“Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2 years ago

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, Нээлттэй Нийгэм Форум ТББ-аас санаачлан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбоо, Оюуны-Инноваци ТББ хамтран “Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Blue sky, Emeral танхим-д зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн туслалцааны төвийн захирал В.Оюумаа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ үг хэлж, Чиглүүлэгчээр Оюуны-Инноваци ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд ажиллаа.

Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу “Аль болох эрт шатнаас хууль зүйн туслалцаа авах эрхийн асуудал”, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн өмгөөлөгч, Хууль зүйн доктор М.Ванчигмаа “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж буй практик, тулгамдаж буй асуудал”, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ж.Буджав “Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны хүндрэл, бэрхшээл тулгамдаж буй асуудал”, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Д.Оросоо “Эрүүгийн процесс дахь өмгөөлөгчийн оролцоог үр нөлөөтэй болгох асуудал” нар илтгэл хэлэлцүүлж, Хууль зүйн туслалцааны төвийн салбар дүүрэг, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч нар асуулт асууж, хүндрэл бэрхшээлээ илэн далангүй ярьж хэлэлцлээ.

Дээрх асуудлаар панел хэлэлцүүлгийн хувьд Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан чиглүүлж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Б.Ганбаатар, Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, Ахлах прокурор Ц.Насанбат, Хан-Уул дүүрэг дэх улсын ахлах өмгөөлөгч Б.Баттулга нар оролцож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон, санал гарган, харилцан туршлага солилцож, асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлгээс дараах дүгнэлт, санал, зөвлөмжийг гаргав:

1.Үндсэн хуульд заасан эрхийг эрүүгийн процесст болон хуулийн практикт  бодитойгоор хэрэгжүүлэх асуудал чухал байна. Гэтэл зарим эрх буюу халдашгүй байх, нотлох баримтыг шалгуулах, шударгаар шүүлгэх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг үндсэн эрхийн хэрэгжилт бодит байдал дээр хангалтгүй байна.

2.Эрүүгийн хаалттай, мэтгэлцээний бус тогтолцоо, системийн сул, сөрөг талын хохирогч нь иргэд, төдийгүй өмгөөлөгчид болж байна. Тухайлбал, Бодит үнэнийг тогтоох зорилго, үүрэг бүхий мөрдөгч, прокурор давамгайлан мөрдөн шалгах систем нь илт иргэний хэргийн шинжтэй, гэрээ, хэлцлийн шинжтэй асуудлыг эрүүгийн журмаар шалгах, удаан хугацаанд шалгах практик тогтож байна.

Эрүүгийн процесст оролцож буй иргэнд хаалттай буюу яллагдагчаар татагдсан тогтоолыг эх, хуулбар хувийг иргэнд өгдөггүй, иргэн, түүний өмгөөлөгч хуулбарлан бичиж авдаг.

3.Эрүүгийн процесст манай улс холимог тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор ЭХХШтХ-д хялбаршуулсан журам, урьдчилсан хэлэлцүүлэг зэргийг нэвтрүүлж байгаа ч практикт төдийлөн онцгой ахиц дэвшил гарахгүй байна. Иймд эрүүгийн процессын тогтолцоогоо гүйцэт шинэчлэх, өөрчлөх шаардлагатай байна.

4.Төсвийн тодотгол, эсхүл 2024 оны улсын төсөвт Хууль зүйн туслалцааны төвийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэн батлах, энэ хүрээнд хуульд заасан сургалт, сурталчилгааны зардлыг танахгүй байх, мөн улсын өмгөөлөгчийн нийгмийн баталгаа (томилолтын зардал, бичиг хэргийн зардал), ажиллах орчин нөхцөл (ажлын байр, интернет орчин байхгүй, Хууль зүйн туслалцааны төвч өөрийн гэсэн оффисгүй байна), техник хангамж, үйлчлүүлэгчтэй уулзах өрөө тасалгаагаар хангах.

5.Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд зааснаар жил бүр 4 кредитийн хуульчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах, сар бүр хуульчийн болон өмгөөлөгчийн гишүүний татвар төлөх,  өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулах үүрэгтэй. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасан гишүүний татвар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамж, хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөрөөс улсын өмгөөлөгчөөр ажиллах хугацаанд чөлөөлөгдөх”, 19.2 Энэ хуулийн 19.1.5-д заасан зардлыг төр хариуцна гэж заасан.

Гэвч 2023 оны төсөвт эдгээр зардлын хариуцлагын даатгалын хураамж, хуульчийн үргэлжилсэн сургалтын зардал 50 хувь бууруулан баталсан бөгөөд гишүүний татварыг төсөвт огт тусгаагүй. Иймд энэ асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх. Мөн заавал судлах 4 кр сургалтаас гадна хувь хүний хөгжил, дадлагажих, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах.

6.Хүүхэд, хохирогч хүүхэд, гэрч хүүхэд, хүчирхийллийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд сэтгэл зүйн нарийн мэргэшсэн эмч, хуульч ажиллах шаардлагатай байна. Иймд өмгөөлөгчийг мэргэшүүлэх сургалтанд хамруулах, мэргэжлийн сэтгэл зүйч эмчийн орон тоог бий болгох.

7.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа авах эрхийг сануулахдаа хуульд заасан боломжуудыг бүрэн агуулсан байх шаардлагыг хуульд тусгах.

8.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх байгууллага нь улсын өмгөөлөгч авах эрхийг аль болох анхан шатнаас нь тайлбарлаж Хууль зүйн туслалцааны төвтэй холбож өгдөг байх.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн томилогдсон өмгөөлөгчтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох.

10.Өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаснаас бусад тохиолдолд өмгөөлөгч сонгон авах, улсын өмгөөлөгч оролцох хүртэл томилогдсон өмгөөлөгч оролцдог байхаар зохицуулах.

11.Хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг гэрээ байгуулснаар эхэлж байх, өмгөөлөгчөөс үйлчлүүлэгч этгээдтэй харилцан гэрээгээ дүгнэх байдлаар зөвшилцөх, гэрээний үр дүнгийн хэрэгжилтийн байдлаар талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр тохиролцох ажиллагааг орхигдуулснаар өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйтэй холбон гомдол гаргах тохиолдол их байна. Иймд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохиролцсон ажлын үр дүн, биелэлтийн талаар гэрээнд оролцогч этгээдтэй заавал зөвшилцөн гэрээгээ дүгнэн хэрэгжүүлж ажиллах.

12.Хууль санаачлагч, гишүүд баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах гэсэн байна.

Легалдата