнчлэн сургууль тус бүрт өргөдөл гаргахдаа 50-100 ам.долларын төлбөр төлдөг. Зарим сургуулиуд энэхүү төлбөрөө өөрсдийн цахим арга хэмжээнд орсон, эсхүл цахимаар хандсан оюутнуудад хөнгөлдөг бол ямар ч төлбөр шаарддаггүй сургуулиуд мөн байдаг.

Тэтгэлэг

Мэдээж Америкийн нэгдсэн улсын шилдэг их сургуулиудын төлбөр дэлхийн бусад аль ч сургуультай харьцуулахад өндөр байдаг. Тухайлбал, 2023-2024 оны АНУ-ын шилдэг 15 хуулийн сургуулийн төлбөр 50,000-75,000 ам.доллар[2] байна. Үүгээр зогсохгүй сургуулийн байгаа муж, хотоос хамаараад амьжиргааны зардал (хоол, тээвэр, хэрэглээ) мөн гарна. Судалгаанаас үзвэл Америкид нэг хичээлийн жилийн амьжиргааны дундаж зардал 26,027 ам.доллар[3] байна. Түүнчлэн эрүүл мэндийн даатгал, номны төлбөр зэрэг томоохон зардлууд ч үүн дээр нэмэгдэнэ. Иймд та олон жил ажиллаж хуримтлуулсан мөнгөтэй, эсхүл өндөр цалинтай л биш бол энэхүү ачааг нимгэлэхэд өөрт таарах тэтгэлэгийг заавал судлах хэрэгтэй. Тэтгэлгийг өөрийн болон бусад улсын засгийн газар, олон улсын байгууллага, компани, сангууд, ажил олгогчоос гадна таны өргөдөл явуулж буй сургуулиас авах боломжтой. Иймд өөрийн туршлагаа хуваалцаж “Оюуны-Инноваци” ТББ болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлэг болон Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлүүдийн талаар танилцуулъя.

Оюуны-Инноваци ТББ болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан тэтгэлэг

Тус тэтгэлэг нь анх 2023-2024 оны хичээлийн жилийн Чикагогийн Их Сургуулийн хууль зүйн магистрын хөтөлбөрт зориулан гарч байсан бөгөөд тэтгэлгийг “Оюуны-Инноваци” ТББ, Монгол Улсын Засгийн газар болон Чикагогийн Их Сургуулиуд хамтран гаргасан. Энэхүү тэтгэлэг нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүрэн хариуцсан, 100 хувийн тэтгэлэг юм.

Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтад оролцохын тулд дээр бичсэнээр LSAC цахим хуудсаар нэвтэрч Чикагогийн Их Сургуулийн хууль зүйн магистрын хөтөлбөрт өргөдөл явуулснаар шууд хамрагдсан. Бусад өргөдөл гаргагч нараас ялгаатай нь энэхүү тэтгэлгийн сонгон шалгаруулалтад хамрагдаж байгаа учир Чикагогийн их сургуулийн магистр, докторын хөтөлбөр хариуцсан захирал нь цахимаар 15 минут орчим ярилцлага авсан. Ярилцлагад миний тус сургуульд гаргасан элсэх өргөдөл болон зохион бичлэгтэй холбоотой асуултуудыг асууж байсан бөгөөд Чикагогийн Их Сургуулийг яагаад сонгосон, яагаад магистрын хөтөлбөрт суралцмаар санагдсан, цаашид юу хийх хүсэлтэй талаар ярилцсан. Ярилцлага хийснээс хойш 14 хоногийн дотор сургуульд тэнцсэн тухай хариу өгсөн бөгөөд мөн удалгүй тэтгэлэгт шалгарсан болохыг мэдэгдсэн.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг[4]

Энэхүү тэтгэлэгийн хүрээнд дотоодын сургалтын байгууллагын 50 хүртэлх шилдэг суралцагч тус бүрд арван сая хүртэл төгрөгийн тэтгэлэг, мөн гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах суралцах 50 хүртэлх суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Сонгон шалгаруулалт 2 шаттай явагдсан бөгөөд дараах шаардлагыг сонгон шалгаруулалтын оролцогч нарт тавьж байсан:

Нэгдүгээр шат

  • Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 онд эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсныг нотлох урилга, баталгаат орчуулга;
  • Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, хамгийн багадаа IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар;
  • Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулга;
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/; болон
  • ““Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ.

Хоёрдугаар шат

““Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэний агуулгаар Англи хэл дээр товч танилцуулга бэлтгэж, сонгон шалгаруулалтын комиссын өмнө илтгэх, комиссын гишүүдийн асуултад хариулах.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлэгийн 2023 оны сонгон шалгаруулалт нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зарлагдаж 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл эхний шатанд оролцогчдын материалыг хүлээн авсан. Энэ жилийн сонгон шалгаруулалтын хувьд 47 хүн материалаа илгээж 26 хүн хоёр дах шат буюу ярилцлагын шатанд оролцсон. Мөн энэ жилийн хувьд сонгон шалгаруулалтын эцсийн хариу 2023 оны 6 дугаар сарын эхээр гарсан.

Энэхүү мэдээлэл, зөвлөмж маань уншигч таны ирээдүйн боловсролд багахан ч гэсэн хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Магистрын түвшинд суралцахаар бэлтгэж буй та бүхэнд амжилт хүсье.

 

[1] https://llm.lsac.org/Services/Information.aspx

[2] https://www.usnews.com/best-graduate-schools/top-law-schools/law-rankings

[3] Hanson, Melanie. “Average Cost of College & Tuition” EducationData.org, September 6, 2023,
https://educationdata.org/average-cost-of-college

[4] https://scholarship.esis.edu.mn/grant/news%20more.html?more=41