ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛСАН ЦАДИГ
3 years ago
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛСАН ЦАДИГ
2019 оны Арван нэгдүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 байхаар тогтоож, тэдгээрийн 5-ыг шүүгчид дундаасаа, 5-ыг нээлттэй, ил тодоор нэр дэвшүүлж томилох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо бие даан ажиллах эрх зүйн үндсийг тогтоов.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог шинэчлэн байгуулах ажиллагаа хаанаас эхэлж, хэрхэн өрнөж, дууссаныг харуулах зорилгоор он дарааллын бяцхан цаглабар бэлтгэлээ.
2019.11.14
Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулав:
5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
2021.01.15
Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав. Тус хуулийн 76.2-т “Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно”, 95.4.Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно” гэж тус тус заав.
2021.01.15
Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлав. Уг хуулиар “Нийт шүүгчийн чуулганыг хууль хүчин төгөлдөр болсон өдөр (2021.03.01)-өөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно. Монгол Улсын Их Хурал хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох"-оор журамлав.
2021.02.09
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулгаас Үндсэн хуулийн цэцэд хандан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргав.
2021.03.10
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77.11-т “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна”, 95.7-д “Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг Байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батална” гэж тус тус заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг батлав.
2021.03.10
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэх зарыг Улсын Их Хурлын цахим хуудас (parliament.mn)-т байршуулж материал хүлээн авах хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл байхаар тогтоов.
2021.03.11.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулгаас Үндсэн хуулийн цэцэд хандан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж гаргасан хүсэлтийн шаардлагаа өөрчлөв.
2021.03.29
Монгол Улсын шүүхийн тухай хуульд 77 дугаар зүйлд “Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхийг Ажлын хэсгийг байгуулах, Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахлах”-аар зохицуулсан.
Улсын Их Хурлын даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг Ажлын хэсгийн ахлагчаар томилов.
2021.03.30
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20.9-д “Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхийн зөвлөгөөнөөс сонгосон хоёр, Нийслэлийн эрүү, иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулах”-аар хуульчилсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Д.Эрдэнэбалсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун нараас бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг анхны хурлаа 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяаг сонгов.
2021.03.30
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдийг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн. Гэвч Улсын Их Хурал дахь олонхийн бүлэг болох Монгол Ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахаар санал ирүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг нар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн орж болохгүй, энэ нь хуулийн үзэл санаатай зөрчилдөнө гэсэн байр суурийг илэрхийлж, улмаар Ш.Раднаасэд гишүүн асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн.
2021.03.31
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдийг томилох эсэхийг хэлэлцэж:
1.Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албан дарга Сугаржавын Далхаасүрэнг санал болгосныг дэмжсэн.
2.Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Далайжаргалын Батдоржийг санал болгосныг дэмжсэн.
3.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Бямбадоржийн Саруулыг санал болгосныг дэмжсэн.
4.Монгол Улсын Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Барсүрэнгийн Баасандоржийг санал болгосныг дэмжсэн.
5.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуралдаанаас Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Батзэвэгийн Энхболдыг санал болгосныг дэмжсэн.
6.Монголын Хуульчдын холбооноос Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Батсайханы Өнөмөнхийг санал болгосон. Гэвч байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээгүй.
7.Монголын Өмгөөлөгчдийн холбооноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбатыг санал болгосныг дэмжсэн.
8.Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Хүрэлбаатарын Эрдэм-Ундрахыг санал болгосныг дэмжсэн.
9.Монгол Улсын Хууль зүйн сургуулиас Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Алтангэрэлийн Бямбажаргалыг санал болгосныг дэмжсэн.
10.Төрийн бус өмчийн хууль зүйн сургуулиас “Шихихутаг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ганболдын Амаржаргаланг санал болгосныг дэмжсэн.
2021.04.02
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монголын Хуульчдын холбооноос Ажлын хэсгийн гишүүнээр томилуулахаар санал болгосон Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Шолтойн Жолбарсыг дэмжээгүй.
2021.04.06
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монголын Хуульчдын холбооноос санал болгосон Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч Мөнхдоржийн Мөнхбатыг Ажлын хэсгийн гишүүнээр томилохыг дэмжив.
2021.04.07
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг хуралдаж “сонгон шалгаруулалтад нийт 59 хүн материалаа ирүүлснээс 1 нэр дэвшигч өөрийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад оролцохоос нэрээ татсан, нийт 58 хүний материалыг хүлээн авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн 2 хүний материал дутуу тул бүртгэхээс татгалзсан, Шүүхийн сахилгын хорооны гишүүний сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн 3 хүн Шүүхийн тухай хуульд заасны дагуу шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэв.
2021.04.14
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр бүртгэсэн 29, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр бүртгэсэн 27 нэр дэвшигчийг Ажлын хэсгийн гишүүдэд хуваарилж, илтгэгч гишүүнийг томилов.
Илтгэгч гишүүн нь тухайн нэр дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нягтлах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, сонирхсон этгээдээс ирүүлсэн асуулт, саналыг судлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баримт, мэдээлэл гаргуулан авах, нэр дэвшигч хуульд шаардлагыг хангаж буй эсэхийг тодруулах зорилгоор түүний талаар мэдээлэл өгөх боломжтой хүнтэй ярилцлага хийх зэргээр тухайн нэр дэвшигчийн талаар дэлгэрэнгүй тайлан бичиж Ажлын хэсэгт танилцуулахаар тогтов.
2021.04.28
Үндсэн хуулийн цэцийн 03 дүгнэлтээр “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэв.
Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлт гарсантай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалт хийх ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлов.
2021.05.05
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийнх олонхи үзсэн тул холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
2021.05.06
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж 41 дүгээр тогтоолыг батлав.
2021.05.07
Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авахаар тогтоов. Мөн нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов.
2021.06.09
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас (judcouncil.mn)-т байршуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс 9 шүүгч нэрээ дэвшүүлсэн.
2021.06.10
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд давж заалдах шатны шүүхээс 11 шүүгч нэрээ дэвшүүлсэн.
2021.06.11
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн Улсын дээд шүүхийн шүүхийн шүүгчдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд Улсын дээд шүүхээс 1 шүүгч нэрээ дэвшүүлсэн.
2021.06.12
Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулав. Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс 3 шүүгч нэрээ дэвшүүлсэн.
2021.06.13
Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулав. Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд давж заалдах шатны шүүхээс 4 шүүгч нэрээ дэвшүүлсэн.
2021.06.14
Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн Улсын дээд шүүхийн шүүхийн шүүгчдийн материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулав. Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд Улсын дээд шүүхээс 2 шүүгч нэрээ дэвшүүлсэн.
2021.06.15
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар томилогдсон. Уг ажлын хэсгийн тайланг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд Ажлын хэсгээс “ ... коронавируст халдвар цар тахал, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан нийт шүүгчийн чуулганыг 120 хоногийн хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” саналыг гаргав.
2021.06.18
Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, нийт шүүгчийн чуулганы товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулав.
2021.07.02
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, мөн Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор сонгон шалгаруулж, томилох” зэрэг нэмэлт, өөрчлөлтийг оруулав.
Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “3.3.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно” гэсэн нэмэлтийг оруулав.
2021.09.03
Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, нийт шүүгчийн чуулганы товыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордны Их танхимд хуралдуулахаар тов тогтоов.
2021.09.06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзаж байгаагаа мэдэгдэв.
2021.09.24
Үндсэн хуулийн цэц 02 дугаар тогтоол гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаарх хүсэлтээс бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авч, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгов.
Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах боломж бүрдэв.
2021.10.08-10.10
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд ажлын хэсгийн ярилцлагыг зохион байгуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэн байснаас 3 хүн нэрээ татсан бол 1 хүний төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүнтэй ярилцлага зохион байгуулсан. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс 1 хүн нэрээ татаж 23 хүнтэй ярилцлага зохион байгуулжээ.
2021.10.08
Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн шүүгчдийн материалыг Улсын дээд шүүхийн цахим хуудас (supremecourt.mn)-т байршуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс 6, давж заалдах шатны шүүхээс 9 шүүгч, Улсын дээд шүүхээс 1 шүүгч, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс 4, давж заалдах шатны шүүхээс 5, Улсын дээд шүүхээс 1 шүүгч нэрээ дэвшүүлсэн.
2021.10.11
Нийт шүүгчийн чуулган болж нууц санал хураалт явуулахад эхний санал хураалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс анхан шатны шүүхээс нэр дэвшигч Л.Энхбилэг 57.21%, Улсын дээд шүүхээс нэр дэвшигч Б.Ундрах 93.3% санал авсан. Харин 2 дахь санал хураалтаар нэр дэвшигч Э.Зоригтбаатар, А.Отгонцэцэг нар давж заалдах шатны шүүхээс, нэр дэвшигч А.Насандэлгэр анхан шатны шүүхээс олонхийн санал авсан. Ийнхүү нийт шүүгчийн чуулганаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Б.Ундрах, А.Отгонцэцэг, Э.Зоригтбаатар, Л.Энхбилэг, А.Насандэлгэр нарыг сонгов.
Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигч дээр нууц санал хураалт явуулахад давж заалдах шатны шүүхээс нэр дэвшсэн О.Номуулин, Улсын дээд шүүхээс нэр дэвшсэн Г.Цагаанцоож нар нийт шүүгчийн чуулганаас олонхын санал авч Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр сонгогдов. Харин анхан шатны шүүхээс 1, давж заалдах шатны шүүхээс 1 орон тоонд тус тус олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчдийн дунд 2 дахь санал хураалт явагдаж, 2 дахь санал хураалтаар давж заалдах шатны шүүхээс С.Энхтөр, анхан шатны шүүхээс Б.Сугар нар олонхын санал авч Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр сонгогдов.
2021.10.19
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж илтгэгч гишүүн бүр өөрсдийн судалсан нэр дэвшигчийн талаарх дэлгэрэнгүй тайланг танилцуулж, Ажлын хэсгийн бусад гишүүн саналаа хэлж, асуулт асууж хэлэлцсэн. Үүний дараагаар санал хураалтыг нууцаар явуулахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 6 нэр дэвшигч буюу Н.Отгончимэг (9 санал), Д.Эрдэнэчимэг (8 санал), Н.Баасанжав (7 санал), Р.Онончимэг (7 санал), Д.Зүмбэрэллхам (6 санал), Н.Мөнгөнцэцэг (6 санал) харин Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.Давхарбаяр (11 санал), Д.Ариунтуяа (7 санал), Д.Мягмарцэрэн (7 санал), Д.Эрдэнэчулуун (7 санал), Х.Хашбаатар (6 санал) авсан тул эдгээр нэр дэвшигчдийг санал авсан тооны дарааллаар Улсын Их Хуралд санал болгов.
2021.11.15
Улсын Их Хурал Хууль зүйн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ажлын хэсгээс шалгаруулсан Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар “томилгооны сонсгол” зохион байгуулав. Томилгооны сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна, 5 нэр дэвшигч, сонсголын үйл ажиллагаанд хяналт тавих 21 ажиглагч оролцож нэр дэвшигч нараас асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас олон нийтэд шууд дамжуулав.
2021.11.16
Улсын Их Хурал Хууль зүйн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ажлын хэсгээс шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар “томилгооны сонсгол” зохион байгуулав. Томилгооны сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна, 6 нэр дэвшигч, сонсголын үйл ажиллагаанд хяналт тавих 21 ажиглагч оролцож нэр дэвшигч нараас асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас олон нийтэд шууд дамжуулав.
2021.11.17
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны бус гишүүнд нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг бүгд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг авсан тул саналын дарааллаар эхний 5 нэр дэвшигч буюу Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Н.Онончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг нарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
2021.11.18
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны бус гишүүнд нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарыг дэмжиж Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилов.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг томилох эсэхийг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат “Нэр дэвшигч нараас ашиг сонирхлын зөрчил дээр нь бичгээр авсан нь дээр юм байна” гэсэн үндэслэлээр 5 хоногийн завсарлага авч уг асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлуулав.
2021.11.25
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг томилох эсэхийг хэлэлцэж санал хураахад нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй, харин бусад 4 нэр дэвшигч (Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг)-ийг дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилов.
2021.12.01
Нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг Улсын Их Хурал дэмжээгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77.8-д “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу Улсын Их Хуралд нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох эсэхийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
2021.12.02
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.
2021.12.09
Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан бол зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшин өрсөлдсөн байна. Нууц санал хураалт явуулахад нэр дэвшигчид хоёр удаа санал тэнцсэн тул санал хураалтыг гурав дахь удаа явуулахад Д.Зүмбэрэлхам олонхийн санал авч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгогдов.
“ОЮУНЫ-ИННОВАЦИ” ТББ
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 day ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !