Б.Чимид: Засгийн газрыг байгуулахдаа ард түмний хийсэн сонголтыг баримтлах ёстой
4 months ago
-Хамтарсан Засгийн газар байгуулах талаар Та ер нь ямар бодолтой явдаг вэ? Ийм Засгийн газар бид нэлээдийг байгуулж ажиллуулсан. Улс оронд маань өгөөж багатай байгаа юү гэж надад бодогддог юм…
-За даа, энэ талаар яриад хэрэг байна уу даа. Шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, тангараг өргөх явдлыг удаан хугацаагаар саатуулж буйн цаад утга учир нь албан тушаал хуваахад л байх шиг байна гэж би танай сонинд саявтар өгсөн ярилцлагадаа хэлсэн. Яг л үнэн болж таарах гээд байх шиг байна. Би уг нь ингэж болохгүй гэсэн утгаар хэлсэн юм. Олны үгийг сонсох биш дээ.
-Хамтарсан Засгийн газар байгуулах нь том эрх ашгийг бодолцсон үйл гэж үзээд байх шиг байна. Гэтэл Та үүнийг таашаахгүй байгаа юм аа даа…
-“Өнөө ач тач үзэлцээд байсан хоёр нам чинь эвлэрээд хамтрах болчихож, аргагүй л томоор бодож байна” гэсэн агуулгатай юм сонинуудын хуудаснаа харагдана билээ. Засаг төрийг төвхнүүлнэ гэдэг “том бодлогын асуудал” мөн боловч түүнийг улс төр, эрх зүйн өндөр төвшинд бодож, чадаж байна уу, үгүй юү гэдэг огт өөр асуудал. Тулах цэг нь байвал дэлхийн бөмбөрцгийг хөшүүргээр хөдөлгөж болно гэдэг шиг том бодлого чинь жижигхэн боловч хүчтэй олон эрэг шургаас бүрддэг. Заримдаа эрх мэдэлтний ганц үгнээс ч хамаардаг шүү дээ.
Энэ үүднээс харвал Засгийн газар байгуулна гэдэг чинь намуудын хэлэлцээрээр биш, хэрэв төрийн эргэлт хийх гээгүй л юм бол цөөн тодорхой бүлгийн хүслээр бус, мэрэг төлгөөр бус засаг төрийн (засаглалын) хэлбэр, дэглэм, сонгуулийн үр дүн буюу ард түмний олонхийн санал, Үндсэн хууль, төрийн дээд байгууллагуудын жам ёсны зохицолдооноос шууд хамаардаг асуудал даа. “Хамтарсан Засгийн газар” байгуулна гэдэг чинь төрийн өндөр албан тушаалыг, цаашилбал доош доошоо жирийн түшмэлийн албыг ч хоёр нам хуваана гэсэн үг шүү дээ.
Энэ нь саяны сонгуулийн улс төрийн ач холбогдлыг ч үгүйсгэж буй дур зоргын хандлага гэж хэлж болно. Хэвлэлд бичсэнээс үзвэл шинэ Засгийн газрыг АН-тай хамтарч байгуулах эсэхээ МАХН өнөөдөр (өчигдөр) болж буй Бага хурлаараа хэлэлцэж шийдэх юм байна. Тус намын Удирдах зөвлөл нь өчигдөр хуралдаад АН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжиж улмаар Бага хуралдаа уг асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр болсон тухай зарим телевиз, сонинд мэдээлсэн байна.
-Тэгэхдээ энэ асуудлаар МАХН дотроо зөрчилтэй байгаа бололтой юм. Хамтарсан Засгийн газар байгуулахыг энэ намын ахмадууд нь дэмжээд залуус нь эсэргүүцээд байгаа юм уу гэмээр байна…
-Телевиз сонсож байхад “хамтарсан Засгийн газар байгуулах”-ыг “туршлагатай хуучин хашрууд” нь дэмжиж, шинэ залуус нь татгалзаж байгаа юм байна гэж ойлгохоор яриад байна лээ. “Туршлагатай хуучин хашрууд” гэж чухам хэнийг хэлээд буй юм бол. Хуучнаа баримталсан, буруу зуршилд автсан хүмүүс хашир хүн болж харагдаад байгаа юм биш байгаа даа. Үндсэн хууль зөрчсөн олон шийдвэр гаргаж түүнийгээ зөв мэт бодох нь бараг л дасал болсон шүү дээ. Тийм хүмүүсийг дагаж давхивал “шинэ ургац” авахгүй дээ.
Ялангуяа 2000 оноос хойш УИХ их дураараа аашилж ирсэн шүү дээ. Уг нь төрд удаан хугацаагаар зүтгэсэн хүмүүс нь залуусаа улс төрийн амьдрал руу зөв хөтлөн оруулж, залгамж үеэ цэвэр ариунаар бойжуулах учиртай юмсан. Монгол Төрийн залгамж чанар чухам үүнд л байх учиртай болохоос биш уруу татаж, буруу үйлдэлд сургадаг нүглийн уурхай байх учиргүй. Чи юу гээд байгаа юм бэ гэвэл, Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх нь УИХ-ын гишүүдийн, намуудын дурын хэрэг биш, ард түмний шийддэг, сонгуулийн үр дүнг шууд харгалздаг, Үндсэн хуулийн заалт, түүнийг тайлбарладаг улс төр, эрх зүйн шинжлэх ухааны “жорыг” баримталж шийддэг нь дэлхий нийтийн ардчилсан жишиг.
-Өөрөөр хэлбэл аль нам Засгийн газраа бүрдүүлэхийг ард түмэн маань одоогоос хоёр сар гаруйн өмнө шийдчихсэн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Ард түмэн аль намд хэдэн хувийн санал өгснөөс хамаарч ямар бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахыг УИХ шийдвэрлэх эрх зүйн үндсийг Үндсэн хууль тодорхойлсон юм. Үүнийг яаж хэрэгжүүлэхийг УИХ-ын тухай болон Дэгийн хуулиар тодруулдаг. Энэ бүхний цаана Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан гэж хуулийн заалтыг оношилж тайлбарладаг мэдлэгийн тогтолцоо бий. Ер нь тогтолцоожсон мэдлэгийг шинжлэх ухаан гэдэг шүү дээ.
-Тэгэхээр Засгийн газрыг чухам яаж бүрдүүлэх ёстой вэ. Олон улсын жишиг ч гэж баймаар. Бид өөрсдөө ч гэсэн баримталдаг зарчим гэж бий биз дээ.
-Хуульд маш тодорхой заагаад өгчихсөн. Юуны урьд нийгмийн практик буюу сонгуулийн үр дүнг үндэс болгож Засгийн газрыг байгуулах жамтайг хэлье. Тодруулбал, ард түмэн ямар сонголт хийснийг баримтална. Цааш нь аль нэг намаас асуух юм уу улс төрийн тодорхой бүлэглэлүүдийн хоорондын хуулиас гадуур хэлэлцээ, тохиролцоогоор биш Үндсэн хуулийн заалтыг мөрдөнө. Хуулийг дур зоргоор бус шинжлэх ухааны үүднээс тайлбарлах ёстой. Ардчилсан улс орнууд энэ болон бусад учир шалгааныг харгалзан баримталж Засгийн газраа гурван янзын арга, хандлагаар байгуулдаг юм билээ.
-Ямар жор байна. Бид ч гэсэн түүнээс гажих ёсгүй байлгүй…
-Хэрэв Парламентын мандат /суудал/-ын олонхийг авсан нам байгаа бол тэр нь Засгийн газраа бүрдүүлдэг. Аль ч нам олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан нам нь бусадтайгаа зөвшилцөж эвслийн Засгийн газар байгуулдаг. Түүнээс биш “хамтарсан Засгийн газар” гэж ерөөс байдаггүй. Хэдэн этгээдийн хувь нийлүүлсэн үйлдвэрийн газар шиг юм бий болгож болохгүй.
-Намууд эвслийн Засгийн газар байгуулахаар тохиролцож чадахгүй бол яах вэ. Манайхан л албан тушаал хуваахад хэл амаа амархан ололцоод байдаг болохоос биш ийм нөхцөл байдал бий болж болмоор санагддаг юм…
-Тэгвэл мэргэжлийн буюу үйлчлэх Засгийн газар гээчийг байгуулдаг. Энэ талаар манай УИХ, Засгийн газрын тухай болон, Дэгийн хуульдаа тусгах шаардлагатай байгаа юм.
-Ямар үед ямар Засгийн газар байгуулах вэ хэмээн тархиа гашилгаад, бусдыг царайчлаад байх юм байхгүй л юм байна шүү дээ…
-Будилж самуурах юм ер байхгүй. Ямар нөхцөлд ямар Засгийн газар байгуулахыг Үндсэн хуульд агуулгын хувьд тодорхой заачихсан. Миний хэлээд байгаа нь АН-ын эсрэг турхирч буй мэтээр зарим хүнд ойлгогдож мэднэ. Гэхдээ АН-ын одоогийн байран дээр МАХН байгаа бол мөн түүний эсрэг хандаж буй юм шиг байж таарна. Тэгэхлээр би аль нэг намын эсрэг хандаагүй гэдгийг уншигч түмэн ойлгох биз ээ.
-Тэгэхээр саяны сонгуульд МАХН олонх болчихож. Парламентад 42 хүнтэй бүлэг байгуулснаа УИХ-ын даргад мэдэгдсэн байна лээ. Үлдсэн хоёр тойргийн долоон суудлыг АН авлаа ч олонх, цөөнхийн ялгаа арилахгүй. Тиймээс Засгийн газраа байгуулах эрхийг сонгуулиар олж авсан төдийгүй үүрэг хүлээсэн байна.
-Одоо МАХН-ыг Засгийн газраа дангаар бүрдүүлэхийг ард түмэн хүлээж харж байгаа байх. Олонх бий болсон нөгцөлд “УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс дэвшүүлсэн хүнийг…” Ерөнхий сайдаар томилуулхаар УИХ-д оруулна гэж Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан. Манай өнөөгийн байдалд энэ заалт яг тохирч буй. Харин аль ч нам, эвсэл олонх суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвслээс бусад нам эвсэлтэй тохиролцож тогтсон хүнийг дэвшүүлэхээр заасан. Энэ хоёр дахь заалт одоогийн нөхцөлд таарахгүй. Ерөнхийлөгч мэдээж энэ зарчмыг баримталж Үндсэн хуулиа зөрчихгүй байх.
-Түүнээс гадна Засгийн газар танхимын зарчмыг баримталж ажиллахаар манай холбогдох хуульд тусгасан байгаа нь хоёр өөр нам нэг Засгийн газарт хамтарч ажиллах боломжийг үгүйсгэж буй юм биш үү?
-Нэг нам нь олонх болсон тохиолдолд ийм боломж хуулиар олгоогүй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхий сайд өөрөө Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д оруулахаар Үндсэн хуульд заасан. Энэ чинь танхимаа намаар мэдүүлэх биш Ерөнхий сайд өөрөө мэдэж бүрдүүлнэ гэсэн үг. Ийм байхад өөр намын хүний асуудлыг Ерөнхий сайд мэдэж шийдэж болохгүй шүү дээ. 2004 онд аль нь ч олонх болоогүй тул нөхцөл байдал өнөөгийнхөөс өөр байсан юм.
Би ийн хэлэхдээ Хувьсгалт намд тал засах гэсэнгүй, харин ч “хамтарсан Засгийн газар” гэж хаа ч байхгүй нэртэй юмыг сонгуулийн үед эвсээгүй өөр намтай нийлж байгуулах санаачилга гаргаснаар Үндсэн хууль зөрчих гэж байна хэмээн шүүмжилж байна. Өнөөдрийн практик ирээдүйн хандлагыг тодорхойлдог шүү дээ. Ер нь өнөөгийн өчүүхэн ашиг сонирхлыг дагаж Үндсэн хууль тэргүүтнээ гажуудуулж сонгогчдынхоо олонхийн хүсэл зоригийг сөрөөд явчихвал алс ирээдүйд төдийгүй ойрмогхондоо ч буруутдагийг амьдрал нэгэнт харуулаад бийлээ. Өнөө маргаашийн юм бодож, хамар доорхоо харж битгий гаж буруу жишиг тогтоогоосой гэж залуу үе хүсэж байгаа ч гэж шулуухан хэлье. Бид хойч үедээ зөв үзэл дадал, сайн өв үлдээх ёстой. Олонх болсон нам ачаагаа дангаар үүрч, хариуцлагаа ганцаар хүлээх ёстой.
-Манайх чинь төрийн удирдлагын хувьд Парламентын БНУ. Тэгэхлээр Парламент, Засгийн газар хоёр нь гар нийлж ажилладаг баймаар. Үүний тулд Парламентад суудал авсан намууд нь Засгийн газраа хамтарч байгуулбал илүү тохиромжтой бус уу?
-Энгийн санаваас тийм юм шиг бодогдож болно л доо. Хамтран ажиллахад юуны буруу байх вэ... Сайн юм хийе, сайхан хамтрая гэж боддог улс төрчид байж болох л юм. Гэвч энэ бол хонь малаа хамтарч хариулахтай огт адилгүй эд. Энэ бол засаг хамтарч байгуулна тушаал хувааж хариуцлагаас зайлна гэсэн үг бас биш. Парламентын засагтай улсын Засгийн газрын оршин тогтнох үндэс нь намуудын найраа биш. Засгийн газар нь парламентынхаа олонхийн итгэлийг хүлээсэн байх ёстой.
Хэрэв итгэл хүлээж чадахгүй бол зайлшгүй огцрох учиртай. Ер нь парламентын засгийн нэг нааштай тал нь энэхүү итгэлд үндэслээд Парламент, Засгийн газар хоёр нэгдэлтэй ажилладаг явдал юм. Олонх нь Засгийн газраа хамгаална, цөөнх нь хянана, шахаж шаардана. Энэ зохицлын үүднээс олонх байгаа бол Засгийн газраа дангаар бүрдүүлэх үүрэгтэй.
Үүнчлэн өөр намын гишүүнийг сайд болгох эсэх талаар Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэйгээ зөвшилцөж байж таарахгүй. Харин намыг талархагч нам бус хүн байж болно. Одоо “хамтарсан Засгийн газар” байгуулбал УИХ-д олонх болсон намын дарга нь цөөнх болсон намын гишүүний тухай Төрийн тэргүүнтэйгээ ярьж суух нь ээ дээ. Ингэж болохгүй. Энэ гарцаагүй зөрчлийг олж харахгүй байна гэж баймааргүй юм.
Засгийн газар ба иргэний нийгмийн зохицол гэж бас бий. Ямар Засгийн газартай болохыг иргэний нийгэм сонирхоно. Яагаад гэвэл өөртөө үйлчлүүлэх гэж тэр. Хамтарсан Засгийн газар байгуулах нь талцаад маргаж байснаас хүзүү сээрээрээ хэлхэлдэж байх нь сайхан юм шиг санагдаж болох л доо. Тэгтэл олонх, цөөнх хоёр нь нэгдчихвэл улс төрийн битүү цагариг үүсэж хөндлөнгийн хяналтгүй иргэний нийгэм түүнд нэвтрэх аргагүй болно.
Олонх болсон нэг намынхны бүрэлдэхүүнтэй Засгийн газар юу хийж буйг цөөнхийн бүлэг иргэний нийгмийн өмнөөс хянаж, олон түмэнд мэдээлж, зохих шахалт үзүүлж байх ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл, иргэний нийгэм чинь цөөнхөд тусалж, олонхийн дур зоргын ажиллагааг хянаж хазаарлаж байх ёстой. Олон намт парламентат ёс гэдэг энэ л дээ. Үүнийг “хамтрах” гэдэг сайхан үгээр халхавчилж Иргэний нийгмийн хяналтыг үгүйсгэж болохгүй.
Засгийн газарт өөрийнх нь дотоод зохицол гэж байх ёстой. Танхимын зарчмаар ажиллана гэдэг чинь Ерөнхий сайд өөрийнх бодлогоос үл гажих багтай байх ёстой гэсэн үг. Түүнээс биш хэсэг хүний хуйвалдааныг ”баг” гэж хэлдэггүй. Энэ үгийн утгыг дээр доргүй зөв ойлгомоор байгаа юм.
Ерөнхий сайд өөрийн танхимын гишүүдтэй улстөрийн хийгээд хууль зүйн үзэл бодлын хувьд нэг цул байх учиртай. Тэгвэл хоёр өөр бодлого хөтөлбөр бүхий намын гишүүд чинь зөрж талийхад хүрэх нь гарцаагүй.
Би жаахан хатуухан хэлж байж магадгүй. Хайрга чулуу шидэлцэж байснаас хатуу үг шидэх нь ажил үйлсэд тустай байх болов уу. Сонгогчдоос даалгасан ёсоор олонх хариуцлагаан үүрч, цөөнх хаяналтаараа тусалж улс орныхоо хөгжил, аюулгүй байдал, хүн ардынхаа амьдралын сайн сайхны төлөөх стратегийн зорилтын хувьд хамтарч ажиллах нь “хамтрах” гэдэг утганд тохирно. Албан тушаал хуваахыг хамтрах гэхгүй. Сонгуулийн дараа эвсэл байгуулдаггүй гэсэн хуультай шүү дээ. 2004 оны “Их эвслийн” балгийг давтаж Засгийн газраа огцруулах үндсийн анхнаас нь бүрдүүлж болохгүй.
2008.09.04
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
2 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
6 days ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
2024-11-19
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-11-17 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-11-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Мөнх-Алдар Ингүүн
2024-11-14 Бакалаврын ажилдуудаж байна !